| Шүүх | Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Рэнцэнноровын Батбаяр |
| Хэргийн индекс | 157/2024/00145/И |
| Дугаар | 157/ШШ2024/00155 |
| Огноо | 2024-08-16 |
| Маргааны төрөл | Хөлсөөр ажиллах, |
Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхийн Шүүгчийн захирамж
2024 оны 08 сарын 16 өдөр
Дугаар 157/ШШ2024/00155
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь Сум дундын шүүхийн шүүгч Р.Батбаяр би нэхэмжлэгч О.*****************ийн нэхэмжлэлтэй хариуцагч Э.**************, Э.************ нарт холбогдох “хөлсөөр ажиллах гэрээний үүргийн биелэлт 39,285,701 төгрөг гаргуулах тухай” нэхэмжлэлийг 2024 оны 07 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч, 2024 оны 07 дугаар сарын 29-ний өдөр иргэний хэрэг үүсгэж, хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Улаанбаатар хот .............. дүүргийн ...... дугаар хороо, ...... хорооллын ..... тоотод оршин суух Х овогт О-ын *****************э нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Миний бие *********** БНА улсын дугаартай, HOVA.ZZ5607-VDNB36400 маркийн хүнд даацийн өөрөө буулгагч ачааны машин, ********* УНО улсын дугаартай, Sinotruck ZZ3315-N3065C маркийн хүнд даацийн өөрөө буулгагч ачааны машинуудаар уул уурхайн компанид хөлсөөр ажилладаг.
2023 оны 09 дүгээр сард Хэнтий аймгийн Бор өндөр суманд жоншны уурхайд ажил хийх хүнд даацын машин авна гэсэн сошиал хаягаар зар хараад, Э.**************, Э.************ гэх хүмүүстэй холбогдсон. Бид ярилцаад *********** БНА улсын дугаартай ачааны машин, ********* УНО улсын дугаартай ачааны машинаар тус тус жоншны уурхайд хөрс жонш тээвэрлэх ажил хийхээр тохиролцсон. Ингэхдээ нийт нэг сарын 30 хоногоор тооцож, үүнээс 2 хоногийг засварын өдөр /хөлс олгохгүй/, үлдэх 28 хоногийг /1 хоног * 785,714 төгрөг/ нэг машиний хөлсийг 22,000,000 төгрөгөөр үнэлж ажиллахаар болсон.
Ингээд 2023 оны 9 дүгээр сарын 22-ны өдрөөс 2023 оны 12 дугаар сарын 06-ны өдөр хүртэл миний эзэмшлийн ***********БНА улсын дугаартай ачааны машин, *********УНО улсын дугаартай ачааны машинууд тус тус ажилласан.
Бид тохиролцсоны дагуу 9, 10 дугаар сард 45 хоногийн ажилласан хөлс 36,000,000 төгрөгийг төлсөн. Гэтэл 2023 оны 12 сарын 04-ний өдөр тухайн уурхайн эксковаторын жолооч осол гаргаж миний ********* УНО улсын дугаартай ачааны машиныг том хэмжээгээр гэмтээж эвдсэн. Үүнээс үүдэж ажил зогсоох шийдвэр уурхайн зүгээс гаргаж манай ажлыг бүрэн зогсоосон.
Үүгээр зогсохгүй 2023 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийг хүртэлх ажиллуулсан хөлсөө талууд тооцоо нийлж 20,000,000 төгрөгийн төлбөрийн үлдэгдэл байгааг хүлээн зөвшөөрсөн мөртлөө өнөөдрийг хүртэл өгөхгүй байгаад гомдолтой байна. Миний хувьд энэ уурхайдаа ажиллах сонирхолтой байсан учраас төлбөрийг байн байн шамдуулан нэхэхийг хүсээгүй, нэгэнт л нэг салбарт ажиллаж байгаа юм чинь төлбөрийг хугацаанаас хоцруулах зүйл байхыг үгүйсгээгүй. Тэгээд би төлбөрөө бүрэн аваагүй ч 2023 оны 12 дугаар сарын 06-ны өдөр хүртэл ажилласан.
Иймд Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1-т "хөлсөөр ажиллах гэрээгээр ажиллагч нь тохиролцсон ажил, үйлчилгээг гүйцэтгэх, ажиллуулагч хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ" гэж заасны дагуу нийт ажилласан 36 хоногийн төлбөр /25*2*785,714 төгрөг/ нийт 39,285,701 төгрөгийг хариуцагч Э.**************, Э.************ нараас гаргуулж өгнө үү” гэжээ.
Хариуцагч Улаанбаатар хот ........ дүүрэг, ... хороо, . дугаар байр 130 тоотод оршин суух, ********** регистрийн дугаартай Б овогт Э-ийн ************** шүүхэд гаргасан тайлбартаа: “Миний бие **************ийн ************** нь О.*****************этэй холбоотой нэхэмжлэлтэй танилцлаа. Түүний нэхэмжилж буй 39,285,701 төгрөгийг 2023 оны 12 дугаар сарын 06-ны өдрөөр тасалбар болгож дуусахад үлдэгдэл төлбөр мөн болохыг хүлээн зөвшөөрч байна. Иймд 39,285,701 төгрөгийн төлбөрийг төлөхийг зөвшөөрч байна.” гэжээ.
Хариуцагч Улаанбаатар хот ............ дүүрэг, ... хороо, Э......... тоотод оршин суух, ***************** регистрийн дугаартай Б овогт **************ийн ************ шүүхэд гаргасан тайлбартаа: “************** овогтой ************ миний бие нь О.*****************э гэх хүнтэй Дамп машиныг түрээслэж ажиллуулж байсан нь үнэн болно. Тухайн үеийн цалин хөлсний асуудал үлдэгдэл болох 39,285,701 төгрөгийг нэхэмжлэлийн дагуу хүлээн зөвшөөрч байна.” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч О.*****************э нь хариуцагч Э.************, Э.************** нарт холбогдуулан хөлсөөр ажиллах гэрээний үүргийн биелэлт 39,285,701 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан байна.
Хариуцагч Э.************, Э.************** нар нь 39,285,701 төгрөгийг нэхэмжлэгч О.*****************эд төлөх үүрэгтэй болох нь нэхэмжлэл, хариуцагч нарын бичгээр гаргасан тайлбар зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч нар нь нэхэмжлэлийн бүх шаардлага болох 39,285,701 төгрөгийг төлөхийг зөвшөөрч, маргаагүй болно.
Иймд хариуцагч нар нь нэхэмжлэлийн бүх шаардлага болох 39,285,701 (гучин есөн сая хоёр зуун наян таван мянга долоон зуун нэг) төгрөгийг төлөхийг зөвшөөрч, бичгээр хариу тайлбараа ирүүлсэн байгаа нь Иргэний хуульд нийцсэн, бусдын хуулиар хамгаалагдсан эрх, ашиг сонирхолд харшлахгүй байх тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэсэн тохиолдолд улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг тал хувиар бууруулж тогтоох ба түүнийг энэ хуульд заасан журмын дагуу гаргуулна гэж заажээ.
Нэхэмжлэгч О.*****************ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 354,378.51 төгрөгөөс тавин хувь 177,189.2 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээж улсын орлого болгож, төрийн сангийн данснаас улсын тэмдэгтийн хураамж 177,189.2 төгрөг, хариуцагч Э.************, Э.************** нараас улсын тэмдэгтийн хураамж 177,189.2 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч О.*****************эд олгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч О.*****************ийн нэхэмжилсэн 39,285,701 (гучин есөн сая хоёр зуун наян таван мянга долоон зуун нэг) төгрөгийг хариуцагч Э.**************, Э.************ нар нь төлж барагдуулахаар хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 354,378.51 төгрөгөөс тавин хувь 177,189.2 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээж улсын орлого болгож, төрийн сангийн данснаас улсын тэмдэгтийн хураамж 177,189.2 төгрөг, хариуцагч Э.************, Э.************** нараас улсын тэмдэгтийн хураамж 177,189.2 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч О.*****************эд олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү шүүгчийн захирамжийг хариуцагч Э.************, Э.************** нар нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар энэхүү шүүгчийн захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Р.БАТБАЯР