Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2024 оны 08 сарын 19 өдөр

Дугаар 129/ШШ2024/00367

 

 

 

 

 

2024 оны 08 сарын 19 өдөр

Дугаар 129/ШШ2024/00367

Архангай аймаг

 

            МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС                                                                              

 

 

Архангай аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Элбэгзаяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар

Нэхэмжлэгч: А овогт Г.С-гийн нэхэмжлэлтэй

Хариуцагч: Б овогт Р.Б-т холбогдох

 

Нэхэмжлэлийн шаардлага: 630,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгч Г.С /цахимаар/

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч С.Б /цахимаар/

Хариуцагч Р.Б /цахимаар/

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Хажидсүрэн

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч Г.С нь 630,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан.

 

2. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:            

- Р.Б нь шүүхэд нэхэмжлэл гаргах улсын тэмдэгтийн хураамж төлөх мөнгөгүй байна 650,000 төгрөг түр зээлээч, удаахгүй буцаж өгнө гэж миний ах Г.Г-оос гуйсан бөгөөд би ах Г.Г-ын гуйлтаар 2023 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр өөрийн ХААН банкны ............... тоот данснаас Р.Б-ын ХААН банкны .................. тоот данс руу 630,000 төгрөг шилжүүлж, Р.Б-т зээлдүүлсэн боловч Р.Б нь зээлсэн мөнгөө өнөөдрийг хүртэл буцааж төлөхгүй, намайг хохироож байгаа тул маргааныг шүүхийн журмаар шийдвэрлүүлэхээр энэхүү нэхэмжлэлийг гаргаж байна. Хариуцагч Р.Б-аас 630,000 төгрөг гаргуулж Г.С надад олгож өгнө үү гэжээ.

 

3. Хариуцагч Р.Б шүүхэд гаргасан хариу тайлбартаа: ... Миний бие Р.Б нь найз Д.Д, Г.М нарын хамт 2021 оны 10 дугаар сард С аймгийн М суманд самрын бизнес хийж, самар бэлтгэх хүмүүст дундаасаа мөнгө нийлүүлэх урьдчилгаа болгон өгч гэрээ хийсэн юм. Ажил дуусах болж Э.Б, Ж.М, Б.У, Б.Ц, С.Э, Б.Э зэрэг 6 хүн гэрээний үүргээ биелүүлээгүй, урьдчилан авсан мөнгөө төлөөгүй тул М сумын Иргэний хэргийн анхан шатны шүүхээр нэхэмжлэхээр шийдэж, улсын тэмдэгтийн хураамж нааш, цааш явах бусад зардлыг хамтарч гаргахаар шийдсэн. Энэ зардалд М нь мөнгө гаргах боломжгүй гэсэн тул түүний ах Г.Г нь зардлаас гаргалцах болж дүү Г.С гэгч нь 630,000 төгрөгийг надад дансаар тэмдэгтийн хураамж гэж өгсөн. Ингээд С аймгийн М сумын Иргэний хэргийн анхан шатны шүүхэд тэмдэгтийн хураамж төлж, иргэн Э.Б-ээс 15,400,000 төгрөг /шүүхийн шийдвэр гарч шийдвэр гүйцэтгэлийн шатанд яваа/, иргэн Ж.М 5,400,000 төгрөг /төлөгдсөн/, Б.Ц-гоос 13,000,000 төгрөгөөс 12,000,000 төлөгдсөнөөс 9,000,000 төгрөгийг Г.М-гийн эхнэр болох У-д өгсөн. Б.У-аас 17,000,000 төгрөгийг тус тус нэхэмжлээд байгаа юм. Одоо Б.Э-аас 8,000,000 төгрөг, С.Э-аас 6,000,000 төгрөгийг хүү алдангийн хамт нэхэмжлэх юм. Энэ хугацаанд М сумын шүүхэд 4 удаа өгсөн, У хотод 1 удаа очиж шүүхэд материал бүрдүүлж өгөх, шүүх хуралд оролцох зэрэг бүх зардлыг Д.Д бид хоёр өөрсдөө хариуцан хөөцөлдөж байгаа юм. Би иргэн Г.С-гээс 630,000 төгрөгийг зээлж аваагүй бөгөөд харилцан тохиролцсоноор улсын тэмдэгтийн хураамж бусад зардал зарцуулагдаж байгаа тул би төлөх ёсгүй гэж үзэж байна. Харин бид хоёр хөөцөлдөж эхний шийдвэрлэгдэж алдсан мөнгөнөөс 9,000,000 төгрөгийг Г.С-гийн ах Т.М-гийн эхнэр гэх У-д өгсөн байгаа тул түүнээс мөнгөө авах ёстой байх гэж үзэж байна. Дээрх нэхэмжлэл гаргасан бүх баримт шүүхийн шийдвэр зэрэг нь М сумын Иргэний хэргийн шүүхэд байгаа болно гэжээ.

 

4. Нэхэмжлэгч Г.С шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би Р.Б руу утсаар залгаад миний мөнгийг өгөөч, би шүүхэд нэхэмжлэл гаргалаа шүү, үнэндээ надад энэ нэхэмжлэлийн улсын тэмдэгтийн хураамжийг төлөх боломж алга гэхэд Р.Б надад одоо мөнгө байхгүй байна, шүүхэд нэхэмжлэл гаргасан байгаа нөгөө талаасаа мөнгөө авахаар өгнө гэж хэлсэн. Ингээд би шүүхэд нэхэмжлэл гаргасан. Би тухайн үед нь Р.Б-ын данс руу шилжүүлсэн 630,000 төгрөгөө зээл авч өгч байсан. Би удаа дараа, олон удаа утас руу нь залгаж мөнгөө авъя гэж хэлдэг байсан. Мөн хариуцагч 630,000 төгрөгийг өгч чадахгүй хүн биш, боломжтой, мөнгөтэй, чинээтэй хүн. Р.Б миний амьдралыг ч мэднэ. Бид А аймагт хамт ажиллаж байсан юм. Эсвэл Р.Б хүнээс ингэж мөнгө аваад байдаг юм болов уу гэж хардаж байгаа. Иймд миний Р.Б-ын данс руу шилжүүлсэн 630,000 төгрөгийг Р.Б-аас гаргуулж өгнө үү. Би мөнгөө авах хүсэлттэй байна. Би  Р.Б гэдэг хүнтэй байнга утсаар ярьдаг байсан. Ярьж байсан байдлаа нотлох дуу хураагуурын бичлэг байгаа. Р.Б С аймаг руу явахдаа хамт явъя гэж хэлж байснаа дараа нь болье гэж хэлсэн. Миний ах, ахын маань эхнэр явж байгаа гэхээр нь би яваад яах вэ дээ гэж бодоод үлдсэн. Тухайн үед н.Д ах хуулийн хүнтэй явж байгаа юм чинь гайгүй байх гэсэн чинь хулхидуулчихлаа гэж хэлж байсан. Р.Б миний ахыг ашиглаж, өөртөө боломж гаргадаг хүн юм байна гэж бодож байна. Р.Б бол өрх толгойлсон эх надад 630,000 төгрөг өгч чадахгүй хүн  биш юм. Би багш хүн худлаа хэлэхгүй. Р.Б худлаа ярьж байна. Р.Б над руу өөрөө утсаар яриад 630,000 төгрөг авч байсан. Бид шүүхэд нэхэмжлэл гаргах гэхээр мөнгө байхгүй байна гээд надаас улсын тэмдэгтийн хураамжид төлөх мөнгө авсан. н.У-г шүүхэд нэхэмжлэл гаргах гэж байгаа юм байна гэж ойлгоод нэрийг нь бичсэн. Би энэ талаар н.У-д хэлсэн. Р.Б над руу өөрөө утсаар яриад 630,000 төгрөг авч байсан гэв.

 

5. Хариуцагч Р.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би 2021 онд Г.С-гийн ах Г.М, найз н.Д нарын хамт С аймгийн М суманд хамтарч бизнес эхлүүлэхээр тохирч байсан. Ингээд би 86,000,000 төгрөг, н.Д 50,000,000 төгрөг гаргасан. Гэтэл бид 6 хүнд мөнгөө өгөөд хулхидуулсан. Тухайн үед Г.М гэмт хэрэгт холбогдсон гээд сураггүй болсон. Би Д-той ярилцаад мөнгөө олж авахаар тохироод шүүхэд хандахаар шийдсэн. Ингээд байж байтал Г.М-ы эхнэр гээд У гэдэг хүн ирээд М миний мөнгийг авсан, тэр мөнгөө та нарт өгсөн гэж байна гээд бид нараас мөнгө нэхсэн. Надад Г.М мөнгө өгөөгүй. У, Д бид хоёроос мөнгө нэхээд байхаар нь уулзаж ярилцъя гээд У хотод уулзахад У Г.М-ны ах Г.Г гэдэг хүнтэй хамт ирсэн. Бид ярилцаад шүүхэд нэхэмжлэл гаргахаар шийдэж, холбогдох зардлыг хувааж төлөхөөр тохирсон. Ингээд улсын тэмдэгтийн хураамж төлөх мөнгө байхгүй гэхэд Г.Г улсын тэмдэгтийн хураамжийн мөнгийг зохицуулахаар болж удалгүй миний дансанд 630,000 төгрөг орсон. Би Г.Г-ыг Г.С-гээс мөнгө авсан гэж ойлгож байгаа. Дараа нь бид З-д очиж ажиллахаар болсон. Тэнд очоод танилцсан 2 хүн нь Г.М-ны найзууд байсан. Мөн энэ 2 хүн ч зугатаагаад сураггүй болсон. Би Г.С-тэй уулзаж байгаагүй, мөн утсаар ярьж байгаагүй. Хавтаст хэрэгт авагдсан дансны хуулганаас улсын тэмдэгтийн хураамж гэсэн утгатай 630,000 төгрөг орсны дараахан С аймгийн шүүхэд улсын тэмдэгтийн хураамж төлсөн талаарх баримт байгаа. Бусад ирж, очих зардлыг Д бид 2 гаргасан. Би Г.С-гээс мөнгө зээлээгүй, зальдаж аваагүй. Ингээд эхний шүүх хуралдаан болж 18,000,000 төгрөг гаргуулан авсан. Үүнээс У-д 9,000,000 төгрөг өгсөн. Үлдсэн 9,000,000 төгрөгийг Д-той би хувааж авсан. Би олон жил хууль, хүчний байгууллагад ажилласан тул хулгай хийж, худлаа хэлж, хүнээс мөнгө авахгүй. Шаардлагатай бол тухайн шүүхийн шийдвэр болон захирамжийг гаргаж өгөх боломжтой. Би энэ хэргийн хариуцагч нь биш, би хариуцах ёсгүй гэж бодож байна. Би Г.С-тэй огт яриагүй. н.У, Г.Г, н.Д нартай У хотын Х дүүргийн худалдааны төвийн урд машинд сууж байгаад ярилцсан. Хэрвээ шаардлагатай бол Г.Г-ыг гэрчээр асуулгаж болно. Би Г.С-д мөнгө өгөхгүй. Г.С чи У юм уу эсвэл Г.Г-оос 630,000 төгрөгөө ав. Би Г.С-гээс 630,000 төгрөг хүлээн авсан. Миний данс руу мөнгө орсон. Гэхдээ би Г.Г-ыг эхнэрээсээ мөнгө авч байна гэж бодсон гэв.

 

6. Нэхэмжлэгчээс:

- Г-ын Сайнхүүгээс Р.Б-т 630,000 төгрөг шилжүүлсэн 2023 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн дансны хуулгыг нотлох баримтаар  шүүхэд гаргаж өгсөн.

 

7. Хариуцагчаас:

- Нэр: Б, Шүүх:Х дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх, улсын тэмдэгтийн хураамж: 246,350 төгрөг гэсэн Гэрэгэ киоск-ийн и-баримт,

- Р.Б-ын 2023 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2023 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэлх хугацааны Депозит дансны дэлгэрэнгүй хуулга,

- 2023 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн Н.М-өөс Р.Б-т олгосон Итгэмжлэл зэрэг нотлох баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Нэхэмжлэгч Г.С-гийн хариуцагч Р.Б-т холбогдуулан гаргасан 630,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг хангах үндэслэлтэй байна.

 

            2. Нэхэмжлэгч доорхи үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд:

- Би Р.Б руу утсаар залгаад миний мөнгийг өгөөч, би шүүхэд нэхэмжлэл гаргалаа шүү, үнэндээ надад энэ нэхэмжлэлийн улсын тэмдэгтийн хураамжийг төлөх боломж алга гэхэд Р.Б надад одоо мөнгө байхгүй байна, шүүхэд нэхэмжлэл гаргасан байгаа нөгөө талаасаа мөнгөө авахаар өгнө гэж хэлсэн. Ингээд би шүүхэд нэхэмжлэл гаргасан. Би тухайн үед нь Р.Б-ын данс руу шилжүүлсэн 630,000 төгрөгөө зээл авч өгч байсан. Би удаа дараа, олон удаа утас руу нь залгаж мөнгөө авъя гэж хэлдэг байсан. ... Иймд миний Р.Б-ын данс руу шилжүүлсэн 630,000 төгрөгийг Р.Б-аас гаргуулж өгнө үү гэжээ.

 

3. Хариуцагч доорхи үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд:

    - Би 2021 онд Г.С-гийн ах Г.М, найз Д нарын хамт Сэлэнгэ аймгийн Мандал суманд хамтарч бизнес эхлүүлэхээр тохирч байсан. Ингээд би 86,000,000 төгрөг, Дашдорж 50,000,000 төгрөг гаргасан. Гэтэл бид 6 хүнд мөнгөө өгөөд хулхидуулсан. Тухайн үед Г.М гэмт хэрэгт холбогдсон гээд сураггүй болсон. Би Д-той ярилцаад мөнгөө олж авахаар тохироод шүүхэд хандахаар шийдсэн. Ингээд байж байтал Г.М-ны эхнэр гээд У гэдэг хүн  ирээд М миний мөнгийг авсан, тэр мөнгөө та нарт өгсөн гэж байна гээд бид нараас мөнгө нэхсэн. Надад Г.М мөнгө өгөөгүй. У Д бид хоёроос мөнгө нэхээд байхаар нь уулзаж ярилцъя гээд У хотод уулзахад У Г.М-ны ах Г.Г гэдэг хүнтэй хамт ирсэн. Бид ярилцаад шүүхэд нэхэмжлэл гаргахаар шийдэж, холбогдох зардлыг хувааж төлөхөөр тохирсон. Ингээд улсын тэмдэгтийн хураамж төлөх мөнгө байхгүй гэхэд Г.Г улсын тэмдэгтийн хураамжийн мөнгийг зохицуулахаар болж удалгүй миний дансанд 630,000 төгрөг орсон. Би Г.Г-ыг Г.С-гээс мөнгө авсан гэж ойлгож байгаа. Дараа нь бид З-д очиж ажиллахаар болсон. Тэнд очоод танилцсан 2 хүн нь Г.М-ы найзууд байсан. Мөн энэ 2 хүн ч зугатаагаад сураггүй болсон. Би Г.С-тэй уулзаж байгаагүй, мөн утсаар ярьж байгаагүй. Хавтаст хэрэгт авагдсан дансны хуулганаас улсын тэмдэгтийн хураамж гэсэн утгатай 630,000 төгрөг орсны дараахан С аймгийн шүүхэд улсын тэмдэгтийн хураамж төлсөн талаарх баримт байгаа. Бусад ирж, очих зардлыг Д бид 2 гаргасан. Би Г.С-гээс мөнгө зээлээгүй, зальдаж аваагүй. Ингээд эхний шүүх хуралдаан болж 18,000,000 төгрөг гаргуулан авсан. Үүнээс У-д 9,000,000 төгрөг өгсөн. Үлдсэн 9,000,000 төгрөгийг Д-той би хувааж авсан. ... Шаардлагатай бол тухайн шүүхийн шийдвэр болон захирамжийг гаргаж өгөх боломжтой. Би энэ хэргийн хариуцагч нь биш, би хариуцах ёсгүй гэж бодож байна гэжээ.

 

4. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Г.С-гээс Р.Б-т 630,000 төгрөг шилжүүлсэн 2023 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн дансны хуулга, Нэр: Б, Шүүх:Х дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх, улсын тэмдэгтийн хураамж: 246,350 төгрөг гэсэн Гэрэгэ киоск-ийн и-баримт, Р.Б-ын 2023 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2023 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэлх хугацааны Депозит дансны дэлгэрэнгүй хуулга, 2023 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн Н.М-өөс Р.Б-т олгосон Итгэмжлэл зэрэг нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.

 

5. Нэхэмжлэгч Г.С нь 630,000 төгрөгийг хариуцагч Р.Б-ын дансанд шилжүүлсэн болох нь Г.С-гээс Р.Б-т 630,000 төгрөг шилжүүлсэн 2023 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн дансны хуулга, Р.Б-ын 2023 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2023 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэлх хугацааны Депозит дансны дэлгэрэнгүй хуулга зэрэг нотлох баримт болон зохигчийн шүүхэд гаргасан тайлбар зэргээр тогтоогддог ба хариуцагч 630,000 төгрөг авсан гэдэгтэй маргаагүй. 

 

6. Харин  хариуцагч Р.Б “... Би Г.С-гээс 630,000 төгрөг хүлээн авсан. Миний данс руу мөнгө орсон. Гэхдээ би Г.Г-ыг эхнэрээсээ мөнгө авч байна гэж бодсон. Хавтаст хэрэгт авагдсан дансны хуулганаас улсын тэмдэгтийн хураамж гэсэн утгатай 630,000 төгрөг орсны дараахан С аймгийн шүүхэд улсын тэмдэгтийн хураамж төлсөн. Энэ талаарх баримт байгаа. С аймгийн шүүхэд нэхэмжлэл гаргаж хохирлоо гаргуулж авсан. Шаардлагатай бол тухайн шүүхийн шийдвэр болон захирамжийг гаргаж өгөх боломжтой. Би энэ хэргийн хариуцагч нь биш, би хариуцах ёсгүй гэж бодож байна. Би Г.С-тэй огт яриагүй. ... Хэрвээ шаардлагатай бол Г.Г-ыг гэрчээр асуулгаж болно. Би Г.С-д мөнгө өгөхгүй,  У юм уу эсвэл Г.Г-оос 630,000 төгрөгөө ав.” гэж маргаж байна.

 

                7. Хариуцагч дээрх үндэслэлээр мөнгийг төлөхгүй гэж маргаж байгаа боловч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2 дахь хэсэгт заасан өөрийн татгалзаж буй үндэслэл, тайлбар, түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүргээ хариуцагч тал биелүүлээгүй.

            Тодруулбал хариуцагч Г.С-гээс Р.Б-ын дансанд 630,000 төгрөг орсоны дараа С аймгийн шүүхэд нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлсөн гэж тайлбарладаг боловч энэ талаарх нотлох баримтаа шүүхэд ирүүлээгүй, нотлох үүргээ хариуцагч хэрэгжүүлээгүй.

8. Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д зааснаар бусдын өмнө хүлээсэн үүргээ гүйцэтгэхээр хэн нэгэн этгээдэд хөрөнгө шилжүүлсэн этгээд уг зүйлийг олж авсан этгээд болон үүрэг гүйцэтгэгч этгээдийн хооронд үүрэг үүсээгүй, эсхүл үүрэг нь хожим дуусгавар болсон буюу хүчин төгөлдөр бус болсон тохиолдолд буцаан шаардах эрхтэй байна.

 

9.  Р.Б-ын өмчлөлд 630,000 төгрөг шилжүүлсэн, зохигчийн хооронд ямар нэг хэлцэл, гэрээний харилцаа үүсээгүй бөгөөд энэ тохиолдолд хөрөнгө шилжүүлсэн этгээд хөрөнгөө буцаан шаардах эрхтэй, мөн шүүх уг нэхэмжлэлийн шаардлагыг үндэслэлгүй хөрөнгөжсөнөөс үүсэх үүргийн харилцаа гэж үзсэн, хариуцагч энэ хэмжээгээр үндэслэлгүй хөрөнгөжсөн тул нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, хариуцагчаас 630,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгох үндэслэлтэй байна гэж дүгнэв.

10. Иймд Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1-т заасныг баримтлан хариуцагч Р.Б-аас 630,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Г.С-д олгох нь зүйтэй байна.

 

            11. Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн тул нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 19,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Р.Б-аас 19,950 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон 

 

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1-т заасныг баримтлан хариуцагч Р.Б-аас 630,000 /зургаан зуун гучин мянга/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Г.С-д олгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 19,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Р.Б-аас 19,950 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Г.С-д олгосугай.

 

             3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, түүний төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор шийдвэр гаргасан шүүхээр дамжуулан Архангай аймгийн Эрүү  Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ  ШҮҮГЧ                              Д.ЭЛБЭГЗАЯА