| Шүүх | Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Дашдэлэгийн Элбэгзаяа |
| Хэргийн индекс | 129/2024/00440/И |
| Дугаар | 129/ШШ2024/00368 |
| Огноо | 2024-08-20 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2024 оны 08 сарын 20 өдөр
Дугаар 129/ШШ2024/00368
| 2024 оны 08 сарын 20 өдөр | Дугаар 129/ШШ2024/00368 | Архангай аймаг |
Зохигч эвлэрснийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Архангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Элбэгзаяа би
Нэхэмжлэгч: Б овогт М.С-гийн нэхэмжлэлтэй
Хариуцагч: Н овогт Л.О-т холбогдох
228,000,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч М.С шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ... Одоо хариуцагч Л.О-ээс 228,000,000 төгрөгийг нэхэмжилж байна. Л.О-ээс энэ мөнгийг гаргуулж намайг хохиролгүй болгож өгнө үү гэжээ.
Хариуцагч Л.О шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Хариуцагч Л.О миний бие М.С-ийн нэхэмжлэлтэй танилцлаа. Би нэхэмжлэлийн шаардлага болох 228,000,000 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь би М.С-гаас ийм их хэмжээний мөнгө зээлж аваагүй. 2024 оны 04 сарын 17-ны өдөр зээлийн гэрээг нөхөж байгуулсан. Тухайн үед уг гэрээг байгуулахад М.С “энэ гэрээг зүгээр байгуулж байгаа юм, чи гэрээн дээр гарын үсэг зурчих, чи надад одоо 100,000,000 төгрөг өгчих, тэгээд хоёулаа тооцоогоо дуусгая” гэж хэлсэн. Гэтэл одоо 228,000,000 төгрөг нэхэмжилж шүүхэд нэхэмжлэл гаргасныг гайхаж байна. Би түүний нэхэмжилсэн 228,000,000 төгрөгөөс 100,000,000 төгрөгийг төлнө. Харин үлдэгдэл 128,000,000 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.А, хариуцагч Л.О нар байгуулсан эвлэрлийн гэрээндээ: Нэхэмжлэгч М.С-ийн нэхэмжлэлтэй хариуцагч Л.О-т холбогдох 228,000,000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэрэгт доорхи эвлэрлийн гэрээг байгуулж байна. Үүнд: Хариуцагч Л.О нь 120,000,000 төгрөгийг нэхэмжлэгч М.С-д төлөхөөр, уг төлбөр болох 120,000,000 төгрөгийг 2024 оны 12 сарын 20-ны өдрийн дотор төлж барагдуулахаар, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч би 108,000,000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагаас татгалзаж байна. Улсын тэмдэгтийн хураамжийг хуульд зааснаар шийдүүлнэ. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдэж өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч М.С нь хариуцагч Л.От холбогдуулан 228,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.А нь нэхэмжилсэн 228,000,000 төгрөгөөс 108,000,000 төгрөг гаргуулахаас татгалзаж, 120,000,000 төгрөг гаргуулах шаардлагыг хариуцагч Л.О хүлээн зөвшөөрч, уг төлбөрийг 2024 оны 12 сарын 20-ны өдрийн дотор төлж барагдуулахаар харилцан тохиролцож эвлэрсэн нь гуравдагч этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул зохигчийн эвлэрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж байгаа тул Архангай аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2024 оны 08 сарын 14-ний өдрийн “Иргэний хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэх тухай” 129/ШЗ2024/01955 дугаар захирамжийг хүчингүй болгох нь зүйтэй.
Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1,300,950 төгрөгөөс 650,475 төгрөгийг улсын орлогод үлдээж, улсын орлогоос 650,475 төгрөгийг, хариуцагч Л.О-ээс 378,975 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч М.С-д олгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.А нь нэхэмжилсэн 228,000,000 төгрөгөөс 108,000,000 төгрөг гаргуулахаас татгалзаж, 120,000,000 төгрөг гаргуулах шаардлагыг хариуцагч Л.О хүлээн зөвшөөрч, уг төлбөрийг 2024 оны 12 сарын 20-ны өдрийн дотор төлж барагдуулахаар хүлээн зөвшөөрч эвлэрсэн зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1,300,950 төгрөгөөс 650,475 төгрөгийг улсын орлогод үлдээж, улсын орлогоос 650,475 төгрөгийг, хариуцагч Л.О-ээс 378,975 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч М.С-д олгосугай.
3. Архангай аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2024 оны 08 сарын 14-ний өдрийн 129/ШЗ2024/01955 дугаартай “Иргэний хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэх тухай” захирамжийг хүчингүй болгосугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д заасныг баримтлан энэхүү захирамжийг хариуцагч Л.О нь сайн дураараа биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т заасныг баримтлан энэ захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Д.ЭЛБЭГЗАЯА