| Шүүх | Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Дашдэлэгийн Элбэгзаяа |
| Хэргийн индекс | 129/2024/00441/И |
| Дугаар | 129/ШШ2024/00370 |
| Огноо | 2024-08-20 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2024 оны 08 сарын 20 өдөр
Дугаар 129/ШШ2024/00370
| 2024 оны 08 сарын 20 өдөр | Дугаар 129/ШШ2024/00370 | Архангай аймаг |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Архангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Элбэгзаяа даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар
Хүсэлт гаргагч: У овогт Д.М-ын хүсэлттэй
Нэхэмжлэлийн шаардлага: Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Хүсэлт гаргагчийн өмгөөлөгч Г.Э
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Хажидсүрэн
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Хүсэлт гаргагч Д.М нь ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор хүсэлт гаргасан бөгөөд хүсэлтийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:
- Миний бие 1964 онд төрсөн. Одоо өндөр насны тэтгэвэр тогтоолгох нас болоод байна. Би 1982 оны 08 дугаар сарын 31-ний өдөр А аймгийн Ө сумын Бадрал нэгдэлд слесарьчээр ажиллаж байгаад 1984 оны 06 дугаар сарын 20-ны өдөр хугацаат цэргийн албанд татагдаж 1987 оны 06 дугаар сарын 22-ны өдөр хугацаат цэргийн албаа хааж ирээд тус нэгдэлдээ 1988 оны 01 дүгээр сарын 14-ний өдрөөс уурын зууханд гачегараар ажиллаж байгаад 1988 оны 05 дугаар сарын 17-ны өдрөөс уурын зуух, цахилгаан эрчим хүчний дизель моторууд улсын байгууллагад шилжиж Ө сумын Нийтийн аж ахуй үйлчилгээний газарт дизельчнээр 1988 оны 05 дугаар сарын 17-ны өдрөөс эхлэн ажилласан. Ингэж ажиллаж байх хугацаанд дизельчиний орон тоо нь А аймгийн Эрчим хүчний үйлдвэрийн мэдэлд шилжиж миний бие 1990 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс А аймгийн Эрчим хүчний нэгдсэн үйлдвэрт дизельчнээр 1995 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл ажилласан. Миний энэ ажиллаж байсан байдлыг бичсэн хөдөлмөрийн дэвтэр нь нөхөн бичилттэй, мөн ажиллаж байсан байдлыг нотлох баримт архив шүүлгээд зарим онууд нь гарахгүй байгаа тул Нийгмийн даатгалын байгууллага нь улсад ажиллаж байсан байдлаа шүүхээр тогтоолгохыг зөвлөсөн учир миний бие өндөр насны тэтгэвэрт орох зорилготой улсад ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор хүсэлт гаргаж байна. Иймд Д.М миний А аймгийн Ө сумын Бадрал нэгдэлд 1982 оны 08 дугаар сарын 31-ний өдрөөс 1984 оны 06 дугаар сарын 20-ны өдрийг хүртэл слесариэр, А аймгийн Ө сумын Бадрал нэгдэлд 1988 оны 01 дүгээр сарын 14-ний өдрөөс 1988 оны 05 дугаар сарын 17-ны өдрийг хүртэл дизельчнээр, А аймгийн Ө сумын НАА үйлчилгээний газарт 1988 оны 05 дугаар сарын 17-ны өдрөөс 1990 оны 05 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл дизельчнээр, А аймгийн Эрчим хүчний нэгдсэн үйлдвэрт 1990 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс 1995 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл дизельчнээр тус тус ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэжээ.
- Хүсэлт гаргагч Д.М шүүхэд гаргасан хүсэлтдээ: Миний бие Д.М нь шүүхэд улсад ажиллаж байсан байдал тогтоолгох хүсэлт гаргасан. Үүнтэй холбоотой шүүх хуралдаан товлогдон хийгдэхэд өөрийн биеэр оролцох боломжгүй боллоо. Учир нь ар гэрт хойшлуулшгүй хүндэтгэн үзэх ажил гарсан учир намайг оролцуулахгүйгээр өмгөөлөгч Г.Э-ыг оролцуулан эзгүйд шийдэж өгнө үү гэжээ.
2. Хүсэлт гаргагчаас:
- Батлан хамгаалахын төв архивын 2024 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн “Хугацаат цэргийн алба хаасны архивын лавлагаа”,
- А аймгийн Архивын тасгийн 2024 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн 629 тоот тодорхойлолт,
- Д.М-д 1989 оны 01 сарын 20-ны өдөр олгосон 250877 дугаартай “Хөдөлмөрийн дэвтэр”-ийн хуулбар,
А аймгийн Архивын тасгаас хуулбар үнэн тэмдэг дарж ирүүлсэн:
- А аймгийн Ө сумын Бадрал нэгдлийн зөвлөлийн даргын 1982 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн “Ажилд томилох тухай” 58 тоот тушаал,
- А аймгийн Ө сумын Бадрал нэгдлийн зөвлөлийн даргын 1988 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн “Ажлаас чөлөөлөх ба ажилд томилох тухай” 3 тоот тушаал,
- А аймгийн Ө сумын Бадрал нэгдлийн зөвлөлийн даргын 1988 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн “Ажлаас чөлөөлөх тухай” 32 тоот тушаал, тушаалын хавсралт,
- БНМАУ-ын Хүнд үйлдвэрийн яамны харъяа Архангай аймаг дахь Эрчим хүчний нэгдсэн үйлдвэрийн даргын 1992 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн “Орон тоог цөөрүүлж албан тушаал хавсран ажиллуулах тухай” 17 тоот тушаал,
- Д.М-ын 1992 оны 05 дугаар сард Эрчим хүчний салбараас цалин авч байсан цалингийн тооцооны хүснэгт
-А аймгийн Ө сумын өмч хувьчлалын 1993 оны материал зэргийг шүүхэд гаргаж өгсөн.
3. Хүсэлт гаргагч Д.М-ын хүсэлтээр Б.Г, Т.С нараас нараас авсан гэрчийн мэдүүлгийг шүүх бүрдүүлсэн.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйл, 6 дугаар зүйлийн 6.6-д заасныг баримтлан шүүхийн бүрдүүлсэн нотлох баримтууд:
- А аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2024 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн 610 тоот албан бичгээр ирүүлсэн ХААТР-1 /А/, Маягт-1,
- Д.М-ын Эрчим хүчний салбарт 1990 оны 05-12 дугаар саруудад цалин авч байсан цалингийн тооцооны хүснэгт,
- Нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцуулсан талаарх А аймгийн Нийгмийн даатгалын газрын 2024 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн 01/611 тоот лавлагаа, хавсарган ирүүлсэн баримт,
- Хүн ам, орон сууцны 1989 оны улсын тооллогын Үндэсний төв архивын 2024 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн 03-02/4048 тоот лавлагаа, хавсарган ирүүлсэн баримт зэргийг бүрдүүлжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Хүсэлт гаргагч Д.М-ын А аймгийн Ө сумын Бадрал нэгдэлд 1982 оны 08 дугаар сарын 31-ний өдрөөс 1984 оны 06 дугаар сарын 20-ны өдрийг хүртэл слесариар, А аймгийн Ө сумын Бадрал нэгдэлд 1988 оны 01 дүгээр сарын 14-ний өдрөөс 1988 оны 05 дугаар сарын 17-ны өдрийг хүртэл, А аймгийн Ө сумын Нийтийн аж ахуй, ахуй үйлчилгээний газарт 1988 оны 05 дугаар сарын 17-ны өдрөөс 1990 оны 05 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл, А аймгийн Эрчим хүчний нэгдсэн үйлдвэрт 1990 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс 1995 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл тус тус дизельчнээр ажиллаж байсан байдлаа тогтоолгох тухай хүсэлтийг хангах үндэслэлтэй гэж үзэв.
2. Хүсэлт гаргагч Д.М нь өндөр насны тэтгэвэрт тогтоолгох зорилгоор А аймгийн Ө сумын Бадрал нэгдэлд 1982 оны 08 дугаар сарын 31-ний өдрөөс 1984 оны 06 дугаар сарын 20-ны өдрийг хүртэл слесариар, А аймгийн Ө сумын Бадрал нэгдэлд 1988 оны 01 дүгээр сарын 14-ний өдрөөс 1988 оны 05 дугаар сарын 17-ны өдрийг хүртэл, А аймгийн Ө сумын Нийтийн аж ахуй, ахуй үйлчилгээний газарт 1988 оны 05 дугаар сарын 17-ны өдрөөс 1990 оны 05 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл, А аймгийн Эрчим хүчний нэгдсэн үйлдвэрт 1990 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс 1995 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл тус тус дизельчнээр ажиллаж байсан байдлаа тогтоолгох хүсэлтийг шүүхэд гаргасан ба хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2-т заасан шаардлагыг хангасан дараах нотлох баримтуудаар түүний ажиллаж байсан байдал тогтоогдож байна. Үүнд:
- Батлан хамгаалахын төв архивын 2024 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн “Д.М БХЯ-ны сайдын 1984 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн н/216 дугаар тушаалаар А аймгаас 1984 оны 06 дугаар сарын 20-ны өдөр хугацаат цэргийн албанд татагдан Ардын армийн 162 дугаар ангид алба хааж, мөн сайдын 1987 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн н/234 дүгээр тушаалаар 1987 оны 06 дугаар сарын 22-ны өдөр 556515 дугаарын цэргийн батлахтай халагдсан” гэсэн “Хугацаат цэргийн алба хаасны архивын лавлагаа”,
- А аймгийн Архивын тасгийн 2024 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн “Тус архивын сан хөмрөгт хадгалагдаж байгаа А аймгийн Эрчим хүчний 1989, 1991, 1994-1995 онуудын материалыг шүүн үзэхэд Д.М-д холбогдох материал гараагүй тул лавлагаа гаргах боломжгүй байна” гэсэн 629 тоот тодорхойлолт,
- Д.М-д 1989 оны 01 сарын 20-ны өдөр олгосон 250877 дугаартай “Хөдөлмөрийн дэвтэр”-ийн хуулбарын “Ажлын тухай мэдээ” хэсэгт:
А аймгийн Архивын тасгаас хуулбар үнэн тэмдэг дарж ирүүлсэн:
- А аймгийн Ө сумын Бадрал нэгдлийн зөвлөлийн даргын 1982 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн “Ажилд томилох тухай” 58 тоот тушаал, /Тушаалд 1. Хадлангийн механикжсан салаанд слесарчээр ... Д.М-ыг 07 дугаар сарын 26-ны өдрөөс ... нарыг 07 дугаар сарын 22-ны өдрөөс эхлэн тус тус томилсугай, 2. Томилогдсон тогооч, слесарч нарыг нэгдлийн зөвлөлийн тэргүүлэгчдийн тогтоолд заасан ёсоор цалинжуулахыг нэгдлийн санхүүд зөвшөөрсүгэй/ гэсэн,
- А аймгийн Ө сумын Бадрал нэгдлийн зөвлөлийн даргын 1988 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн “Ажлаас чөлөөлөх ба ажилд томилох тухай” 3 тоот тушаал, /Тушаалд 1. Уурын зууханд гачегараар ажиллаж байгаа П.Б-ийг биеэ эмчлүүлэхэд нь боломж олгож 01 дүгээр сарын 15-ны өдрөөр тасалбар болгон ажлаас нь чөлөөлсүгэй, 2. Уурын зуухны гачегараар Д.М-ыг мөн өдрөөс нь эхлэн түр томилсугай, 3. Д.М-д ажиллах журам, аюулгүй ажиллагааны зааварчилга өгч ажилд нь оруулахыг уурын зуухны механикч Д.Ж-д даалгасугай, 4. Д.М-ыг ажилд орсон өдрөөс нь эхэлж нэгдлийн үйлдвэр санхүүгийн төлөвлөгөөгөөр батлагдсан хэмжээгээр цалинжуулахыг нэгдлийн санхүүд зөвшөөрсүгэй/ гэсэн,
- А аймгийн Ө сумын Бадрал нэгдлийн зөвлөлийн даргын 1988 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн “Ажлаас чөлөөлөх тухай” 32 тоот тушаал, /Тушаалд 1. Нэгдлийн үйлдвэрлэлд хамрагдаж байсан уурын зуух, цахилгаан эрчим хүчний дизель моторууд хоршооллын байгууллагаас улсын байгууллагад шилжсэн учир тэнд ажиллаж байсан доорхи ажилчдыг заасан хоногоор тасалбар болгон ажлаас нь чөлөөлж, НААҮ-ний газарт шилжин ажиллахыг зөвшөөрсүгэй, Үүнд: Уурын зуухны ажилчдыг 05 дугаар сарын 15-ны өдрөөс ... цахилгаан эрчим хүчний ажилчдыг 05 дугаар сарын 17-ны өдрөөс ... нэрсийн жагсаалтын 3-т Д.М, 2. Ажлаас чөлөөлөгдсөн ажилчидтай тооцоог хийж дуусгахыг нэгдлийн санхүүд даалгасугай, тушаалын хавсралтад нэрсийн жагсаалтын 7-т Д.М, дизельчин .../ гэсэн,
- БНМАУ-ын Хүнд үйлдвэрийн яамны харъяа Архангай аймаг дахь Эрчим хүчний нэгдсэн үйлдвэрийн даргын 1992 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн “Орон тоог цөөрүүлж албан тушаал хавсран ажиллуулах тухай” 17 тоот тушаал, /Тушаалд 1. Салбарын техникийн орон тоог аймгийн Эрчим хүчний үйлдвэрийн шийдвэрийн дагуу орон тоог хасаж Д овогтой М-тай харилцан тохиролцсоны үндсэн дээр 1992 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн ахлах дизельчнээр хавсран ажиллуулж, хавсран ажиллаж байгаа үеийн цалин хөлсөнд үндсэн цалингийн 40%-иар цалинжуулахыг ня-бо Ё.У-д зөвшөөрсүгэй, 2. Ахлах дизельчин М-д хариуцсан техникүүдэд өдөр тутмын заавар зааварчилга өгч аюулгүй ажиллах ажиллагааг сахиулж ажиллахыг үүрэг болгосугай/ гэсэн,
- Д.М-ын 1992 оны 05 дугаар сард Эрчим хүчний салбараас цалин авч байсан цалингийн тооцооны хүснэгт,
- А аймгийн Ө сумын өмч хувьчлалын материалд нэрсийн жагсаалтын 66-т Д.М, дугаар-053793, нэрлэсэн үнэ-7.0, мал-5.7 гэсэн,
- А аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс ирүүлсэн 1988 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр олгосон “А аймгийн Ө сум, Д.М, 1964 оны 10 дугаар сарын 06-ны өдөр төрсөн, эрэгтэй, халх, Тээл Баянбулагийн 4-д байнга оршин суудаг, ажилладаг байгууллага-Сумын ахуй үйлчилгээний төв, эрхэлдэг ажил-дизельчин, ажилд орсон он-1982, эрхэлж эхэлсэн он-1982, оршдог сум-Ө сум” гэсэн ХААТР-1 /А/ маягт, 1983 оны 12 дугаар сарын 19-ний өдөр олгосон “А аймгийн Ө сум, Д.М, 1964 оны 10 дугаар сарын 06-ны өдөр төрсөн, одоо хаана ямар ажилтай-Ө сумын Бадрал нэгдэлд засварчин” гэсэн Маягт №1 баримтууд,
- Д.М-ын Эрчим хүчний салбарт 1990 оны 05-12 дугаар саруудад цалин авч байсан цалингийн тооцооны хүснэгт,
- Д.М-ын тэтгэврийн даатгалын шимтгэлийг 1997-1998, 1999 оны 07 дугаар сараас 2000 оныг дуустал нөхөн тооцуулсан талаарх А аймгийн Нийгмийн даатгалын газрын 2024 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн 01/611 тоот лавлагаа, хавсарган ирүүлсэн баримт,
- Хүн ам, орон сууцны 1989 оны улсын тооллогын 74 дугаар хуудсанд “А аймгийн Ө сумын хөдөө оршин суух, Д.М, тэргүүлэгч өөрөө, 24 настай, эрэгтэй, эрхэлдэг ажил-дизельчин, Ж.Б, эхнэр, 23 настай, эмэгтэй, эрхэлдэг ажил-эм найруулагч” гэж тоологдсон Үндэсний төв архивын 2024 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн 03-02/4048 тоот лавлагаа, хавсарган ирүүлсэн баримт зэрэг баримтууд,
- Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.2, 38 дугаар зүйлийн 38.6, 43 дугаар зүйлд зааснаар мэдүүлэг өгсөн:
Гэрч Б.Г-ын: “Би 1990 оноос 2000 оныг хүртэл А аймгийн Эрчим хүчний үйлдвэрт дизельчнээр ажиллаж байсан. А аймгийн Ө сумын Нийтийн аж ахуй үйлчилгээний газар 1990 онд А аймгийн Эрчим хүчний үйлдвэр болж нэршлийн хувьд өөрчлөгдсөн. Д.М 1988 оноос 1990 оныг хүртэл А аймгийн Нийтийн аж ахуй үйлчилгээний газарт, 1990 оноос 2000 оныг хүртэл А аймгийн Эрчим хүчний нэгдсэн үйлдвэрт тус тус дизельчнээр ажиллаж байсан. Д.М нь 1982 онд А аймгийн Ө сумын Бадрал нэгдэлд слесарьчнээр ажиллаж байсан. Д.М нь 1984-1987 оныг хүртэл цэргийн алба хаасан. А аймгийн Эрчим хүчний нэгдсэн үйлдвэрийн даргаар н.Г гэдэг хүн ажиллаж байсан. А аймгийн Эрчим хүчний нэгдсэн үйлдвэрт 4 дизельчин, 1 цахилгаанчин, 1 техникч ажилладаг байсан. А аймгийн Эрчим хүчний нэгдсэн үйлдвэрт дизельчнээр Д.М, н.Г, н.Э, н.П, цахилгаанчаар н.А, техникчээр н.Т нар ажиллаж байсан. Д.М нь ажиллаж байх хугацаандаа А аймгийн Ө сумаас өөр тийшээ шилжиж ажиллаж байгаагүй. Би Д.М-тай хамт ажиллаж байсан болохоор түүний ажиллаж байсан талаар сайн мэдэж байна” гэх,
- Гэрч Т.С-ын: “Би 1986 оноос 1991 оныг хүртэл А аймгийн Ө сумын Бадрал нэгдэлд токорчноор ажиллаж байсан. Д.М нь 1982 оноос 1984 оныг А аймгийн Ө сумын Бадрал нэгдэлд слесарьчнээр ажиллаж байсан. 1984-1987 оны хооронд цэргийн алба хаасан. Цэргээс халагдаж ирээд 1987 оноос 1988 оныг хүртэл А аймгийн Ө сумын Бадрал нэгдэлд дизельчнээр ажиллаж байгаад А аймгийн Нийтийн аж ахуйн үйлчилгээний газар руу шилжсэн. 1988 оноос 1990 оныг хүртэл А аймгийн Нийтийн аж ахуйн үйлчилгээний газарт дизельчнээр, 1990 оноос 1995 оныг хүртэл А аймгийн Эрчим хүчний үйлдвэрт дизельчнээр тус тус ажиллаж байсан. Дизельчид нь ээлжээр ажилладаг байсан. Д.М нь ажиллаж байх хугацаандаа А аймгийн Ө сумаас өөр тийшээ шилжиж ажиллаж байгаагүй. Би Д.М-тай хамт ажиллаж байсан болохоор түүний ажиллаж байсан талаар сайн мэдэж байна...” гэх мэдүүлгүүд, хүсэлт гаргагчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэргээр түүний ажиллаж байсан байдал тогтоогдож байна.
3. Иймд шүүх хүсэлтийг хангаж шийдвэрлэв.
4. Хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг баримтлан У овогт Д.М-ын
- А аймгийн Ө сумын Бадрал нэгдэлд 1982 оны 08 дугаар сарын 31-ний өдрөөс 1984 оны 06 дугаар сарын 20-ны өдрийг хүртэл слесариар,
- А аймгийн Ө сумын Бадрал нэгдэлд 1988 оны 01 дүгээр сарын 14-ний өдрөөс 1988 оны 05 дугаар сарын 17-ны өдрийг хүртэл,
- А аймгийн Ө сумын Нийтийн аж ахуй, ахуй үйлчилгээний газарт 1988 оны 05 дугаар сарын 17-ны өдрөөс 1990 оны 05 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл,
- А аймгийн Эрчим хүчний нэгдсэн үйлдвэрт 1990 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс 1995 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл тус тус дизельчнээр ажиллаж байсан байдлыг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, түүний төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор шийдвэр гаргасан шүүхээр дамжуулан А аймгийнЭрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ЭЛБЭГЗАЯА