Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 10 сарын 10 өдөр

Дугаар 275

 


МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Хэргийн индекс: 166/2017/0262/Э

Дархан-Уул аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Батжаргал даргалж, 
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Нандинцэцэг, 
Улсын яллагчаар аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Н.Дуламсүрэн, 
Хохирогчийн өмгөөлөгч*** ,
Шүүгдэгчийн өмгөөлөгч ****,
Шүүгдэгч ****нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийж, Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч **** холбогдох эрүүгийн 1718000510018 дугаартай хэргийг 2017 оны 8 дугаар сарын 31-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, ****

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/:

Шүүгдэгч ****нь 2017 оны 7 дугаар сарын 22-ны орой 21 цагийн орчим Дархан-Уул аймаг, Дархан сум, **** дугаар байрны гадна иргэн ****хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж орцны үүдэнд байрлах сандлын араар унагаж улмаар эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад 

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч ****нь 2017 оны 7 дугаар сарын 22-ны орой 21 цагийн орчим Дархан-Уул аймгийн Дархан сумын **** байрны гадна иргэн **** хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж улмаар ноцолдож орцны үүдэнд байрлах сандлын араар унагаж баруун хөлийн шилбэний шаант ясны үе дайрсан хугарал, тахилзуур ясны битүү хугарал бүхий хүндэвтэр хохирол учруулсан болох нь 

    Шүүгдэгч ****мөрдөн байцаалт болон шүүх хуралдаанд өгсөн: 

    ...2017 оны 7-р сарын 22-ны орой би **** гэдэг найзтайгаа нэг айлд гал тогоо угсарчхаад 20 цаг өнгөрч байхад *** ы доор байдаг мужааны цехдээ багажаа тавих гээд ирэхэд 6-р орцны үүдэн дээр ****, ****, ****нар сууж байсан. Тэгээд би цехдээ ороод багажаа сейфэндээ хийгээд эргэтэл араас ****, ****, **** 3 орж ирээд тал шил архи барьчихсан байсан. Яг хэдэн граммын архи байсныг анзаараагүй. Тэгээд ширээн дээр суугаад тал шил архиа тойруулаад архинаас нь уугаагүй маргааш нь ажилтай байсан учраас амсаад өгсөн. Тэгээд би одоо гарлаа гэсэн чинь тэр 3 манай цехээс гарсан. Би цех дотроо үлдээд гар нүүрээ угаачихаад хувцсаа сольчхоод гарч ирэхэд ****үүдний сандал дээр гар утсаар оролдод сууж байхаар нь би санаандгүй наад гар утас чинь ****ын гар утас уу гэж асуусан чинь ********ынх байхаар яадаг юм чи гээд босч ирээд намайг заамдаж авсан. Тэгэхээр нь би сүртэй шүү дээ санаадгүй ****ын гар утас уу гээд асуучихлаа гэж хэлсэн. Тэгээд ****бид 2 бие биенээ заамдаж зууралдаж байгаад орцны үүдний сандал дээгүүр даваад би зүүн талаараа, ****баруун талаараа хамт уначихсан. Тэгээд би ****ыг заамдсан гараа тавихгүй байхаар нь тавиач дээ чи гээд гараараа 2-3 удаа цохисон. Ингээд ****миний хөл эвгүй болчихлоо гэж хэлсэн. Тэгтэл **** цех дотроос гарч ирж таарсан. **** бид 2 ****ыг өргөөд сандал дээр өргөж суулгасан. Тэгээд ****ээж рүүгээ утсаар яриад түргэн тусламж дуудсан гэх мэдүүлэг,

    Хохирогч Н.****ын мөрдөн байцаалт болон шүүх хуралдаанд өгсөн:
    ...****, **** бид 3 мужааны цехээс гараад орцны үүдэнд гарч суусан. Ингээд ****, **** хоёр таньдаг дэлгүүр орж тамхи, архи аваад ирье гээд явсан. Харин би ганцаараа орцны үүдэнд үлдсэн. Ингээд би орцны үүдэнд байдаг сандал дээр сууж байхад мужааны цехээс **** гэж нэртэй залуу гарч ирээд орцны үүдний довжоон дээр суусан. Намайг гар утсаараа оролдож байхад **** гэж залуу **** ахын гар утсыг аваад ир гэж хэлсэн. Тэгэхээр нь би энэ **** ахын гар утас биш миний гар утас гэж хэлсэн. Тэгтэл **** битгий шаагаад бай чамайг **** ахын гар утсыг авч байхыг харсан шүү гэж хэлэхээр нь би **** ахын гар утсыг аваад буцаагаад өгчихсөн гэсэн. Гэтэл **** миний гар утсыг авах гээд гар нь сарвагнаад байхаар нь хэрэлдээд барьцалдаад авсан. Тэгтэл **** миний 2 нүд рүү гараараа цохиод миний цамцны хүзүүг боогоод боолт нь ороод байсан. Тэгэхээр нь ****гийн хоёр гарыг салгах гээд оролдож байхад сандлын ар луу газар унагачихсан. Намайг газар уначихсан байхад **** миний дээр гараад гараараа миний нүүр лүү 2 удаа цохисон. Ингээд би түүнд миний хөл эвгүй болчихлоо болъё гэж хэлэхэд нүүр лүү дахин нэг удаа цохиод худлаа шаагаад бай гэж хэлээд босоод явсан. Ингээд би босоод хөлөөрөө гишгээд явах гэсэн чинь болохгүй байсан. **** намайг унагаах үед би хөлөөрөө нэг юм руу цохих шиг болсон. Би ****д чи миний хөлийг хугалчихлаа шүү дээ гэхэд битгий худлаа шаагаад бай гэсэн. Ингээд би эх, дүү нараа дуудсан юм  гэх мэдүүлэг /хх 24-25/, 
Гэрч ****мөрдөн байцаалтад өгсөн: 

...Н.****нь миний төрсөн ах бөгөөд бид хоёр эхээс хоёулаа. Өнөөдөр буюу 2017 оны 7 дугаар сарын 22-ны орой 22 цагийн орчим намайг гэртээ нөхөр, хүүхэд нарынхаа хамт байж байхад ах маань над руу залгаад миний хөлийг хүн хугалчихлаа, би хөдөлж чадахгүй байна, хурдан хүрээд гэж хэлсэн. Тэгээд би түүнээс хаана байгаа талаар нь асууж тодруулахад тэрээр надад Дархан сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах Цагаан сүлдийн хойд талын 1 дүгээр байрны 60 айлын орон сууцтай залгаа ягаан байрны урд байна гэж хэлсэн. Тэгээд би хувцсаа өмсөөд гэрээсээ гарах гээд байж байхад миний төрсөн эх ****над руу залгаад ах чинь сая над руу залгасан ахын чинь хөлийг хүн зодоод хугалчихсан юм шиг байна чи хаана байна гээд хурдан хүрээд ир гэхээр би одоо очлоо гэж хэлсэн. Тэгээд би ахынхаа байгаа газарт ээжийнхээ хамт зэрэгцэж очсон. Ингээд би ахынхаа байгаа газарт ирэхэд манай ах сандал дээр нэг хөлөө өрөөсөн хөл дээрээ ачаад баруун талынхаа хөлийг 2 гараараа барчихсан ёолоод, ам хамарнаас нь цус гарчихсан байсан. Тэгээд би ахаасаа болсон хэргийн талаар асуухад тэрээр намайг энэ байрны мужааны цехэд ажилладаг **** гэж залуу миний цамцаар хоолойг минь боогоод үүрч аваад мөрлөөд шидчихсэн би унахдаа хөлөөрөө юм цохичих шиг болсон гэж хэлсэн. Мөн **** миний нүүр лүү 2-3 удаа цохисон гэж хэлсэн. Өөр надад мэдэх зүйл байхгүй. Тэгээд түргэний машин ирээд ахыг эмнэлэг рүү аваад явсан гэх мэдүүлэг /хх 29/, 

Гэрч Б.****ийн мөрдөн байцаалтад өгсөн: 

...2017 оны 7 дугаар сарын 22-ны өдөр байсан санагдаж байна. Би **** хамт тухайн өдөр айлд очиж гал тогооны тавилга угсарсан юм. **** хувьд хувиараа Дархан сумын 5 дугаар багт байрлах 20/3 дугаар байранд мужааны цех ажлуулдаг юм. Ингээд бид хоёр ажлаа дуусгаад ажлын багажнуудаа **** мужааны цехэд орой авч ирж тавих гээд ирсэн юм. Тэр үед **** мужааны цехийн гадаа байдаг орцны үүдэнд зүс таних ****, ****, хөлөө хугалуулсан ****нар сууцгааж байсан юм. Ингээд би **** хамт түүний мужааны цех рүү ажлын багажаа оруулж тавиад байж байхад араас ****, ****, ****нар ороод ирсэн. Тэгээд дээрх хүмүүс **** мужааны цех дотор ороод ирэхдээ ****гэж залуу өврөөсөө тал шил архи гаргаад ирсэн. Бид нар түүнийг тойруулж амссан. Тэгээд ****, ****, ****нар **** цехээс гараад явсан. Тэгээд байж байхад **** гар нүүрээ угаах гээд ажлынхаа угаагуурын өрөө рүүгээ явсан. Түүний дараа би ****ийг гар нүүрээ угаагаад угаагуурын өрөөнөөс гараад ирэхээр нь зөрөөд толгой хүзүүгээ угаах гэж угаагуурын өрөө рүү орсон. Тэгээд байж байхад **** намайг ажлынхаа үүдэнд хүлээгээд байж байя гэсэн. Ингээд би толгой, хүзүүгээ угаачхаад **** цехийн үүдэнд гараад ирэхэд ****гэж залуу **** цехийн хажуу талын орцны гадна байдаг сандлыг даваад уначихсан хөл болохоо больчихлоо гээд орилоод байж байсан. ****ын хажууд **** зогсож байсан. Тэгээд би ****гэх залуугийн баруун хөлийг харсан чинь хөл нь нарийн шилбэ орчмоороо хавдсан байдалтай эвгүй болчихсон байсан. Тэгээд **** **** хамт өргөж босгоод сандал дээр суулгасан гэх мэдүүлэг /хх 30/, 

Гэрч Б.****ын мөрдөн байцаалтад өгсөн: 

...Миний хувьд хувиараа мужааны халтуурын ажил хийдэг. 2017 оны 7 дугаар сарын 22-ны өдөр байсан санагдаж байна. Би тухайн өдрийн орой 20 цагийн орчим ****тэй утсаар холбогдож байгаад ****т айлд халтуурын ажил хийгээд цех рүүгээ очих гэж байна гэхээр нь би **** мужааны цехээс очиж багаж авах гээд **** цехийн гадаа ирхэд **** цех дээрээ ирээгүй байсан. Ингээд **** цехийн гадаа миний зүс таних **** мөн хөлөө хугалсан гээд байгаа ****гэж 2 залуу юм яриад сууж байсан. Тэгээд би ****, ****нартай ****ийг ирэхийг хүлээгээд орцны гадаа юм ярьж суусан. Тэгээд удаагүй ****, **** нар хүрээд ирсэн. Ингээд би ****, ****нартай **** араас цех рүү орсон. Тэгээд **** цехэд ороод байж байхад ****гэж залуу өврөөсөө тал шил архи гаргаад ирсэн. Түүнийг бид нар тойруулж амсчихаад ****, ****бид гурав гараад явчихсан. Тэгээд бид гурав гарч ирээд байж байгаад **** бид хоёр тамхинд явсан. Тэр үед **** цехийн гадаа ****ганцаараа үлдсэн. Тэгээд би ****ын хамт дэлгүүр орж тамхи аваад буцаж **** цехийн гадаа ирэхэд **** орцны үүдний сандал дээр хөлөө ачаад суучихсан хөл эвгүй болчихлоо гээд байж байсан. Би тэр үедээ юу болсон талаар ойлгоогүй гэх мэдүүлэг /хх 32/, 

Гэрч О.****ын мөрдөн байцаалтад өгсөн: 

... 2017 оны 7 дугаар сарын 22-ны өдөр манай үйлдвэр 2017 оны 7 дугаар сарын 10-ны өдрийн ажлыг нөхөж ажилласан. Ингээд 17 цагийн орчимд манай ажил тараад би тухайн үедээ машинтай явж байсан учир ****миний машинд дайгдаж хуучин Дарханд ирсэн. Тухайн үед ****наадмаар Дархан сумын Засаг даргын жуух бичиг авсан байсан бөгөөд ****бид хоёр ойрд уулзаагүй байсан болохоор бид хоёр манай гэрт орж 1 шил архи хувааж уусан. Тэгээд байж байсан чинь манай гэрт тэтгэвэрт гарах хүнд өгөх дурсгалын зүйл, мөнгөн аяга, отгон тэнгэрийн хишиг нэртэй тортой эд зүйл байсан түүнийг надаас хүн ирж авах гээд манай байрны гадаа ирчихсэн байсан. Тэгээд би дээрх эд зүйлийг манай гэрийн гадаа байсан хүн ****ын хамт гэрээсээ гаргаж өгсөн. Тэгээд дээрх эд зүйлийг надаас авсан хүн **** хишиг нэртэй торон дотор байсан 1 шил архийг бэлэг болгож өгөхөөр нь би тухайн архийг ****ын хамт байрныхаа орцны сандал дээр талыг нь хувааж уусан. Тэгээд байж байхад ****бид хоёр дээр миний зүс таних мужаан **** гэж залуу хүрээд ирсэн. Тэгээд бид гурвыг сандал юм яриад суугаад байж байхад ****, **** хоёр ирээд цех рүү орсон. Тэгээд ****өврөөсөө тал шил архиа гаргаж цех дотор тухайн архийг хувааж уусан санагдаж байна. Би тухайн өдөр архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан учир зарим зүйлийг сайн санахгүй байна. Тэгээд ****, ****гурав мужааны цехээс гарч ирээд **** бид хоёр дэлгүүр лүү тамхинд явсан. Тэр үед ****мужааны цехийн гадаа үлдсэн. Тэгээд **** бид хоёрыг дэлгүүр лүү тамхинд яваад ирэхэд манай гэрийн орцны сандал дээр хөлөө бариад  ёолоод байж байсан. Намайг ****дээр ирэхэд ****ын ээж, дүү нар ирчихсэн мужаан ****ийг загнаад байж байсан. Өөр надад мэдэх зүйл байхгүй гэх мэдүүлэг /хх 34/, 

Гэрч З.Энхтуяагийн мөрдөн байцаалтад өгсөн: 

...2017 оны 7 дугаар сарын 22-ны орой 21:16 цагийн үед миний төрсөн хүү ****над руу утсаар залгаад “ээжээ миний хөлийг нэг хүн хугалчихлаа би гишгэж чадахгүй байна, намайг хурдан ирээд аваадах” гэж хэлсэн. Ингээд би нөхөр **** хамт гүйгээд хүүгийнхээ байгаа Дархан сумын *** дугаар байрны орцны сандал дээр сууж байхаар нь яваад очсон. Тэр үед **** миний хүүгийн хажууд нэлээн согтуу сууж байсан. Эсрэг талын орцны довжоон дээр мужаан цехэд ажилладаг гээд танихгүй 2 залуу сууж байсан. Ингээд би хүүгээсээ юу болсон талаар асуухад миний хүү надад “энэ байрны мужаан цехэд ажилладаг залуу миний хөлийг хугалаад зугтаачихлаа” гэж хэлсэн. Тэгээд би хүүгийнхээ гэмтсэн хөлийг харахад миний хүүгийн баруун хөл шилбээрээ хугараад унжчихсан байсан. Мөн доод уруул нь язраад хавдаад уруулын дотор талаас цус гараад хавдчихсан байсан. Баруун нүдний доод талд хавдаад хөхөрчихсөн, хүзүүний зүүн тал нь боосон гэмээр ором гараад улайчихсан байсан. Тэгээд би цагдаа болон эмнэлгийн байгууллагад мэдэгдсэн гэх мэдүүлэг /хх 36/, 

Дархан-Уул аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2017 оны 7 дугаар сарын 26-ны *** дугаар дүгнэлт: 

“1.Н.****ын биед хөлийн шилбэний шаант ясны үе дайрсан хугарал, тахилзуур ясны битүү хугарал тогтоогдлоо. 2.Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн хүчин үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. 3.Уг гэмтэл нь ГЗТЖ-н  2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаанд сарниулах хүндэвтэр зэргийн гэмтэл болно. 4.Н.****ад учирсан гэмтэл нь цаашдын эрүүл мэнд хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй” гэжээ /хх 39/ зэрэг хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж үзлээ. 

Хохирогч гэмт хэргийн улмаас эрүүл мэндэд хохирол учруулсаны улмаас эмчилгээ хийлгэсэн төлбөр гэх 936 700 төгрөг, ажилгүй байсан хугацааны цалин болон листний зөрүү гэх 1 350 000 төгрөг нэхэмжилсэн. 

Хэрэгт ирүүлсэн 936 700 төгрөгийн эмчилгээ хийлгэсэн төлбөрийн баримт нь нотлох баримтын хуулийн шаардлага хангасан гэж үзсэн бөгөөд мөрдөн байцаалтын шатанд шүүгдэгчээс хохирогчид 900 000 төгрөг төлсөн болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож төлөгдөөгүй 36 700 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулж хохирогчид олгох нь зүйтэй гэж үзлээ. 

Харин ажилгүй байсан хугацааны цалин болон листний зөрүү гэх 1 350 000 төгрөгийг хэрэгт хохирогчийн нийгмийн даатгалын дэвтэр авагдаагүйгээс тооцон гаргах боломжгүй гэж үзэн дээрх нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэлээ гаргах эрхтэй болохыг дурдах нь зүйтэй байна. 

Шүүгдэгч нь урьд нь ял шийтгэгдэж байгаагүй болох нь хавтаст хэргийн 65-р хуудсанд авагдсан ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудсаар тогтоогдож байна.    

Шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа тохиолдлын шинжтэй нөхцөл байдлыг улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлыг нөхөн төлсөн зэргийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож түүнд нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэх нь зүйтэй гэж үзэв.
 
    Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг рентген зургийг хохирогч ****ад хохирогч Н.****ад буцаан олгож, иргэний нэхэмжлэлийг хангах зорилгоор шүүгдэгч ****эзэмшлийн 1 000 000 төгрөгийн үнэ бүхий мужааны хавчаартай хөрөө харуулыг битүүмжилсэн прокурорын 2017 оны 8 дугаар сарын 01-ний өдрийн *** тогтоолыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгож, шүүгдэгчид буцаан олгох нь зүйтэй гэж үзлээ.

    Шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримт нь энэ хэрэгт хамааралтай, хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлж авсан байх тул хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үнэлсэн болно.   
 
    Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2-т тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч ****ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1-т зааснаар хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

    2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч О.****ийг 300 /гурван зуу/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2-т зааснаар шүүгдэгч О.****т оногдуулсан 300 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт 3 цагаас дээшгүй хугацаагаар тогтоосугай.

    4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4-т зааснаар шүүгдэгч шүүгдэгч ****нь 300 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай. 

    5.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1-т зааснаар шүүгдэгч О.****ээс 36 700 /гучин зургаан мянга долоон зуу/ төгрөг гаргуулан хохирогч Н.****ад олгож, хохирогч нь лист болон цалингийн зөрүү гэх 1 350 000 төгрөгийн нэхэмжлэлээ нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар дахин гаргах эрхтэйг дурдсугай.

    6.Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг рентген зургийг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц хохирогч Н.****ад буцаан олгож, шүүгдэгч ****эзэмшлийн 1 000 000  төгрөгийн үнэ бүхий мужааны хавчаартай хөрөө харуулыг битүүмжилсэн прокурорын 2017 оны 8 дугаар сарын 01-ний өдрийн 08 дугаартай тогтоолыг хүчингүй болгосугай.

    7.Шүүгдэгч ****нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны улмаас тооцон гаргах зардалгүй болохыг дурдсугай. 

8.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
 9.Шийтгэх тогтоолд гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч О.****т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ хэвээр үргэлжлүүлсүгэй.  

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                    Т.БАТЖАРГАЛ