Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 10 сарын 03 өдөр

Дугаар 266

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хэргийн индекс: 166/2017/0264/Э

 

Дархан-Уул аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Батжаргал даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Шүрэнчимэг,

Улсын яллагчаар аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Н.Идэр,

Хохирогч Ц-,

Шүүгдэгч Л- нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийж, Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Боржигон Гомбосүрэнгийн Лхагвасүрэнд холбогдох эрүүгийн 1718000640049 дугаартай хэргийг 2017 оны 9 дүгээр сарын 05-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол Улсын иргэн, Л, улсаас авсан гавьяа шагнал, урьд 3 удаагийн ял шийтгэлтэй,

Сүүлд: Дархан-Уул аймаг дахь Сум дундын шүүхийн 2006 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 321 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 3 сар 10 хоногийн баривчлах ялаар шийтгэгдсэн, хэрэг хариуцах чадвартай,

 

Холбогдсон хэргийн талаар /яллагдагчаар татах тогтоолд бичигдсэнээр/:

 

Шүүгдэгч Л- нь 2017 оны 7 дугаар сарын 11-ний шөнө 22 цагийн орчим Дархан-Уул аймгийн Дархан сумын 1 дүгээр багийн Партизаны 5-73 тоотод иргэн Ц-ийн нүүрэн тус газар цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т заасан гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч Л- нь 2017 оны 7 дугаар сарын 11-ний шөнө 23 цагийн орчим Дархан-Уул аймгийн Дархан сумын 1 дүгээр багийн Партизаны 5-73 тоотод иргэн Ц-ийн нүүрэн тус газар цохиж эрүүл мэндэд нь нэг шүдний үгүй байдал, хүзүү хоолойны зүүн хажуу хэсгийн зулгаралт шарх бүхий хөнгөн хохирол учруулсан болох нь

 

            Шүүгдэгч Л-гийн мөрдөн байцаалт болон шүүх хуралдаанд өгсөн:

           

            ...2017 оны 7-р сарын 11-ний өдөр баяр гээд найзуудтайгаа 2 шил архи цэнгэлдэх хүрээлэнгийн зүлгэн дээр сууж уучихаад гэртээ харьсан. Тэгээд гэртээ унтаж байгаад орой 22 цаг өнгөрч байхад гэрийнхээ гадаа Отгонбаяртай тааралдаад хамт Гантулгын гэр рүү орох гээд алхсан. Тухайн үед би түрүүлээд алхсан миний ард Отгонбаяр явж байсан. Би түрүүлээд Гантулгын хашаа руу орсон чинь урдаас Цэрэндэжид архи уучихсан нэлээн халамцуу байсан. Хүрч ирээд миний энгэрээс зуураад дүүгээ дуудаж өг гээд байхаар нь би Цэрэндэжидийн гарыг тавиулах гээд угзраад доош нь дараад тонгойсон чинь Цэрэндэжид миний толгойн орой хэсгийг мөргөчихсөн. Ингээд би Цэрэндэжидийн гар нь тавигдахаар нь буцаад Гантулгын хашаанаас гарахад Отгонбаяртай зөрсөн. Би Отгонбаярт явъя гэж хэлчхээд чигээрээ гараад гэрлүүгээ ороод унтаад өгсөн. Гантулгын гэр манай гэр хоёр нэг гудамжны зайтай учраас их ойрхон байдаг. Цэрэндэжидэд эмчилгээний төлбөр гэж 200 000 төгрөг өгсөн гэх мэдүүлэг,

 

   Хохирогч Ц-ийн мөрдөн байцаалт болон шүүх хуралдаанд өгсөн:

            ...2017 оны 7-р сарын 11-ны орой Дрейвэний 6-ийн байранд найз Оюунсувдыг айлд байна гэхээр нь очсон.Тэр айлд найзыгаа асуугаад яваад орсон чинь Лхагваа ах миний нүүр лүү учир зүггүй цохисон. Лхагвааг цохиход миний үүдэн дээд нэг шүд уначихсан. Лхагваагийн найз болох Отгонбаяр нь боож унагаагаад дээрээс дэвссэн. Тэгээд тэр хоёр намайг зодохоо болиод зугтах боломж гарангуут нь машинд суух гээд буудал руу зугтаасан. Лхагвасүрэн намайг шууд үгийн зөрүүгүй гараараа нэг удаа миний ам, нүүр хэсэг рүү цохисон. Би шүд унасан даруйд нь шүд уанчихлаа шүү дээ гээд Лхагвасүрэнд харуулах гэтэл Лхагвасүрэн гараад зугтаачихсан. Лхагвасүрэнг гарсны дараа Отгонбаяр нь чи хэн бэ гээд намайг боож унагаагаад миний дээрээс хэд өшиглөчихөөд яваад өгсөн. Тухайн үед 23 цаг өнгөрч байсан гадаа харанхуй байсан. Лхагвасүрэн намайг хүнтэй андуурсан байж магадгүй. Эмчилгээний төлбөрт 200 000 төгрөг авсан гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэх мэдүүлэг,

 

Гэрч О-мөрдөн байцаалтад өгсөн:

 

...2017 оны 7-р сарын 11-ний шөнө 23 цаг дөхөж байхад Лхагвасүрэнгийн гадаа очоод Лхагвасүрэнтэй уулзаад Ганаагын гэр лүү явсан. Ганаагынх руу явж байхад би нэг таньдаг хүнтэй гудамжинд тааралдаад түр уулзаж зогссон. Лхагвасүрэн надаас түрүүлээд Ганаагын хашаа руу орсон. Тэгээд би нөгөө уулзаж байсан хүнээсээ салаад Ганаагын хашаа руу орох гэхэд Лхагвасүрэн урдаас гарч ирээд буцаад явъя гэж хэлээд надтай зөрөөд явсан. Тэгээд Лхагвасүрэн гэр лүүгээ явсан би араас нь явж байтал араас хохирогч Цэрэндэжид гарч ирээд надаас Лхагваа ах хаана байна гэхээр нь мэдэхгүй гэсэн чинь Цэрэндэжид орилж хашхираад Лхагваа ах миний шүдийг унагачихлаа гээд дайраад байхаар нь би Цэрэндэжидийн хүзүүнээс нь баруун гараараа боож байгаа юм шиг барьж түлхэж газар унагаасан. Тэгсэн чинь Цэрэндэжид унчихаад өмднөөс зуураад байхаар нь би баруун хөлөөрөө жийж гарыг нь тавиулчихаад яваад өгсөн. Цэрэндэжид тэндээ гудамжинд араас орилоод үлдсэн. Би ч чигээрээ яваад автобусны буудал ороод унаанд суугаад гэртээ харьсан гэх мэдүүлэг /хх 26/,

 

Гэрч Н-мөрдөн байцаалтад өгсөн:

 

2017 оны 7 дугаар сарын 11-ний өдөр Гантулга гэртээ байгаагүй хөдөө явчихсан байсан. Орой Цэрэндэжид манайд орж ирсэн үгүйг мэдэхгүй байна. Би архи уугаад унтчихсан байсан. Лхагвасүрэн, Отгонбаяр хоёр өдөр нь манайхаар ороод гарсан орой нь манайд ирээгүй. Цэрэндэжид, Лхагвасүрэн нарыг муудалцсан талаар мэдэхгүй байна. Манай гэрт ямар нэг хэрүүл маргаан зодоон болоогүй. Манай гэрт Оюунсувд гэх хүн ирээгүй гэх мэдүүлэг /хх 27-28/,

 

Дархан-Уул аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2017 оны 7 дугаар сарын 19-ний 737 дугаар дүгнэлт:

 

“1.Ц-ийн биед нэг шүдний үгүй байдал, хүзүү хоолойны зүүн хажуу хэсгийн зулгаралт шарх тогтоогдлоо. 2.Дээрх гэмтэл нь хатуу, мохоо зүйлийн хүчин үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. 3.Уг гэмтэл нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын  2.4.2-т зааснаар ерөнхий хөдөлмөрийн чадварыг 5 хувиар алдагдуулах хөнгөн зэргийн гэмтэл болно.” гэжээ /хх 32/ зэрэг хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж үзлээ.

 

Шүүгдэгч нь урьд 3 удаагийн ял шийтгэлтэй болох нь хавтаст хэргийн 42, 43-44, 55-58-р хуудсанд авагдсан шийтгэх тогтоолын хуулбар болон ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудсаар тогтоогдож байна.    

 

Хохирогч Ц-ийн шүүх хуралдаанд өгсөн "эмчилгээний төлбөрт 200 000 төгрөг авсан, цаашид гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй" гэснээр шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй байна гэж үзлээ.

 

Шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа тохиолдлын шинжтэй нөхцөл байдлыг улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас хохирогчид учруулсан хохирлыг төлсөн зэргийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож түүнд хуульд зааснаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэх нь зүйтэй гэж үзэв.

 

Иргэний нэхэмжлэлийг хангах зорилгоор шүүгдэгч Л-гийн эзэмшлийн 90 000 төгрөгийн үнэ бүхий Sharp маркийн 21 инчийн зурагт, 10 000 төгрөгийн үнэ бүхий Nokia 1110 маркийн гар утас зэргийг битүүмжилсэн прокурорын 2017 оны 9 дүгээр сарын 01-ний өдрийн 14 дугаартай тогтоолыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгох нь зүйтэй байна.

 

Эд мөрийн баримтаар хураагдан ирсэн хохирогч Г.Цэдэндэжидийн гэх шүд 1 ширхэгийг хохирогчийн хүсэлтээр буцаан олгож, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөр, цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны улмаас тооцон гарах зардалгүй болохыг дурдав.  

 

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2-т тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Шүүгдэгч Боржигон Гомбосүрэнгийн Лхагвасүрэнг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

            2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч Л-г 300 /гурван зуу/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.

 

            3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2, 4-т зааснаар шүүгдэгч Л-д оногдуулсан 300 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт 4 цагаас дээшгүй хугацаагаар тогтоосугай.

 

            4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4-т зааснаар шүүгдэгч нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.   

 

 5.Шүүгдэгч Л-гийн эзэмшлийн 90 000 төгрөгийн үнэ бүхий Sharp маркийн 21 инчийн зурагт, 10 000 төгрөгийн үнэ бүхий Nokia 1110 маркийн гар утас зэргийг битүүмжилсэн прокурорын 2017 оны 9 дүгээр сарын 01-ний өдрийн 14 дугаартай тогтоолыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгосугай.

 

6. Эд мөрийн баримтаар хураагдан ирсэн хохирогч Г.Цэдэндэжидийн гэх шүд 1 ширхэгийг хохирогчид буцаан олгосугай.  

 

            7.Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоног, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны улмаас тооцон гаргах зардалгүй болохыг дурдсугай.

 

8.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 9.Шийтгэх тогтоолд гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Л-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ хэвээр үргэлжлүүлсүгэй. 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Т.БАТЖАРГАЛ