Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2024 оны 08 сарын 13 өдөр

Дугаар 157/ШШ2024/00153

 

 

 

      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь Сум дундын шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Р.Батбаяр даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны “Б” танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Хүсэлт гаргагч: Хэнтий аймгийн ........ сумын ......... дүгээр багт оршин суух, **************** регистрийн дугаартай Т овогт Д-ийн ************ийн “ажиллаж байсан байдал тогтоолгох” тухай хүсэлтийг 2024 оны 07 дугаар сарын 01-ний өдөр хүлээн авч, 2024 оны 07 дугаар сарын 05-ны өдөр иргэний хэрэг үүсгэж, хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Оюун-Эрдэнэ, хүсэлт гаргагч Д.************ нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

   Хүсэлт гаргагч Д.************ шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Миний бие Д.************ нь Хэнтий аймгийн *********** сумын 1-р багт саальчнаар ажиллаж байсан. 1991-1993 оны 6 сар хүртэл гучин үнээ авч саальчны ажиллаж байсан. Миний 1991-1993 оны 6 сар саальчнаар ажиллаж байсан хугацаа маань  Хэнтий аймгийн *********** сумын ************ нэгдлийн архиваас гараагүй болно. Тэр үед тэмдэглүүлж байсан хөдөлмөрийн дэвтэр 1992 оны өвөл тус сумын захиргаа шатахад устаж үгүй болсон. Ийм учир миний 1991 оноос 1993 оны 6 сар хүртэлх хугацааны ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү.

... Би 1990 оны хавар 8 дугаар ангиа төгссөн. Тэгээд би ажил хийхгүй айл айлын хаяанд бууж явж байгаад 1991 оны 03 сараас тасагт үнээ саахаар шинэ гунж, номхон үнээ хүлээж авсан. 1991 оны 03 сараас үнээс саагаад 1993 оны 06 сард хувьчлал гарсан. Тухайн үед хүүхэд байсан. 1992 оны өвөл *********** сумын ************ нэгдлийн архив шатсан. Тэнд байхгүй болсон. Хөдөлмөрийн дэвтрийг эндээсээ бичилт хийгээд явдаг гээд гардуулж өгөөгүй. ... Би өндөр насны тэтгэвэр тогтоолгох гэж байгаа. Надад хөдөлмөрийн дэвтэр байхгүй” гэв.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Хүсэлт гаргагч Д.************ нь Хэнтий аймгийн *********** сумын ************ нэгдэлд 1991 оны 03 дугаар сараас 1993 оны 06 дугаар сар хүртэл саальчнаар ажиллаж байсан байдлаа тогтоолгох тухай хүсэлтийг шүүхэд гаргаж, энэхүү ажиллаж байсан байдлаа тогтоолгох зорилгоо “өндөр насны тэтгэвэр тогтоолгох” гэж тайлбарлав.

 

Шүүх нэхэмжлэлийн шаардлагын бүхэлд хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

Хүсэлт гаргагч нь Хэнтий аймгийн *********** сумын ************ нэгдэлд 1991 оны 03 дугаар сараас 1993 оны 06 дугаар сар хүртэл  саальчнаар ажиллаж байсан байдал нь түүний шүүхэд ирүүлсэн дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна. Үүнд:

 

- Гэрч У.***************ийн “Д.************ нь Хэнтий аймгийн *********** сумын 1-р багийн ************ нэгдлийн Баянбулаг бригадад 1990 оны 03 сараас 1993 оны 06 дугаар сар хүртэл саальнаар ажиллаж байсан. Д.************ нь нэгдэл тарах хүртэл тус нэгдэлд саальчнаар ажиллаж байгаад хүнтэй суугаад Хэнтий аймгийн Дархан сум руу шилжсэн. Д.************ нь 8 дугаар ангиа төгсөөд нэгдэлд саальчнаар ажилласан. Эмээтэйгээ хамт амьдардаг байсан” гэх мэдүүлэг (хх-ийн 24 дүгээр хуу),

 

- Гэрч Д.****************ийн “Д.************ нь Хэнтий аймгийн *********** сумын 1-р багийн ************ нэгдлийн Баянбулаг бригадад 1991 оноос 1992 оны 10 сард хүртэл саальчнаар ажиллаж байсан. Д.************ нь нэгдэл тарах хүртэл тус нэгдэлд саальчнаар ажилласан” гэх мэдүүлэг (хх-ийн 25 дугаар хуу)

 

- Хэнтий аймгийн *********** сумын ************ нэгдлийн Үйлдвэрчний эвлэлийн зөвлөлөөс 1989 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн Д.************т олгосон Баярын бичиг (хх-ийн 30 дугаар хуу) зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байна.

 

Нотлох баримтуудыг үнэлэхэд: Хүсэлт гаргагчийн шүүхэд гаргаж өгсөн дээрх нотлох баримтууд нь тухайн тогтоолгох гэж буй жилүүдэд холбоотой баримтууд байх бөгөөд хуульд заасан нотлох баримтыг гаргах, цуглуулах журмын дагуу гаргаж өгсөн эргэлзээгүй, үнэн зөв, ач холбогдолтой баримтууд гэж дүгнэв.

 

Хэрэгт авагдсан нотлох баримт болох Хэнтий аймгийн *********** сумын ************ нэгдлийн Үйлдвэрчний эвлэлийн зөвлөлөөс олгосон баярын бичиг нь хүсэлт гаргагчийн ажилласан жил тогтоолгох хугацаанд хамааралгүй боловч тухай үеийн малчин хүний хөдөлмөрийн тасралтгүй байдлыг харгалзан ажилласан байдлыг тогтоосон болно.

 

Иймд хүсэлт гаргагчийг Хэнтий аймгийн *********** сумын ************ нэгдэлд 1991 оны 03 дугаар сараас 1993 оны 06 дугаар сар хүртэл  саальчнаар ажиллаж байсныг тогтоож шийдвэрлэв.

 

          Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар Д.************ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг төрийн сангийн дансанд үлдээж, улсын орлого болгож шийдвэрлэлээ.

 

 

          Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1 дэх хэсгүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

  1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Тайван овогт Доржмаагийн ************ийг Хэнтий аймгийн *********** сумын ************ нэгдэлд 1991 оны 03 дугаар сараас 1993 оны 06 сарыг хүртэл  саальчнаар ажиллаж байсныг тогтоосугай.
  2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар Д.************ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг төрийн сангийн дансанд үлдээж, улсын орлого болгосугай.
  3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэйг мэдэгдсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.7 дахь хэсэгт зааснаар дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах  гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  Р.БАТБАЯР