Улсын дээд шүүхийн Тогтоол

2019 оны 05 сарын 03 өдөр

Дугаар 195

 

М.А-д холбогдох эрүүгийн

хэргийн тухай

Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн  танхимын тэргүүн Б.Цогт даргалж, шүүгч Б.Батцэрэн, Д.Ганзориг, Ч.Хосбаяр, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй, Улсын ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор М.Буяннэмэх, нарийн бичгийн дарга М.Билгүтэй нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

Багануур дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 06 дугаар шийтгэх тогтоол, Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн 199 дүгээр магадлалтай, М.А-д холбогдох 1804002540163 дугаартай эрүүгийн хэргийг Багануур дүүргийн Ерөнхий прокурор О.Мөнхбаатарын бичсэн 2019 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн 05 дугаартай эсэргүүцлийг үндэслэн 2019 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр хүлээн авч, шүүгч Ч.Хосбаярын танилцуулснаар хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, 1965 онд төрсөн, 54 настай, эрэгтэй, дээд боловсролтой, зоо техникч мэргэжилтэй, ял шийтгэлгүй, Б овогт М-ын А нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэгт холбогджээ.

Багануур дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүх М.А-ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг  үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар 550 нэгж буюу 550,000 төгрөгөөр торгох ял шийтгэж, торгох ялыг 2019 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн дотор төлүүлэхээр шийдвэрлэсэн байна.

Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж шийдвэрлэжээ

Хяналтын шатны шүүхэд Багануур дүүргийн Ерөнхий прокурор О.Мөнхбаатарын бичсэн 2019 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн 05 дугаартай эсэргүүцэлд “Шүүгдэгч М.А нь 2018 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 18.00-19.00 цагийн орчимд Багануур дүүргийн 3 дугаар хороо, 30 дугаар байрны гадна талбайд өөрийн төрсөн дүү М.Б-г өөртэй нь “машинд сууж ярилцсангүй, өөрт нь эсэргүүцэл үзүүлсэн” гэх шалтгаанаар түүний толгой болон нүүрэн тус газарт гараар цохих, толгойгоор мөргөх зэргээр зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэх хэрэгт холбогдсон байна. Анхан шатны шүүх шүүгдэгч М.А-ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 550 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 550,000 төгрөгийн торгох ял оногдуулж, ... мөн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар торгох ялыг 2019 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн дотор хэсэгчлэн биелүүлэхээр шийдвэрлэсэн байна. Анхан шатны шүүх шүүгдэгч М.А-д торгох ял оногдуулж, уг ялыг биелүүлэх хугацаа тогтоохдоо Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 143 дугаар зүйлийн 143.1 дэх хэсэгт заасан “Шийтгүүлсэн этгээд хууль, эсхүл торгох шийтгэл оногдуулсан шийдвэрт өөрөөр заагаагүй бол тухайн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 90 хоногийн дотор...торгуулийг бүрэн төлж барагдуулах үүрэгтэй.” гэсэн заалтыг харгалзан дүгнэлт хийлгүй, шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулсан, өөрөөр хэлбэл шүүх торгох ялыг биелүүлэх хугацааг 54 хоног буюу хуульд зааснаас бага хугацаагаар тогтоож, эрх хэмжээгээ хэтрүүлэн Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж дүгнэхээр байна.

Улмаар анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 3 дахь заалтад “...мөн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4,5 дахь хэсэгт зааснаар торгох ялыг 2019 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн дотор хэсэгчлэн биелүүлэх...” гэсэн заалтыг зөвтгүүлэхээр дээд шатны прокурорын эсэргүүцэл бичсэн боловч давж заалдах шатны шүүх хэргийг бүхэлд нь хянан хэлэлцээд “Эрүүгийн хууль нь эрүүгийн хуулийн зорилго, зарчмыг тогтоож, хүн, нийгэм, төрд аюултай ямар үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэг гэж үзэх, түүнд оногдуулах эрүүгийн хариуцлагын болон ялын төрөл, хэмжээг тогтоосон материаллаг хууль болохынхоо хувьд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хуулиас дээд хүчин чадалтай, шүүхээс торгох ялыг биелүүлэх хугацааг...54 хоногоор тогтоосныг Эрүүгийн хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж үзэх үндэслэл байхгүй...” хэмээн дүгнэж, шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ. Давж заалдах шатны шүүхийн уг шийдвэр нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “шүүх, прокурор, мөрдөгч эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулахдаа Монгол Улсын Үндсэн хууль, бусад хуулийг чанд сахина” гэсэн заалтыг хэрэгжүүлээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Эрүүгийн хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг тайлбарлах, хэрэглэхэд эргэлзээ гарвал түүнийг сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч, ялтанд ашигтайгаар шийдвэрлэх зохицуулалттай зөрчилдөж байна. Өөрөөр хэлбэл Эрүүгийн хуулиар торгох ялыг биелүүлэх хугацааны доод хязгаарыг тогтоож өгөөгүй боловч Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан 90 хоногийн хугацааг харгалзан торгуулийн ялыг хэсэгчлэн төлөх доод хугацааг тогтоож шийдвэрлэх нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Эрүүгийн хуулийг төсөөтэй хэрэглэхгүй” гэсэн зарчимд харшлахгүй, харин тусгайлан зохицуулсан хуулийн хугацаанаас богино хугацаагаар торгох ялын биелэлтийг тогтоож шийдвэрлэсэн нь илтэд үндэслэлгүй, шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулсан гэж дүгнэхээр байна.

Мөн шүүх Эрүүгийн хууль нь шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулах хэм хэмжээг журамласан Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулиас дээд хүчин чадалтай хэмээн дүгнэсэн нь үндэслэлгүй, Монгол улсын Үндсэн хуульд заасан хууль дээдлэх, хүн бүр хууль шүүхийн өмнө эрх тэгш байна гэсэн зарчимтай нийцэхгүй байна. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 3 дахь заалтад өөрчлөлт оруулж, давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгуулахаар дээд шатны прокурорын эсэргүүцэл бичив.” гэжээ.

Хяналтын шатны шүүх хуралдаанд хяналтын прокурор М.Буяннэмэх гаргасан хууль зүйн дүгнэлтдээ “Шүүгдэгч М.А-ийн үйлдсэн гэмт хэрэг нь хэрэгт цугларсан нотлох баримтаар тогтоогдсон байна. Шүүх шүүгдэгч М.А-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 550,000 төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэхдээ уг торгох ялыг биелүүлэх хугацааг буруу тогтоосон. Эрүүгийн хуулиар торгох ялыг биелүүлэх хугацааны доод хязгаарыг тогтоож өгөөгүй боловч Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн заасан 90 хоногийн хугацааг харгалзан торгуулийн ялыг хэсэгчлэн төлөх доод хугацааг тогтоож өгсөн байхад анхан шатны шүүх уг хугацааг шийтгэх тогтоолдоо 54 хоног болгон зааж байгааг хуулийг тайлбарлан хэрэглэсэн гэж үзнэ. Иймд шийтгэх тогтоол, магадлалд өөрчлөлт оруулах нь зүйтэй” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Багануур дүүргийн Ерөнхий прокурор О.Мөнхбаатарын бичсэн 2019 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн 05 дугаартай эсэргүүцлийг үндэслэн М.А-д холбогдох хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.5 дугаар зүйлд зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн эсэх болон шүүхийн үйл ажиллагаа, шийдвэрийг бүрэн хянаж үзэв.

Шүүгдэгч М.А нь 2018 оны 11 дүгээр сарын 10-ны орой 18-19 цагийн үед Багануур дүүргийн 3 дугаар хороо, 30 дугаар байрны гадна талбайд өөрийн төрсөн дүү М.Б-г өөртэй нь “машинд сууж ярилцсангүй, өөрт нь эсэргүүцэл үзүүлсэн” гэх шалтгаанаар түүний толгой болон нүүр рүү гараар цохих, толгойгоор мөргөх зэргээр зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан нь шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тогтоогдсон талаарх анхан болон давж заалдах шатны шүүхийн дүгнэлт үндэслэл бүхий болжээ.

Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй болно.

Анхан шатны шүүх прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч М.А-ийн гэм бурууг хянан хэлэлцэж, шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримтыг үндэслэн хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан талаар хууль зүйн дүгнэлт хийхдээ 2015 оны Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэж, хуульд заасан төрөл, хэмжээний дотор ял оногдуулсан байна.

Харин анхан шатны шүүх шүүгдэгч М.А-ийн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг төлж барагдуулсан, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, шүүгдэгчийн байдал зэргийг харгалзан торгох ял оногдуулж шийдвэрлэхдээ ялыг биелүүлэх хугацааг 54 хоногоор тогтоож хуулийг буруу хэрэглэжээ.

Эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, тохирсон байх зарчмыг хангахад торгох ялыг биелүүлэх хугацааг шүүх шүүгдэгчийн төлбөрийг нөхөн төлөх чадварт нийцүүлэн хуульд зааснаас өөрөөр тогтоох зохицуулалт чухал үүрэг гүйцэтгэнэ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт шүүгдэгчийн хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан торгох ялыг гурван жил хүртэл хугацаанд хэсэгчлэн төлөхөөр шүүх тогтоож болохоор заасан нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.3 дахь хэсэгт заасан торгох ялыг биелүүлэх хугацааг шүүгдэгчийн санхүүгийн байдалд тохируулан хуульд зааснаас илүү боломж олгох байдлаар сунгаж тогтоох эрх хэмжээг шүүхэд олгосон шинэлэг зохицуулалт юм.

Шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсгийг шүүгдэгчид хуулиар тогтоосон хязгаарлалтыг чангаруулах, олгосон эрхийг хязгаарлах байдлаар хэрэгжүүлэхгүй тул торгох ял биелүүлэх доод хугацааг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоног байхаар хуульчилснаар авч үзнэ.

Мөн торгох ял биелүүлэх хугацааг шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсноос хойш тоолохоор хуульчилсан байхад тодорхой огноо заасан нь биелэгдэх боломжийн талаар зөрчилтэй нөхцөл байдлыг үүсгэсэн байна.

Иймээс прокурорын бичсэн эсэргүүцлийг хүлээн авч, шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 3 дахь заалтыг бүхэлд нь хүчингүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

1. Багануур дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 06 дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 3 дахь заалтыг бүхэлд нь хүчингүй болгож, шийтгэх тогтоол, магадлалын бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

                       

             ДАРГАЛАГЧ                                                 Б.ЦОГТ

             ШҮҮГЧ                                                          Б.БАТЦЭРЭН

                                                                                   Д.ГАНЗОРИГ

                                                                                   Ч.ХОСБАЯР

                                                                                   Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭН