Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 10 сарын 03 өдөр

Дугаар 265

 

                                        МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хэргийн индекс:166/2017/0265/Э

 

          Дархан-Уул аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Батжаргал даргалж,

             Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Шүрэнчимэг,

             Улсын яллагчаар Аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Н.Идэр,

        Шүүгдэгч Б-, Ц-нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийж, Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Б, С нарт холбогдох эрүүгийн 1718000240054 дугаартай хэргийг 2017 оны 9 дүгээр сарын 08-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

              Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

 

   Монгол Улсын иргэн, Ц, улсаас авсан гавьяа шагнал, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай,

                                                                                                                                               

    Монгол Улсын иргэн, Б, улсаас авсан гавьяа шагнал, урьд ял шийтгүүлгүй, хэрэг хариуцах чадвартай,

 

   Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

 

              Шүүгдэгч Б-, Ц-нар нь согтуурсан үедээ 2017 оны 7 дугаар сарын 11-ний шөнө Дархан-Уул аймгийн Шарын гол сумын Дархан баг 15 дугаар байрны 64 тоотод харилцан зодолдож нэг нэгнийхээ эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

          Шүүх хуралдаанаар яллах, цагаатгах болон бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ТОДОРХОЙЛОХ нь:

 

  Шүүгдэгч Б-, Ц-нар нь согтуугаар 2017 оны 7 дугаар сарын 11-ны шөнө 23:45 цагийн үед Дархан-Уул аймгийн Шарын гол сумын Дархан багийн 15-р байрны 64 тоотод харилцан зодолдож шүүгдэгч Ц-нь хохирогч Б-гийн биед зүүн бугалга, цээжний зүүн өмнө хэсгийн шархнууд бүхий хөнгөн хохирол, шүүгдэгч Б- нь хохирогч Ц-биед зүүн хацар, зүүн нүдний зовхины шарх бүхий хөнгөн хохирол тус тус учруулсан болох нь

 

  Шүүгдэгч Ц-мөрдөн байцаалт болон шүүх хуралдаанд өгсөн:

 

  ...Би 2017 оны 7 дугаар сарын 11-ний орой 21:40 цагийн орчим гэрээсээ ганцаараа гараад Дархан баг 15-р байрны орчимд айл руу явж байхад танил дүү Болормаа над руу өөрийн 99217809 гэсэн дугаараас дохьсон. Би эргүүлээд залгахад миний урдаас байрныхаа гадна Болормаа гараад ирсэн. Бид хоёр ярьж зогсож байгаад би Болормаад Болдбаатар надад нэг шил архи авч өгөх ёстой хүн байгаа юм гэж хэлсэн. Би Болдбаатар луу залгаад байрныхан доор байна гэхэд Болдбаатар тагтан дээрээсээ мөнгө хавчаараар хавчаад шидсэн. Би мөнгийг нь аваад дэлгүүр орж нэг шил архи аваад ирэхэд Болормаа Болдбаатарын орцны үүдэн дээр зогсож байсан. Бид хоёр 15-р байрны 64 тоотод Болдбаатарын гэрт хамт орсон. Бид хоёр том өрөөнд нь сууж байхад Болдбаатар бид хоёрт ундаа хийж өгөөд хамт нэг шил архиа ууж дуусгасан. Бид хоёрыг Болдбаатарын гэрт ороход Болдбаатар халамцуу байсан. Тэгтэл Болдбаатар дэлгүүр хаах гэж байна гээд 20 000 төгрөг гаргаж ирээд нэг шил архи ууна гэсэн. Тэгэхэд Болормаа та хоёр нэлээд согтуу байна гэж хэлээд Болдбаатараас мөнгийг нь авч дэлгүүр ороод нэг шил цагаан архи авчирсан. ...Би Болдбаатарын гар утсаар охинтойгоо утсаар ярьж байсан. Тэгэхэд Болдбаатар миний утсаар ярьж байгаа гээд утас аваад охинтой ярьсан. Миний уур хүрээд би охинтойгоо утсаар ярьж байхад дундуур орж ирээд яриад байх юм гээд Болдбаатарыг загнасан. Би утсаа эргүүлж аваад охинтойгоо ярьж байгаад нэг харахад Болдбаатар, Болормаа нар байхгүй байсан. Би ганцаараа том өрөөнд архинаас дахин нэг татчихаад сууж байхад жижиг өрөөнөөс Болормаа, Болдбаатар нар гарч ирээд миний хажууд том өрөөнд байсан буйдан дээр суусан. Тэр хоёр гартаа зургийн цомог барчихсан гарч ирээд үзээд байсан. Миний охин дахин залгаад би Болдбаатарын утсаар буйдан дээр суугаад утсаар ярьж байхад Болдбаатар миний өмнө суугаад та ямар их утсаар ярьдаг юм одоо боль гээд байсан. Би охинтойгоо ярьж байхад дундуур байнга орж ирээд байх юм гэж Болдбаатарт уурлаад гараараа түлхээд газарт унагаасан. Тэгэхэд хажуу талаас Болормаа айлд ирчээд гэрийн эзнийг нь зодлоо гээд уурлаад хүнийг янз бүрийн үгээр хэлээд байсан. Би Болормаад чамд ямар хамаатай юм гээд маргалдаж байгаад Болормааг буйдан дээр сууж байхад нь гараараа нэг удаа цохиод авсан. Тэгэхэд Болормаа намайг хөлөөрөө жийгээд газарт унгаасан. Би газраас босоод ирэхэд стакан хагарсан байсан. Би стаканы хагархай аваад Болормаагийн зүүн гарыг зүссэн. Тэгэхэд Болормаагийн зүүн гарнаас цус гараад эхэлсэн. Болормаа Болдбаатарын гар утсыг аваад охин Солонгоог дуудсан. Удаагүй байхад Болормаагийн охин Солонго ирээд эмнэлэг, цагдаа дуудсан. Тэгээд Цагдаагийн алба хаагчид ирээд бид хоёрыг эмнэлэг рүү аваад явсан. Эмнэлэг дээр Болормаагийн зүүн гарт оёдол тавиулсан. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна гэх мэдүүлэг,

 

             Шүүгдэгч Б-гийн мөрдөн байцаалт болон шүүх хуралдаанд өгсөн:

 

 ...Би 2017 оны 7 дугаар сарын 11-ний орой 21:40 цагийн орчим гэртээ ганцаараа байхад Цогдэлгэр ах өөрийн 99787604 гэсэн дугаараас залгаад гэрийнхээ гадна гараад ир би гэрийн чинь гадна байна гэж хэлсэн. Би гэрээсээ гараад Цогдэлгэр ахтай уулзахад Цогдэлгэр ах халамцуу архи уусан байсан. Тэгээд Цогдэлгэр ах Болдбаатар луу залгаад надад нэг шил архи авч өгөх ёстой хүн байгаа юм гэж хэлсэн. Тэгээд утсаар ярихад Болдбаатар тагтан дээрээсээ мөнгө хавчаараар хавчаад шидсэн. Тэгээд Цогдэлгэр ах мөнгийг нь аваад 3-р орцны дэлгүүр явж нэг шил архи авч ирсэн. Би орцны хажууд хүлээж сууж байгаад 64 тоотод Болдбаатарын гэрт хамт орсон. Бид хоёр том өрөөнд нь сууж байхад Болдбаатар бид хоёрт ундаа хийж өгөөд хамт нэг шил архиа ууж дуусгасан. Бид хоёрыг Болдбаатарын гэрт ороход Болдбаатар халамцуу байсан. Тэгээд сууж байхад дэлгүүр хаах гэж байна гээд Болдбаатар 20 000 төгрөг гаргаж ирээд нэг шил архи ууна гэсэн. Би мөнгийг нь авч дэлгүүр ороод нэг шил цагаан архи авч ирсэн. Тэгээд ороход Цогдэлгэр ах архиа аваад задлаад өөрөө нэг ууж байхад гар утас нь дуугарсан. Тэгэхэд Цогдэлгэр ах бид хоёрыг чимээгүй байж бай охин Ариунтуяа залгаж байна гээд утсаараа охинтойгоо ярьж байхад утасны цэнэг нь дуусаад унтарчихсан. Цогдэлгэр ах Болдбаатарын гар утсаар охинтойгоо дахиад ярьсан. Тэгээд Цогдэлгэр ахын хажууд Болдбаатар ах очоод Ариунтуяаг сайн уу миний дүү гээд байсан. Тэгэхэд Цогдэлгэр ах цаашаа бай гээд уурлаад Болдбаатарыг түлхээд байсан. Би Болдбаатарыг наашаа бай хүүхэдтэйгээ утсаар ярьж байхад гэж хэлээд дуудсан. Над руу Болдбаатар ойртож ирээд миний ажлын өрөөнд орж үзэх үү гэж хэлээд намайг дагуулаад жижиг өрөөнд орсон. Надад Болдбаатар ажлын өрөөний Сүхбаатарын баримал хөшөө, удам дамжсан аавын минь сампин гээд хэлж байсан. Тэгээд өрөөнөөс Болдбаатар бид хоёр 4 ширхэг зургийн цомгийг хоёр хоёроор нь бариад том өрөөнд орсон. Бид хоёр буйдан дээр зураг үзээд сууж байхад миний зүүн талд Цогдэлгэр ах утсаар яриад сууж байсан. Харин баруун гар талд Болдбаатар зураг танилцуулж байгаад Цогдэлгэр ахыг та ямар их утсаар ярьдаг юм одоо боль гэж хэлээд урд нь өвдөг дээр нь тохойлдоод суусан. Тэгэхэд Цогдэлгэр ах утсаа салгаад Болдбаатарыг пизданууд гээд гараараа цохиод газарт унагаагаад өшиглөөд авсан. Би Цогдэлгэр ахад та айлын гэрт орж ирчээд эзнийг нь зодоод байхдаа яадаг юм гэхэд намайг Цогдэлгэр ах баруун шанаа руу гараараа цохиод авсан. Би Цогдэлгэр ахын өөдөөс та өөрийн сууж байсан эхнэрээ ингэж зоддог байсан чинь үнэн юм байна гээд нэлээд хэдэн үг хэлсэн. Тэгэхэд чамд ямар хамаатай юм гээд толгой руу хоёр гараараа цохиод байсан. Би буйдан дээр гэдрэг хэвтэж байгаад Цогдэлгэр ахыг цохиод болохгүй байхаар нь хөлөөрөө жийгээд унагаасан. Тэгээд Цогдэлгэр ах газарт унаад босож ирэхдээ гартаа хагархай стакан бариад над руу хүрч ирээд цээж рүү шилээрээ цохиод авсан. Бид хоёр түлхэлцээд ноцолдож байхад миний хөл доор стаканы хагархай гишгэгдсэн. Би нөгөө хагархайг аваад Цогдэлгэр ахыг цохиод зүүн нүднийх нь хажууд бага зэрэг эсгэсэн. Намайг Цогдэлгэр ах түлхэж унагаагаад гартаа барьсан хагархай шилээр цохьсон. Би айгаад зүүн гараараа нүүрээ хаахад шилээрээ миний зүүн гарын булчингийн дотор талд том эсгээд халуу дүүгээд цус гараад ирсэн. Би Болдбаатар луу гар утсаа аваад ир гэж хэлээд утсыг нь аваад охин Солонго руу залгаад би цус алдаад байна эмнэлэг, цагдаа дууд гэж хэлсэн. Би хийсэн хэрэгтээ гэмшиж байна гэх мэдүүлэг,

           

            Мөрдөн байцаалт болон шүүх хуралдаанд Ц-хохирогчоор өгсөн:

           

     Болормаа газраас стаканы хагархай аваад над руу дайрч байгаад миний зүүн нүдний орчимд зүссэн. Миний зүүн нүдний зовхины дээд хэсгээс мөн Болормаагийн зүүн гарнаас цус гараад эхэлсэн. Надад гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэх мэдүүлэг,

 

            Мөрдөн байцаалт болон шүүх хуралдаанд Б-гийн хохирогчоор өгсөн:

           

     ...чамд ямар хамаатай юм гээд толгой руу хоёр гараараа цохиод байсан. Би буйдан дээр гэдрэг хэвтэж байгаад Цогдэлгэр ахыг цохиод болохгүй байхаар нь хөлөөрөө жийгээд унагаасан. Тэгээд Цогдэлгэр ах газарт унаад босож ирэхдээ гартаа хагархай стакан бариад над руу хүрч ирээд цээж рүү шилээрээ цохиод авсан ...түлхэж унагаагаад гартаа барьсан хагархай шилээр цохьсон. Би айгаад зүүн гараараа нүүрээ хаахад шилээрээ миний зүүн гарын булчингийн дотор талд эсгэчихсэн тэгээд халуу дүүгээд цус гараад ирсэн. Тэгээд би Болдбаатарын утсаар эмнэлэг, цагдаа дуудсан. Одоо миний гарын булчин эдгэрсэн, надад гомдол, санал, нэхэмжлэх зүйлгүй гэх мэдүүлэг,

 

            Гэрч Д.Болдбаатарын мөрдөн байцаалтад өгсөн:

 

...тэр асуудал маш хурдан болсон. Миний хажууд тэр хоёр түжигнээд зодолдоод эхэлсэн. Тэгээд харахад Болормаагийн зүүн гарын булчингийн дотор тал нэлээд гүнзгий зүсэгдээд их цус гарч байсан. Тэгэхэд Болормаа над руу утсаа аваад ир цагдаа, эмнэлэг дуудна гэж хэлээд охин руугаа миний утсаар яриад хэлсэн. Тэгэхэд Цогдэлгэр ах айсан янзтай зогсож байгаад гартаа барьсан стаканы хагархайг хаясан. Тэгээд Болормаа өөрийн цамцаар гараа дарж байхад цагдаа ирээд юу болсон талаар асуугаад зогсож байхад эмнэлэг ирээд Болормаа, Цогдэлгэр нарыг аваад явсан. Би гэртээ үлдсэн. Цагдаагийн алба хаагчид битгий хөдөлгөөрэй гэж хэлээд үзлэг хийгээд гарсан гэх мэдүүлэг /хх 25/,

 

Гэрч Б.Солонгийн мөрдөн байцаалтад өгсөн:

 

...Би 2017 оны 7 сарын 11-ний орой 23 цагийн орчим найз Ариунчимэгтэй хамт Дархан-Уул аймаг руу явдаг зогсоолын хажуугийн сааданд юм яриад сууж байхад ээж танихгүй дугаараас залгаад 15-р байрны 64 тоотод Цогдэлгэр архи ууж байгаад миний зүүн гарыг шилээр ярчихлаа гэж хэлсэн. Намайг яваад ороход ээж том өрөөнд зүүн гараа баруун гараараа барьчихсан цус шүүрээд зогсож байсан. Харин хажуу талд нь Цогдэлгэр ах зогсож байсан. Тэр хоёртой хамт гэрийн эзэн Болдбаатар гээд шар царайтай ах нэлээд согтуу байсан. Би Шарын гол сумын цагдаа, эмнэлэг дуудах дугаарыг мэдэхгүй байсан болохоор нөхөр Баярбат руу залгаад ээжийн гар нэлээд гэмтсэн талаар хэлээд эмнэлэг, цагдаа дуудах талаар хэлсэн. Тэгээд удаагүй байхад цагдаа нар түрүүлж ирээд юу болсон талаар асуугаад зогсож байхад эмнэлгийн машин ирээд ээж, Цогдэлгэр нарыг аваад явсан гэх мэдүүлэг /хх 27/,

 

Дархан-Уул аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2017 оны 7 дугаар сарын 18-ны өдрийн 736 дугаартай дүгнэлт:

 

1.Б-гийн биед зүүн бугалга, цээжний зүүн өмнө хэсгийн шархнууд тогтоогдлоо.

2.Дээрх гэмтэл нь хурц ир үзүүртэй багажийн хүчин үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой.

3.Уг гэмтэл нь ГЗТЖ-ын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах хөнгөн зэргийн гэмтэл болно.

4.Б-д учирсан гэмтэл нь цаашдын эрүүл мэнд, хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй гэжээ /хх 31/,

 

Дархан-Уул аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2017 оны 7 дугаар сарын 18-ны өдрийн 736 дугаартай дүгнэлт:

 

1.Ц-биед зүүн хацар, зүүн нүдний зовхины шарх гэмтэл тогтоогдлоо.

2.Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр тухайн цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой.

3.Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаанд тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4.Цаашид эрүүл мэнд, ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй гэжээ /хх 38/,

 

Хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх 12-17/ зэрэг хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул шүүгдэгч нарын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тоооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж үзлээ.

 

Шүүгдэгч нарт ял шийтгэл оногдуулахдаа тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг нөхөн төлсөн зэргийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, шүүгдэгч нарын хувийн байдлыг харгалзан шүүгдэгч С.Цогдэлгэрийг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, шүүгдэгч Б-г 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар тус тус шийтгэх нь зүйтэй гэж үзлээ.

 

 Шүүгдэгч С.Цогдэлгэр, Б- нар нь урьд ял шийтгэлгүй болох нь хавтаст хэргийн 53, 91-р хуудсанд авагдсан ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудсаар тогтоогдож байна.

 

             Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн шилэн аяганы хагархайнуудыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөгдөр болмогц устгах, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоног, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны улмаас тооцон гарах зардалгүй болохыг дурдав. 

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2-т тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Шүүгдэгч Эрхий мэргэн Бандийн Болормаа, Боржигон Сосорын Цогдэлгэр нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч С.Цогдэлгэрийг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450 000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар, шүүгдэгч Б-г 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар тус тус шийтгэсүгэй.

 

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-т зааснаар шүүгдэгч С.Цогдэлгэрт оногдуулсан 450 000 төгрөгөөр торгох ялыг 1 жилийн хугацаанд төлөхөөр тогтоосугай.

 

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2-т зааснаар шүүгдэгч Б-д оногдуулсан 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт 4 цагаас дээшгүй хугацаагаар тогтоосугай.

 

5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5, 5.4 дүгээр зүйлийн 4-т зааснаар шүүгдэгч Ц-нь 450 000 төгрөгөөр торгох ялыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих, шүүгдэгч Б- нь 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг тус тус дурдсугай.

 

6.Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн шилний хагархайнуудыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц устгасугай.

 

7.Хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоног, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны улмаас тооцон гаргах зардалгүй болохыг дурдсугай.

 

8.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг өөрөө гардан авсанаас хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

9.Шийтгэх тогтоолд гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б-, Ц-нарт урьд авсан хувийн баталгаа гаргах  таслан сэргийлэх арга хэмжээ хэвээр үргэлжлүүлсүгэй. 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   Т.БАТЖАРГАЛ