Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 01 сарын 22 өдөр

Дугаар 05

 

Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Д.Эрдэнэбилэг даргалж, шүүгч Н.Энхмаа, шүүгч Л.Нямдорж нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Өвөрхангай аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 145/ШШ2019/00509 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч Т.Д нэхэмжлэлтэй, хариуцагч М.Ц-д холбогдох

“Зээлдэгчийн болон өвлөгчийн үүрэгт нийт 18493160 төгрөг гаргуулах” тухай иргэний хэргийг хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлоор 2019 оны 12 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч, шүүгч Л.Нямдоржийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нарийн бичгийн дарга Э.Энхболд, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Хандмаа, хариуцагч М.Ц, хариуцагчийн өмгөөлөгч У.М нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Т.Д шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би Г.Э-тай амаар тохиролцон зээлийн гэрээ байгуулж, 2016 оны 4 дүгээр сард бэлнээр 4000000 төгрөг, өөрийн данснаас Г.Э-н Хаан банкны дансанд 45500000 төгрөг, мөн би өөрийн ээж Ж.Л-н Хаан банкны данснаас Г.Э-н Хаан банкны дансанд 4000000 төгрөг, 2017 оны 02 дугаар сарын 03-ны өдөр М.Ц-н Голомт банкны зэс картын төлбөр төлнө гэж бэлнээр 5000000 төгрөг, нийт 58500000 төгрөг зээлсэн байсан.

Үүнээс Г.Э үндсэн зээлд дансаар 32490000 төгрөг, *** гэх дэлгүүр шилжүүлэхдээ 9356140 төгрөгийн барааг үндсэн зээлийн төлбөрт суутгуулахаар хүлээлгэн өгснөөс MCS-ийн Д.Д-д төлсөн 700000 төгрөг, жижиглэн бараа зардаг Л.Л-т төлсөн 60000 төгрөгийг хасаад үлдсэн бараа нь 8596140 төгрөг болсон тул үндсэн зээлээс нийт 41086140 төгрөг, зээлийн хүү 4580000 төгрөг тус тус төлсөн. Гэтэл 2017 оны 8 дугаар сард Г.Э нас барсан тул түүнд нийт зээлсэн 58500000 төгрөгөөс үндсэн зээлд төлсөн 41086140 төгрөгийг хасаад үлдэх 17413860 төгрөгийг Г.Э-ын эхнэр М.Ц-аас гаргуулахаар нэхэмжлэл гаргасан боловч энэ нэхэмжлэлийг 5000000 төгрөгөөр багасгаж, 12413860 төгрөг болгосон.

Энэ 12413860 төгрөг нь 2016 оны 10 дугаар сарын 07-ний өдөр өөрийн ээж Ж.Л-н Хаан банкны данснаас Г.Э-н Хаан банкны дансанд шилжүүлсэн 4000000 төгрөг, 2016 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр өөрийн Хаан банкны 5561193542 тоот данснаас Г.Э-н Хаан банкны дансанд шилжүүлсэн 8000000 төгрөг, өмнөх зээлийн үлдэгдэл 413000 төгрөгийн нийлбэр юм. Мөн энд зээлийн хүү оруулаагүй зөвхөн үндсэн зээлийн төлбөр нэхсэн.

Би Хас банкнаас авсан бизнесийн зээлийн мөнгөнөөс Г.Э-д мөнгө зээлдэг байсан тул түүнд зээлүүлсэн мөнгөний хүүнд Хас банкинд нийт 5161700 төгрөг төлсөн. Миний хувьд мөнгө зээлж ашиг олсон зүйл байхгүй. Харин ч мөнгөний хүү төлж хохирсон.

М.Ц-н хувьд анх би 1079300 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргасан боловч 5000000 төгрөгөөр нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж, дараа нь 3000000 төгрөгөөр багасган 3079300 төгрөг болгосон. Учир нь М.Ц-г мөнгө зээлээч гэхээр нь би 2017 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр О-с 3500000 төгрөг зээлээд тухайн өдөр өөрийн Хаан банкны данснаас М.Ц-н Хаан банкны дансанд 3500000 төгрөг, 2017 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр 520000 төгрөг тус тус шилжүүлсэн. Мөн *** ХХК-иас 1900000 төгрөгийн бараа зээлж өгсөн, 2017 оны 02 дугаар сарын 03-ны өдөр Голомт банкны зэс картаа хаана гэхээр нь бэлнээр 5000000 төгрөг тус тус зээлүүлсэн. Үүнээс М.Ц миний Хаан банкны дансаар зээлийн төлбөрт нийт 5920000 төгрөг, С.Д-н Хаан банкны дансаар 3000000 төгрөг шилжүүлсэн байсан.

Ингээд М.Ц-н төлөх зээлийн төлбөрийн үлдэгдэл 3079300 төгрөг болсон. Үүнд эхний нэхэмжилсэн 1079300 төгрөг, Голомт банкны зэс картын төлбөр хаасан 5000000 төгрөгөөс С.Д-д 3000000 төгрөгийг шилүүлсэн, харин миний 2000000 төгрөгийг төлөөгүй байгаа тул нийлээд 3079300 төгрөг болж байна.

Иймд Г.Э-н хууль ёсны өвлөгч М.Ц, хүү Э.Л, охин Э.Э нараас 12413860 төгрөгийг хувь тэнцүүлэн, М.Ц-с 3079300 төгрөг тус тус гаргуулж өгнө үү гэв.

Хариуцагч М.Ц шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан татгалзал, тайлбартаа: Т.Д шүүхэд гаргасан нэхэмжлэлээс үзэхэд тэдний хооронд мөнгө өгдөг, авдаг гэсэн байна. Гэхдээ миний хувьд яг хэдэн төгрөг авч, өгсөн гэдгийг мэдэхгүй. Гэхдээ энэ нэхэмжлэлтэй холбогдуулан нөхрийнхөө дансны орлого, зарлагыг шүүж үзэхэд Т.Д данснаас нийт 45500000 төгрөг орж, нөхрийн данснаас 36019400 төгрөг Т.Д дансанд буцааж шилжүүлсэн байна. Мөн дэлгүүр хүлээлцээд 9350000 төгрөгийн бараа хүлээлгэж өгсөн гэж тооцоход түүнд өгсөн нийт мөнгө 45369400 төгрөг болсон. Мөн 2017 оны 5 дугаар сарын 08-ны өдөр Г.Э-н дүүгийн данснаас 2000000 төгрөг Т.Д дансанд шилжүүлсэн. Ингээд тооцоход ямар ч төлбөр тооцоо байхгүй гэдэг нь дансны хуулгаар нотлогдож байна.

Миний хувьд дэлгүүрийн бараа хүлээлгэж өгөөд тооцоо нийлэхэд гарсан 1079300 төгрөгийг төлнө гэж зөвшөөрч байна. Харин 2017 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр Т.Дгээс зээлсэн гэх 3500000 төгрөгийн хувьд 500000 төгрөг нь миний мөнгө байсан. Учир нь тус мөнгийг 2017 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр Т.Д өөрийн нөхөр Бгийн дансанд шилжүүлчих гээд авсан. Тэгээд Д-с 3000000 төгрөг авлаа гээд миний 500000 төгрөгийг нийлүүлээд 3500000 төгрөг шилжүүлсэн. Үүнээс 3000000 төгрөгийг нь 2017 оны 02 дугаар сарын 21-ний өдөр өөрийн мобайл банкнаас С.Д-н Хаан банкны дансанд буцаагаад шилжүүлсэн.

Мөн Т.Д-с 2017 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр зээлсэн 550000 төгрөг, 2017 оны 02 дугаар сарын 03-ны өдөр Голомт банкны зэс картын төлбөр төлөхөөр зээлсэн 5000000 төгрөгийн хувьд миний Хаан банкны данснаас 2017 оны 02 дугаар сарын 05-ны өдрөөс 2017 оны 02 дугаар сарын 06-ны өдөр Т.Д-с Хаан банкны дансанд нийт 5670000 төгрөг шилжүүлсэн. Үүний 5150000 төгрөг нь Голомт банкны зэс картын төлбөр төлөхөөр зээлсэн 5000000 төгрөг болон гурав хоногийн хүү 150000 төгрөг, харин үлдсэн 550000 төгрөг нь 2017 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр зээлсэн 550000 төгрөг гэж тооцоод шилжүүлсэн дүн юм.

Дараагийн зүйл нь Т.Д *** ХХК-иас бараа авч өгсөн гэж ямар ч үндэслэлгүй 1900000 төгрөг нэхсэн байна.Тухайн үед Т.Д-г өөрийн нэр дээр бараа аваад өг гэж хэлээгүй, харин С гэх залууд хэлээд өгөөч гэсэн. Тэгсэн *** ХХК борлуулагч нь долоо хоногоор бараагаа бэлэн мөнгөөр аваад явчих гэсэн. Тэгээд долоо хоногоор бараагаа бэлэн мөнгөөр авч байсан.

Иймд Т.Д бид хоёрын хооронд одоо 1079300 төгрөгийн тооцоо үлдсэн. Өөр ямар нэг төлбөр тооцоо байхгүй гэв.

 

Анхан шатны шүүх: Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасныг баримтлан М.Ц-с 1179300 төгрөг, Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 535 дугаар зүйлийн 535.1, 535.2 дахь хэсэгт заасныг баримтлан өвлүүлэгчийн гүйцэтгэвэл зохих үүрэгт өвлөгч М.Ц-с 3833860 төгрөг тус тус гаргуулан Т.Д-д олгож, Т.Д нэхэмжлэлээс 10479700 /1899700+8580000=10479700/ төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгон, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт заасныг баримтлан өвлүүлэгчийн гүйцэтгэвэл зохих үүрэгт өвлөгч М.Цгаас гаргуулах 5000000 төгрөг, зээлийн гэрээний үүрэгт М.Ц-с гаргуулах 3000000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагаасаа Т.Д тус тус татгалзсан болохыг баталж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56,1, 56.2, 58 дугаар зүйлийн 58.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт заасныг баримтлан Т.Д улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 250,420 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, М.Ц-аас улсын тэмдэгтийн хураамж 95161 төгрөг гаргуулж Т.Д-д олгож, Т.Д-р 94946 төгрөгийн улсын тэмдэгтийн хураамжийг нөхөн төлүүлж, орон нутгийн төсвийн орлогод оруулахаар, 118 дугаар зүйлийн 118.5 дахь хэсэгт заасны дагуу шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан арга, журмын дагуу шийдвэрийг албадан гүйцэтгэх ажиллагаа явуулахыг Өвөрхангай аймаг дахь Шийдвэр гүйцэтгэх газарт зөвшөөрөн, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.5, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 7 хоног өнгөрснөөс хойш шүүх хуралдааны оролцогч талууд 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсан эсхүл хүргүүлснээр гомдол гаргах хугацааг тоолох бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдан шийдвэрлэжээ.

Хариуцагч М.Ц давж заалдах гомдолдоо: Өвөрхангай аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 145/ШШ2019/00509 дугаар шийдвэрийн зарим хэсгийг эс зөвшөөрч гомдол гаргаж байна. Шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн 3833860 төгрөгийг надаас гаргуулахаар болсоныг хүлээн зөвшөөрөхгүй. Учир нь миний бие талийгаач нөхөр болох Г.Э, Т.Д нарын хооронд ямар харилцаа үүссэнийг мэдэхгүй байна. Тиймээс би энэ мөнгийг төлөх хууль зүйн үндэслэлгүй. Би Т.Д-ээс ямар ч мөнгө зээлж аваагүй. Тиймээс 1179300 төгрөгийг төлөх ямар ч үндэслэл байхгүй. Харин барааны мөнгө болох 1079300 төгрөгийг өгөхөд татгалзах зүйлгүй. Тиймээс анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дүгээр заалтыг дээрх үндэслэлээр хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

        Нэхэмжлэгч Т.Д нь хариуцагч М.Ц-д холбогдуулан өвлөгчийн болон зээлийн гэрээний үүрэгт 18496160 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасныг нэхэмжлэлийн зарим хэсгийг буюу 5013160 төгрөгийг хариуцагчаас гаргаж нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэсэн байна.

       Хариуцагч М.Ц шүүхийн шийдвэрийн зарим хэсгийг эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргахдаа “...миний бие талийгаач нөхөр болох Г.Э, Т.Д нарын хооронд ямар харилцаа үүссэнийг мэдэхгүй байна. Тиймээс би энэ мөнгийг төлөх хууль зүйн үндэслэлгүй. Би Т.Д-с ямар ч мөнгө зээлж аваагүй. Тиймээс 1179300 төгрөгийг төлөх ямар ч үндэслэл байхгүй. Харин барааны мөнгө болох 1079300 төгрөгийг өгөхөд татгалзах зүйлгүй...” гэжээ.

Хэрэгт нотлох баримтаар авагдсан ХААН банкны дансны хуулгуудад  Г.Э-н Хаан банкны *** тоот данснаас Т.Д Хаан банкны *** тоот данс руу зээл, зээлийн хүү гэсэн утгатай гүйлгээнүүд хийгдэж байсан нь тогтоогдсон, анхан шатны шүүх Г.Э, Т.Д нарын хооронд зээлийн гэрээний харилцаа үүссэн гэж дүгнэсэн нь үндэслэлтэй байна.

Иргэний хууийн 520 дугаар зүйлийн 520.1-д зааснаар М.Ц нь Г.Э-н хууль ёсны өвлөгч бөгөөд Иргэний хуулийн 535 дугаар зүйлийн 535.1-д зааснаар өвлүүлэгчийн гүйцэтгэвэл зохих үүргийг өвлөн авсан эд хөрөнгийн хэмжээнд хүлээх үүрэгтэй.

Хариуцагч М.Ц Өвөрхангай аймгийн *** сумын ***-р баг, ***-р байр, *** тоот хаягт байрлалтай, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай 260.0 м.кв талбайтай газар өмчлөх эрх, 45.0 м.кв талбайтай хувийн сууцны зориулалттай барилга, *** сумын ***-р баг, ***-р байрны *** тоот орон сууцны зориулалттай 41.6 м.кв талбайтай, нийт /4 140 000+29 000 000=33 140 000/ 33 140 000 төгрөгийн үнэ бүхий эд хөрөнгийг өвлөн авчээ /1 дүгээр хавтас, 113, 117, 118, 121, 123, 127 дугаар хуудас/.

Шүүх Иргэний хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1.4, 129 дүгээр зүйлийн 129.2-т заасан журмаар гэр бүлийн нэг гишүүнд ногдох эд хөрөнгийн хэмжээг 6 628 000 төгрөгийн хэмжээтэй байна гэж тодорхойлоод хариуцагч М.Ц-с 3 833 860 төгрөг гаргуулахаар шийдвэрлэсэн нь хуульд нийцсэн байна.

Шүүх хэргийг шийдвэрлэхдээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т зааснаар нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж, зохигчдын хооронд үүссэн маргааныг Иргэний хуулийн холбогдох зохицуулалтыг зөв тайлбарлаж, үндэслэл бүхий хянан шийдвэрлэжээ.

         Анхан шатны шүүх маргааны үйл баримтын талаар хэрэгт авагдаж шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтад тулгуурлан дүгнэлт хийснийг давж заалдах шатны шүүхээс үгүйсгэх үндэслэлгүй байх тул хариуцагч М.Ц-н давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхиж, шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

          Хариуцагч М.Ц-н гомдлыг хангахгүй орхисон тул давж заалдах гомдол гаргахдаа төлсөн улсын тэмдэгтийн хураамж 77892 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээхээр шийдвэрлэв.

          Иргэний  хэрэг  шүүхэд  хянан шийдвэрлэх  тухай  хуулийн  167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг  удирдлага болгон

ТОГТООХ  нь:

         1. Өвөрхангай аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 145/ШШ2019/00509 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч М.Ц-н давж заалдсан гомдлыг хангахгүй орхисугай.

         2. Хариуцагч М.Ц-с давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 77 892 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

         3. Иргэний хэрэг  шүүхэд хянан шийдвэрлэх тухай  хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар Давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч  магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

         4. Иргэний хэрэг  шүүхэд хянан  шийдвэрлэх тухай  хуулийн  119 дүгээр  зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар  талуудад магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногт  шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах  үүрэгтэй бөгөөд гардаж аваагүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг  мэдэгдсүгэй.