Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 11 сарын 27 өдөр

Дугаар 2018/ДШМ/070

 

                                    Г.*******эд холбогдох эрүүгийн хэргийн тухай

 

Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн Ерөнхий шүүгч М.Мөнхдаваа даргалж, шүүгч Н.Энхмаа, Т.Даваасүрэн нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

Прокурор *******

Цагаатгагдсан этгээдийн өмгөөлөгч *******

Нарийн бичгийн дарга Ж.Чимэддорж нарыг оролцуулан;

Баянхонгор аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Гэрэлмаа даргалж шийдвэрлэсэн шүүх хуралдааны 2018 оны 8 дугаар сарын 10-ны өдрийн 2018/ШЦТ/204 дүгээр цагаатгах тогтоолыг эс зөвшөөрч Баянхонгор аймгийн Прокурорын газрын ерөнхий прокурор *******ийн бичсэн 2018 оны 9 дүгээр сарын 11-ний өдрийн 22 дугаар эсэргүүцлээр Г.*******эд холбогдох эрүүгийн 1714001440043 дугаартай хэргийг 2018 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр хүлээн авч, Ерөнхий шүүгч М.Мөнхдаваагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, ******* овогт *******гийн *******, ...... оршин суудаг, улсаас авсан гавьяа шагналгүй, 2003 оны 4 дүгээр сарын 14-нд Эрүүгийн хуулийн тусгай 246 дугаар зүйлийн 246.1 дэх хэсэгт зааснаар 3 сар баривчлах ялаар шийтгүүлж байсан, регистрийн дугаар /*******/

Улсын бүртгэлийн 311002039, регистрийн 3123707 дугаартай, Мэргэжлийн байгууллагын 0170451 дугаар гэрчилгээтэй, Баянхонгор аймгийн Баянхонгор сумын Номгон .................. тоотод байрлах “*******” ХХК нь тусгай зөвшөөрөлгүйгээр Баянхонгор аймгийн Заг сумын 2 дугаар багийн нутаг “Түүхий хөндий” гэх газарт ашигт малтмал олборлох үйл ажиллагаа явуулсан,

мөн “*******” ХХК-ийн захирал Г.******* нь тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмал олборлох гэмт хэргийг “*******” ХХК-ийн нэрийн өмнөөс, хуулийн этгээдийн ашиг сонирхолын төлөө үйлдсэн гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/                     Баянхонгор аймгийн прокурорын газраас Г.******* болон “*******” ХХК-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар тус тус яллах дүгнэлт үйлдэн хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлжээ.

Анхан шатны шүүх: Шүүгдэгч “*******” ХХК, уг компанийн захирал Г.*******эд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгон, цагаатгаж, Баянхонгор аймгийн Прокурорын газрын 2018 оны 5 дугаар сарын 01-ний өдрийн 45а, 45б дугаар эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай прокурорын тогтоолуудыг тус тус хүчингүй болгож, эрүүгийн 1714001440043 дугаартай хэргийг Баянхонгор аймгийн Прокурорын газарт буцааж, шүүгдэгч “*******” ХХК, уг компанийн захирал Г.*******эд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож, хэрэгт битүүмжлэгдсэн “*******” ХХК-ийн эзэмшлийн экскэватор трактор 1 ширхэг, Dell маркийн суурин компьютер 1 ширхэг, дизель мотор 2 ширхэг зэргийг “*******” ХХК-ийн эзэмшилд буцаан олгож, эд хөрөнгө битүүмжилсэн прокурорын тогтоолыг хүчингүй болгож, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан Байгаль орчны мэргэжлийн байгууллагын 0170451 дугаартай гэрчилгээ, “*******” ХХК журнал гэсэн бичигтэй дэвтэр, simple design index note гэсэн бичигтэй дэвтэр зэргийг шүүгдэгч Г.*******эд тус тус буцаан олгож шийдвэрлэжээ.

Баянхонгор аймгийн Прокурорын газрын ерөнхий прокурор ******* 2018 оны 9 дүгээр сарын 11-ний өдрийн 22 дугаар эсэргүүцэлдээ: Анхан шатны шүүх хэргийг 2018 оны 8 дугаар сарын 10-ны өдөр хянан хэлэлцээд, нөхөн сэргээлтийн гэрээнд зааснаас илүү гарч ухах аман тохироог “*******” ХХК-ийн уурхайн дарга *******, Заг сумын удирдлагатай тохирсоны үндсэн дээр илүү гаргаж газар ухах үүргийг холбогдох ажилтнуудад өгсөн болох нь тогтоогдож байхад “*******” ХХК, захирал Г.*******эд холбогдуулан яллах дүгнэлт үйлдсэн нь буруу болжээ гэж дүгнэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 2, 34.19 дүгээр зүйлийн 1.1-т заасныг удирдлага болгон хэргийг хэрэгсэхгүй болгож, ******* ХХК, болон Г.*******ийг цагаатгасан нь үндэслэлгүй бөгөөд хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу авагдсан дараах нотлох баримтуудаар үгүйсгэгдэж байна. Үүнд:

1. Иргэний нэхэмжлэгч Б.Наранбаатарын “...******* ХХК-иар нөхөн сэргээлт явуулхаар гэрээ байгуулсан газраас илүү гарч ухсан газарт биологийн нөхөн сэргээлт хийлгэх хүсэлтэй байна...” гэх мэдүүлэг,

2. Гэрч Д.Ихбаярын “...Гэрээнд тусгалгүйгээр амаар зөвшөөрөл өгч болохгүй, хэрэв "гэрээнд заагаагүй эвдэгдсэн газарт нөхөн сэргээлт явуулах шаардлагатай гэвэл аж ахуй нэгж нь хүсэлтээ өгөөд нөхөн сэргээлтийн сонгон шалгаруулах комисс хуралдаж шийдвэрлээд гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулж шийдвэрлэх боломжтой..., ...2017 оны 8 дугаар сарын 02-ны өдрөөс хойш дахиж ямар нэгэн гэрээ байгуулаагүй, гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулаагүй...” гэх мэдүүлэг,

3. Гэрч ын “...*******” ХХК нь нөхөн сэргээлт явуулах газраас илүү гарч газар ухсан байгаа, уг компаний нөхөн сэргээлт явуулж байгаа газар дээр нь 2017 оны 8 дугаар сарын 07-ны өдөр очиж үзэхэд ******* ХХК нь уулын хажуу бэлээр сүүлд нь шонгийн мод суулгасан байгаа газарт газар ухахаар төлөвлөсөн гэж байсан бөгөөд яагаад энэ газрыг ухах гэж байгаа юм бэ гэхэд уг компанийн ажилтан ******* гэх залуу, Г.******* хоёр нь манай компанид аймгаас энэ газрын цэг солбицлыг тавьж өгсөн юм, ухах ёстой л гэж хэлсэн. Бид нарыг очиход тэр дөрвөлжин хэлбэртэй ухагдсан нүхийг ухаагүй байсан ба харин одоо тэр шон хатгасан байгаа газрыг ухахаар төлөвлөсөн байсан. Тэр 2 газрыг ухах талаар сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлаас ямар ч бичиг гараагүй..., ...******* ХХК-д шинээр ажиллах газар зааж өгөх талаар Заг сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурал гишүүдээрээ, эсвэл тэргүүлэгчдээрээ хэлэлцэж шийдвэрлэсэн зүйл байхгүй, яагаад гэхээр би өөрөө эсэргүүцэж байсан учраас хурал хийж хэлэлцэх шаардлага байгаагүй..., ...******* ХХК-ийг шинэ газарт ажиллуулах талаар ямар нэгэн шийдвэр өгөөгүй, хэрэв зөвшөөрөл өгөхөөр байсан бол Иргэдийн төлөөлөгчдийн хурлаараа хэлэлцэж шийдвэрлэх ёстой, амаар ямар нэгэн зөвшөөрөл өгнө гэсэн юм байхгүй. Би тэгж ерөөсөө зөвшөөрөл өгөөгүй. ******* ХХК-иас ч гэсэн манайд бичгээр ямар нэгэн хүсэлт ирээгүй, амаар л ярьж байсан. ******* ХХК-иас ухах газраа үзүүлж, цэг солбицлыг нь хэмжүүлэхээр амаар хүсэлт тавьсны дагуу сумын Байгаль орчны улсын байцаагч, газрын даамал нар тэр газар дээр нь очиж цэг солбицлыг нь тэмдэглэж авсан байгаа. Яг газрыг нь хүлээлгэж өгөөгүй...” гэх мэдүүлэг,

4. Гэрч ын “...Би 2017 оны 6 дугаар сараас эхлэн одоог хүртэл Баянхонгор аймгийн Заг сумын Байгаль орчны хяналтын улсын байцаагчаар ажиллаж байгаа юм..., ...тэгээд энэ хурлын дараа нь Сумын Засаг дарга, Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга нар нь 2 дугаар багийн Засаг дарга, Байгаль хамгаалагч бид нарыг явж очоод тэр ажиллах гээд байгаа газрыг нь үзчихээд ир гэхээр нь бид нар тухайн газарт нь очиж хэмжиж үзсэн. Тэр үед бид нар очоод газрынх нь цэг солбицлыг нь тодорхойлоод сумандаа очоод цэг солбицлыг нь программд хийж үзэхэд 4 га газар болж байсан. Бид нар тухайн үедээ ямар нэгэн тэмдэглэл үйлдээгүй, зүгээр ажиллахыг хүссэн газрынх нь захын цэг солбицлыг нь аваад л ирсэн юм. Тэр үедээ гэрэл зураг авсан байгаа. Тэр үед очихдоо ажилах газрынх нь цэг солбицлыг нь уг компанид хүлээлгэж өгөөгүй, зүгээр л газрыг нь очиж үзээд ир гэхээр нь л очиж үзсэн юм. Тэгээд тэр газрын цэг солбицлыг нь Засаг дарга, Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга хоёрт танилцуулсан юм. Бид нар сүүлд нь очиход дөрвөлжин хэлбэртэй ухсан байгаа газрын цэг солбилцлыг тодорхойлж үзсэн юм. Тэр газар нь урьд нь МАК компаний ашиглаж байсан газар бөгөөд ямар ч нүх байгаагүй, тэгшхэн газар байсан. “*******” ХХК-д нөхөн сэргээлт явуулах газраас илүү гарсан газарт газар ухахыг зөвшөөрөөгүй...” гэх мэдүүлэг,

5. Гэрч гийн “...4.4 га газарт нь “*******” ХХК-ийг ажилуулахаар аман байдлаар бид нар ярилцаж тохирсон. Тухайн өдөр нь 5 дахь өдөр байсан бөгөөд бид нар хагас бүтэн сайнд гэрээ байгуулах боломжгүй, нэг дэх өдрөөс гэрээ байгуулъя гэж ярилцсан. Тэгээд нэг дэх өдөр нь гэрээ байгуулаагүй байхад шалгалт ирэхэд “*******” ХХК нь гэрээ байгуулаагүй байхад газраа ухсан, захирал Г.******* нь шинэ газар заалгаж ажиллах талаар утсаар хэлсэн, харин уг уурхайн ажилтан ******* гэх залуу нь өөрөө ирж уулзсан, ямар нэгэн бичгээр хандсан зүйл байхгүй, манайхаас ч гэсэн ямар нэгэн бичгээр хариу өгөөгүй, тэр үедээ гэрээ байгуулаагүй байсан. Тэр 2 газрыг ухах талаар сумын удирдлагаас ямар ч бичиг баримт үйлдээгүй, шинээр гэрээ байгуулаагүй, урьдын гэрээнд нь ч нэмэлт өөрчлөлт оруулаагүй ээ. Тэр хоёр  газрыг ухахад багийн Иргэдийн нийтийн хурлаар ч хэлэлцээгүй...” гэх мэдүүлэг,

6. Гэрч ын “...Би 2017 оны 8 дугаар сард газрын даамал Б.Дашдулам, багийн засаг дарга Э.Алтан-Өлзий, Байгаль орчны улсын байцаагч бид нар Заг сумын 2 дугаар багийн нутаг Түүхий хөндий гэх газарт очиж “*******” ХХК-ийн үйл ажиллагаа явуулах гэж байгаа газарт очиж цэг солбицлыг нь бичиж тэмдэглэсэн. Тэр газар нь намгархаг газар байсан ба ямар нэгэн ухагдсан нүх шруп байгаагүй, шон хатгасан газар бол эрүүл ухагдаагүй газар байсан, намгархаг газар нь нүхгүй газар юм чинь нөхөн сэргээлт хийх шаардлагагүй газар байсан...” гэх мэдүүлэг

7. Гэрч гийн “...2017 оны 8 дугаар сард Заг сумын 2 дугаар багийн нутаг “Түүхий хөндий” гэх газарт ******* ХХК-ийн удирдлагууд манай сумын Засаг дарга болон бусад удирдлагууд хурал хийсэн юм. Уг хурал дээр сумын удирдлагууд эрүүл газар ухуулахгүй, ухахыг зөвшөөрөхгүй гэж хэлж байсан. Тэр үед одоо байгаа дөрвөлжин нүхийг ухаагүй байсан. Судаг дагаад ухсан байгаа дөрвөлжин хэлбэртэй газар нь эрүүл газар байсан...” гэх мэдүүлэг

8. “” ХХК-ийн А-107 дугаартай шинжээчийн дүгнэлт, Е-14 дугаартай нэмэлт дүгнэлт зэрэг нотлох баримтаар “*******” ХХК-ийн захирал Г.******* нь эвдэгдсэн гэх газарт үйл ажиллагаа явуулах талаар лавтай сайн мэдсэн, үйл ажиллагаа явуулах талаар биечлэн болон утсаар ярилцаж байсан нь тогтоогдож байхад шүүх Г.*******ийг цагаатгасан нь үндэслэлгүй юм.

Компаний тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1 “Компаний эд хөрөнгө нь эзэмшиж байгаа эд хөрөнгө болон эд хөрөнгийн эрхээс бүрдэх бөгөөд компани нь эдгээр бүх эд хөрөнгөөрөө хариуцлага хүлээнэ” гэж заасан бөгөөд тухайн газарт “*******” ХХК-ийн эд хөрөнгөөр үйл ажиллагаа явуулсан байх тул компани хариуцлага хүлээх үндэслэлтэй юм.

Дээрх байдлуудаар ******* ХХК, компаний захирал Г.*******эд холбогдох хэргийг шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлгүй байх тул Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 8 дугаар сарын 10-ны өдрийн 204 дүгээр цагаатгах тогтоолыг хүчингүй болгуулж, хэргийг анхан шатны шүүхээр хэлэлцүүлхээр Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар дээд шатны прокурорын эсэргүүцэл бичив гэжээ.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор ******* гаргасан дүгнэлтэндээ: Дээд шатны прокурорын бичсэн эсэргүүцлийг дэмжиж байна. Гэрч , нарын мэдүүлгээр тухайн газарт ******* ХХК үйл ажиллагаа явуулахыг захирал Г.******* нь мэдсэн гэдэг нь тогтоогддог. Мөн анхан шатны шүүхийн цагаатгах тогтоолдоо эдгээр нотлох баримтыг юуг үндэслэн няцаасан гэдэг нь тодорхой бус байдаг. Мөн манай прокурорын яллах дүгнэлт хуульд заасан шаардлагыг хангаагүй байхад хэргийн эцэслэн шийдвэрлэсэн нь буруу гэж үзэж байна. Иймд цагаатгах тогтоолыг хүчингүй болгож хэргийн анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлж өгнө үү гэв.

Цагаатгагдсан этгээдийн өмгөөлөгч ******* тус шүүх хуралдаанд гаргасан саналдаа: Прокуророос нийт найман үндэслэлээр эсэргүүцэл бичсэн нь үндэслэлгүй бөгөөд эдгээр нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар Г.******* нь тэр газрыг ухах зөвшөөрөл өгөөгүй гэдэг нь тогтоогдсон бөгөөд зөвхөн утсаар ярьсаны төлөө ял шийтгэл хүлээлгэх гэж байгаа нь ойлгомжгүй байна. Мөн эсэргүүцэлд дурдагдсан гэрчүүдийн мэдүүлгээр тухайн газар нь эрүүл газар байсан гэдгийг нотолдог болохоос биш тухайн газрыг ухах аман зөвшөөрлийг дарга өгсөн байдаг. Иймд анхан шатны шүүхээс тухайн гэмт хэргийг үйлдсэн этгээдийг зөв тогтоох талаар гарсан анхан шатны шүүхийн цагаатгах тогтоол үндэслэлтэй болсон байх тул хэвээр үлдээж өгнө үү гэв.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт тус тус зааснаар давж заалдах шатны шүүхээс хэргийг хянан шийдвэрлэхдээ прокурорын бичсэн эсэргүүцэлд дурдсан үндэслэлээр хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа шийдвэрийг бүхэлд нь хянан шийдвэрлэлээ.

Анхан шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийн зүйл хэсэг, заалтыг буруу тайлбарлан хэрэглэжээ.

Хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзвэл Г.******* нь ******* ХХК буюу хуулийн этгээдийн нэрийн өмнөөс Баянхонгор аймгийн Заг сумын 2 дугаар багийн нутаг “Түүхий хөндий” гэх газарт тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмал хайх, олборлох үйл ажиллагаа явуулжээ.

Монгол Улсын Үндсэн хуулийн Зургаадугаар зүйлийн 1 дэх хэсэгт “...Монгол Улсад газар, түүний хэвлий, ой, ус, амьтан, ургамал болон байгалийн бусад баялаг гагцхүү ард түмний мэдэл, төрийн хамгаалалтад байна...” 2 дахь хэсэгт “...Монгол Улсын иргэдэд өмчлүүлснээс бусад газар, түүнчлэн газрын хэвлий, түүний баялаг, ой, усны нөөц, ан амьтан төрийн өмч мөн...” хэмээн тунхагласан байна.

Ашигт малтмалын тухай хуульд зааснаас үзвэл “Геологи, уул уурхайн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага” нь газрын хэвлийд байгалийн тогтоцоороо орших ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөл шинээр олгох, дахин олгох асуудлыг мөн хуульд заасан болзол шаардлагыг хангасан хуулийн этгээдэд тодорхой хугацаагаар олгох үйл ажиллагааг хэрэгжүүлэхээр зохицуулагдан хуульчлагдсан тул эрх бүхий байгууллагаас олгосон тусгай зөвшөөрөлгүй этгээд нь нөхөн сэргээлт хийх нэрийн дор ашигт малтмал хайх, олборлох, ашгийн төлөө үйл ажиллагаа явуулах эрхгүй болно.   

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлд заасан “Хууль бусаар ашигт малтмал хайх, олборлох” гэмт хэрэгт эрх бүхий байгууллагын олгосон тусгай зөвшөөрөлгүй хувь хүн, хуулийн этгээд нь газрын хэвлийд орших ашигт малтмалыг аливаа хэлбэрээр өөрийн эзэмшилд авахад чиглэсэн идэвхтэй үйлдлийг ойлгохоор заасан байхад анхан шатны шүүхээс дээрх нөхцөл байдлуудыг харгалзан үзэлгүйгээр ******* ХХК болон тус хуулийн этгээдийн захирал Г.*******ийг гэмт буруутай эсэхэд эргэлзээ төрсөн нь хэрэгт авагдсан гэрчүүд болон бусад баримтуудаар нотлогдсон, гэмт хэрэг үйлдсэн этгээдийг зөв тогтоох нь зүйтэй хэмээн хэргийг хэрэгсэхгүй болгон цагаатгаж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй буюу цагаатгах тогтоолд заасан үндэслэл нь хэргийн бодит байдалтай нийцээгүй, цагаатгах тогтоол үндэслэл бүхий болж чадаагүй байна.

Иймд Баянхонгор аймгийн Прокурорын газрын ерөнхий прокурорын 2018 оны 22 дугаар эсэргүүцлийн анхан шатны шүүхийн цагаатгах тогтоолыг хүчингүй болгуулах хэсгийг хүлээн авах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүхээс дүгнэв.

Харин мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан дараах нөхцөл байдлуудыг бүрэн гүйцэт нотолж чадаагүй байна.

Үүнд: Хавтаст хэргийн 2 дугаар хавтасны 6-9 дүгээр талд авагдсан Баянхонгор аймгийн Засаг даргын тамгын газрын Хөрөнгө оруулалт, хөгжлийн бодлогын хэлтсийн дарга Д.Ихбаяр “...******* ХХК нөхөн сэргээлт явуулах газрын цэг солбицол тухайн үедээ маргаантай байсан, Аймгийн Засаг даргын тамгын газраас ийм газар хүлээлгэж өгнө, ******* ХХК нь энэ газрыг авахгүй Заг сумын удирдлага нь ийм газарт нөхөн сэргээлт хийлгэнэ гээд маргаантай байсан учраас нөхөн сэргээлт явуулах газрын цэг солбицлыг хүлээлгэн өгөөгүй байсан юм...” хэмээн мэдүүлснээс үзвэл ******* ХХК дур мэдэн Баянхонгор аймгийн Заг сумын 2 дугаар багийн нутаг Түүхий хөндий хэмээх нэртэй газарт нөхөн сэргээлт хийсэн байна.

******* ХХК-ийн захирал Г.******* “...2017 онд 22 га орчим газарт техникийн нөхөн сэргээлт хийсэн 14.1 га газраас илүү сайн дураараа өөр газарт нөхөн сэргээлт хийж 22 га болсон...” /хх-ийн 2-р хавтас 235-240-р тал/ гэж мэдүүлсэн зэргээс үндэслэн түүний дур мэдэн нөхөн сэргээлт хийсэн гэх газрууд нь зайлшгүй нөхөн сэргээх шаардлагатай газар байсан эсэх, уг газруудын цэг солбицлууд нь Баянхонгор аймгийн Засаг даргын тамгын газраас нөхөн сэргээлт хийлгэхээр уламжлан Ашигт малтмал, газрын тосны газрын дүгнэлт гаргасан газартай тохирч байгаа эсэхийг нарийвчлан шалгаж хэрэв уг газрууд нь эрх бүхий төрийн захиргааны байгууллагаас нөхөн сэргээлт хийлгэхээр гаргасан газрын цэг солбицолтой тохирохгүй байгаа тохиолдолд тухайн газарт нь байгаль экологид учирсан хохирлын үнэлгээг хийлгэх,

******* ХХК-иас сумандаа хөрөнгө оруулалт авах зорилгоор газар ухах зөвшөөрлийг амаар өгсөн гэх Баянхонгор аймгийн Заг сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга, Засаг дарга, мөн ******* ХХК-ийн уурхайн дарга нарын үйлдэл нь Монгол Улсын Үндсэн хуулиар баталгаажуулан Эрүүгийн хуулиар хамгаалагдсан эрх зөрчигдсөн эсэхийг шалган тогтоох,

Түүнчлэн хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан Simple Design index note хэмээх нийт 21 хуудас, 16 нүүрэнд бичилт хийгдсэн дэвтэрээс үзвэл ******* ХХК нь 2016 оноос ашигт малтмал олборлож байсан байх бөгөөд энэ нь эрх бүхий байгууллагын ямар тусгай зөвшөөрлийн хүрээнд хийгдсэн үйл ажиллагаа болох, уг үйл ажиллагаанаас олсон ашигт малтмалыг хэрхэн хаана тушаадаг байсан, тогтоосон хувь хэмжээгээр улсад татвар төлж байсан эсэхийг шалгах зэрэг ажиллагааг нэмж хийлгүүлэх шаардлагатай байна.   

Мөн Прокуророос Г.*******ийг яллагдагчаар татах болон яллах дүгнэлт үйлдэхдээ Эрүүгийн хуулийн тусгай ангийг буруу хэрэглэсэн буюу хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, яллах дүгнэлтийн тэмдэглэх болон тогтоох хэсэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.10 дугаар зүйлийн 3.2, 4.1-т тус тус заасан тусгавал зохих зүйлийг бүрэн гүйцэд тусгаагүй буюу яллах дүгнэлт нь хуульд заасан шаардлагыг хангаагүй байна.

Иймд цагаатгах тогтоолыг хүчингүй болгож Г.*******эд холбогдох эрүүгийн 1714001440043 дугаар хэрэгт энэ магадлалд заасан үндэслэлээр нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр хэргийг анхан шатны шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийн шатанд буцааж, прокурорын эсэргүүцлийн хэргийг анхан шатны шүүх хуралдаанаар дахин хэлэлцүүлэх гэсэн хэсгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

Хавтаст хэргийн 2 дугаар хавтасны 199, 200 дугаар талуудад авагдсан МАК /Монголын алт/ ХХК-ийн 2018 оны 2 дугаар сарын 26-ны өдрийн 03/226 дугаар албан бичигт дурдагдсан Баянхонгор аймгийн Заг суманд үйл ажиллагаа явуулан нөхөн сэргээлтийг хийж хүлээлгэн өгсөн гэх газрууд нь ******* ХХК-ийн үйл ажиллагаа явуулсан гэх газартай зөрүүтэй байгаа бөгөөд хэрэв тухайн газарт тусгай зөвшөөрлийн хүрээнд үйл ажиллагаа явуулсан хуулийн этгээд нь нөхөн сэргээх ажлыг зохих журмын дагуу хийгээгүй тохиолдолд тухайн хуулийн этгээдээс нөхөн сэргээх зардлыг үл маргах журмаар гаргуулдаг болохыг анхаарвал зохино.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр

зүйлийн 1.3-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянхонгор аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 8 дугаар сарын 10-ны өдрийн 2018/ШЦТ/204 дүгээр цагаатгах тогтоолыг бүхэлд нь хүчингүй болгож, ******* ХХК болон Г.******* нарт холбогдох эрүүгийн 1714001440043 дугаартай хэргийг анхан шатны шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэгт буцаасугай.

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.1 дүгээр зүйлийн 1.1-т зааснаар хэргийг анхан шатны шүүхэд очтол ******* ХХК болон уг хуулийн этгээдийн захирал Г.******* нарт хэрэглэсэн хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг мэдэгдсүгэй.

        ДАРГАЛАГЧ  

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                         М.МӨНХДАВАА     

ШҮҮГЧ                                                            Т.ДАВААСҮРЭН

Н.ЭНХМАА