Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2016 оны 06 сарын 27 өдөр

Дугаар 001/ХТ2016/00830

 

Увс аймгийн Засаг даргын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч  Г.Алтанчимэг, Б.Ундрах, Г.Цагаанцоож, Д.Цолмон нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Увс аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2016 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн 191 дүгээр шийдвэртэй,

Баян-Өлгий, Увс, Ховд аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2016 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн 64 дүгээр магадлалтай,

Нэхэмжлэгч байгууллага: Увс аймгийн Засаг даргын нэхэмжлэлтэй, 

Хариуцагч: Дөрвөн Ойрад ХХК-д холбогдох,

28.426.079 төгрөг гаргуулах үндсэн нэхэмжлэлтэй,

4.866.546 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг,

 Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан хяналтын гомдлоор

Шүүгч Б.Ундрахын илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн төлөөлөгч Н.Тэсхүү, хариуцагчийн өмгөөлөгч Б.Энхтүвшин, нарийн бичгийн даргад И.Хажидмаа нар оролцов.

Нэхэмжлэгч байгууллага шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Дөрвөн Ойрад ХХК нь 36 айлын орон сууцны өмнөх 63х23м=1449 м2 болон хуучин Хархираа буудлын өмнөх 62х 20м=1240 м2 нийтийн эзэмшлийн цэцэрлэгийн нийт 2689 м.кв талбайд төв гудамжны дагуу ойн зурвас, ногоон байгууламж байгуулах УВНБ-01/2013 ажил гүйцэтгэх тендерийн сонгон шалгаруулалтад шалгарсан. Ингээд аймгийн Засаг даргатай 2013.5.10-ны өдөр Увс аймгийн Улаангом сумын төв гудамжны дагуу ойн зурвас,ногоон байгууламж байгуулах ажил гүйцэтгэх гэрээг 44.753.596 төсөвт өргтөгтэйгээр хийж гүйцэтгэхээр гэрээ байгуулсан. Гүйцэтгэгч нь Увс аймгийн Улаангом сумын Төв гудамжны дагуу ойн зурвас, ногоон байгууламж байгуулах ажлыг гүйцэтгэхээр  2013.5.10-ны өдөр эхлэх, 2013.5.31-ний өдөр ашиглалтад оруулах, 2013.8.14-ний өдөр Хотын хөгжил цэцэрлэгжүүлэлтийн газарт хүлээлгэн өгөх үүрэг хүлээсэн. Гэвч ажил гүйцэтгэх гэрээнд заасан үүргээ биелүүлээгүй, заасан хугацаанд гүйцэтгэж хүлээлгэж өгөөгүй, ажлын гүйцэтгэлээр нийт 28.426.079 төгрөгийн санхүүжилт авсан ч хийсэн гэх гүйцэтгэлийг хангахгүй байна. Гэрээнд зааснаар “Төв гудамж дагуу ойн зурвас, ногоон байгууламж байгуулах ажлын зургийн дагуу 336 м хашаа барих, 3300-аас доошгүй суулгацтай мод тарих байтал нэг ч мод тариагүй, явган хүний зам хийгээгүй, элсэн талбай 4-ийг байгуулах ёстой атал хийгээгүй, хогийн сав 10-аас доошгүйг байрлуулах байтал байршуулаагүй зэрэг хийх ёстой ажлын 80 гаруй хувийг хийгээгүй байна. Хийсэн ажил гэх барьсан хашаа, цэцгийн мандал, саравч нь гэрээнд заасан шаардлагыг хангахгүй байна. Иймд шилжүүлсэн мөнгө буюу 28.426.079 төгрөгийг гаргуулж өгнө гэжээ.

Хариуцагч Дөрвөн Ойрад ХХК шүүхэд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийг  хүлээн зөвшөөрөх боломжгүй. Нэхэмжлэгч нь хийгдсэн бодитой байгаа ажлыг хийгдээгүй мэт  нэхэмжлэл гаргасан нь үндэслэлгүй юм. Түүний гаргуулсан үнэлгээ нь бодит бус гэж үзэж байна. Манай Дөрвөн Ойрад ХХК нь түүнээс ч илүү зардал гаргаж уг ажлыг хийсэн гэжээ.

Хариуцагч шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ: Талууд гэрээ байгуулж ажил гүйцэтгэж эхэлснээс хойш 53 хоногийн дараа 2013.7.02-ны өдөр гэрээний талууд хийгдсэн ажлыг харилцан дүгнэж, гэрээний дагуу хийгдсэн ажлыг 75 хувьтай гэж 33.292.625 төгрөгөөр баталсан байдаг. Өөрөөр хэлбэл, Дөрвөн Ойрад ХХК нь гэрээний дагуу 33.292.625 төгрөгийн ажил гүйцэтгэснийг захиалагч тал баталсан. Гэтэл Увс аймгийн Засаг дарга нь манай компанийн үүсгэн байгуулагчдын нэг болох Л.Пүрэвдоржтой хувийн таарамжгүй харьцааны улмаас гүйцэтгэх ажлын зургийн даалгаврыг өөрчилж ажил гүйцэтгэх эрх зүйн орчноор хангаж өгөөгүй, мөн гүйцэтгэлээр батлагдсан гэрээний төлбөрийг бүрэн өгөөгүйгээс ажил хийх санхүүгийн боломж олгоогүй. Манай компани тухайн үед гүйцэтгэлээр баталгаажсан санхүүжилтээ бүрэн авахыг хүсэж байгаа тул нэхэмжлэгч байгууллагаас 4.866.546 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Сөрөг нэхэмжлэлийг  зөвшөөрөхгүй байх тул хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Увс аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүх 2016 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн 191 дүгээр шийдвэрээр Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 355 дугаар зүйлийн 355.1-д заасныг баримтлан хариуцагчаас 7.756.079 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлээс 20.670.000 төгрөгийн шаардлагыг   хэрэгсэхгүй болгож, мөн хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 355 дугаар зүйлийн 355.1-д заасныг баримтлан сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т заасныг баримтлан нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, улсын тэмдэгтийн хураамжид хариуцагчаас төлсөн 92.820 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 139.047 төгрөг гаргуулж улсын орлогод оруулжээ.

Баян-Өлгий, Увс, Ховд аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх 2016 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн 64 дугаартай магадлал гаргаж анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээсэн байна.                                                                                          

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хяналтын шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Ажил гүйцэтгэгч Дөрвөн Ойрад ХХК нь Увс аймгийн Засаг даргын зөвлөлөөс гаргасан 400м2 талбай хасах шийдвэрийг хүлээн зөвшөөрөхдөө захиалагч талд зургаа өөрчилж өгвөл ажил гүйцэтгэнэ гэсэн болзол тавьсныг шүүх анхаарч үзээгүй байна. Энэ болзол нь Дөрвөн Ойрад ХХК-иас Увс аймгийн Засаг дарга, аймгийн Худалдан авах ажиллагааны газарт явуулсан албан бичгүүдээр тус тус нотлогддог. Нэхэмжлэгч талын гаргасан ажил гүйцэтгэгч нь санаанаасаа зураг зураад тэр зургынхаа дагуу ажил гүйцэтгэх ёстой байсан буюу түлхүүр гардуулах нөхцөлтэй байгуулсан гэрээ байсан юм гэдэг тайлбартай огт санал нийлэхгүй байна. Зургын даалгаварыг Увс аймгийн Засаг даргын Тамгын газрын Хөгжлийн бодлогын хэлтсийн мэргэжилтэн Б.Отгой боловсруулж, Хөгжлийн бодлогын хэлтсийн дарга З.Ганболд, Санхүү төрийн сангийн хэлтсийн дарга Ч.Энхбаяр нар хянаж 2013.4.15-ны өдөр Засаг даргын тамгын газрын дарга Г.Болор-Эрдэнэ нар баталсан байдаг. Захиалагчийн бүх шатны төлөөлөл оролцож боловсруулан, хянан баталсан зургыг өөрчлөх эрх ажил гүйцэтгэгч Дөрвөн Ойрад ХХК-д байхгүй. Энэ тендер анх зарлагдахдаа түлхүүр гардуулах гэрээний нөхцлөөр зарлагдаагүй нь Сангийн сайдын 2008 оны 362 дугаар тушаалын хавсралтаар батлагдсан "Түлхүүр гардуулах гэрээний нөхцөлтэй тендерийн жишиг баримт бичиг" эрх зүйн акт болон талуудын байгуулсан гэрээ бусад нотлох баримтуудаар тогтоогддог. Иргэний хуулийн 215.1-д заасны дагуу Дөрвөн Ойрад ХХК-иас Увс аймгийн Засаг Даргад удаа дараа зургаа өөрчилж өгөхийг шаардсаар байхад ажил гүйцэтгэх боломжийг бүрдүүлээгүй буюу 400м2 хасагдсан газарт нь тохируулан зургийн даалгаврыг өөрчилж өгөөгүй эс үйлдэл нь Дөрвөн Ойрад ХХК-ийг үүргийн гүйцэтгэлийг саатуулах эрхтэй гэдгийг хуульчилсан заалт юм. Учир нь ажлын зургийн даалгавар нь ямар ажил хийх талаарх захиалга буюу гэрээний эцсийн үр дүнг бодитой дүгнэх хамгийн чухал баримт мөн бөгөөд түүнд зөвхөн захиалагч өөрөө өөрчлөлт оруулах үүрэгтэйд байгаа юм. Гэрээгээр Дөрвөн Ойрад ХХК нь зургийн даалгаварт дур мэдэн өөрчлөлт оруулах үүрэггүй байгааг шүүх нягталж үзээгүйд гомдолтой байна. Иргэний хуулийн 222.2-т зааснаар Дөрвөн Ойрад ХХК-ийг аргагүй байдалд оруулсан дээрх нөхцөл байдал нь захиалагч болох Увс аймгийн Засаг даргын буруутай үйл ажиллагаа буюу түүний зургын даалгаварт өөрчлөлт оруулаагүй, оруулахыг хүсэхгүй байгаа эс үйлдлээс шууд хамааралтай гарцаагүй нөхцөл байдал байсан. Хавтаст хэрэгт хавсаргасан зургаас харахад цаашид ажил гүйцэтгэх боломжгүй дүр зураг шууд харагдаж байгаа юм. Ийм байсаар байтал зургаа өөрчилж өгөхгүй байж ажлаа хий гээд шаардаад байгаа захиалагч талыг Иргэний хуулийн 223.2-т зааснаар хугацаа хэтрүүлсэн гэж үзэх бүрэн үндэслэлтэй байгааг хянаж үзээгүй. Иргэний хуулийн 225.4.1-д заасны дагуу ажил хийх боломжоор хангаагүй мөртлөө хашаа, явган хүний зам, сүүдрэвчээ барьж хар шороо дэвсэж зүлэг тариад хэн ч харахад ногоон байгууламжийн ажил хийсэн байна гэдэг нь маш тодорхой, мөн ажлаа дуусгахад зөвхөн үхсэн модны оронд хэдхэн мод тарих, хашааны 2 талд хаалга хийх гэсэн жаахан ажил үлдчихээд байхад ажил огт хийгээгүй хэмээн гэрээнээс татгалзаж, өгсөн санхүүжилтээ буцаан авна гэсэн. Захиалагчийг гэрээнээс татгалзахаас өмнө Дөрвөн Ойрад ХХК нь зургын даалгавраа өөрчилж өгөхийг шаардаж байсан нь Иргэний хуулийн 225.4.4-т зааснаар захиалагчийг гэрээнээсээ татгалзах эрхгүй гэдгийг нотолдог. Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 15.14.6-д "барилга байгууламжийн зураг төсөл боловсруулах ажлыг тусгай зөвшөөрлийн үндсэн дээр явуулна" гэж хуульчилсан байдаг. Тусгай зөвшөөрөлгүй Дөрвөн Ойрад ХХК-д тийм эрх байхгүй. Мөн анхан шатны шүүхийн шүүгчид 153 захирамжид гомдол гаргасан байхад хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч надад мэдэгдээгүй, шүүх хуралдааныг товыг мөн мэдэгдээгүй. Түүнчлэн, нэхэмжлэгчийн төлөөлөгч В.Даваагийн итгэмжлэлийн хугацаа дууссан байхад шүүх хуралдаанд оруулсан Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн заалтыг ноцтой зөрчиж байна. шинжээчийн дүгнэлт гэх үнэлгээчний тусгай зөвшөөрөлтэй Увс аймагт ирээгүй Д.Ганбаатар гэгчийн үнэлгээний тайланг үндэслэн шүүхийн шийдвэр гаргасан нь үндэслэлгүй болсон. Үнэлгээчин Ганбаатар нь шүүгчийн захирамжаар асуусан асуултын 70%-80% огт хариулаагүй байхад түүнийг шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон нь хууль бус болсон. Тэгээд ч албан ёсны хариуцагч биш Л.Пүрэвдорж нь шинжээчийн дүгнэлт гаргах хүсэлт гаргасныг албан ёсны хариуцагчийн хүсэлт гэж үзэх боломж байхгүй, шинжээчид ИХШХШТ хуулийн 47-д заасан түүний эрх үүргийг тайлбарлаж өгөөгүй нь мөн л хуулийг зөрчсөн үйлдэл байна. Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч гомдолд өгсөн тайлбартаа: Анхны ажлын талбайгаас 400м2 талбай хасах тухай 2013.10.17-ны өдөр байгуулсан УВНГ-01/2013 гэрээний зургийн даалгаварын өөрчлөлт энэ хэрэгт ямарч хамаагүй болно. Хэрэв Дөрвөн Ойрад ХХК нь тухайн үед ажлын даалгаварт өөрчлөлт оруулах асуудлыг зөвшөөрөөгүй байсан бол дээрхи нэмэлт гэрээг хүлээн зөвшөөрч гарын үсэг зурж баталгаажуулахгүй байх байсан болно. Тендерийн жишиг баримт бичгийг инженерийн тусгай зохион байгуулалт, бүтэц бүхий байгууламж, үйлдвэрийн зураг төслийг боловсруулах, барих, түүний тоног төхөөрөмжийг нийлүүлэх, суурилуулах болон томоохон хэмжээний ажил гүйцэтгэх, бараа нийлүүлж суурилуулах тендер шалгаруулалтад хэрэглэнэ гэж заасан байдаг. Иймд Увс Аймгийн ЗДТГ-аас зарласан ажлын батлагдсан хөрөнгө нь 50 сая төгрөг байсан тул буюу Засгийн газрын 2013 оны 68-р тогтоолыг баримтлан Сангийн сайдын 2007 оны 268 тоот тушаалын хавсралт үнийн санал авах тендерийн жишиг баримт бичгийг ашиглан уг тендерийг зарласан болно. Сангийн яамнаас боловсруулсан энэхүү үнийн санал авах жишиг баримт бичгийг Захиалагч байгууллага 50 сая төгрөгийн төсөвт өртөгтэй ажлын гүйцэтгэгчийг харьцуулалтын аргаар шалгаруулахад мөрдөнө гэж заасан байдаг. Иймд гомдлыг хангахгүй орхиж өгнө үү гэжээ.

   ХЯНАВАЛ:

Нэхэмжлэгч байгууллага буюу Увс аймгийн Засаг дарга нь Дөрвөн Ойрад ХХК-иас 28.426.079 төгрөгийг буцааж гаргуулах нэхэмжлэл гаргасныг хариуцагч зөвшөөрөхгүй маргахдаа гэрээний дагуу олгох мөнгөний үлдэгдэл  4.866.546 төгрөгийг нэхэмжлэгчээс шаардаж сөрөг нэхэмжлэл гаргажээ.

Анхан шатны шүүх нэхэмжлэлээс 7.756.079 төгрөгийн шаардлагыг хангаж, үлдэх хэсгийг сөрөг нэхэмжлэлийн хамт хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг давж заалдах шатны шүүх хэвээр үлдээсэн байна.

Нэхэмжлэгч шүүхэд хандахдаа хариуцагчтай 2013 оны 05 дугаар сарын 10-ны өдөр байгуулсан УВНБ-01/2013, 2013 оны 10 дугаар сарын 17-ны өдөр байгуулсан УВНГ-01/2013 дугаар 2 гэрээг үндэслэсэн бөгөөд уг гэрээний дагуу ажил гүйцэтгэгчид нийт 28.426.079 төгрөг өгсөн гэжээ.

Нэхэмжлэлийн шаардлага тодорхой бус байхад шүүх хэргийг шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд нийцээгүй тул шийдвэр, магадлалыг хүчингүй болгох нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Захиалагч нь хийгээгүй үлдээсэн ажлын мөнгийг эсхүл чанаргүй хийсэн ажлын улмаас учирсан хохирлыг шаардсан эсэх нь тодорхойгүй байхад шүүх хэргийг шийдвэрлэсэн нь нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115, 118 дугаар зүйлийг зөрчжээ.

Гүйцэтгэгч нь захиалагчийн заасан нөхцөл шаардлагад нийцсэн зураг гаргаж ажил гүйцэтгэх эсхүл нэхэмжлэгчийн гаргасан зургаар гэрээнд заасан ажлыг хийхээр  тохиролцсон эсэх тодорхойгүй тул  үндсэн болон сөрөг нэхэмжлэлийн талаар тус шүүхээс дүгнэлт хийх боломжгүй байна.    

Хариуцагчийн хүсэлтээр томилогдсон шинжээчийн дүгнэлтээр маргааны үйл баримт тодорхой болоогүй буюу шүүхээс томилогдсон шинжээч ажил гүйцэтгэгчийн хийсэн ажлын чанар, төсөвт гүйцэтгэлийн талаар дүгнэлт гаргаагүй, харин 2013 онд хийсэн ажлыг 2015 оны байдлаар үнэлсэн байхад шүүх хэргийг шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6, 168 дугаар зүйлийн 168.1.7-д нийцээгүй гэж үзлээ.

Дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэр, давж заалдах шатны шүүхийн магадлалыг тус тус хүчингүй болгож, хэргийн дахин хэлэлцүүлэхээр буцаав.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.5 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ :

1. Увс аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн 191 дүгээр шийдвэр, Баян-Өлгий, Увс, Ховд аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн 64 дүгээр магадлалыг тус тус хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

2. Хариуцагч байгууллага хяналтын шатны шүүхэд гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2016 оны 05 дугаар сарын 27-ны өдөр төлсөн 92.815 төгрөг, 2016 оны 06 дугаар сарын 07-ны өдөр төлсөн 46.250 төгрөгийг тус тус буцааж олгох захирамж гаргасугай.

                                    ТАНХИМЫН ТЭРГҮҮН                           Х.СОНИНБАЯР

                                     ШҮҮГЧ                                                     Б.УНДРАХ