Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 12 сарын 18 өдөр

Дугаар 2018/ДШМ/071

 

 *******т холбогдох эрүүгийн хэргийн тухай

Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн Ерөнхий шүүгч М.Мөнхдаваа даргалж, шүүгч Б.Болор-Эрдэнэ, Г.Уламбаяр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

Прокурор *******

Шүүгдэгчийн өмгөөлөгч *******, *******

Шүүгдэгч *******

Нарийн бичгийн дарга Ж.Чимэддорж нарыг оролцуулан;

 Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Батцэнгэл даргалж шийдвэрлэсэн шүүх хуралдааны 2018 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 2018/ШЦТ/264 дүгээр шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч *******, түүний өмгөөлөгч ******* нарын гаргасан давж заалдах гомдлуудаар *******т холбогдох эрүүгийн 1814004230230 дугаар хэргийг 2018 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр хүлээн авч, шүүгч Б.Болор-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, ******* овогт ******* *******, ..... багт оршин суудаг, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, регистрийн дугаар /*******/

******* нь 2017 оны 12 дугаар 17-ноос 2017 оны 12 дугаар сарын 18-нд шилжих шөнө Баянхонгор аймгийн Баацагаан сумын 2 дугаар багийн нутаг Бунхан сайрын бригад гэх газраас *******ийн эзэмшлийн 3 тооны монгол үүлдрийн үхрийг хулгайлж бусдад 700.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Баянхонгор аймгийн Прокурорын газраас *******т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэн хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлжээ.

Анхан шатны шүүх: Шүүгдэгч ******* овогтой ******* *******ыг бусдын малыг хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ******* овогт ******* *******ыг нэг / 01 / жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар ялтан *******т нэг / 01 / жилийн хугацаагаар оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2.2-д зааснаар ялтан *******т нэг / 01 / жилийн хугацаагаар зан үйлээ засах сургалтад хамрагдах үүргийг хүлээлгэж хэрэгжүүлэхийг нээлттэй хорих байгууллагад даалгаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ялтан *******ын энэ хэргийн учир цагдан хоригдсон тав / 05 / хоногийг эдлэх ялд нь оруулан тооцож, энэ хэргийн учир ******* нь бусдад төлөх төлбөргүй, уг хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг тус тус дурдаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.3-д зааснаар уг хэрэгт ялтан *******ын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан тээврийн хэрэгсэл буюу түүний үнэ нэг сая / 1000.000 / төгрөгийг хураан улсын төсөвт шилжүүлэхийг Баянхонгор аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.3, 36.8 дугаар зүйлийн 1.8-д зааснаар уг хэрэгт шүүгдэгч *******ын эзэмшлийн таван ханатай гэрийг битүүмжилсэн 2018 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн Баянхонгор аймгийн Прокурорын газрын прокурорын тогтоолыг хэвээр үлдээж, гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан авто машины үнэ нэг сая / 1000.000 / төгрөгийг улсын төсөвт шилжүүлэхэд худалдан борлуулж зарцуулахыг Баянхонгор аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж ялтан ******* дээрх төгрөгийг төлсөн тохиолдолд Прокурорын тогтоолыг хүчингүй болгож гэрийг эзэмшигч *******т буцаан олгож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5-д зааснаар шүүгдэгч *******т урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, түүний эдлэх ялыг 2018 оны 10 дугаар сарын 23-ны өдрөөс эхлэн тоолж шийдвэрлэжээ.

Шүүгдэгч ******* гаргасан давж заалдах гомдолдоо болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

******* миний бие Баянхонгор аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 2018/ШЦТ/264 дүгээр шийтгэх тогтоолд хүндэтгэлтэй хандаж байгаа боловч надад оногдуулсан 1 жилийн хорих ялыг зөвшөөрөхгүй гомдол гаргаж байгаа бөгөөд гэмт хэрэг үйлдсэнээ хүлээн зөвшөөрч маш их харамсаж, гэмшиж байна, хор уршигийг мөрдөн шалгах ажиллагааны явцад бүрэн төлж барагдуулсан. Цаашид мал хулгайлах гэмт хэрэг үйлдэхгүй байхаа ард иргэд хуулийн байгууллагад илэрхийлж байна. Мөн шүүхээс гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан тээврийн хэрэгслийн үнэ 1.000.000 төгрөгийг ойрын хугацаанд төлж Шүүхийн шийдвэрийг нэн даруй биелүүлнэ. Би 4-12 насны бага насны 4 хүүхэдтэй, эхнэр маань жирэмсэн хоцорсон, ар гэрийн байдал, хүнд нөхцөлтэй байдлыг харгалзан ялыг тэнсэж надад болон гэр бүл, үр хүүхдийн маань амьдралд тус хүргэнэ үү гэжээ.

Шүүгдэгчийн өмгөөлөгч ******* давж заалдах гомдолдоо болон шүүх хуралдаанд гаргасан саналдаа:

...Гэрчээр *******ийг асуусан байтал Батсуурь гэх малчинг асуугаагүй, хэзээ хаанаас дээрх 3 үхрийг алдсан, хэзээ мэдсэн зэрэг нь тодорхойгүй..., гэрч Хосбаяр гэх хүний малд улаан бяруу байсан гэх боловч Баацагаан сумаас алдсан мал Баян-овоо суманд байгаа гэдгийг яаж мэдсэн. Батжаргал гэх хүн хэнээс Хосбаярын малд байсан улаан бярууг Идэрмөнх аваад явсан талаар мэдсэн зэрэг нь эргэлзээтэй байхад гэрч *******ийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт хоёроор гэм буруутай нь нотлогдсон гэж үзэж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг шүүх шийдвэрлэсэн.

Мөн хуулийн 7.4 дүгээр зүйлийн 2 дэх хэсэгт зааснаар яллагдагч өөрийн эсрэг мэдүүлэг өгөх, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугүйгээ, эсхүл хэргийн байдлыг нотлох үүрэг хүлээхгүй гэж заасан байхад шүүгдэгч *******ын мэдүүлгийг шүүх шийтгэх тогтоол гаргах үндэслэл болгосон байна.Тус аймгийн цагдаагийн газарт иргэн Б.Батмөнхөөс *******ын нэр дээр дахин өргөдөл гаргасантай холбогдуулан гэрчээр мэдүүлэг авахад н.Эрдэнэбат гэх хүнээс 2 удаа бяруу худалдан авсан. Эхний удаа явахдаа Г.Баттулгатай, дараа удаа явахдаа Нямка гэж Г.Баттулгын туслах залуутай явсан гэж мэдүүлдэг.

...шүүхийн тогтоолыг хүчингүй болгож, хэргийн мөрдөн байцаалтанд буцааж өгнө үү гэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгч ******* шүүх хуралдаанд гаргасан саналдаа:

 ...*******ын хувийн байдлыг харгалзан хэргийг хөнгөрүүлж шийдэх боломжтой, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт заасан хөнгөн гэмт хэрэг анх удаа үйлдсэн, хорих ялын дээд хэмжээг 5 жилээс доош хугацаагаар тогтоосон гэмт хэрэгт хохирлыг нөхөн төлсөн бол хорих ял оногдуулахгүйгээр 5 жил буюу түүнээс бага хугацаагаар тэнсэж албадлагын арга хэмжээ хэрэглэх, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа, хохирлыг нөхөн төлсөн, хор уршгийг арилгасан, анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн учраас ялыг хөнгөрүүлэх, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Давж заалдах шатны шүүхэд хэргийн зүйлчлэлийг өөрчлөн ялыг хөнгөрүүлж, эсхүл шүүгдэгчид холбогдох хэргийн нөхцөл байдал, зүйлчлэлийг өөрчлөхгүйгээр ялыг хөнгөрүүлэх эрхтэй учраас шүүгдэгчид ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж өгнө үү гэв.

Прокурор ******* шүүх хуралдаан гаргасан дүгнэлтдээ;

...өмгөөлөгч ******* нь *******т шүүхээс ял шийтгэл оногдуулахдаа зөвхөн шүүгдэгч *******ын мэдүүлэгт үндэслэж шийдвэр гаргасан нь үндэслэлгүй, бусад холбогдох нотлох баримтыг шалгаагүй байна гэж үзэж хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаах санал гаргаж байгаа нь үндэслэлгүй буюу 2017 оны 12 дугаар сарын 17-ны өдөр тухайн бярууг ачиж явсан талаар ******* нь мэдүүлдэг. ******* нь дахин гэмт хэрэгт холбогдсон тохиолдолд өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялын хэмжээг тогтоож болно. *******т холбогдох хэргийг бүрэн шалгаж тогтоосон,******* нь гэмт хэрэг үйлдсэн болохоо хүлээн зөвшөөрсөн тул анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээнэ үү гэв.

 ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч *******,өмгөөлөгч ******* нарын давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолд үндэслэн хэргийг давж заалдах шатны шүүх хуралдаанаар хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт тус тус заасан эрх хэмжээний хүрээнд давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянахад;

Баянхонгор дахь Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх нь *******т холбогдох эрүүгийн хэргийг 2018 оны 10 дугаар сарын 11-ний өдөр Баянхонгор аймгийн Прокурорын газраас хүлээн авсан, хэргийг хянан шийдвэрлэх, шүүх хуралдааныг даргалагч шүүгчийг томилсон Ерөнхий шүүгчийн захирамж хавтаст хэрэгт авагдаагүй байгаа нь Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.2-д “...Ерөнхий шүүгч нь хэрэг маргааныг анхан шатны журмаар шийдвэрлэх шүүх бүрэлдэхүүнийг шүүгчдийн зөвлөгөөнөөр хэлэлцүүлж, томилсон шийдвэрийг албажуулах”, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 2.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “анхан шатны шүүхэд ирсэн хэргийг тухайн шүүхийн шүүгчдийн зөвлөгөөнөөс тогтоосон хэрэг хуваарилах журмын дагуу хуваарилна” , 3.3 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт “энэ зүйлд заасан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх шүүх бүрэлдэхүүн, шүүх хуралдаан даргалагчийг шүүгчдийн зөвлөгөөнөөс тогтоосон журмын дагуу томилно” гэж тус тус заасныг зөрчиж, шүүгч Д.Батцэнгэл хэргийг шийдвэрлэсэн нь хууль бус бүрэлдэхүүнээр хэргийг хэлэлцэн шийдвэрлэсэн гэж үзэх үндэслэл болсон байна.

Энэ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.8 дугаар зүйлийн 1.1-д заасан ноцтой зөрчилд хамаарагдаж байх тул шийтгэх тогтоолыг бүхэлд нь хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж шийдвэрлэх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүхээс дүгнэв.

 Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр хэргийг дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцаасан тул шүүгдэгч *******, түүний өмгөөлөгч ******* нарын гаргасан давж заалдах гомдлуудад хууль зүйн дүгнэлт өгөх боломжгүй байна.

Хэргийг анхан шатны шүүхэд очтол *******т хэрэглэсэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсэн болохыг дурдав.

 Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.2,

 Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр

 зүйлийн 1.3-т тус тус заасныг удирдлага болгон

 ТОГТООХ нь:

 1. Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 2018/ШЦТ/264 дүгээр шийтгэх тогтоолыг бүхэлд нь хүчингүй болгож, *******т холбогдох эрүүгийн 1814004230230 тоот хэргийг дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

 2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар *******т урьд хэрэглэсэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

3. Гомдол,эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол,эсэргүүцэл гаргаж болохыг мэдэгдсүгэй.

 

           

ДАРГАЛАГЧ

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ М. МӨНХДАВА

                      ШҮҮГЧИД Г. УЛАМБАЯР

                                                     Б. БОЛОР-ЭРДЭНЭ