Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2024 оны 08 сарын 22 өдөр

Дугаар 129/ШШ2024/00374

 

 

 

 

 

2024 оны 08 сарын 22 өдөр

Дугаар 129/ШШ2024/00374

Архангай аймаг

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС 

                                                                                                              

 

Архангай аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Элбэгзаяа даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар 

Хүсэлт гаргагч: Б овогт Б.С-ын хүсэлттэй

Нэхэмжлэлийн шаардлага: Мал маллаж байсан байдал тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдааны оролцогчид:

Хүсэлт гаргагчийн өмгөөлөгч Г.Э

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Хажидсүрэн

 

Хүсэлт гаргагч Б.С өөрийн эзгүйд хэргийг хэлэлцүүлэх хүсэлт гаргасан тул хүсэлт гаргагчийн эзгүйд хэргийг хянан хэлэлцэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

                                        

Хүсэлт гаргагч Б.С мал маллаж байсан байдлаа тогтоолгох нэхэмжлэл гаргасан.

 

1. Хүсэлт гаргагч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

- Миний бие 1969 онд төрсөн. 1989 онд хугацаат цэргийн албаа хааж ирээд А аймгийн Ө сумандаа одоог болтол мал маллан амьдарч байна. Миний Ө сумын Д багт 1995-1999 оны хугацаанд мал маллаж байсан байдлыг нотлох малын А данс нь архив шүүлгээд лавлагаа гаргах боломжгүй гэсэн учир аймгийн Нийгмийн даатгалын газрын маргаан хянан шийдвэрлэх салбар зөвлөл нь миний 1999 онд мал маллаж байсан байдлыг тогтоож, 1995-1998 оны хугацаанд мал маллаж байсан байдлыг тогтоох боломжгүй гэсэн хариу өгсөн. Нийгмийн даатгалын ерөнхий газрын маргаан хянан шийдвэрлэх ерөнхий зөвлөлд хандсан боловч тухайн газраас мөн миний 1995-1998 оны хугацаанд мал маллаж байсан байдлыг тогтоох боломжгүй, Архангай аймгийн Нийгмийн даатгалын газрын маргаан хянан шийдвэрлэх салбар зөвлөлийн 2024 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн 03/20 дугаартай тогтоолыг хэвээр үлдээж шийдвэрлэлээ гэсэн хариу өгсөн тул миний бие өндөр настны тэтгэвэр тогтоолгох зорилготой 1995 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1998 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл хугацаанд мал маллаж байсан байдлаа тогтоолгохоор хүсэлт гаргаж байна. Иймд Б.С миний А аймгийн Ө сумын Д багт 1995 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1998 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл хугацаанд мал маллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэжээ.

 

Хүсэлт гаргагч Б.С шүүхэд гаргасан хүсэлтдээ: Б.С миний бие өөрт холбогдох мал маллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлттэй иргэний хэргийн шүүх хуралдаан хэдийд ч товлон хуралдсан оролцох боломжгүй тул эзгүйд шийдүүлэх хүсэлттэй байна. Учир нь миний бие малаа эзгүй орхисон мал харах хүнгүй тул оролцох боломжгүй нөхцөл үүсээд байна. Иймд миний дээрх нөхцөл байдлыг харгалзан үзэж өмгөөлөгч Г.Э-ыг оролцуулан миний эзгүйд хэргийг шийдэж өгнө үү гэжээ.

 

2. Хүсэлт гаргагчаас:

- Архангай аймгийн Нийгмийн даатгалын газрын маргаан хянан шийдвэрлэх салбар зөвлөлийн 2024 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн Даатгуулагчийн малчнаар ажиллаж мал маллаж, шимтгэл төлсөн хугацааг тогтоох тухай 03/20 тоот тогтоол,

- Архангай аймгийн Архивын тасгийн 2024 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн 472 тоот тодорхойлолт,

- Нийгмийн даатгалын ерөнхий газрын маргаан хянан шийдвэрлэх төв зөвлөлийн 2024 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн Шийдвэр хүргүүлэх тухай 32/21 тоот албан бичиг,

- Б.Сын Малчин мэргэжлийн үнэмлэх-ийн хуулбар,

- Б.С-ын 24 дугаартай Газар эзэмших гэрчилгээ-ний хуулбар зэрэг нотлох баримтыг шүүхэд гаргаж өгсөн.

 

3. Хүсэлт гаргагч Б.С-ын хүсэлтээр Г.С, М.О нараас авсан гэрчийн мэдүүлгийг шүүх бүрдүүлсэн.

 

4. Шүүхээс Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.6, 123 дугаар зүйлийн 123.1-д заасны дагуу

- Нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцуулсан талаарх Архангай аймгийн Нийгмийн даатгалын газрын 2024 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн 01/583 тоот лавлагаа, хавсарган ирүүлсэн баримт,

- Архангай аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2024 оны 07 сарын 08-ны өдрийн 593 тоот албан бичгээр ирүүлсэн С.Чүлтэмсүрэнгийн төрсний ХААТР-11 маягт,

- Хүн ам, орон сууцны 2000 оны тооллогын Үндэсний төв архивын 2024 оны 07 сарын 09-ний өдрийн 03-05/3948 тоот Архивын лавлагаа, хавсарган ирүүлэн баримт зэрэг нотлох баримтыг бүрдүүлжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

           

            1. Хүсэлт гаргагч Б.Сын А аймгийн Ө сумын Д багт 1995 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1998 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл мал маллаж байсан байдлаа тогтоолгох хүсэлтийг хангах үндэслэлтэй гэж үзэв.

 

2. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2, 44.4-т заасан шаардлагыг хангасан Архангай аймгийн Нийгмийн даатгалын газрын маргаан хянан шийдвэрлэх салбар зөвлөлийн 2024 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн Даатгуулагчийн малчнаар ажиллаж мал маллаж, шимтгэл төлсөн хугацааг тогтоох тухай 03/20 тоот тогтоол, Архангай аймгийн Архивын тасгийн 2024 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн 472 тоот тодорхойлолт, Нийгмийн даатгалын ерөнхий газрын маргаан хянан шийдвэрлэх төв зөвлөлийн 2024 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн Шийдвэр хүргүүлэх тухай 32/21 тоот албан бичиг, Б.С-ын Малчин мэргэжлийн үнэмлэх-ийн хуулбар, Б.С-ын 24 дугаартай Газар эзэмших гэрчилгээ-ний хуулбар, Нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцуулсан талаарх Архангай аймгийн Нийгмийн даатгалын газрын 2024 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн 01/583 тоот лавлагаа, хавсарган ирүүлсэн баримт, Архангай аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2024 оны 07 сарын 08-ны өдрийн 593 тоот албан бичгээр ирүүлсэн С.Ч-гийн төрсний ХААТР-11 маягт, Хүн ам, орон сууцны 2000 оны тооллогын Үндэсний төв архивын 2024 оны 07 сарын 09-ний өдрийн 03-05/3948 тоот Архивын лавлагаа, хавсарган ирүүлэн баримт, худал мэдүүлэг өгвөл хариуцлага хүлээлгэх хуулийн зүйл, заалттай танилцаж, үнэн зөв мэдүүлэг өгөхөө илэрхийлж баталгаа гаргасан гэрч Г.С, М.О нарын мэдүүлэг зэрэг нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.

 

3. Б.С-ын 1995-1998 онд малчин гэж тогтоох боломжгүй гэж Нийгмийн даатгалын ерөнхий газрын маргаан хянан шийдвэрлэх төв зөвлөлийн тогтоолоор шийдвэрлэжээ.

 

  Б.С-ын мал маллаж байсан талаарх нотлох баримт төрийн байгууллагад хадгалагдаагүйн улмаас хүсэлт гаргагч нь Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр тэтгэмжийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 7-д заасан болзлыг ханган өндөр насны тэтгэвэр тогтоолгох зорилгоор дээрх үйл баримтыг шүүхээр тогтоолгохоор хүсэлт гаргасан нь онцгой ажиллагааны журмаар иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны нэг төрөл болох эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдлыг сэргээн тогтоолгох хүсэлт юм.

           

Б.С-ын мал маллаж байсан талаар тодорхойлсон Архангай аймгийн Нийгмийн даатгалын газрын маргаан хянан шийдвэрлэх салбар зөвлөлийн 2024 оны 04 сарын 23-ны өдрийн А аймгийн Ө сумын иргэн Б.С нь 1995-1998 онд мал маллаж байсныг нотлох баримтгүй тул тогтоох боломжгүй, 1999 онд мал маллаж байсныг нотлох баримтад үндэслэн зөвлөлийн гишүүдийн 100 хувийн саналаар тогтоон шийдвэрлэв гэсэн Даатгуулагчийн малчнаар ажиллаж мал маллаж шимтгэл төлсөн хугацааг тогтоох тухай 03/20 тоот тогтоол, Архангай аймгийн Архивын тасгийн 2024 оны 05 сарын 03-ны өдрийн Тус архивын сан хөмрөгт хадгалагдаж байгаа Ө сумын Д багийн 1995-1999 оны малын А дансыг шүүн үзэхэд Б.С-т холбогдох материал гараагүй тул лавлагаа гаргах боломжгүй байна гэсэн 472 тоот тодорхойлолт, Нийгмийн даатгалын ерөнхий газрын 2024 оны 05 сарын 28-ны өдрийн ... Та өргөдөлдөө 1995-1998 онд мал маллаж байсан тул энэ хугацаанд малчнаар ажилласныг тогтоолгох хүсэлт гаргасан байна. Зөвлөлийн гишүүд таны өргөдлийг ирүүлсэн баримт бичигт тулгуурлан хянан хэлэлцээд 1995-1998 онд малчнаар ажиллаж байсныг нотлоход шаардлагатай баримт байхгүй тул таныг 1995-1998 онд малчнаар ажилласныг тогтоох боломжгүй гэж шийдвэрлэлээ. Иймд Архангай аймгийн Нийгмийн даатгалын газрын дэргэдэх Маргаан хянан шийдвэрлэх салбар зөвлөлийн 2024 оны 04 сарын 22-ны өдрийн Даатгуулагчийн малчнаар ажиллаж мал маллаж, шимтгэл төлсөн хугацааг тогтоох тухай 03/20 дугаар тогтоолыг хэвээр үлдээж байгааг үүгээр мэдэгдье гэсэн Шийдвэр хүргүүлэх тухай 32/21 тоот албан бичиг, Б.С-ын Малчин мэргэжлийн үнэмлэх-ийн хуулбар, Б.С-ын 24 дугаартай Газар эзэмших гэрчилгээ-ний хуулбар, Архангай аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2024 оны 07 сарын 08-ны өдрийн 593 тоот албан бичгээр ирүүлсэн ХААТР-11 маягтад А аймгийн Ө сум, 1994 оны 12 сарын 04-ний өдөр төрсөн, С.Ч, эцгийн нэр-Б.С, нийгмийн бүлэг-малчин, эрхэлдэг ажил-а.а.а гэсэн, Нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцуулсан талаарх Архангай аймгийн Нийгмийн даатгалын газрын 2024 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн 01/583 тоот лавлагаа, хавсарган ирүүлсэн баримт, Хүн ам, орон сууцны 2000 оны улсын тооллогын 154 дүгээр хуудсанд “А аймгийн Ө сумын Д багийн хөдөө оршин суух Б.С, тэргүүлэгч өөрөө, 1969 оны 02 сард төрсөн, 30 настай, эрэгтэй, эрхэлдэг ажил-малчин, Я.О, эхнэр, 1971 оны 02 сард төрсөн, 28 настай, эмэгтэй, эрхэлдэг ажил-малчин, С.О, охин, 1989 оны 02 сард төрсөн, 10 настай, эмэгтэй, С.Ч, хүү, 1994 оны 12 сард төрсөн, 5 настай, эрэгтэй” гэж тоологдсон Үндэсний төв архивын 2024 оны 07 сарын 09-ний өдрийн 03-05/3948 тоот лавлагаа зэрэг баримтууд, гэрч Г.С-ын: “Би 1991 оноос одоог хүртэл А аймгийн Ө сумын Д багийн Шорвог гэх газраар нутаглаж хувийн малаа маллаж байна. Б.С нь 1991 оноос одоог хүртэл А аймгийн Ө сумын Д багт хувийн малаа маллаж байна. Б.С нь хувийн малаа маллахдаа А аймгийн Ө сумын Д багийн Шорвог, Цагаан нуур, Дэлийн ар гэх газруудаар нутагладаг. Б.С нь хувийн малаа маллаж байх хугацаандаа А аймгийн Ө сумын Д багаас өөр тийшээ шилжиж байгаагүй. Б.С-ынх 300 гаран тооны мал малладаг. Б.С-ыг манай нутгийнхан н.С гэж дууддаг. Б.С нь малчнаас өөр ажил хийж байгаагүй. Би Б.С-тай нэг нутгийн хүмүүс, ойрхон байдаг болохоор түүний хувийн мал маллаж байсан талаар сайн мэдэж байна” гэх, гэрч М.О-гийн: “Би 1991 оноос одоог хүртэл А аймгийн Ө сумын Д багийн Цагааннуур, Шорвог, Бэрэн гэх газруудаар нутаглаж хувийн малаа маллаж байна. Б.С нь 1991 оноос одоог хүртэл А аймгийн Ө сумын Д багийн Цагааннуур, Шорвог, Дэлийн ар гэх газруудаар нутаглаж хувийн малаа маллаж байна. Б.С-ынх 300 гаран тооны мал малладаг. А аймгийн Ө сумын Д багийн Засаг даргыг н.Мөнх-Эрдэнэ гэдэг. Б.С-ынх 3 хүүхэдтэй. Б.С нь хувийн малаа маллаж байх хугацаандаа А аймгийн Ө сумын Д багаас өөр тийшээ шилжиж байгаагүй. Малчнаас өөр ажил хийж байгаагүй. Манайх Б.С-ынхтай ойрхон айл аймаг байдаг болохоор би түүний хувийн мал маллаж байсан талаар сайн мэдэж байна” гэх мэдүүлгүүд болон хүсэлт гаргагчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэргээр түүний А аймгийн Ө сумын Д багт 1996-1998 онуудад хувийн мал маллаж байсан байдал тогтоогдож байна.

 

            Иймд хүсэлт гаргагч Б.С-ын А аймгийн Ө сумын Д багт 1996 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1998 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал мал маллаж байсан байдлыг тогтоох үндэслэлтэй.

 

Хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг удирдлага болгон

 

                                                                        ТОГТООХ нь:                               

 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.14-т заасныг баримтлан Б овогт Б.С-ын А аймгийн Ө сумын Д багт 1995 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1998 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал мал маллаж байсан байдлыг тогтоосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

           3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, түүний төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор шийдвэр гаргасан шүүхээр дамжуулан Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

 

                          ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                             Д.ЭЛБЭГЗАЯА