Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2015 оны 12 сарын 23 өдөр

Дугаар 128/ШШ2016/0003

 
 

2015 оны 12 сарын 23 өдөр

Дугаар 128/ШШ2016/0003

Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Төмөрбат даргалж, Засгийн газрын 11 дүгээр байрны шүүх хуралдааны 1 дүгээр танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Чингэлтэй дүүргийн татварын хэлтсийн татварын улсын байцаагч Ц.Цолмон, Б.Эрдэнэтуяа нарт холбогдуулан гаргасан Чингэлтэй дүүргийн татварын улсын байцаагчийн 2014 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн 350002127 тоот актаар ногдуулсан "Майн инфо" ХХК-ийн албан татвар ногдуулалт, төлөлтийн 2011-2013 онуудад холбогдох 59,191,500 төгрөгийн төлбөрөөс холбогдох хэсгийг хүчингүй болгуулах шаардлага бүхий Майн инфо ХХК-ийн нэхэмжлэлтэй захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: шүүх хуралдааны нарын бичгийн дарга В.Эрдэнэбат нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Сарангэрэл, Ё.Мөнхтуяа, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгч Б.Болдбаатар, хариуцагч Ц.Цолмон, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Дуламсүрэн нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Майн инфо ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа:

1. Нийслэлийн Чингэлтэй дүүргийн Татварын хэлтсийн хяналт шалгалтын тасгийн татварын улсын байцаагч Ц.Цолмон, Б.Эрдэнэтуяа нар "Майн инфо" ХХК-ийн 2011-2013 онуудын албан татвар ногдуулалт, төлөлтийн байдалд хяналт шалгалт хийж 2014 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн 350002127 тоот актаар 599,731.7 мянган төгрөгийн зөрчилд 18,726.7 мянган төгрөгийн нөхөн татвар, 49,0564.6 мянган төгрөгийн торгууль, 21,124.9 мянган төгрөгийн алданги, 42.1 мянган төгрөгийн хүү, бүгд 88,948.6 мянган төгрөгийн төлбөр ногдуулсан юм.

2. Нийслэлийн Чингэлтэй дүүргийн татварын хэлтсийн татварын улсын байцаагч Ц.Цолмон, Б.Эрдэнэтуяа нарын 2014 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн 350002127 тоот акттай холбогдуулан "Майн инфо" ХХК-ийн гаргасан гомдлыг Нийслэлийн Татварын газрын дэргэдэх Татварын маргаан таслах зөвлөл 2015 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр хуралдаж хэлэлцээд 27 тоот тогтоолоор 29,756.8 мянган төгрөгийг хасч 59,191.5 мянган төгрөгийг төлүүлэхээр улсын байцаагчийн 350002127 тоот актад өөрчлөлт оруулж тогтоосон.

3. "Майн инфо" ХХК нь тогтоолыг эс зөвшөөрч Үндэсний татварын ерөнхий
газрын дэргэдэх Татварын маргаан таслах зөвлөлд гомдол гаргасныг 2015 оны 06 дугаар сарын 19-ны өдөр хэлэлцэж 59 тоот тогтоолоор Нийслэлийн
татварын газрын дэргэдэх Татварын маргаан таслах зөвлөлийн 2015 оны 04
дүгээр сарын 17-ны өдрийн 27 тоот тогтоолыг хэвээр үлдээснийг эс зөвшөөрч
байгаа тул Захиргааны хэргийн шүүхэд гомдол гаргаж байна.

4. Нийслэлийн татварын газрын дэргэдэх Татварын маргаан таслах зөвлөл 2015 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн 27 тоот тогтоолоор татварын улсын байцаагч нарын 350002127 тоот актаар ногдуулсан бүгд 88,948,329.00 төгрөгнөөс актын 1.3, 2, 3 дугаар хэсэгт хамаарах бүгд 29,756.8 мянган төгрөгийг хасч шийдвэрлэсэн нь хуулийн дагуу зөв зүйтэй шийдвэр гаргасан боловч актын 1.1,1.2 дугаар хэсэгт хамаарах, үлдсэн 59,191.5 мянган төгрөгийн төлбөрөөс Татварын ерөнхий хуулийн 11.1,11.3.1,74.2-д заасан заалтуудын дагуу холбогдох хэсгийг хасч шийдвэрлээгүй нь хуулийг зөрчсөн гэж үзэж байна.
Татварын улсын байцаагчийн 350002127 тоот актын Тогтоох хэсгийн Нэг-ийн 1 дэх заалтад дурьдсан "2011 онд 12,073,000.00 төгрөгийн аж ахуйн нэгжийн орлогын албан татварыг хуулийн хугацаанд төсөвт төлөөгүй зөрчил" гэх бүгд 12,073,000.00 төгрөгийн татвар нь 2008 онд ногдуулсан аж ахуйн нэгжийн орлогын албан татварын өрийн үлдэгдэл бөгөөд 2011 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр төлж барагдуулсан.

Татварын улсын байцаагч нарын 350002127 тоот актын Тогтоох хэсгийн Нэг-ийн 2 дахь заалтад дурьдсан 2011 онд хуулийн хугацаанд төлөөгүй гэх бүгд 2011 оны 133,291,600.00 төгрөгийн нэмэгдсэн өртгийн албан татварын өрийн дүнгээс
21,313,600.00 төгрөг нь 2008 оны ногдуулалт, 48,074,500,00 төгрөг нь 2009 оны
ногдуулалт, 34,540,100.00 төгрөг нь 2010 оны ногдуулалт, 29,363,400.00 төгрөг
нь 2011 оны ногдуулалтаар тус тус тайлагнасан татварын өр байна. Үүнээс 120,000,000,00 төгрөгийн татварын өрийг Нийслэлийн 2011 оны 12 дугаар сарын 22-ны өдөр төлж барагдуулсан.

Иймд Нийслэлийн татварын газрын дэргэдэх Татварын маргаан таслах зөвлөл 2008 онд холбогдох аж ахуйн нэгжийн орлогын албан татварын өрийн үлдэгдэл 12,073,000.00 төгрөг, нэмэгдсэн өртгийн албан татварын өрийн үлдэгдэл 21,313,600.00 төгрөг бүгд 33,386,600.00 төгрөгийн татварт торгууль, алданги тооцож, хариуцлага хүлээлгэж байгаа Татварын улсын байцаагч нарын 350002127 тоот актын холбогдох хэсгийг зөв шийдвэрлээгүй, Татварын ерөнхий хуулийн 11.1, 11.3.1, зүйлүүдийг зөрчсөн, мөн түүнчлэн төлөгдсөн татварт хариуцлага тооцсон нь Татварын ерөнхий хуулийн 74.2 зүйлийг зөрчсөн хэмээн үзэж Татварын ерөнхий газрын дэргэдэх Татварын маргаан таслах зөвлөлд гомдол гаргасан.

5.Татварын ерөнхий газрын дэргэдэх Татварын маргаан таслах зөвлөл мөн л нэхэмжлэгчийн гомдлыг бүрэн авч хэлэлцэлгүй, нэхэмжлэгчийн тайлбарыг сонсолгүй, нэхэмжлэгч, хариуцагч талуудыг харилцан мэтгэлцүүлж маргалдуулаагүй, хуулийн заалтыг хэрэглэж тайлбарлаагүй, нэхэмжлэгч, хариуцагч талаас хэд гурван асуулт асуусан төдий хэлэлцэж шийдвэрлэсэн нь татвар төлөгчийн хууль ёсны эрх ашгийг үл хүндэтгэн, бодитой шийдвэрлэсэнгүй хэмээн үзэж байна.

Татварын ерөнхий газрын дэргэдэх Татварын маргаан таслах зөвлөлийн 59 тоот тогтоолын Тогтоох хэсгийн нэг дэх заалт нь "Майн инфо" ХХК-ийн /нэхэмжлэгчийн/ гомдлын шаардлагыг хангаагүй, хэрэглэх ёстой хуулийн заалтыг хэрэглээгүй, аж ахуйн нэгж байгууллагуудын гомдлыг хооронд нь хольж хутгасан шийдвэрийг гаргасан.

Татварын маргаан таслах зөвлөлийн 10 гишүүдийн ядаж нэг нь тогтоолынхоо Тогтоох хэсгийн I дэх заалтын дөрөвхөн мөрийг уншаад танилцчихаагүй, буруу ташаа бичсэн шийдвэрт мутраа зурж байгаа нь татвар төлөгчийг илтэд үл хүндэтгэн, хайнга шийдвэрлэсэн.

6. Татвар төлөгчид, татварын улсын байцаагчид, татварын мэргэшсэн нягтлан бодогч, зөвлөх бид Монгол улсын татварын хууль, эрх зүйн баримт бичгийг нэгэн зэрэг нэг утгаар ойлгож, нэг мөр дагаж мөрдөх, хэрэгжүүлэхэд бидний чин зорилго оршино гэж татварын итгэмжлэгдсэн нягтлан бодогч бид ойлгодог бөгөөд бид татварын улсын байцаагчийн нэгэн адил төр засагтаа тангараг өргөсөн ажилтангууд байдаг. Гэтэл Татварын ерөнхийн газрын дэргэдэх Татварын маргаан таслах зөвлөлийн магадлагч биднийг "та нар өөрсдийгөө татварын зөвлөх гээд нэрлэчихсэн, том компанийн том хүмүүс биздээ, иймхэн юм мэддэггүй юм уу, хуулиа уншаач, танайх маргалдаад хэрэг байгаа юмуу, яахав ороод л үзэхгүй юу, гэх мэтээр үг хэлээр басамжлан, бараг зөвлөл хуралдахаас өмнө шийдвэр гаргачихсан өнгө аясаар, өөрсдийхөо эсрэг талын хүмүүс мэт бидэнтэй харьцаж, хуулинд харш арга барил хэрэглэж байсанд туйлын харамсаж байна.

7. Иймд нийслэлийн Чингэлтэй дүүргийн татварын улсын байцаагчийн 2014 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн 350002127 тоот актаар ногдуулсан "Майн инфо" ХХК-ийн албан татвар ногдуулалт, төлөлтийн 2011-2013 онуудад холбогдох 59.191.5 мянган төгрөгийн төлбөрөөс Татварын ерөнхий хуулийн "11.1.Татвар нөхөн ногдуулах, алданги, торгууль ногдуулах хөөн хэлэлцэх хугацаа 5 жил байх бөгөөд Монгол Улсын Иргэний хуульд заасан хөөн хэлэлцэх хугацаа татварын хууль тогтоомжид хамаарахгүй 1.З.Энэ хуулийн 11.1-д заасан хөөн хэлэлцэх хугацааг дараахь байдлаар тоолж эхэлнэ: 1.3.1 .тайланг жилийн эцэст нэг удаа гаргаж, татвар төлөхөөр хуульд заасан татварын төрлийн хувьд уг тайланг гаргаж татвараа төлж дууссан байх ёстой өдрийн дараагийн ажлын өдрөөс; 74.2.Татварыг хугацаанд нь төлөөгүй бол төлөгдөөгүй татварын дүнд хугацаа хэтэрсэн хоног тутамд 0.1 хувьтай тэнцэх хэмжээний торгууль ногдуулна" гэж заасны дагуу холбогдох хэсгийг хүчингүй болгож өгнө үү.

Хариуцагч нараас шүүхэд бичгээр гаргасан хариу тайлбар болон хариуцагч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: 2014 оны 02 дугаар сарын 01-ны өдрийн татварын хяналт шалгалт хийх 35140200117 тоот томилолтын дагуу 2599929 тоот регистрийн дугаартай "Майн-Инфо" ХХК-ийн 2011-2013 оны татвар ногдуулалт төлөлтийн байдалд санхүүгийн анхан шатны баримт болон нягтлан бодох бүртгэлийн тайлан тэнцэл, албан татварын ногдуулалт төлөлтийн тайланг үндэслэн Чингэлтэй дүүргийн татварын хэлтсийн татварын улсын байцаагч Б.Эрдэнэтуяа, Ц.Цолмон нар шалгалтыг хийж 0002127 тоот актаар 88,948,329.0 төгрөгийн төлбөр тогтоосон боловч тус компани актаа хүлээн зөвшөөрөхгүй НТГ-ын дэргэдэх маргаан таслах зөвлөлд хандсанаар 2015 оны 04 сарын 17-ны өдрийн 27 дугаар тогтоолоор 29,756,800.0 төгрөгийн төлбөрийг нийт 59,191,500.0 төгрөгийн төлбөр төлүүлэхээр тогтоосон байна. Үүнийг эс зөвшөөрч уг компани нь Татварын ерөнхий газрын дэргэдэх Маргаан таслах зөвлөлд хандсан бөгөөд уг зөвлөл нь 2015 оны 4 дүгээр сарын 17-ны өдрийн 27 тоот тогтоолыг хэвээр үлдээсэн. Татварын хяналт шалгалтаар илэрсэн зөрчлийн талаар дараах тайлбарыг хүргүүлж байна. Үүнд:

1. 2012 онд 3,375,1 мянган төгрөгийн харилцах дансаар орсон борлуулалтын орлогыг НӨАТ-ын тайланд тусгаагүй нь НӨАТ-ын тухай хуулийн 7.1, 7.1.1, 17.2-т заасан заалтуудыг зөрчсөн.

2. Нэмэгдсэн өртгийн албан татвараар 2011 онд 133,291.6 мянган төгрөг, 2012 онд 29,097.7 мянган төгрөг, 2013 онд 15,351.8 мянган төгрөгийн, нийт 177,741.1 мянган төгрөгийн, ААНОАТ-аар 2011 онд 12,073.0 мянган төгрөгийн, бүгд 189,814.1 мянган төгрөгийн зөрчилд ТЕХ-ийн 74.3.Энэ хуулийн 74.1, 74.2-т заасны дагуу нөхөн төлүүлэх болон хугацаанд нь төлөөгүй татварт алданги тооцох бөгөөд уг алдангийн хэмжээ нь нөхөн төлүүлэх татварын үнийн дүнгийн 50 хувиас хэтрэхээргүй байна, ТЕХ-ийн 11.2 Татвар, алданги, торгуулийн өрийг төлөхөд хөөн хэлэлцэх хугацаа хамаарахгүй" мөн
хуулийн 55.1-д "Хуулиар тогтоосон хугацаанд төлөөгүй дор дурдсан татвар, түүнд ногдуулсан алданги, торгуулийг татварын өрөнд хамруулна. 55.1.1 татвар төлөгчийн тайлангаар тодорхойлогдсон татварын өр, түүнд тооцсон алданги" гэж заасны дагуу албан татварыг хуулийн хугацаанд төсөвт төлөөгүй зөрчилд алданги, торгууль ногдуулсан

Татварын улсын байцаагч хуулиа дээдлэж ажиллах үүрэгтэй учраас төлбөрийг хуулийн хүрээнд ногдуулсан болно гэжээ.

ҮНДЭСЛЭХ НЬ:

Чингэлтэй дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч Ц.Цолмон, Б.Эрдэнэтуяа /цаашид татварын улсын байцаагч нар гэх/ нар нь Майн инфо ХХК-д төлөвлөгөөт хяналт шалгалтыг хийсэн байна. Уг шалгалтаар 2012 онд 87,442,200 төгрөгийн, 2013 онд 135,208,100 төгрөгийн, нийт 222,650,300 төгрөгийн борлуулалтын орлогыг аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тайланд тусгаагүй, аж ахуйн нэгжийн орлогын албан татвар ногдуулах орлого бууруулсан, 2012 онд 50,426,100 төгрөгийн, 2013 онд 89,879,900 төгрөгийн нийт 140,306,000 төгрөгийн орлогыг нэмэгдсэн өртгийн албан татварын тайланд тусгаагүй, нэмэгдсэн өртгийн албан татвар ногдуулах орлого бууруулсан, компанийн ажилчдад 46,961,300 төгрөгийн орон сууцыг бэлэглэлийн гэрээгээр олгохдоо хувь хүний орлогын албан татвар суутган авч, төсөвт төлөөгүй, 2011 онд 12,073,000 төгрөгийн аж ахуйн нэгжийн орлогын албан татварыг хуулийн хугацаанд төлөөгүй, 2011 онд 133,291,600 төгрөгийн, 2012 онд 29,097,700 төгрөгийн, 2013 онд 15,351,800 төгрөгийн нийт 177,741,100 төгрөгийн нэмэгдсэн өртгийн албан татварыг хуулийн хугацаанд төлөөгүй зөрчил гаргасан гэж үзэн 2014 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн 350002127 дугаар татварын улсын байцаагчийн акт буюу маргаан бүхий захиргааны актыг гаргажээ.

Энэхүү актаар Майн инфо ХХК-д 18,726,730 төгрөгийн нөхөн татвар, 49,054,602 төгрөгийн торгууль, 21,124,905 төгрөгийн алданги, 42,092 төгрөгийн хүү нийт 88,948,329 төгрөгийн төлбөр ногдуулжээ.

Актыг эс зөвшөөрч Майн инфо ХХК-ийн гаргасан гомдлыг нийслэлийн Татварын газрын дэргэдэх Татварын маргаан таслах зөвлөл хянан хэлэлцээд 2015 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн 27 дугаар тогтоол гаргаж 88,948,329 төгрөгийн төлбөрөөс 18,389,200 төгрөгийн нөхөн татвар, 5,289,200 төгрөгийн торгууль, 309,000 төгрөгийн алданги, 41,100 төгрөгийн хүү нийт 29,756,800 төгрөгийн төлбөрийг хасч, хуулийн хугацаанд төлөөгүй татвар болон татварын тайланд тусгагдаагүй нийт 193,189,200 төгрөгийн зөрчилд 337,500 төгрөгийн нөхөн татвар, 39,826,400 төгрөгийн торгууль, 19,026,500 төгрөгийн алданги, 1,000 төгрөгийн хүү нийт 59,191,500 төгрөгийн төлбөрийг төлүүлэхээр шийдвэрлэжээ.

Улмаар Майн инфо ХХК Татварын ерөнхий газрын дэргэдэх Татварын маргаан таслах зөвлөлд гомдол гаргаснаар Татварын ерөнхий газрын дэргэдэх Татварын маргаан таслах зөвлөл 2015 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн 59 дугаар тогтоолыг гаргажээ. Энэхүү тогтоолын Үндэслэх хэсэгт нийслэлийн Татварын газрын дэргэдэх Татварын маргаан таслах зөвлөлийн 2015 оны 27 дугаар тогтоолыг үндэслэлтэй гэж дүгнэсэн боловч Тогтоох хэсэгт 2015 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн 210020505 дугаар актыг хэвээр баталсугай гэж алдаатай бичсэнийг тэмдэглэх нь зүйтэй байна.

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нарын гаргасан тайлбар, мэтгэлцээн, хэрэгт цугларсан нотлох баримтыг хуульд заасан журмын дагуу үнэлсний дагуу дараах байдлаар шийдвэрлэлээ.

Нэг. Майн инфо ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа Чингэлтэй дүүргийн татварын улсын байцаагчийн 2014 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн 350002127 тоот актаар ногдуулсан "Майн инфо" ХХК-ийн албан татвар ногдуулалт, төлөлтийн 2011-2013 онуудад холбогдох 59,191.5 мянган төгрөгийн төлбөрөөс холбогдох хэсгийг хүчингүй болгуулах гэж тодорхойлсон.

Шүүх хуралдаан дээр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар болон өмгөөлөгч нь Татварын ерөнхий хуулийн дагуу хөөн хэлэлцэх хугацаа дууссан 2008 оны татварт акт тавигдсан, хуулиар тогтоосон хугацаанд төлөөгүй ч акт гарах үед төлж барагдуулсан татварын өрөнд хариуцлага тооцсон нь хууль бус гэж нэхэмжлэлийн шаардлагаа үндэслэсэн.

Хэргийг хянан шийдвэрлэх шүүх хуралдаанд хэргийн оролцогч нар маргаан бүхий захиргааны актыг гаргасан процесс ажиллагаа буюу хяналт шалгалтыг хуулийн дагуу явуулсан талаар маргаагүй бөгөөд актыг гаргах үндэслэл буюу зохицуулалт бүхий хуулийн зүйл заалтыг зөв тайлбарлан хэрэглэсэн эсэхэд мэтгэлцээн явагдсан болно.

1.1.Хуулийн хугацаанд төлөөгүй татварт ногдуулсан торгууль, алдангийн талаар.

Хариуцагч татварын улсын байцаагч нар Майн инфо ХХК-ийг нэмэгдсэн өртгийн албан татварыг Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулинд заасан хугацаанд төлөөгүй 2011 оны 133,291,600 төгрөгийн, 2012 оны 29,097,700 төгрөгийн, 2013 оны 15,351,800 төгрөгийн нийт 177,411,100 төгрөг, аж ахуйн нэгжийн орлогын албан татварыг Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулинд заасан хугацаанд төлөөгүй 2011 оны 12,073,000 төгрөгийн зөрчилд Татварын ерөнхий хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 74.3 дахь хэсэгт заасны дагуу тус тус торгууль, алданги тооцсон байна.

Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаас дүгнэхэд, нийслэлийн Татварын газрын дэргэдэх Татварын маргаан таслах зөвлөлийн 2015 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн 27 дугаар тогтоолоор Майн инфо ХХК-ийн хуульд заасан хугацаа хэтрүүлэн төлсөн татварыг бодитоор тооцоолон гаргаж торгууль, алданги тооцсон байна.

Учир нь, Татварын ерөнхий хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1-д Татвар нөхөн ногдуулах, алданги, торгууль ногдуулах хөөн хэлэлцэх хугацаа 5 жил байх бөгөөд Монгол Улсын Иргэний хуульд заасан хөөн хэлэлцэх хугацаа татварын хууль тогтоомжид хамаарахгүй, 11.3-т Энэ хуулийн 11.1-д заасан хөөн хэлэлцэх хугацааг дараахь байдлаар тоолж эхэлнэ, 11.3.2-т тайланг сар, улирал бүр гаргаж татвар төлөхөөр хуульд заасан татварын төрлийн хувьд тухайн жилийн 12 дугаар сарын буюу жилийн эцсийн татварын тайлан гаргаж, татвараа төлж дууссан байх ёстой өдрийн дараагийн ажлын өдрөөс, 11.4-т Татварын албанаас энэ хуулийн  54 дүгээр зүйлд заасан мэдэгдэх хуудас гардуулсан өдрөөр хөөн хэлэлцэх хугацаа таслагдаж, цааш шинээр тоологдоно гэж тус тус заажээ.

Тодруулбал, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн хугацаанд төлөөгүй 2011 оны 103,928,200 төгрөгийн зөрчилд хариуцлага ногдуулах хөөн хэлэлцэх хугацааг 330 хоногоор, 2011 оны нийт 13,291,600 төгрөгийн зөрчилд төлөлт тус бүрээр 134, 67 хоногоор, 2013 оны 12,597,700 төгрөгийн зөрчилд 90 хоногоор, Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн хугацаанд төлөөгүй 12,070,300 төгрөгийн зөрчилд 240 хоногоор бодож торгууль, алданги тооцсон нь үндэслэлтэй байна.

1.2.Татварын тайланд тусгаагүй орлогын талаар.

Хариуцагч татварын улсын байцаагч нар нь 350002127 дугаар актаараа Майн инфо ХХК-г 2012 онд 3,375,100 төгрөгийн орлогыг тайландаа тусгаагүй байсан дээрх зөрчилд 337,500 төгрөгийн нөхөн татвар, 168,800 төгрөгийн торгууль, 1,000 төгрөгийн хүү, нийт 507,300 төгрөгийн төлбөрийг төлүүлэхээр тогтоосон байна.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын шүүх хуралдаанд гаргасан тайлбар, Майн инфо ХХК-ийн татварын албанд гаргасан татварын тайлан зэргээр дээрх 3,375,100 төгрөгийн орлогыг компанийн санхүүгийн тайланд тусгаагүй байсан нь нотлогдож байна.

Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай /2006 оны энэ хууль 2015 оны 07 дугаар сарын 09-ний өдрөөс хүчингүй болсон/ хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д Хуульд өөрөөр заагаагүй бол дор дурдсан бараа, ажил, үйлчилгээнд нэмэгдсэн өртгийн албан татвар ногдуулна, 7.1.1-д Монгол Улсын нутаг дэвсгэрт борлуулсан бүх төрлийн бараа гэж заасны дагуу Майн инфо ХХК нь 2012 онд 3,375,100 төгрөгийн орлогоо тайлагнаагүй нь хавтас хэрэгт авагдсан бичгийн нотлох баримт болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, хариуцагчийн шүүхэд гаргасан тайлбараар тогтоогдож байх тул мөн хуулийн 17 дугаар зүйлийн 17.1-д Энэ хуулийн 6.1, 6.2-т заасны дагуу бүртгүүлбэл зохих иргэн, хуулийн этгээд харъяалах татварын албанд бүртгүүлж, гэрчилгээ авалгүйгээр бараа үйлдвэрлэсэн буюу борлуулсан, түүнчлэн ажил гүйцэтгэсэн, үйлчилгээ үзүүлсэн бөгөөд нэмэгдсэн өртгийн албан татвар төлөөгүй байсан нь тогтоогдвол эрх бүхий улсын байцаагч уг татварыг нөхөн төлүүлж дараахь хариуцлага хүлээлгэнэ, 17.1.1-д нөхөн төлбөл зохих нэмэгдсэн өртгийн албан татварын нийт дүнгээс 0.3 хувиар тооцож хүү төлүүлэх, 17.1.2-т  нөхөн төлбөл зохих албан татварын дүнгийн 50 хувиас илүүгүй хэмжээгээр торгууль ногдуулах гэж заасны дагуу нөхөн татвар, алданги, торгууль, хүү тооцсон нь үндэслэлтэй байна.

Дээрх нөхцөл байдлаас нэгтгэн дүгнэхэд, Майн инфо ХХК нь Татварын ерөнхий хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.1-д татвар ногдох зүйл, татвараа үнэн зөв тодорхойлж, тогтоосон хугацаанд төлөх гэж заасан татвар төлөгчийн үүргийг биелүүлэх ёстой байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Хоёр. Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.3-т Хууль тогтоомж зөрчиж захиргааны зөрчил гаргасан болон шийтгэл хүлээсэн этгээдийг өршөөн хэлтрүүлнэ гэж заажээ.

Нийслэлийн Татварын газрын дэргэдэх Татварын маргаан таслах зөвлөлийн 2015 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн 27 дугаар тогтоолоор хариуцагч татварын улсын байгцаагч нарын 2014 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн 350002127 дугаар актаар тогтоосон 88,948,329 төгрөгийн төлбөрийг багасгаж 193,189,200 төгрөгийн зөрчилд холбогдох, 337,500 төгрөгийн нөхөн татвар, 39,826,400 төгрөгийн торгууль, 19,026,500 төгрөгийн алданги, 1,000 төгрөгийн хүү нийт 59,191,500 төгрөгийн төлбөрийг төлүүлэхээр шийдвэрлэжээ.

Иймд 59,191,500 төгрөгийн төлбөрөөс захиргааны зөрчилд ногдуулсан хариуцлагын хэлбэр болох торгууль, алданги, хүүд хамаарах 58,854,000 төгрөгийн шийтгэлээс чөлөөлж, нөхөн татвар болох 337,500 төгрөгийг төлүүлэх нь зүйтэй гэж үзлээ.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.1, 70.2.5, 70.2.9-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Татварын ерөнхий хуулийн11 дүгээр зүйлийн 11.1, 11.3, 11.4, 18 дугаар зүйлийн 18.1.1, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай /2015 оны 07 дугаар сарын 09-ний өдрөөс хүчингүй болсон/ хуулийн 7 дугаар зүйлийн 7.1, 7.1.1, 17 дугаар зүйлийн 17.1, 17.1.1, 17.1.2-т заасныг тус тус баримтлан Чингэлтэй дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч Ц.Цолмон, Б.Эрдэнэтуяа нарт холбогдох Чингэлтэй дүүргийн татварын улсын байцаагчийн 2014 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн 350002127 тоот актаар ногдуулсан "Майн инфо" ХХК-ийн албан татвар ногдуулалт, төлөлтийн 2011-2013 онуудад холбогдох 59,191.5 мянган төгрөгийн төлбөрөөс холбогдох хэсгийг хүчингүй болгуулах Майн инфо ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.3-т заасныг баримтлан Майн инфо ХХК-д ногдуулсан нийт 59,191,500 төгрөгийн төлбөрөөс 39,826,400 төгрөгийн торгууль, 19,026,500 төгрөгийн алданги, 1,000 төгрөгийн хүү буюу 58,854,000 төгрөгийг чөлөөлсүгэй.

3. 3ахиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт заасны дагуу нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

4. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 73 дугаар зүйлийн 73.2-д зааснаар шүүхийн шийдвэр нь танилцуулсан сонсгосноор хүчинтэй болох ба мөн хуулийн 81 дүгээр зүйлийн 81.1-д зааснаар шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгчид нь 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ С.ТӨМӨРБАТ