Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 10 сарын 02 өдөр

Дугаар 264

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хэргийн индекс: 166/2017/0270/Э

 

Дархан-Уул аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Батжаргал даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Нандинцэцэг,

Улсын яллагчаар аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор А.Оргилбаяр,

Шүүгдэгч О-, А- нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийж, Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Боржигон Балдангомбын Отгонцэнгэл, Харчин Жамсрангийн Анхбаатар нарт холбогдох эрүүгийн 1718000980051 дугаартай хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлснийг 2017 оны 10 дугаар сарын 02-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол Улсын иргэн, Боржигон Балдангомбын Отгонцэнгэл, 1986 оны 3 дугаар сарын 25-ны өдөр Дархан-Уул аймгийн Дархан суманд төрсөн, 31 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эх, дүү нарын хамт Дархан-Уул аймгийн Дархан сумын 3-р багийн Тосгоны 5-87 тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагнал, урьд 3 удаагийн ял шийтгэлтэй,

Сүүлд:Сум дундын 7 дугаар шүүхийн 2017 оны 6 дугаар сарын 06-ны өдрийн 118 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1-т зааснаар 2 сар баривчлах ялаар, 261 дүгээр зүйлийн 261.1-т зааснаар 1 жил 2 сарын хорих ялаар тус тус шийтгэгдэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 57 дугаар зүйлийн 57.1-т зааснаар хөнгөн ялыг хүнд ялд нь багтааж биечлэн эдлэх ялыг 1 жил 2 сарын хорих ялаар тогтоож, хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлэхээр шийдвэрлэсэн, хэрэг хариуцах чадвартай, РД:ТБ86032573.

 

Монгол Улсын иргэн, Харчин Жамсрангийн Анхбаатар, 1975 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр Сэлэнгэ аймгийн Бугант суманд төрсөн, 41 настай, эрэгтэй, боловсрол, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, эхийн хамт Дархан-Уул аймгийн Дархан сумын 7-р багийн Майхантын 6-2 тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагнал, урьд ял шийтгэлтэй, хэрэг хариуцах чадвартай, РД:ТИ75110371.

 

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/:

 

Шүүгдэгч О-, А- нар нь согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ 2017 оны 8 дугаар сарын 02-ны өдрийн 17 цагийн орчим Дархан-Уул аймгийн Дархан сумын 8 дугаар багийн Нарантолгойн 1-25 тоотод харилцан зодолдож бие биенийхээ  эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т заасан гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүх хуралдаанаар яллах, цагаатгах болон бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч  О-, А- нар нь согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ 2017 оны 8 дугаар сарын 02-ны өдрийн 17 цагийн орчим Дархан-Уул аймгийн Дархан сумын 8 дугаар багийн Нарантолгойн 1-25 тоотод харилцан зодолдож шүүгдэгч О- нь хохирогч А-ын бие махбодид зүүн чамархайн хуйхны шарх, зулгаралт, зүүн нүдний доод зовхи, баруун, зүүн шуу, зүүн алганы зулгаралт, баруун бугалганы цус хуралт, баруун тохойд зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол, шүүгдэгч А- нь хохирогч О-ийн бие махбодид зүүн гуя, баруун нүдний доод зовхины шархнууд бүхий хөнгөн хохирол учруулсан болох нь

 

              Шүүгдэгч О-ийн мөрдөн байцаалтад өгсөн:

 

 ...2017 оны 8 дугаар сарын 02-ны өглөө 10 цагийн орчим гэрээсээ гараад Бирж орж найз Эрка, Жагаа нарыг хайгаад явж байхад Анхбаатартай таарсан. Бид хоёр 1-р сургуулийн хажуугийн 12-р дэлгүүрийн орчимд Анхбаатарын дүүгийн гэрээс ус авахуулж уусан. Бид хоёр тэр орчимд дэлгүүрийн ойролцоо зогсож байхад найз Баяржаргал ганцаараа дэлгүүр орох гэж байгаатай таараад Баяржаргал дэлгүүрээс архи авах гэсэн чинь мөнгө хүрэхгүй байна гэсэн. Би Баяржаргалын 7 500 төгрөгийг аваад Биржээс нэг шил архи аваад буцаад хоёр найз дээрээ очсон. Бид гурав архи бариад найз Эрдэнэ-Очирын гэрт очиход түүний гэрт Сайнжаргал бас байсан. Бид нар тавуулаа 0,75 л архи хувааж уусан. Бид нар дахин нэг шил архи аваад найз Баяржаргалын гэрт очсон. Бид нарыг Баяржаргалын гэрт ороход Отгонжаргал гаднаас ороод ирсэн. Бид нар зургуулаа болоод 2 шил архи хувааж уусан. Тэгээд Баяржаргалын гэрээс гараад хашаанд нь байдаг Отгонжаргалын байшинд Отгонцэнгэл, Эрдэнэ-Очир, Сайнжаргал нарын хамт орсон. Харин Баяржаргал гэртээ унтаад үлдсэн. Бид нар Отгонжаргалын гэрт ороод байж байхад Эрдэнэ-Очир тасраад унтаад өгсөн. Харин Сайнжаргал, Отгонжаргал нар дэлгүүр орж архи авахаар явсан. Би Анхбаатарын хамт Отгонжаргалын гэрт юм яриад суугаад үлдсэн. Бид хоёр хоорондоо юм ярьж сууж байгаад хоорондоо хэл амаа ололцоогүйн улмаас согтуурхаад маргалдсан. Би архины шил хагарсан талаар сайн мэдэхгүй байна. Нэг мэдэхэд Анхбаатар архины шилний хагархай аваад миний зүүн гуяыг нэлээд зүсчихсэн. Миний уур хүрээд Анхбаатарын гартаа барьсан архины шилийг аваад газарт унагааж байгаад шал мөргүүлсэн. Бид хоёрыг хоорондоо маргалдаад зодолдож байхад Сайнжаргал, Отгонжаргал нар салгасан. Би үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч гэм буруугаа ойлгож байна. Ажил төрөлтэй байдлыг харгалзан хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр хүсэлт гаргасан. Миний гэм буруутай үйлдэлд торгох ял оногдуулахад татгалзах зүйлгүй зөвшөөрч байгаа гэх мэдүүлэг /хх 39/,

           

             Шүүгдэгч А-ын мөрдөн байцаалтад өгсөн:

           

  ...2017 оны 8 дугаар сарын 02-ны өглөө 10 цагийн орчим гэрээсээ ганцаараа гараад Бирж орсон. Би шинэ орчин төвийн гадна найз Отгонцэнгэлтэй таарсан. Бид хоёр манай гэр лүү явж байгаад 1-р сургуулийн хажуугийн 12-р дэлгүүрийн үүдэнд зогсож байхад найз Баяржаргал ганцаараа дэлгүүр орох гэж байгаатай таараад Баяржаргал дэлгүүрээс архи авах гэсэн чинь мөнгө хүрэхгүй байна гэж хэлсэн. Гэтэл Отгонцэнгэл би биржээс архи аваад ирье гэж хэлээд Баяржаргалын гарт байсан мөнгийг аваад явсан. Бид хоёр Отгонцэнгэлийг хүлээгээд ирэхгүй болохоор нь өөдөөс нь алхаж байхад урдаас Отгонцэнгэл нэг шил архи торонд хийчихсэн хүрээд ирсэн. Бид гурав архи бариад найз Эрдэнэ-Очирын гэрт очиход түүний гэрт Сайнжаргал бас байсан. Бид нар тавуулаа 0,75 л архи хуваагаад уусан. Бид нар дахин нэг шил архи аваад найз Баяржаргалын гэрт очсон. Бид нар Баяржаргалын гэрт архи ууж байхад танил Отгонжаргал ороод ирсэн. Бид нар зургуулаа болоод 2 шил архи хуваагаад уусан. Тэгээд Баяржаргалын гэрээс гараад хашаанд нь байдаг Отгонжаргалын жижиг байшинд Отгонцэнгэл, Эрдэнэ-Очир, Сайнжаргал нарын хамт орсон. Харин Баяржаргал гэртээ унтаад үлдсэн. Бид нар Отгонжаргалын гэрт ороод байж байхад Эрдэнэ-Очир тасраад унтаад өгсөн. Харин Сайнжаргал, Отгонжаргал нар дэлгүүр орж архи, идэж уух юм авч ирнэ гээд яваад өгсөн. Би Отгонцэнгэлийн хамт суугаад юм яриад үлдсэн. Бид хоёр хоорондоо юм ярьж сууж байгаад маргалдсан. Намайг Отгонцэнгэл архины шилээр толгой руу цохиод цус гаргачихсан. Тухайн архины шил хагараад шалан дээр уначихсан. Миний уур хүрээд хоёулаа хоорондоо барилцаж аваад зодолдож байгаад газар байсан хагархай архины шилийг аваад Отгонцэнгэлийн зүүн гуя руу хатгасан. Тэгэхэд Отгонцэнгэлийн зүүн гуянаас цус гараад байсан. Над руу Отгонцэнгэл чи миний зүүн гуяыг арай аймаар зүсчихлээ гээд дахин хоорондоо маргалдаад зууралдаад зодолдсон. Бид хоёрыг хоорондоо маргалдаад зодолдож байхад гаднаас Сайнжаргал, Отгонжаргал хоёр орж ирээд салгасан. Би өөрийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулахад татгалзах зүйлгүй гэх мэдүүлэг /хх-ийн 41/,

           

            А-ын хохирогчоор мөрдөн байцаалтад өгсөн:

 

            ...бид хоёр хоорондоо ерөөсөө маргалдаж байгаагүй. Бид хоёрт өглөг, авлага гэхээр зүйл байхгүй. Тухайн үед согтуудаа нэг нэгнийхээ үгийг ойлголцоогүйн улмаас маргалдсан гэж үзэж байна. Миний толгойн зүүн дээд талд дөрвөн оёдол тавиулсан. Одоо миний шарх эдгэрсэн. Надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй гэх мэдүүлэг /хх 10-11/,

 

            О-ийн хохирогчоор мөрдөн байцаалтад өгсөн:

 

            ...бид хоёр хоорондоо маргалдаж байгаагүй. Бидний дунд өр, авлагын асуудал байхгүй. Тухайн үед согтуудаа л нэг нэгнийхээ үгийг ойлголцоогүйн улмаас маргалдсан. Миний толгой, зүүн гуянд нэлээд гүнзгий шарх үүссэн. Миний зүүн гуя гүйцэд эдгээгүй байгаа. Гэхдээ гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэх мэдүүлэг /хх 14/,

  

            Гэрч М.Отгонжаргалын мөрдөн байцаалтад өгсөн:

 

...Би өчигдөр буюу 2017 оны 8 дугаар сарын 01-ний Микро хорооллын 10-91 тоотод ах Лхагважавынд гэрийг нь хараад үлдсэн. Тэгээд тэндээ хоноод өнөөдөр буюу 2017 оны 8 дугаар сарын 02-ны өдрийн 15 цаг өнгөрч байхад Нарантолгойд байх гэрлүүгээ ганцаараа харьсан. Намайг хашаандаа ирэхэд танил Анхбаатар, Отгонцэнгэл, Эрка, Сайнаа, Магнай нар манай хашаанд баригдаж байгаа хамаатны дүү Баярсайханы байшин дотор архи ууцгаагаад сууж байсан. Тэгээд би тэд нартай нийлээд хамт уугаад суусан. Тухайн үед намайг ороход 2 летрийн 2 ширхэг том Боргио нэртэй пиво ууж байсан. Бас 0,75 л Түмний хишиг архи талдаа ороод байж байсан. Тэгээд би сууж байгаад Сайнаа гээд залуутай нь гэрээсээ баруун тийшээ байх хүнсний дэлгүүр орж зайрмаг, тамхи аваад буцаад 10 орчим минутын дараа ирэхэд манай байшингийн гадаа Анхбаатар, Отгонцэнгэл 2 цус болчихсон гэр орон цус нөж болоод ундуй, сундуй байдалтай байсан. Тэгэхээр нь би 99215202 дугаараасаа эмнэлэг цагдаа дуудсан гэх мэдүүлэг /хх 16/,

 

Гэрч Ц.Баяржаргалын мөрдөн байцаалтад өгсөн:

 

...Намайг гэртээ унтаж байхад хажуу айлын Отгонжаргал гаднаас орж ирээд намайг сэрээгээд Анхбаатар, Отгонцэнгэл нар хоорондоо зодолдоод гэрээр дүүрэн цус болсон байна гэж хэлсэн. Намайг очиход Анхбаатарын толгойноос цус гараад нүүр лүү нь урсчихсан харин Отгонцэнгэлийн гуянаас цус гарсан байдалтай хоёулаа хоорондоо нэлээд зайтай хашаан дотор зогсож байсан. Би гэрийнхээ үүдэн дээрээс та хоёр яагаад маргалдаад байгаа юм гэж хэлчихээд буцаад гэртээ ороод унтаад өгсөн гэх мэдүүлэг /хх 19/,

 

Гэрч С.Эрдэнэ-Очирын мөрдөн байцаалтад өгсөн:

 

...нэг сэрэхэд Отгонжаргал, Сайнжаргал хоёр намайг өшиглөж сэрээгээд дэлгүүр яваад ирэхэд гэрт Отгонцэнгэл, Анхбаатар нар хоорондоо зодолдсон байна гэж хэлсэн. Тэгээд харахад Анхбаатар байшингийн гадна толгойноос нь цус гарчихсан зогсож байсан. Харин Отгонцэнгэл байшин дотор зүүн гуянаас цус гараад зогсож байсан. Тухайн үед Отгонжаргал цагдаа болон эмнэлэг дуудсан гэж хэлсэн. Отгонжаргалын гэрийн дрож болон гал тогооны шал их хэмжээний цусаар бохирлогдсон байсан гэх мэдүүлэг /хх 20/,

 

Гэрч Г.Сайнжаргалын мөрдөн байцаалтад өгсөн:

 

...би Отгонжаргалтай хамт дэлгүүр орохоор явсан. Бид хоёр дэлгүүрээс тамхи, нэг ширхэг том пиво, 3 ширхэг бэлэн гоймон аваад Отгонжаргалын гэрт ирэхэд Анхбаатар, Отгонцэнгэл хоёр хоорондоо зууралдаад зодолдоод зогсож байсан. Тэгэхэд Отгонцэнгэл цагдаа битгий дууд гээд байсан. Харин Отгонжаргал ийм аймар болчихоод юу гэж цагдаа дуудахгүй байдаг юм гэж хэлээд Цагдаагийн газарт зодоон болсон талаар дуудлага өгсөн гэх мэдүүлэг /хх 21/,

 

Дархан-Уул аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2017 оны 8 дугаар сарын 07-ны өдрийн 818 дугаартай дүгнэлт:

 

1.О-ийн биед зүүн гуя, баруун нүдний доод зовхины шархнууд тогтоогдлоо.

2.Дээрх гэмтэл нь хурц ир үзүүртэй багажийн хүчин үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой.

3.Уг гэмтэл нь ГЗТЖ-ын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах хөнгөн зэргийн гэмтэл болно.

4.О-д учирсан гэмтэл нь цаашдын эрүүл мэнд, хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй гэжээ /хх 22/,

 

Дархан-Уул аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2017 оны 8 дугаар сарын 08-ны өдрийн 800 дугаартай дүгнэлт:

 

1.А-ын биед зүүн чамархайн хуйхны шарх, залгаралт, зүүн нүдний доод зовхи, баруун, зүүн шуу, зүүн алганы зулгаралт, баруун бугалганы цус хуралт, баруун тохойнд зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.

2.Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн нэг буюу хэд хэдэн удаагийн хүчин үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой.

3.Дээрх хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой.

4.Шүүх эмнэлгийн ГЗТЖ-ын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах  тул хөнгөн зэргийн гэмтэл болно.

5.Цаашид эрүүл мэнд, ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтад нөлөөлөхгүй гэжээ /хх 28/,

 

Хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх 5-8/, А-ын амбулаториор эмчлүүлэгсдийн карт /хх 30-32/, А-, О- нарын согтуурал шалгасан тэмдэглэл /хх 44, 50/ зэрэг хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул шүүгдэгч нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж үзлээ.

 

Шүүгдэгч нар нь гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч, прокурорын сонсгосон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т заасан зүйл анги болон хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас бусдад төлөх төлбөргүй зэрэг нөхцөл байдалд дүгнэлт хийж шүүх хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.

 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөр, цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны улмаас тооцон гарах зардалгүй болохыг дурдах нь зүйтэй байна. 

 

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2-т тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Шүүгдэгч  Боржигон Балдангомбын Отгонцэнгэл, Харчин Жамсрангийн Анхбаатар нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн  11.6 дугаар зүйлийн 1-т заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

            2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч О-ийг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450 000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар, шүүгдэгч А-ыг 300 /гурван зуу/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар тус тус шийтгэсүгэй. 

 

            3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-т зааснаар шүүгдэгч О-д оногдуулсан 450 000 төгрөгийн торгох ялыг 1 /нэг/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

 

            4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2-т зааснаар шүүгдэгч А-ын 300 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт дөрвөөс дээшгүй цагийн хугацаагаар тогтоосугай.

 

             5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5, 5.4 дүгээр зүйлийн 4-т зааснаар О- нь торгох ялыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй тохиолдолд биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцон, шүүгдэгч А- нь нийтэд тустай ажил хийлгэх ялаас зайлсхийсэн тохиолдолд  нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тус тус тооцож хорих ялаар солихыг дурдсугай. 

 

6.Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны улмаас тооцон гаргах зардалгүй, шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоног, бусдад төлөх төлбөргүй болохыг дурдсугай.

 

7.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 8.Шийтгэх тогтоолд гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч О-, А- нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ хэвээр үргэлжлүүлсүгэй. 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Т.БАТЖАРГАЛ