Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2024 оны 08 сарын 15 өдөр

Дугаар 157/ШШ2024/00154

 

2024         08          15                                                  

 

 

      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

 

Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь Сум дундын шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Р.Батбаяр даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

 

Нэхэмжлэгч Б.**************ийн нэхэмжлэлтэй хариуцагч “******************” ТӨҮГ-ын харьяа *******************т холбогдох тус үйлдвэрийн захирлын 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн Б/64 дугаартай тушаалыг хүчингүй болгуулах, Б.**************ийг **************т цехийн ил уурхайн хэсгийн экскаваторын оператораар ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны нөхөн олговор 31,050,382 төгрөг гаргуулах, нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын шимтгэл нөхөн төлүүлэх” тухай иргэний хэргийг Монгол Улсын дээд шүүхээс 2024 оны 06 дугаар сарын 07-ны өдөр хүлээн авч,  хянан хэлэлцэв.  

 

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Оюун-Эрдэнэ, нэхэмжлэгчийн өмгөөлөгч С.Сэргэлэн (цахимаар), хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.*************** нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Нэхэмжлэгч Б.************** нь хариуцагч “******************” ТӨҮГ-ын харьяа *******************т холбогдуулан “тус үйлдвэрийн захирлын 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн Б/64 дугаартай тушаалыг хүчингүй болгуулах, Б.**************ийг **************т цехийн ил уурхайн хэсгийн экскаваторын оператораар ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны нөхөн олговор 31,050,382 төгрөг гаргуулах, нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын шимтгэл нөхөн төлүүлэх” тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна.

 

1.1 Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.*************** шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Болдоо овогтой ************** нь уул уурхайн салбарт 23 жил, тус ************************-т 2005 оны 11 дүгээр сараас экскаваторын машинистаар томилогдон 17 жил ажилласан бөгөөд эрүүл мэндийн шалтгааны улмаас МШӨЭХМСК-ын 2022 оны 06 сарын 09-ний өдрийн 44 дугаартай шийдвэрийн дагуу 2022 оны 06 сараас хөдөлмөрийн нөхцөл сольж эрүүл мэндэд харшлахгүй буюу хөнгөн ажилд томилогдон 6 cap ажилласан. Уг 6 сарын хугацааг эрүүл мэндийн байгууллагаас хөдөлмөрийн чадвар сэргээгдэх боломжтой хугацаа хэмээн тооцож, тогтоосон хугацаа гэж үзэж байна.

Улмаар МШӨЭХМСК-ын 2023 оны 01 сарын 05-ны өдрийн хурлаар дахин орж, уг комиссын мөн өдрийн 0575240 дугаартай актаар хөдөлмөрийн чадвараа 40 хувь алдсан хэмээн тогтоогдсон тул 2023 оны 01 сарын 06-ны өдөр УБҮ-ийн захиргаанд МШӨЭХМСК-ын 0575240 дугаартай Хөдөлмөрийн чадвар алдалтын хувь, хугацааг тогтоосон актыг Хөдөлмөрийн нөхцөл сольсон актын хамт хүлээлгэн өгөхөөр **************т цехийн дарга ***********, тус цехийн эдийн засагч ************ нартай уулзахад өргөдлөө бичиж өг гэхэд нь тэрээр юу гэж бичих билээ гэсэн чинь өөрийн хүсэлтээр гэж бич гэсэн бөгөөд өөрөө юу гэж бичих учраа олохгүй байсан учир **************т цехийн норм зохиогч *****************ийг гуйж өргөдөл бичүүлсэн байдаг.

Уг өргөдлийг өөрөө бичээгүй болох нь өргөдлөөс тодорхой харагдана. /он, cap, өдөр буруу бичигдсэн, бүхэл бүтэн жилээр зөрүүлж бичсэн/ Б.************** нь хэдийгээр хөдөлмөрийн чадвараа 40 хувь алдсан ч цалингийн зээлийн үлдэгдэл ихтэй, эм тарианы мөнгө шаардлагатай зэрэг шалтгаанаар өөрийн эрүүл мэндэд харшлахгүй ажил хийх хүсэлтэй, мөн Эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссын 2023 оны 01 сарын 05-ны өдрийн 44 дугаартай Иргэний хөдөлмөрийн нөхцөл сольсон акт-д Үйлдвэрлэлийн хүнд юм өргөхгүй, даарч хөрөхгүй, доргионгүй нөхцөлийн ажилд бүрмөсөн шилжүүлэв хэмээн заасаар байхад ажил олгогч нь Хөдөлмөрийн тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3 дахь хэсэгт заасан ...ажилтны хөдөлмөрийн чадвар сэргээгдэхгүй болохыг эмнэлэг хөдөлмөрийн магадлах комисс тогтоосон бол ажилтантай тохиролцон уг ажилд нь, эсхүл өөр тохирох ажлын байранд шилжүүлэн ажиллуулна гэсэн заалтыг зөрчиж, уг заалтад тусгагдсан ажиллагааг хийхгүйгээр үл барам өөрийн хүсэл сонирхлыг тулгаж өргөдөл бичүүлж, түүнийгээ үндэслэн ************************-ийн захирлын 2023 оны 01 сарын 06-ны өдрийн Б/64 дугаартай тушаалаар хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцалсанд гомдолтой байна. Өөрөөр хэлбэл ажил олгогч нь Б.**************ийг цаашид үргэлжлүүлэн ажиллуулах сонирхолгүй байгаа нь 1-рт: Хөдөлмөрийн тухай хуулийн 58.3-д заасан ажиллагааг хийгээгүй, 2-рт: өргөдлөө өг гэж хүчээр өргөдөл бичүүлсэн зэргээс тодорхой харагдаж байхад Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн холбогдох зүйл, заалтыг үндэслэн Хөдөлмөр эрхлэлтийн харилцааг ажил олгогчийн санаачилгаар цуцлахгүйгээр 79 дүгээр зүйлийн 79.1-д заасан Хөдөлмөр эрхлэлтийн харилцааг ажилтан санаачилж цуцлах эрхтэй гэсэн заалтыг үндэслэж тушаал гаргасныг үндэслэлгүй хэмээн үзэж байна. Дээрх тушаалыг үндэслэлгүй гарсан тухай асуудлаар 2023 оны 01 сарын 23-ны өдөр тус УБҮ-ийн захирал **************, Захиргаа удирдлагын газрын дарга ***********, ахлах мэргэжилтэн ****************** нартай уулзаж, хууль эрх зүйн үндэслэлийн талаар тайлбарлаж санал солилцоход тус УБҮ-ийн захирлын 2023 оны 01 сарын 06-ны өдрийн Б/64 дугаар тушаалыг өөрчилж гаргахаар тушаалын төсөл боловсруулж танилцуулсан ба уг төслийн үндэслэх хэсэгт Хөдөлмөрийн тухай хуулийн 79.1, 80.1.3 дахь заалтыг зэрэг барьсан байсан тул миний зүгээс  энэ хоёр заалтыг зэрэг барьж болохгүй ээ гэхэд тэгвэл өөрөөр гаргах боломжгүй гэсэн хариуг өгсөн. Хөдөлмөрийн тухай хуулийн 125-р зүйлээр Үйлдвэрлэлийн осол, хурц хордлого, мэргэжлээс шалтгаалсан өвчний улмаас ажилтанд учирсан хохирлыг нөхөн төлөх харилцааг тодорхой зохицуулсан бөгөөд 125.1-д Үйлдвэрлэлийн осол, хурц хордлогод өртсөн, мэргэжлээс шалтгаалсан өвчнөөр өвчилсөн, эсхүл нас барсан ажилтны үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний даатгалд даатгуулсан эсэхийг үл харгалзан ажил олгогч ажилтны нэг сарын дундаж цалин хөлсийг дараах хэмжээгээр нэмэгдүүлсэн нөхөн төлбөрийг ажилтан, эсхүл түүний гэр бүлд нэг удаа олгоно гэснээс харахад уг нөхөн олговор нь хөдөлмөрийн хүнд нөхцөлд ажилласны улмаас буюу тухайн ажилтны эрүүл мэндэд аль хэдийн учирчихсан хохирлыг нөхөн төлж байгаа асуудал хэмээн ойлгож байна. Харин Хөдөлмөрийн тухай хуулийн 82-р зүйлээр ажилтны хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцалсантай холбогдуулж, тухайн байгууллагад ажилласан хугацаанаас хамаарч олгож байгаа тэтгэмжийн асуудлыг зохицуулсан байх тул нөхөн олговор, хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцалсны тэтгэмж гэсэн ялгаатай 2 ойлголтыг зөв тайлбарлаж практикт хэрэглэх нь зүйтэй хэмээн үзэж байна.

Ажил олгогч өөрийн санаачилгаар хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгож шийдвэр гаргахгүй байгаа нь **************ийн болоод түүнтэй адилхан нөхцөлөөр ажлаас чөлөөлөгдөж байгаа ажилтнуудад Хөдөлмөрийн тухай хуулийн 82 дугаар зүйлд заасан хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцалсны тэтгэмж өгөхөөс санаатайгаар зайлсхийсэн үйлдэл хэмээн үзэж Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.2.1 дэх хэсэгт заасны дагуу ************************-ийн хөдөлмөрийн маргаан таслах комисст 2023 оны 02 сарын 02-ны өдөр, Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.6 дахь хэсэгт заасны дагуу 2023 оны 04 сарын 17-ны өдөр Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын Хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороонд тус тус гомдол гаргасан боловч маргааныг урьдчилан шийдвэрлэх журмаар зохицуулж чадаагүй тул Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.8 дахь хэсэгт заасны дагуу ************************ -ийн захирлын 2023 оны 01 сарын 06-ны өдрийн Б/64 дугаар тушаалыг хүчингүй болгуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргаж байна” гэжээ.

1.2 Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.*************** шүүхэд гаргасан  нэхэмжлэлийн шаардлагыг нэмэгдүүлсэн шаардлагадаа: “...хариуцагч “******************” ТӨҮГ-ын харьяа *******************т холбогдуулан “******************” ТӨҮГ-ын харьяа *******************ийн захирлын 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн Б/64 дугаартай тушаалыг хүчингүй болгуулах, Б.**************ийг **************т цехийн ил уурхайн хэсгийн экскаваторын оператораар ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны нөхөн олговор 31,050,382 төгрөг гаргуулах, нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын шимтгэл нөхөн төлүүлэх” тухай нэхэмжлэлийн шаардлагыг нэмэгдүүлж байна” гэжээ. /хх-ийн 90-91/

 

1.3 Нэхэмжлэгчийн өмгөөлөгч С.Сэргэлэн шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна. Нэхэмжлэлийн байр суурь ямар нэгэн байдлаар ихэсгэж юм уу, багасаж юм уу тийм юм болоогүй. Яг хэвэндээ байгаа.” гээд 

“...Нэгдүгээр асуудал бол тушаалын хууль зүйн үндэслэл ерөнхийдөө буруу гарсан гэж бид нар маргадаг. Тэгэхээр үндсэндээ энэ тушаалыг Хөдөлмөрийн тухай хуулийн 79 дүгээр зүйлийн 79.1-д зааснаар хамгийн гол үндэслэл болгож хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгох, нэн ялангуяа хүсэл зоригийн үндсэн дээр дуусгавар болгох гол заалт бол Хөдөлмөрийн тухай хуулийн 79 дүгээр зүйлийн 79.1 юм. Хөдөлмөрийн тухай хуулийг тайлбарласан Улсын дээд шүүхийн 2012 оны зөвлөмжийн 1.7-д байгаа. ...Улсын дээд шүүх зөвлөмжөөрөө тайлбарласан. Тэр ямар агуулга вэ гэхээр зүй бус нөлөөлөл байхгүй бөгөөд ажилтан өөрөө хүсэл зоригийн дагуу сайн дурын үндсэн дээр өргөдөл гаргасан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 79 дүгээр зүйлийн 79.1-д заасныг барина гэж байгаа. Гэтэл өнөөдрийн энэ кэйс дээр ер нь ямар ч хүн амьдралаа төлөвлөдөг. Ядаж сарын өмнө төлөвлөнө. Ажилд ороогүй байгаа үедээ дараагийн ажлаа олж байж ажлаасаа гарч, орох асуудал яригдана. Гэтэл ийм юм болоогүй гэдэг нь одоо ч яригдаж байна. Хөдөлмөрийн чадвар алдсан дүгнэлтээ барьж очиход та өргөдлөө өгчих гэсэн. Тэгэхээр зүй бус нөлөөлөл энэ компанид байна гэдгийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад олж мэдсэн. Тухайлбал 2 гэрчийн мэдүүлэг байна. Энэ 2 гэрчийн мэдүүлэг дээр уг нь ажлаа өгье гэж бодоогүй юм. Тэгэхдээ өргөдлөө өгөөд өг гэдэг юм. Энэ нь өөрөө ажлын хэм хэмжээ болсон юм байлгүй дээ гэж боддог гээд тэр 2 хүн хэлж байна. ... Тэгэхээр хоёр гэрчийн мэдүүлгээс харахад энэ байгууллагуудад хууль ёсны юм шиг өргөдөл өгдөг. Зүй бус нөлөөлөл үзүүлэхээр хууль ёсны юм шиг болсон. ************** дээр хэрэгжсэн гэж өмгөөлөгчийн зүгээс хэлж байна. Хөдөлмөрийн тухай хуулийн 79 дүгээр зүйлийн 79.1-д заасныг гепотизийг хангаагүй. Хоёрдугаарт Хөдөлмөрийн тухай хуулийн 79 дүгээр зүйлд зааснаар өргөдөл өгөхөд 30 хоногийн дараа тушаал гаргах байтал 01 дүгээр сарын 06-нд тушаал гаргаж байгаа нь ажил олгогчийн субьектив хандлага байна уу гэж харж байгаа юм. 01 дүгээр сарын 06-нд өргөдөл өглөө 01 дүгээр сарын 06-нд ерөөсөө бичиг баримтын бүрдүүлээд шууд тушаалыг нь гаргадаг. Тэгэхээр тушаал гаргаж байна гэхээр ажил олгогчийн хүсэл зориг байна гэдгийг давхар нотолж байгаа юм. Дараагийн асуудал болохоор хөдөлмөрийн чадвар алдалт байгаа. Хөдөлмөрийн эрх зүйн харилцаа үүсгэх, өөрчлөх, дуусгавар болгох хууль зүйн факт маань Хөдөлмөрийн тухай хууль дээр яаж өөрчлөх юм гэхээр 58 дугаар зүйл буюу өөр ажил руу шилжүүлэх 6 үндэслэл байдаг. Хөдөлмөрийн тухай хуулийн 59 дүгээр зүйл бол сэлгэн ажиллуулах гэж байгаа. Ер нь бол өөр ажилд шилжүүлэхэд заавал ажилтантай харилцан тохиролцох ёстой. Гэхдээ Хөдөлмөрийн тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.1.3-д эмнэлэг хөдөлмөр магадлалын комиссын шийдвэр гарах юм бол шийдвэр гарсан хугацаанд нь Хөдөлмөрийн тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.2-т зааснаар өөр ажилд шилжүүлэх ёстой. Миний үйлчлүүлэгч фургоны жолооч хийж байсан. **************ийг жилээр сунгасан. Тэгэхээр Хөдөлмөрийн тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.2-т зааснаар үргэлжлүүлээд ажиллуулах ёстой. Хугацаа нь дуусаагүй байгаа байхгүй юу. Зүгээр сунгасан. Ажил олгогч өргөдөл бич гэхийн оронд та ажиллаж бай гэх байсан. Ийм харилцаа хандлагын асуудал дутсан юм болов уу гэж харж байна. Тэгэхээр ажил олгогч өөрөө манайд хүсэлт өгөөгүй ш дээ гэдэг. Хөдөлмөрийн тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.2-т диспозиц нөхцөл нь хугацаагаа тайлбарлана. Энэ хүн фургоны жолоочоор ажиллахгүй гэж хэлээгүй. Тэнд ажиллаж байя гэдэг агуулга байгаа. Тэгэхээр гепотиз нь ажил олгогчид байгаа болохоос ажилтанд биш. ... Түүнээс эмнэлэг хөдөлмөрийн магадлалын комиссоор энэ хүн ажил мэргэжилдээ огт тэнцэхгүй гэж дурдаагүй. Ер нь 40 хувь алдлаа гэж байгаа юм. Тэгэхдээ 40 хувь алдлаа гэдэг нь аймаар биш шүү дээ. Итгэмжлэгдсэн төлөөлөгч маань хэлж байх шиг байна. Хөдөлмөрийн тухай хуулийн 144 дүгээр зүйлд 25-аас дээш ажилтантай байх юм бол 4 хувьд нь хөгжлийн бэрхшээлтэй хүнийг авч ажиллуулах үүрэгтэй. Дээрээс нь нөхөн төлбөр давхар авч байгаа. Тэр нөхөн төлбөр, тэтгэмж авч байгаа нь цалин хөлсийг бууруулах үндэслэл болдоггүй. Үүнийг би давхар хэлэх нь зүйтэй байна. Гэхдээ нэг зүйлийг нь шүүгч анхаараач ээ гэж хүсэж байна. Зүй бус нөлөөлөл байсан уу, байгаагүй юу гэдгийг тогтоогоод өгөөч ээ. Гэрчийн мэдүүлгүүд байна. Түүнээс бид нар дарамталсан, буу тулгасан гэж хэлээгүй. Итгэмжлэгдсэн төлөөлөгч гуйвуулаад байх шиг байна. Зүй бус нөлөөлөл, тэр хүнд ажлаа өгье гэсэн бодол байгаагүй байхад хөндлөнгөөс ажлаа өг гэдэг объектив байдал байна. Түүнээс субьектив байдлаар ************** өргөдлөө өгнө гэж огт бодоогүй. Үнэхээр өргөдлөө өөрийнхөө чин сэтгэлээсээ өгсөн бол өнөөдөр шүүх хурал болохгүй байсан. ... Шүүгч энэ агуулга, бас депозит нөхцөлүүдийг нэг сайн анхаарч хараад нэхэмжлэлийн шаардлагыг маань бүрэн хангаж өгөөч ээ гэж өмгөөлөгчийн зүгээс хүсэж байна” гэв.

 

2. Хариуцагч “******************” ТӨҮГ-ын харьяа *******************ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.*************** шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Эхлээд дэс дарааллаараа учир зүйн хувьд тушаал хүчингүй болгуулах шаардлагын тухай яръя. Тэгэхээр нэхэмжлэгч тухайн Б/64 дугаартай тушаалыг хүчингүй болгох үндэслэлээ ажил олгогч хөдөлмөрийн эрхлэлт харилцааг дуусгавар болохдоо Хөдөлмөрийн тухай 80 дугаар зүйлийн 80.1.3-д заасныг үндэслэж хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлах ёстой байсан. Гэтэл Хөдөлмөрийн тухай хуулийн 79 дүгээр зүйлээр цуцалсан гэдэг асуудал яригдаж байгаа. Тэгэхээр ажил олгогч тэтгэмж өгөх ёстой байсан гэдэг асуудлаар нэхэмжлэл гаргасан. ...Тэгэхээр Хөдөлмөрийн тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.1.3-д заасан бол та нар заавал тухайн ажлын байранд юм уу, эсхүл өөрийн ижил төрлийн ажилд шилжүүлэх үүрэгтэй гэж яриад байгаа. Нэхэмжлэгч өөрөө хөдөлмөрийн чадварын 40%-аа алдсан. Гэхдээ мэргэжлээс шалтгаалдаг өвчнөөс гэдгээр хавсарсан оноштой байгаа юм. М12 гэдэг онош тавигдсан. Тэгээд энэ онош гарсан учраас бид нар нөхцөл сольсон актыг нь үндэслээд хүмүүсийн энгийн хэлдгээр хөнгөний гэж яриад байдаг. Мэргэжлийн хэллэгээр бол эрүүл мэндэд нь харшлахгүй ажилд шилжүүлэн ажиллуулсан. Энэ хугацаандаа ажил олгогчийн зүгээс ажилтанд дундаж цалин хөлснөөс нь тооцоод цалин хөлс олгоод явж байсан. Тэгэхээр тэтгэмж өгөх асуудал нь яригдаж байвал Эрүүл мэндийн магадлалын зөвлөлийн шийдвэрийг үндэслээд хөнгөний ажил хийх боломжгүй бол шууд хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлах асуудал яригдах юм. Энэ тохиолдолд бид нар Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн дагуу хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлаад ажилтны нийгмийн асуудлыг шийдэх үндсэн дээр тэтгэмжийн асуудал гэж яригдах ёстой. ...Тэгээд хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлахдаа та нар хүчээр өргөдөл бичүүлчихлээ гээд тайлбарладаг. Энэ хүн өөрөө тухайн үедээ үргэлжлүүлээд ажиллая гэдэг хүсэлтээ өгөх боломжтой байсан. Гэхдээ манай үйлдвэрт гарч байгаа тохиолдол дээр хөнгөний буюу эрүүл мэндэд харшлахгүй 6 сараа аваад ажиллаад явж байгаад дараа нь үргэлжлүүлээд ажил хийлгэе гэхээр хийх сонирхолгүй байдаг. Яагаад гэвэл энэ хүмүүс жирийн конторт суудаг хүмүүсээс харьцангуй өндөр цалин хөлс авдаг. Тэгээд бид нар эрүүл мэндэд нь харшлахгүй хөнгөн ажил хийлгэе гэхээр хийдэггүй. ...Энэ хүмүүс цаг, зэргээр цалинждаг учраас цагийн хөлс маш бага байдаг. Энэ дээр ажиллуулах гэхээр үнэхээр ажиллах сонирхол байдаггүй. Тэрний оронд хувийн уурхайд очоод экскаватор баривал хамаагүй илүү орлоготой гэдгийг мэддэг учраас ажилладаггүй. Харуул хамгаалалт дээрээ ажиллаад өгөөч гэхээр хүмүүс ирэх сонирхолгүй байдаг. Яагаад гэвэл нийгмийн даатгалын сангаас тэтгэмжээ авч байгаа юм. Тэгээд өөр ажил хийгээд явж байгаа учраас бидний саналыг зөвшөөрдөггүй. Гэтэл ийм эрх нь байсаар байхад тэр эрхээ эдлээд би ажиллая гэж хэлээгүй мөртлөө сүүлд нь өргөдлөө өгчхөөд та нар хүчээр зуруулсан, дотоод хүсэл зориг нь байгаагүй. Ажил олгогч буруутай, гадна талын нөлөөлөл болоод өргөдөл дээр гарын үсэг зуруулчихлаа гэж ярьдаг. Тэгэхээр энэ асуудал үндэслэлгүй гэж үзэж байна. Хууль хэрэглээний хувьд эрүүл мэндийн магадлалын зөвлөлийн шийдвэрийг үндэслээд 6 сараар ажиллуулах боломжгүй тохиолдолд тэтгэмжийн өгөөд гаргах ёстой. Хөдөлмөрийн тухай хуулийн 82 дугаар зүйлд заасан зохицуулалтаар шийдэж байгаа. Ажил олгогч Хөдөлмөрийн тухай хуулийн 120 дугаар зүйлд заасан нөхөн төлбөрийн асуудлыг шийдсэн. Мөн нөхөн төлбөрөөс гадна дахиад тэтгэмжийн асуудал яригдаж байгаа юм. Гэтэл энэ тэтгэмжийн асуудлыг чинь бид нар дараагийн урьдчилсан нөхцөл буюу 6 сар ажиллуулахад дундаж цалин хөлсийг нь өгөөд тэтгэмж өгөх зохицуулалтыг тэнцүү байх зарчмынхаа хувьд хангаж байгаа. Энэ хүнийг бид нар 6 сар ажиллуулах боломжгүй байсан бол тэтгэмжийг өгөөд гаргах ёстой байсан. Танайх хөнгөний 6 сар ажиллуулсан. Одоо энэ ажиллуулсан тохиолдолд дахиад тэтгэмж өгөх ёстой байсан гэдэг зүйл яригдаж байгаа юм. Тэгэхээр энэ нь үндэслэлгүй гэж үзэж байгаа. Хоёрдугаарт хариуцагч хэн байх тал дээр маргаад байна. Энэ дээр тодорхой тайлбараа хэлье. Угаасаа Дээд шүүхээр яваад ирсэн маргаан. Хариуцагч манайх гэдэг нь тодорхой болсон учраас энэ дээр нэмж хэлэх тайлбар байхгүй. Өнөөдөр өмгөөлөгчийн ярьж байгаа шиг Хөдөлмөрийн тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.1.3-д зааснаар та нар заавал тухайн ажил дээр нь хүсэлт гаргах ёстой байсан гэдэг асуудал яригдаад байдаг. Гэтэл өөрөө хүсэлтээ өгөөгүй байдаг. Өөрт нь хүсэлт өгөх боломж байсан. Туслах ажилтан дээр ч юм уу, эсхүл харуул дээр ч юм уу, жолооч дээр ажиллаад явах эрх нь байсан. Гэтэл бага цалинтай ажлыг хийх сонирхолгүй учраас тэр хүсэлтээ өгч эрхээ эдлээгүй. Тийм учраас зөвшөөрөөд байгаа. Яагаад гэвэл энэ хүн чинь өөрөө 6 сард цалингаа аваад явж байгаа юм. Түүнээс өмнө нь нөхөн төлбөрөө авч байгаа. Ямар нэгэн бизнесийн байгууллага, аж ахуйн үйл ажиллагаа чинь ашгийн төлөө нэгдсэн байгууллага юм. Гэсэн хэдий ч энэ хүн ажиллуулж байгаа учраас хөдөлмөрлөх эрхийг нь хангах, хөдөлмөрийн аятай нөхцөлөөр хангах энэ бүх арга хэмжээг авч ажилладаг. ... Сард дунджаар 7,000,000 төгрөг, 5,000,000 төгрөгийн цалин авдаг хүн харуул дээр сард ажиллаад 1,200,000 төгрөгийн цалин аваад явах сонирхолгүй байдаг. Тэгэхээр Нийгмийн даатгалын сангаас тэтгэмжийн тухай хуулиараа мэргэжлээс шалтгаалах өвчний тэтгэмж чинь 50-аас 70%-ийн тэтгэмж авч байгаа. Дээр нь тухайн ажлыг хийгээд явахад боломжтой. Уг нь бага мөнгө биш байхгүй юу. Гэтэл тухайн үедээ хүсэлтээ гараагүй байж сүүлд нь та нар хүсэлтийг нь хүчээр бичүүлсэн. Бид нар ажлаасаа гарах ёсгүй байсан юм гэж ярьж байгаа нь үндэслэлгүй гэж үзэж байна. Тэгэхээр хөдөлмөрийн нөөц тогтоох процесс нь гэнэт нэг өдөр явчихдаг асуудал биш. 6 сарын өмнө явж орж байгаа юм. Дараа нь дахиад орж байгаа юм. Ингээд бүтэн жил явж байхад ийм асуудал бол үүсэж байна, дараа нь яах вэ гэдэг асуудлаа бүрэн тооцоолсон байх ёстой. Гэнэтхэн 1 дүгээр сарын 06-ны өдөр шийдвэр нь гараад ийм асуудал болоогүй. Өмнө нь 6 сар ажиллаад явж байсан. Энэ хүнийг 2022 онд ажилласан масштаб графикийг нотлох баримтаар гаргаад өгсөн. Гэтэл 2022 оны 1-ээс 6 саруудад ажилтан төлөвлөгөө гүйцэтгэл дээрээ дөнгөж 50% хүрэх хэмжээний ажилласан байдаг. Дандаа чөлөөтэй, өвчтэй гээд ажил хийгээгүй явсан. Хөнгөний 6 сард 2022 оны 6 сард гарахдаа хөнгөн тэрэгний жолооч, туслах ажилтан гэдэг байран дээр  90 гаран хувьтай ажилласан байгаа. Өөрөө үнэхээр ажлын хүсэл сонирхолтой байсан бол хүсэлтээ өгөөд явах ёстой байсан. Бид нар дундаж цалин хөлсөө тогтоох тооцоолол хийхэд хүртэл 2022 оныхоо эхний хагас жилд ажилласан байдал нь тийм хэмжээгээр гарч байсан. Тэгээд Эрүүл мэндийн магадлалын зөвлөлийн шийдвэрээр ийм ажлын байран дээр тэнцэхгүй гээд дүгнэлт гарсан байхад нь буцаагаад экскаваторын оператораар хөдөлмөрийн хүнд нөхцөл тавьж болохгүй. Экскаваторын операторыг хүнд гээд заачхаад байгаа. Манай ажлын байрны тодорхойлолт дээр хүнд гэсэн, хөдөлмөрийн гэрээнд хэвийн бус гээд оруулсан. Эрүүл мэндийн магадлалын зөвлөлийн шийдвэр гарчхаад байхад буцаагаад энэ хүнийг тэр байр дээр нь ажиллуулаад алуулж авах гээд байгаа юм уу, унагаж авах гээд байгаа юм уу асуудал яригдана. Сүүлд нь асуудалд ороод ажил олгогчийн буруу юу, иргэний буруу юу асуудал болно. Ийм үндэслэлгүй нэхэмжлэл гаргаж байгаад нь гайхаж байна. Эрүүл мэндийн магадлалын зөвлөлийн шийдвэр буруу байна. Экскаваторын оператор гэдэг байхад туслах машинист гээд оруулсан байна гэж яриад байх юм. Энэ чинь өөрөө манайх гаргасан юм биш шүү. Энэ хүмүүс чинь өөрсдөө явуулаад дүгнэлтээ гаргуулаад ирсэн. Тэр дүгнэлтийг нь манайх шийдвэрээ гаргасан. Тэр дүгнэлт нь буруу биш байна, зөрөөтэй байна гээд эрх ашиг нь хөндөгдөж байгаа хүмүүс тухайн газарт нь хандаад засуулах ч юм уу, солиулах ч юм уу асуудал яригдаад явах ёстой байсан байх. Гэтэл тэрийг одоо манайх буруу гаргасан юм шиг ******************* экскаваторын туслах операторчны эрүүл мэндийн магадлалын зөвлөлийн дүгнэлт гаргасан юм шиг мушгин гуйвуулж яриад байгаа нь ойлгомжгүй байна. Тэгэхээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь зөвшөөрөхгүй гэж үзэж байна” гэв.

 

3. Нэхэмжлэгч Б.**************оос:

-“******************” ТӨҮГ-ын харьяа *******************ийн захирал Б.**************д гаргасан “Б.**************ийн ажлаас чөлөөлүүлэх тухай” өргөдөл /1-р хх-ийн 4 хуу/

-“******************” ТӨҮГ-ын харьяа *******************ийн 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн Б/64 дугаартай “Б.**************ийн хөдөлмөрийн гэрээг цуцалж, ажлаас чөлөөлөх” тухай тушаал, тушаалын төсөл /1-р хх-ийн 5-6 хуу/

-2022 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн 44 дугаартай “Б.**************ийн хөдөлмөрийн нөхцөл сольсон” тухай акт /1-р хх-ийн 7-8 хуу/

-2023 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн 0575240 дугаартай “Б.**************ийн хөдөлмөрийн чадвар алдалтын хувь, хугацаа тогтоосон” тухай акт /хх-ийн 9 хуу/

-2023 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн 44 дугаартай “Б.**************ийн хөдөлмөрийн нөхцөл сольсон” /хугацаагүй ажилд бүрмөсөн шилжүүлсэн/ тухай акт /1-р хх-ийн 10 хуу/

-Б.**************ийн ************************-ийн хөдөлмөрийн маргаан таслах комисст гаргасан гомдол, ************************-ийн хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комиссын хуралдааны тэмдэглэл, Б.***************гийн Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын Хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талд хороонд гаргасан гомдол, Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын Засаг даргын тамгын газрын 2023 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн 336 дугаартай албан бичиг /1-р хх-ийн 11-19 хуу/

-Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт/ 1-р хх-ийн 116 хуу/,

- Б.**************ийн ХААН банкны дансны /1-р хх-ийн 117 хуу/

 

4. Хариуцагч “******************” ТӨҮГ-ын харьяа *******************ээс:

-“******************” ТӨҮГ-ын харьяа *******************ийн 2022 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн Б/1561 дугаартай тушаал /1-р хх-ийн 74/

-“******************” ТӨҮГ-ын харьяа *******************ийн 2022 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн Б/2046 дугаартай тушаал /1-р хх-ийн 75/

 -“******************” ТӨҮГ-ын харьяа *******************ийн 2022 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн Б/2832 дугаартай тушаал /1-р хх-ийн 76/

-“******************” ТӨҮГ-ын харьяа *******************ийн 2022 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн Б/2632 дугаартай тушаал /1-р хх-ийн 77/

-“******************” ТӨҮГ-ын харьяа *******************ийн 2022 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн Б/2374 дугаартай тушаал /1-р хх-ийн 76/

-“******************” ТӨҮГ-ын харьяа *******************ийн 2022 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн А/51 дугаартай “Хөдөлмөрийн дотоод журам шинэчлэн батлах тухай” тушаал /2-р хх-ийн 3 хуу/,

- “Бор-Өндөр” уулын баяжуулах үйлдвэрийн хөдөлмөрийн дотоод журам /2-р хх-ийн 4-17-р  хуу/,

-“******************” ТӨҮГ-ын харьяа *******************ийн захирлын ажлын байрны тодорхойлолт /2-р хх-ийн 18-20 хуу/,

-“******************” ТӨҮГ-ын  хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ  /2-р хх-ийн 21-р хуу/,

- Б.*************ийн хөдөлмөрийн гэрээнүүд /2-р хх-ийн 31-38-р хуу/,

- Гидро-экскаваторын машинч, хөнгөн тэрэгний жолоочийн ажлын байрны тодорхойлолтууд /2-р хх-ийн 39-42-р хуу/ ,

 

5. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлтээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Б.**************гээс гэрчийн мэдүүлэг, шүүх хуралдаанд Б.****************аас гэрчийн  мэдүүлэг авсан ба эдгээр нотлох баримтыг шүүх бүрдүүлсэн болно.

ҮНДЭСЛЭХ нь:

  1. Шүүх нэхэмжлэлийн шаардлагын бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

Нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: “...Хөдөлмөрийн тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3 дахь хэсэгт заасан ажилтны хөдөлмөрийн чадвар сэргээгдэхгүй бол ажилтантай тохиролцон уг ажилд нь, эсхүл өөр тохирох ажлын байранд шилжүүлэн ажиллуулна гэсэн заалтыг зөрчиж өөрсдийн хүсэл сонирхлыг тулгаж өргөдөл бичүүлж, түүнийгээ үндэслэн хөдөлмөрийн харилцааг цуцалсан. Иймд Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.8 дахь зааснаар *******************ийн захирлын тушаалыг хүчингүй болгож, урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны нөхөн олговор 31,050,382 төгрөг гаргуулах, нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын шимтгэл нөхөн төлүүлэх” гэж.

 

          2. Хариуцагч “******************” ТӨҮГ-ын харьяа ******************* нэхэмжлэлийг дараах үндэслэлээр үгүйсгэсэн.          

“...Хөдөлмөрийн тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3-д ажилтантай тохиролцон ажилтанг уг ажилд нь эсхүл өөр тохирох ажлын байранд нь шилжүүлэн ажиллуулна гэж заасан. Б.**************ийн хувьд хөдөлмөрийн чадвараа 40 хувь алдсан тул өмнөх ажил болох экскаваторын машинчийн ажилд ажиллуулах боломж байгаагүй, мөн өөрөө өөр ажилд шилжин ажиллах хүсэлтээ өгөлгүй ажлаас чөлөөлөгдөх хүсэлтээ өгсөн учраас өөрийнх нь хүсэлтийг үндэслэн ажлаас чөлөөлсөн нь хууль зөрчөөгүй” гэж.

 

3. Хэрэгт авагдсан нэхэмжлэгчийн “өргөдөл” гэх ажлаас чөлөөлөгдөх хүсэлт, *******************ийн захирлын 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн Б/64 дугаартай Б.**************ийн хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлах тухай тушаал, Иргэн /даатгуулагч/-ийн хөдөлмөрийн нөхцөл сольсон талаарх 44 дугаартай акт, Хөдөлмөрийн чадвар алдалтын хувь, хугацаа тогтоосон акт, нэхэмжлэгчийн хөдөлмөрийн гэрээ, ажлын байрны тодорхойлолт зэрэг нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдож байна.

 

Нэхэмжлэгч Б.************** нь “******************” ТӨҮГ-ын харьяа *******************ийн **************т цехийн уулын хэсэгт Гидро-экскаваторын машинчаар 2020 оны 10 дугаар сарын 28-ны өдрөөс хугацаагүй хөдөлмөрийн гэрээ байгуулан ажиллажээ. /2-р хх-ийн 31-34 хуу/ Ажиллах хугацаанд буюу 2022 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн Мэргэжлийн өвчний эмнэлэг хөдөлмөрийн магадлах салбар комиссын /МШӨЭХМСК/ хөдөлмөрийн нөхцөл сольсон актаар /1-р хх-ийн 7 хуу/ Б.**************ийг “Бүсэлхий-ууцны сүлжээний эмгэг” гэх оношоор 6 сарын хугацаагаар үйлдвэрлэлийн даарч хөрөхгүй, хүнд юм өргөхгүй, доргионгүй нөхцөлийн ажилд шилжүүлжээ. Энэхүү шийдвэрийн дагуу ажил олгогч нэхэмжлэгчийг тус үйлдвэрийн **************т цехийн ил уурхайн хэсгийн хөнгөн тэрэгний жолоочоор хөдөлмөрийн чадвар нь сэргээгдэх хүртэл буюу 6 сарын хугацаанд 2022 оны 06 дугаар сарын 18-ны өдрөөс ажиллуулжээ. /2-р хх-ийн 35 хуу/

Мэргэжлийн өвчний эмнэлэг хөдөлмөрийн магадлах салбар комиссын 2023 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн шийдвэрээр Б.**************ийн хөдөлмөрийн чадвар алдалтыг G54.1 /Бүсэлхий-ууцны сүлжээний эмгэг/  өвчний оношоор 40 хувиар 12 сарын хугацаагаар тогтоосон байна. /1-р хх-ийн 9 хуу/ Нэхэмжлэгч нь дээрх шийдвэрийн дагуу ажлаас чөлөөлөгдөх хүсэлтээ /1-р хх-ийн 4 хуу/ ажил олгогчид гаргаж, уг хүсэлтийг үндэслэн нэхэмжлэгчтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалж, ажлаас чөлөөлжээ.

 

4. Нэхэмжлэгч өөрийн хүсэл зоригоо илэрхийлж хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгосон эсэх нь маргааны зүйл болжээ. Хэрэгт авагдсан Мэргэжлийн өвчний эмнэлэг хөдөлмөрийн магадлах салбар комиссын хөдөлмөрийн нөхцөл сольсон акт, хөдөлмөрийн чадвар алдалтын хувь, хугацаа тогтоосон акт, ажлын байрны тодорхойлолт зэрэг нотлох баримтуудаас дүгнэхэд:

Экскаваторын машинчийн ажлын байрны хөдөлмөрийн нөхцөл нь хэвийн бус буюу хүнд нөхцөлд хамаарч байна. Мэргэжлийн өвчний эмнэлэг хөдөлмөрийн магадлах салбар комиссын үйлдсэн актуудаар нэхэмжлэгчийн хөдөлмөрийн нөхцөлийг сольж, хөдөлмөрийн хэвийн нөхцөлд ажиллуулах талаар шийдвэрийг гаргасан ба энэ талаар талууд маргаагүй. Мөн хөдөлмөрийн чадвар алдалтыг 40 хувиар тогтоосон акт нь өмнөх оноштой ижил буюу “Бүсэлхий-ууцны сүлжээний эмгэг” гэх өвчний оношоор тогтоосон байна. Энэхүү шийдвэрийн дагуу нэхэмжлэгчийг өмнөх ажлын байр болох экскаваторын машинчийн ажилд ажиллуулах боломжгүй болох нь тогтоогдож байх тул нэхэмжлэгчийн экскаваторын машинчийн ажилд эгүүлэн тогтоолгох тухай тайлбар няцаагдана.

Мөн дээрх нөхцөл байдлуудыг дүгнэн бичсэн нэхэмжлэгчийн “...миний бие **************т цехэд экскаваторын оператораар ажиллаж байгаад МШӨ /мэргэжлээс шалтгаалах өвчин/ тогтоогдож хөнгөн ажлын 6 сар дууслаа. 2022 оны 01 дүгээр сарын 05-ны өдрөөс МШӨ-ний 40% тогтоогдож ажлаас чөлөөлөгдөх хүсэлтэй байгаа тул шийдвэрлэж өгнө үү” гэх хүсэлт нь дээрх үйл баримттай тохирч байна.

Хэрэгт авагдсан нэхэмжлэгчийн ажлын байрны тодорхойлолтын 14 дүгээрт дурдсан ерөнхий болон тусгай шаардлага гэх хэсэгт “Бүрэн дунд боловсролтой, экскаваторын операторчны мэргэжлийн үнэмлэхтэй” гэж дурджээ. Өөрөөр хэлбэл нэхэмжлэгчийг ерөнхий боловсролыг бүрэн эзэмшсэн, нийгмийн харилцаанд бие даан оролцох иргэний эрх зүйн бүрэн чадамжтай бие хүн гэж ойлгоно. Иргэний хуулийн 15 дугаар зүйлийн 15.1-т Иргэний эрх зүйн бүрэн чадамж буюу иргэн өөрийн үйлдлээр өөртөө эрх олж авах, үүрэг бий болгох чадвар насанд хүрснээр буюу 18 наснаас бий болно гэж заажээ. Тэгвэл нэхэмжлэгчийн бичсэн хүсэлт нь ямар хууль зүйн үйл явдлыг үүсгэх гэж байгаа нь тодорхой түүнээс үүсэх үр дагаврыг энгийн мэдлэгийн түвшинд ухамсарлан ойлгох боломжтой байсан байна.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгчийн “Ажлаас чөлөөлөгдөх хүсэлтийг хүлээн авсан даруй буюу тухайн өдөр нь ажлаас чөлөөлөх тухай тушаал гаргасан нь тухайн хүсэлтийг нэхэмжлэгч бичээгүй нь тогтоогдож байна. Хөдөлмөрийн хуульд ажилтан ажлаас чөлөөлөгдөх хүсэлт гаргасан тохиолдолд 30 хоногийн дараа тушаал гарах ёстой байдаг. Хэрэгт мэдүүлэг өгсөн хоёр гэрч ажлаа өгье гэж бодоогүй, өргөдлөө өг гэдэг юм байна, энэ ажлын хэм хэмжээ болсон юм байлгүй дээ гэж боддог гэж хэлж байна. Үүнээс үзэхэд зүй бус нөлөөлөл нь хууль ёсны юм шиг болсон байна” гэх тайлбарын тухайд:

Хөдөлмөрийн тухай хуулийн 79 дүгээр зүйлийн 79.2-т “Ажилтан хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлах тухай ажил олгогчид бичгээр, эсхүл цахим хэлбэрээр мэдэгдсэн өдрөөс хойш 30 хоног өнгөрмөгц ажлын байраа орхих эрхтэй бөгөөд энэ тохиолдолд хөдөлмөр эрхлэлтийн харилцаа цуцлагдсанд тооцно.” гэж зааснаас бус өмгөөлөгчийн “ажил олгогч ажилтныг ажлаас чөлөөлөх тухай тушаалаа 30 хоногийн дараа гаргах ёстой” гэх утга агуулга бүхий заалт Хөдөлмөрийн тухай хуульд байхгүй юм.

Өмнөх шүүх хуралдаанд гэрчийн мэдүүлэг өгсөн Б.**************** нь өөрийн болон нэхэмжлэгчийн ажлаас хэрхэн чөлөөлөгдсөн талаар ярьсан зүйл нь энэхүү хэргийн үйл баримттай шууд холбоотой талаарх нотлох баримт авагдаагүйгээс гадна нэхэмжлэгч Б.**************ийн хэлсэн, ярьсан зүйлийг түүнээс сонссон байдлаар мэдүүлж байгаа нь дамжмал буюу хэргийн нэг тал болох нэхэмжлэгчийн хүсэл зоригтой холбоотой тул түүний мэдүүлгийг нотлох баримтаар үнэлээгүй болно.

 

            5. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3 дахь хэсэгт зааснаар тус нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөх тул нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг төрийн сангийн данснаас буцаан гаргуулж, нэхэмжлэгчид олгох нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.2.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Б.**************ийн хариуцагч “******************” ТӨҮГ-ын харьяа *******************т холбогдох “тус үйлдвэрийн захирлын 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн Б/64 дугаартай тушаалыг хүчингүй болгуулах, экскаваторын операторын ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны нөхөн олговор 31,050,382 төгрөг гаргуулах, нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын шимтгэл нөхөн төлүүлэх” тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

   2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг төрийн сангийн данснаас буцаан гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.

  3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4 дэх хэсэгт зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэйг мэдэгдсүгэй.

 4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.7 дахь хэсэгт зааснаар дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах  гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                              Р.БАТБАЯР