Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 09 сарын 27 өдөр

Дугаар 256

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хэргийн индекс: 166/2017/0263/Э

 

Дархан-Уул аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Батжаргал даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Нандинцэцэг,

Улсын яллагчаар аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор О-,

Хохирогч М-,

Шүүгдэгч М-нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийж, Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Боржигон М- холбогдох эрүүгийн 1718000620039 дугаартай хэргийг 2017 оны 8 дугаар сарын 31-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол Улсын иргэн, М-, улсаас авсан гавьяа шагнал, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай,

 

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/:

 

Шүүгдэгч М-нь 2017 оны 7 дугаар сарын 25-26-нд шилжих шөнө Дархан-Уул аймгийн Дархан сумын Өргөө багийн Өнгөт хорооллын 4-р байрны гадаа иргэн М-ын эзэмшлийн 10-60 ДАР улсын дугаартай Тоёота Приус маркийн тээврийн хэрэгслийг зурж гэмтээн 1 050 000 төгрөгийн буюу бага хэмжээний хохирол учруулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1-т заасан гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүх хуралдаанаар яллах цагаатгах болон бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч М-нь 2017 оны 7 дугаар сарын 25-26-нд шилжих шөнө Дархан-Уул аймгийн Дархан сумын Өргөө багийн Өнгөт хорооллын 4-р байрны гадаа иргэн М-ын эзэмшлийн 10-60 ДАР улсын дугаартай Тоёота Приус маркийн тээврийн хэрэгслийг зурж гэмтээн 1 050 000 төгрөгийн хохирол учруулсан болох нь

 

     Шүүгдэгч М-мөрдөн байцаалт болон шүүх хуралдаанд өгсөн:

           

            ...Би 2017 оны 7 дугаар сарын 25-ны орой 22 цагийн үед Хуучин Дарханд 18-ийн буудлын орчим ганцаараа явж байгаад найз Мөнхбаярын найз Цэрэнбаттай таарсан. Тэгэхэд Цэрэнбат чи ойрд Мөнхбаяртай уулзсан юм уу гэж надаас асуусан. Би сая уулзах гэсэн чинь Мөнхбаярын 99047690 утас нь ерөөсөө холбогдохгүй байна гэж хэлсэн. Тэгэхэд Цэрэнбат Мөнхбаярын 10-60 ДАР улсын дугаартай машин нь Өнгөт хорооллын 4-р байрны гадна байна гэж хэлсэн. Би Цэрэнбатаар Өнгөт хорооллын 4-р байрны гадна Мөнхбаярын машины хажууд хүргүүлчихээд Цэрэнбатыг явуулсан. Би Мөнхбаярын машины хажууд 2 цаг орчим хүлээгээд ерөөсөө гарч ирэхгүй байсан болохоор нь хажуугийн Сакура нэртэй хүнсний дэлгүүр орж 2 ширхэг пиво аваад Мөнхбаярын машины ойролцоо суугаад пиво уугаад хүлээсэн. Тэгэхэд Мөнхбаяр ерөөсөө гарч ирээгүй, утас нь холбогдоогүй болохоор баахан уйлж байгаад газраас гарт баригдсан зүйлээ аваад Мөнхбаярын машин дээр нь зурчихсан. Би тухай үедээ бухимдаж, гомдож байсан болохоор юу бичиж байснаа ерөөсөө санахгүй байна гэх мэдүүлэг,

 

   Хохирогч М-ын мөрдөн байцаалтад өгсөн:

            ...2017 оны 7 дугаар сарын 25-ны орой өнгөт хороолол 4-р байранд байдаг найз Батболдын гэрт очиж хоноод өглөө босоод явах гэтэл байрны гадна байрлуулж тавьсан миний эзэмшлийн 10-60 ДАР улсын дугаартай приус 20 маркын авто машины 2 талыг хадаасаар баахан зурчихсан байсан. Тэгээд би цагдаад хандсан. Тухайн үед надад сэжиглэж байсан хүн байгаагүй. Маргааш нь миний хуучны танил Мөөгий гэдэг эмэгтэй миний гар утас руу 99370581 дугаарын утаснаас залгаад өчигдөр шөнө өнгөт хороололд явж байгаад чиний машин байхаар нь уур хүрээд зураад хаячихсан уучлаарай гээд залгасан. Мөнхсүрэнгээс нэхэмжлэх зүйл, гомдол санал байхгүй гэх мэдүүлэг,

 

Гэрч Б.Ундармаагийн мөрдөн байцаалтад өгсөн:

...Би 2017 оны 7 сарын 25-ны өглөө гэрээсээ гараад ажилдаа явсан. Тэгэхэд нөхөр Мөнхбаяр гэртээ үлдсэн. Би нөхөртэйгөө орой 22 цаг болж байхад утсаар ярихад найзынхаа гэрт байна гэж хэлсэн. Би найз нөхөдтэйгөө ууж идэж байгаа бол машин бариад яах вэ наана аа хонохгүй юу гэж хэлээд дахин утсаар яриагүй. Тэгээд маргааш өглөө нь буюу 2017 оны 7 сарын 26-ны өдөр 10 цагийн үед Мөнхбаяр луу залгахад машиныг зурж гэмтээсэн байна гэж хэлсэн. Би ажил дээр машинаа аваад ир хармаар байна гэж хэлсэн. Удаагүй нөхөр машинаа ажил дээр аваад ирэхэд приус-20 маркийн хар өнгийн автомашины хоёр талын хаалга, хойд гупер дээр Ундраа гээд бичсэн байсан. Мөн хоёр хажуугаар зөндөө зурж гэмтээсэн байсан. Би нөхөртөө яагаад хэн ингээд зурсан юм бэ чи айлд хоноод архи уугаад ийм болгосон байна гээд ууралсан. Тэгээд хамт явж Цагдаагийн газар дээр ирээд машиныхаа зургийг авахуулаад өргөдөл өгч бүртгүүлсэн  гэх мэдүүлэг /хх 13/,

Гэрч Б.Цэрэнбатын мөрдөн байцаалтад өгсөн:

...Би 2017 оны 7 сарын 25-ны орой 22 цагийн орчим ажил дээрэээсээ буугаад Хуучин Дарханд 18-ын буудлын орчим гэрлүүгээ явж байгаад Мөнхсүрэнтэй таарсан. Бид хоёр ойрд уулзаагүй болохоор Мөнхсүрэн миний машинд орж ирээд ойр зуурын юм яриад сууж байхад Мөнхбаярыг надаас асуусан. Би Мөнхбаярын машин Өнгөт хорооллын 4-р байрны гадна байна гэж хэлсэн. Тэгэхэд Мөнхсүрэн намайг байрны гадна буулгаад өгөөч гэхээр хүргэж өгөөд гэрлүүгээ явсан. Тухайн үед миний хөл цуурсан, гибестэй байсан болохоор нээх удаагүй. Намайг Мөнхсүрэнг Өнгөт хороололд хүргэж өгсөнөөс хойш 3 хоногийн дараа найз Мөнхбаяр утсаар яриад Мөнхсүрэн миний машиныг зураад, эхнэрийн нэрийг бичээд гэмтээсэн байна гэж хэлсэн гэх мэдүүлэг /хх 14/,

 

Капитал зууч ХХК-ийн 2017 оны 7 дугаар сарын 26-ны өдрийн хөрөнгийн үнэлгээ хийсэн тухай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 17-18/ зэрэг хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1-т гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгч М-нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн болох нь хавтас хэргийн 28-р хуудсанд авагдсан ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудсаар тогтоогдож байна. 

 

Хохирогч М- нь гэмт хэргийн улмаас учирсан 1 050 000 төгрөгийн хохирлоо  нэхэмжлэхгүй гэснээр шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй байна гэж үзлээ.

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ тохиолдлын шинжтэй нөхцөл байдлыг улмаас анх удаа гэмт хэрэг  үйлдсэнийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Дээрх хөнгөрүүлэх нөхцөл байдал болон түүний хувийг байдал, үйлдсэн гэмт хэргээ үнэн шударгаар хүлээн мэдүүлсэн зэрэг нөхцөл байдлыг харгалзан түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1-т заасан гэмт хэргийн торгох ялын доод хэмжээгээр оногдуулж, торгох ялыг нэг жилийн хугацаанд төлж барагдуулахаар тогтоох нь зүйтэй гэж үзлээ.

 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөр, цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны улмаас тооцон гарах зардалгүй болохыг дурдах нь зүйтэй байна.  

 

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2-т тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Шүүгдэгч Боржигон Жамбалдоржийн Мөнхсүрэнг Эрүүгийн хуулийн тусгай ангийн  17.8 дугаар зүйлийн 1-т зааснаар бусдын эд хөрөнгийг хууль бусаар гэмтээсний улмаас бага хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

            2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч Ж.Мөнхсүрэнг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450 000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

            3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-т зааснаар шүүгдэгч Ж.Мөнхсүрэнд оногдуулсан 450 000 төгрөгийн торгох ялыг 1 /нэг/ жилийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

 

            4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-т зааснаар М-нь торгох ялыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй тохиолдолд биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.

 

5.Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны улмаас тооцон гаргах зардалгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоног, бусдад төлөх төлбөргүй болохыг дурдсугай.

 

6.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 7.Шийтгэх тогтоолд гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ж.Мөнхсүрэнд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Т.БАТЖАРГАЛ