| Шүүх | Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Лоолгойн Нямдорж |
| Хэргийн индекс | 204/2019/00028/и |
| Дугаар | 03 |
| Огноо | 2020-01-10 |
| Маргааны төрөл | Эцэг тогтоосон, Хүүхдийн тэтгэлэг гаргуулах, |
Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2020 оны 01 сарын 10 өдөр
Дугаар 03
Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Д.Эрдэнэбилэг даргалж, шүүгч Н.Энхмаа, шүүгч Л.Нямдорж нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанаар
Өвөрхангай аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 145/ШШ2019/00565 дугаар шийдвэртэй
Нэхэмжлэгч Л.А-н нэхэмжлэлтэй
Хариуцагч Б.Э-д холбогдох
“Эцэг тогтоолгох, хүүхдийн тэтгэлэг тогтоолгох, дундын эд хөрөнгө болох 20533333 төгрөг гаргуулах” тухай иргэний хэргийг давж заалдах шатны шүүх хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлоор 2019 оны 12 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч, шүүгч Л.Нямдоржийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нарийн бичгийн дарга Э.Энхболд, нэхэмжлэгч Л.А, хариуцагч Б.Э, хариуцагчийн өмгөөлөгч П.Адьяасүрэн нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Л.А шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Миний бие Б.Э-тэй 2015 онд танилцаад түүнээс хойш хамтран амьдарч эхлээд 2016 оны 05 дугаар сарын 12-нд охинтой болж Өвөрхангай аймгийн *** суманд 2018 оны 06 дугаар сард амьдарсан. Амьдарсанаасаа хойш Б.Э нь байнга архи ууж, агсан согтуу тавьж, зодож нүдэж (5 удаа) охин бид хоёрыг байнга гэр орноосоо хөөж Уянга суманд ажиллуулахгүй сална гэж дарамталж байж суухын аргагүй байдалд хүргээд 2019 оны 02 дугаар сараас хойш *** суманд ирээд аав, ээж, хүүхдүүдийн хамт амьдарч байгаа. Энэ байдал нь хүүхдийн хүмүүжилд сөргөөр нөлөөлж, би өөрөө ч гэсэн эрүүл мэндээрээ хохирч толгой маш их өвддөг болсон. Бид хоёр хамт амьдарч байхдаа гэрлэлтээ бүртгүүлээгүй, гэрлэлтийн баталгаа байхгүй. Б.Э нь надад хэлэхгүйгээр үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг өөрийн нэр дээр бүртгүүлсэн байгаа. Өвөрхангай аймгийн *** сумын 1 дүгээр багийн Засаг дарын 2019 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн тодорхойлолтод Л.А, Б.Э нар хоёр хүүхдийн хамт 2018 оны 11 дүгээр сараас 2019 оны 02 сар хүртэл хамтран амьдарч байсан нь үнэн болно. Энэ засаг даргын тодорхойлолтыг үндэслэж үл хөдлөх хөрөнгийн үнэлгээ хийлгэсэн байгаа. Тийм учраас 2016 оны 05 дугаар сарын 12-нд төрсөн Э.Дд эцэг болох Б.Э-г тогтоолгож, хүүхдийн тэтгэлэг тогтоолгож, үл хөдлөх хөрөнгө болох Б.Э, Л.А миний охин бид 3-ийн дундын эд хөрөнгө 30800000 төгрөгийн дундын эд хөрөнгийг 3 тэнцүү хувааж охин бид хоёрт оногдох хувь болох 20533333 төгрөгийг Б.Э-с гаргуулж өгнө үү гэв.
Хариуцагч Б.Э шүүхэд гаргасан тайлбар болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Миний бие Л.А-тэй 2015 онд танилцаж 2016 онд охинтой болсон. Би охиныхоо хүүхдийн тэтгэлгийг хүлээн зөвшөөрч байна. Харин хүүхдийн тэтгэлгийн мөнгийг Л.А-д өгөхгүй. Хүүхдийн ирээдүйг бодож би өөрөө нээсэн хадгаламжинд нь хийх хүсэлттэй байна. Би хүүхдүүдийнхээ хадгаламжийг 2017 онд нээсэн бөгөөд хүүхдийн мөнгө, цалингаас сар болгон мөнгө ордог. Тиймээс хүүхдийн тэтгэлгийн мөнгийг хадгаламж руу нь хийнэ. Миний бие 2018 онд өөрийн машинаа зарж, өөрийн цалингийн зээлийг авч, аавыг тэтгэврийн зээл авахуулж өөрөө барьж хашаа байшинтай болсон. Энэ хашаа байшин бүгд миний хөрөнгөөр бий болсон. Л.А миний байшин барихаас өмнө цалингийн зээлтэй байсан юм билээ. Сүүлд цалингийн зээлээ 500000 төгрөгөөр сунгуулах гэсийн банк чамайг хамтран зээлдэгч заавал болгоно гэж байна гээд би хамтран зээлдэгч болж урьд цалингийн зээлтэй байсныг мэдсэн. Байшин барихад Л.А-н цалингийн зээлийн мөнгө ороогүй. Миний оруулж барьсан байшингийн зардалд цалингийн зээл 17000000 төгрөг, машин 5000000 төгрөг, тэтгэврийн зээл 3000000 төгрөг, нийт 25000000 төгрөг болсон. Л.А бид хоёр хамтран амьдарч байсан хэдий ч албан ёсоор гэрлэлтээ батлуулаагүй байгаа. Л.А-тэй хамтран амьдрах хугацаандаа би өөрийн хөрөнгөөр байшин барьсан ба өөрийн нэр дээр гэрчилгээг нь бүртгүүлсэн. Тийм учраас үл хөдлөх хөрөнгөөс 20533333 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна гэв.
Анхан шатны шүүх: Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т зааснаар *** оны *** дугаар сарын ***-ны өдөр охин Э.Д-г нарыг 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/-тай болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй хүүхдэд амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр хүүхдийн тэтгэлэг сар бүр гаргуулан эцэг Б.Э-аар тэжээн тэтгүүлэхээр, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6-д зааснаар нэхэмжлэгч Л.А нь Эцэг тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсаныг батлан, Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т зааснаар хариуцагчаас гаргуулах хүүхдийн тэтгэлгийн хэмжээ нь түүний сарын цалин хөлс, түүнтэй адилтгах орлогын 50 хувиас хэтрэхгүй болохыг дурдан, Иргэний хуулийн 108 дугаар зүйлийн 108.8-д зааснаар хариуцагч Б.Э-с 20533333 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Л.А-д, охин Э.Д нарт олгон, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар хариуцагчаас 330820 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 401020 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээж, мөн хуулийн 106 дугаар зүйлийн 106.6-д зааснаар орон нутгийн орлогын 100101900941 тоот данснаас 35100 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгохоор, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар хариуцагчаас 36603 төгрөгийг гаргуулан орон нутгийн орлогод оруулахаар, шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд нэхэмжлэгч, хариуцагч нар шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдан шийдвэрлэжээ.
Хариуцагч Б.Э давж заалдах гомдолдоо: ...Өвөрхангай аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэр нь хууль ёсны үндэслэл бүхий шийдвэр болж чадсангүй. Нэхэмжлэгч Ш.А бид хоёр 2015 оноос эхлэн танилцаж, 2016 онд охинтой болсон боловч бид хоёр албан ёсоор гэр бүл болоогүй, нэг гэрт хамт амьдарч байгаагүй, аж амьдрал тус тусдаа байсан.
Бид хоёр дөнгөж 2018 оны 11 дүгээр сарын сүүлчээс нэг гэрт орж, хоёр сарын хугацаанд хамтран амьдарч байгаад таарч тохирохгүй болоод тусдаа амьдарч эхэлсэн. Үүнийг багийн засаг дарга ч тодорхойлолтондоо дурдсан. Гэтэл анхан шатны шүүх энэ байдалд дүгнэлт хийлгүй, зөвхөн нэхэмжлэгч талын хүсэлтээр миний хуваарьт өмчийг хуулийн үндэслэлгүйгээр хувааж жирийн иргэн миний дан ганц өөрийн хүч хөдөлмөрөөр бүтээн байгуулсан үл хөдлөх хөрөнгийг бусдад шилжүүлэх шийдвэр гаргалаа.
Анхан шатны шүүхийн шийдвэрт Өвөрхангай аймгийн *** сумын байрлах 77 м2 хувийн сууцны зориулалттай, үл хөдлөх эд хөрөнгийг 2019 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр Өвөрхангай аймгийн Улсын бүртгэлийн хэлтэс хариуцагч Б.Э-н өмч гэж бүртгэж *** тоот үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ олгосон хэдий ч зохигчид хамтын амьдралтай байх хугацаанд дээрх үл хөдлөх хөрөнгө бий болсон гэж үзэх үндэслэл тогтоогдож байна гэж дүгнэлт хийсэн нь буруу гэж хариуцагч Б.Э би үзэж байна.
Анхан шатны шүүх, 77 м2 талбай бүхий орон сууцыг 2018 оны 11 дүгээр сараас 2019 оны 2 дугаар сарын хооронд буюу өвлийн дүн хүйтнээр хамтран барьж байгуулсан мэт дүгнэж, хуваарьт хөрөнгө гэж хувааж байгаа нь амьдралд байж болохгүй, хуульд нийцэхгүй шийдвэр гаргаж байна. Нэхэмжлэгчийн хувьд энэ хөрөнгийг барьж байгуулахад нэхэмжлэгч тал нэг ч төгрөгийн зардал гаргаагүй, нэг тоосго ч тавиагүй байхад ийнхүү дүгнэж байгаад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцож буй зохигч бидний эрх ашгийг жигд хангалгүй, хэрэгт авагдсан нотлох баримтыг Иргэний хуулийн хэм хэмжээний дагуу үнэлээгүй байна гэж үзэж байна гэжээ.
Л.А давж заалдах гомдолд гаргасан хариу тайлбартаа: Анхан шатны шүүхийн шийдвэрт Б.Э, Л.А, Э.Д гэсэн 3 хүний дундын эзэмшил болох хашаа байшингийн үнэлгээний 2/3 хувь буюу 21.000.000 төгрөгийг Л.А , Э.Д нарт гаргаж өгөх шийдвэр гаргасан. Л.А миний бие 2018 оны 06 дугаар сард ээлжийн амралтаа авч 2018 оны 07 дугаар сард Өвөрхангай аймаг дахь бүсийн оношилгоо эмчилгээний төвөөс өөрийн хүсэлтээр ажлаас чөлөөлөгдөж Өвөрхангай аймгийн *** сум руу аав, ээж, хүүхдийн хамт нүүсэн. Бид хоёрын дундын эзэмшлийн хашаанд бууц байлаа. Энэ үед байшин баригдаж эхлээгүй байсан ба би өөрийн ах Л.Б-аас байшингийн материалын авч *** сум руу ачааны машинаар авч явж байшинг урдах шүүхийн материал дээр тодорхой гэрчтэйгээр нотолсон. Үүнээс гадна миний бие нь 2018 оны 08 дугаар сарын 09-ны өдөр *** сумын эрүүл мэндийн төвд ээлжийн сувилагчаар ажилд орж байсныг тухайн байгууллагын даргын ажилд томилох тухай тушаал нотлоно. Ингээд тухайн байгууллагад тасралтгүй 6 сар ажиллаж 2019 оны 02 дугаар сард Б.Э-тай амьдрахад хүндрэлтэй байсан тул ажлаасаа өөрийн хүсэлтээр гарч аав, ээжийнхээ хамтаар Өвөрхангай аймагт шилжин ирж ажиллаж амьдарч байна. Б.Э нь намайг Уянга сум руу шилжин очиход өөрийн гэсэн үл хөдлөх хөрөнгө байгаагүй бөгөөд хашаа байшин нь бид хоёрын хамтран амьдрах хугацаанд бий болсон үл хөдлөх хөрөнгө билээ. Б.Э нь 2019 оны 01 дүгээр сард надад хэлэлгүйгээр Өвөрхангай аймаг орж дундын хөрөнгө болох хашаа байшингийн гэрчилгээг өөрийн хувийн өмч мэт бүртгүүлж гэрчилгээ гардуулсан байсанд гомдолтой байна. Иймд хэргийн материалтай дахин танилцаж үзэн үнэн зөв шийдвэрийг гаргаж өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Л.А нь хариуцагч Б.Э-д холбогдуулан эцэг тогтоолгох, хүүхдийн тэтгэлэг гаргуулах, дундын эд хөрөнгө болох 20533333 төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэл гаргажээ.
Хариуцагч Б.Э нэхэмжлэлийн шаардлагаас дундын эд хөрөнгө болох 20533333 төгрөг гаргуулах гэснийг зөвшөөрөхгүй гэж гомдол гаргасан боловч давж заалдах шатны шүүх хуралдааны явцад зохигчид хэлэлцэн тохирч эвлэрсэн.
Талуудын хооронд 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр байгуулсан “Эвлэрлийн гэрээ”-нд ...Бид хоёр эвлэрч гэр бүлийн амьдралаа хэвийн үргэлжлүүлэхээр сайн дураараа харилцан тохиролцож дараах үүргийг харилцан хүлээж байна. Хариуцагч Б.Э би өөрийн нэр дээр байгаа үл хөдлөх хөрөнгөө гэрийн бүх гишүүдийн нэр дээр шинэчлэн бүртгүүлнэ. Нэхэмжлэгч Л.А би анхан шатны шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж, тэмдэгтийн хураамж нэхэмжлэхгүй... гэжээ.
Зохигчид харилцан тохирч эвлэрсэн нь Иргэний хууль, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байна.
Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн “Эвлэрлийн гэрээ”-г баталж, Л.А-н нэхэмжлэлтэй, Б.Э-д холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгов.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.4-т зааснаар зохигчдын хооронд байгуулсан эвлэрлийн гэрээнд нэхэмжлэгч Л.А улсын тэмдэгтийн хураамж нэхэмжлэхгүй гэснийг дурьдах нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.4-д заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Өвөрхангай аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 145/ШШ2019/00565 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, зохигчдын хооронд 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр байгуулагдсан “Эвлэрлийн гэрээ”-г баталж, Б.Э-д холбогдох “...эцэг тогтоолгох, хүүхдийн тэтгэлэг тогтоолгох, дундын эд хөрөнгө болох 20533333 төгрөг гаргуулах тухай...” Л.А-н нэхэмжлэлтэй хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.4-т зааснаар хариуцагч Б.Э-аас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 260617 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар талуудад магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногт шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд гардаж аваагүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй.