Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2024 оны 08 сарын 23 өдөр

Дугаар 129/ШШ2024/00378

 

 

 

 

 

2024 оны 08 сарын 23 өдөр

Дугаар 129/ШШ2024/00378

Архангай аймаг

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС 

                                                                                                              

 

Архангай аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Элбэгзаяа даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар 

Хүсэлт гаргагч: Н овогт Ц.А-ын хүсэлттэй

Нэхэмжлэлийн шаардлага: Мал маллаж байсан байдал тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдааны оролцогчид:

Хүсэлт гаргагч Ц.А

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Хажидсүрэн

 

ТОДОРХОЙЛОХ нь:

                                        

Хүсэлт гаргагч Ц.А мал маллаж байсан байдлаа тогтоолгох нэхэмжлэл гаргасан.

 

1. Хүсэлт гаргагч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

- Ц.А би 1969 онд төрсөн. 2024 оны 04 дүгээр сард малчнаар тэтгэвэр тогтоолгох нас болсон. Би 1991 онд цэргийн албанаас халагдсанаас хойш өдийг хүртэл Д багтаа тасралтгүй мал малласаар ирсэн. Нийгмийн даатгалын байгууллагаас өндөр насны тэтгэвэр тогтоолгоход 1996-1999 оны малын А данс архивын тасгаас гарахгүй байгаа, аймгийн Нийгмийн даатгалын маргаан шийдвэрлэх салбар зөвлөл болон Нийгмийн даатгалын ерөнхий газрын маргаан хянан шийдвэрлэх төв зөвлөлөөс дээрх онуудад малчнаар ажилласныг тогтоогоогүй тул шүүхээр ажилласан жилээ тогтоолго гэсэн. Анхны хүүхэд маань 1992 онд төрсөн төрөлтийн түүх дээр эцэг эхийн эрхлэлт малчин гэж тэмдэглэгдсэн. Мөн 3 дахь хүүхдийн төрөлтийн түүх дээр 2000 онд эцэг эхийн ажил эрхлэлт малчин гэж тус тус тэмдэглэгдсэн. Монгол Улсын Иргэний газар эзэмших гэрчилгээ дээр 1995 онд хамт мал маллаж байсан миний ээж Машийн Тэрбишийн нэр дээр олгогдсон байна. Олон хүүхэдтэй эхийн тэтгэврийн дэвтэрт бүртгэл хийгдсэн зэрэг нь намайг тасралтгүй мал маллаж малчнаар ажиллаж байсныг илтгэж байна. Даатгуулагч Ц.А миний ажилласан жил нөхөн тооцохоор 9 жил 6 сар, сайн дурын шимтгэл 9 жил 7 сар, цэргийн албанд 1 жил 9 сар, нийт 20 жил 10 сар ажилласан. Иймд 1996 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1999 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл Ө сумын Д багт мал маллан малчнаар ажиллаж байсныг тогтоож өгнө үү гэв.

 

2. Хүсэлт гаргагчаас:

- Нийгмийн даатгалын ерөнхий газрын маргаан хянан шийдвэрлэх төв зөвлөлийн 2024 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн Шийдвэр хүргүүлэх тухай 32/35 дугаар албан бичиг,

- А аймгийн Нийгмийн даатгалын газрын маргаан хянан шийдвэрлэх салбар зөвлөлийн 2024 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн Даатгуулагчийн малчнаар ажиллаж мал маллаж, шимтгэл төлсөн хугацааг тогтоох тухай 03/03 тоот тогтоол,

- А аймгийн Ө сумын Д багийн Засаг даргын 2024 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн 09 тоот тодорхойлолт,

- А аймгийн Архивын тасгийн 2024 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн 643 тоот тодорхойлолт зэрэг нотлох баримтыг шүүхэд гаргаж өгсөн.

 

3. Хүсэлт гаргагч Ц.А-ын хүсэлтээр Я.О, Г.Э нараас авсан гэрчийн мэдүүлгийг шүүх бүрдүүлсэн.

 

4. Шүүхээс Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.6, 123 дугаар зүйлийн 123.1-д заасны дагуу

- Нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцуулсан талаарх А аймгийн Нийгмийн даатгалын газрын 2024 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн 01/629 тоот лавлагаа, хавсарган ирүүлсэн баримт,

- А аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс ирүүлсэн Ц.А, Л.Э нарын ХААТР-15 маягт,

- Хүн ам, орон сууцны 2000 оны тооллогын Үндэсний төв архивын 2024 оны 08 сарын 06-ны өдрийн 03-02/4322 тоот Архивын лавлагаа, хавсарган ирүүлэн баримт зэрэг нотлох баримтыг бүрдүүлжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

           

            1. Хүсэлт гаргагч Ц.Аын А аймгийн Ө сумын Д багт 1996 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1999 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл мал маллаж байсан байдлаа тогтоолгох хүсэлтийг хангах үндэслэлтэй гэж үзэв.

 

2. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2, 44.4-т заасан шаардлагыг хангасан Нийгмийн даатгалын ерөнхий газрын маргаан хянан шийдвэрлэх төв зөвлөлийн 2024 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн Шийдвэр хүргүүлэх тухай 32/35 дугаар албан бичиг, А аймгийн Нийгмийн даатгалын газрын маргаан хянан шийдвэрлэх салбар зөвлөлийн 2024 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн Даатгуулагчийн малчнаар ажиллаж мал маллаж, шимтгэл төлсөн хугацааг тогтоох тухай 03/03 тоот тогтоол, А аймгийн Ө сумын Д багийн Засаг даргын 2024 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн 09 тоот тодорхойлолт, А аймгийн Архивын тасгийн 2024 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн 643 тоот тодорхойлолт, Нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцуулсан талаарх А аймгийн Нийгмийн даатгалын газрын 2024 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн 01/629 тоот лавлагаа, хавсарган ирүүлсэн баримт, А аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс ирүүлсэн Ц.А, Л.Э нарын ХААТР-15 маягт, Хүн ам, орон сууцны 2000 оны тооллогын Үндэсний төв архивын 2024 оны 08 сарын 06-ны өдрийн 03-02/4322 тоот Архивын лавлагаа, хавсарган ирүүлэн баримт, худал мэдүүлэг өгвөл хариуцлага хүлээлгэх хуулийн зүйл, заалттай танилцаж, үнэн зөв мэдүүлэг өгөхөө илэрхийлж баталгаа гаргасан гэрч Я.О, Г.Э нарын мэдүүлэг зэрэг нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.

 

3. Ц.А-ын 1996-1999 онд малчин гэж тогтоох боломжгүй гэж Нийгмийн даатгалын ерөнхий газрын маргаан хянан шийдвэрлэх төв зөвлөлийн тогтоолоор шийдвэрлэжээ.

 

 Ц.А-ын мал маллаж байсан талаарх нотлох баримт төрийн байгууллагад хадгалагдаагүйн улмаас хүсэлт гаргагч нь Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр тэтгэмжийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 7-д заасан болзлыг ханган өндөр насны тэтгэвэр тогтоолгох зорилгоор дээрх үйл баримтыг шүүхээр тогтоолгохоор хүсэлт гаргасан нь онцгой ажиллагааны журмаар иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны нэг төрөл болох эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдлыг сэргээн тогтоолгох хүсэлт юм.

           

Ц.А-ын мал маллаж байсан талаар тодорхойлсон Нийгмийн даатгалын ерөнхий газрын маргаан хянан шийдвэрлэх төв зөвлөлийн 2024 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн Таны тус зөвлөлд гаргасан өргөдлийг 2024 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн хуралдаанаар хэлэлцээд гарсан шийдвэрийг хүргүүлж байна. Зөвлөлийн гишүүд таны өргөдлийг ирүүлсэн баримт бичигт үндэслэн хянан хэлэлцээд 1995, 2000, 2015 онд мал малласан хугацааг малчнаар ажилласнаар тогтоохоор шийдвэрлэсэн болно. Харин таны 1996-1999 онд малчнаар ажилласныг нотлоход шаардлагатай баримт бичиг байхгүйгээс эдгээр онд малчнаар ажилласныг тогтоох боломжгүйг үүгээр мэдэгдэж байна" гэсэн Шийдвэр хүргүүлэх тухай 32/35 дугаартай албан бичиг, А аймгийн Нийгмийн даатгалын газрын маргаан хянан шийдвэрлэх салбар зөвлөлийн 2024 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн А аймгийн Ө сумын иргэн Ц овогтой А-ыг 1995-2000 онуудад мал маллаж байсныг нотлох баримт хангалтгүй тул тогтоох боломжгүй гэж шийдвэрлэв. гэсэн Даатгуулагчийн малчнаар ажиллаж мал маллаж, шимтгэл төлсөн хугацааг тогтоох тухай 03/03 тоот тогтоол, А аймгийн Ө сумын Д багийн Засаг даргын 2024 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн Д багийн малчин Ц-ын А нь 1991 онд цэргийн албанаас халагдсанаас хойш өдийг хүртэл нутаг орондоо тасралтгүй мал маллан амьдарч байна. 1995-2000 онуудад малын А данс сум, аймгийн архивын баримтад хадгалагдаагүй устсан бөгөөд дээрх онуудад мал маллан амьдарч байсан нь үнэн болно гэсэн 09 тоот тодорхойлолт, А аймгийн Архивын тасгийн 2024 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн Тус архивын сан хөмрөгт Ө сумын Д багийн 1996-1999 оны малын А данс шилжиж ирээгүй тул Ц-ын А-д лавлагаа гаргах боломжгүй байна гэсэн 643 тоот тодорхойлолт, Нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцуулсан талаарх А аймгийн Нийгмийн даатгалын газрын 2024 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн 01/629 тоот лавлагаа, хавсарган ирүүлсэн баримт, А аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс ирүүлсэн Ц.А, Л.Э нарын гэрлэснийг бүртгэх ХААТР-15 маягтад бүртгэсэн- А аймгийн Ө сум, 1993.02.14, гэрлэсэн-1991.12.22, нөхөр Ц-ын А, эрхэлдэг ажил-малчин, эхнэр Л-гийн Э, эрхэлдэг ажил-малчин гэсэн, Хүн ам, орон сууцны 2000 оны улсын тооллогын 32 дугаар хуудсанд “А аймгийн Ө сумын Д багийн хөдөө оршин суух Ц-ын А, тэргүүлэгч өөрөө, 1969 оны 02 сард төрсөн, 30 настай, эрэгтэй, эрхэлдэг ажил-малчин, Л-гийн Э, эхнэр, 1967 оны 04 сард төрсөн, 32 настай, эмэгтэй, эрхэлдэг ажил-малчин, А-ын Д, охин, 1992 оны 06 сард төрсөн, 7 настай, эмэгтэй, А-ын М, хүү, 1995 оны 01 сард төрсөн, 4 настай, эрэгтэй” гэж тоологдсон Үндэсний төв архивын 2024 оны 08 дугаар сарын 06-ны өдрийн 03-02/4322 тоот лавлагаа зэрэг баримтууд, гэрч Я.О-ын: “Би 1998 оны 08 сараас 2002 оныг хүртэл А аймгийн Ө сумын Д багийн Засаг даргаар ажиллаж байсан. Ц.А нь 1992 оноос одоог хүртэл А аймгийн Ө сумын Д багт хувийн малаа маллаж байна. Ц.А нь хувийн малаа маллахдаа А аймгийн Ө сумын Д багийн Их өвөлжөө гэх газраар нутаглаж хувийн малаа малладаг. Ц.А нь аймгийн аварга малчин хүн байгаа юм. Ц.А-ынх 700-800 тооны мал малладаг. Ц.А нь мал маллаж байх хугацаандаа А аймгийн Ө сумын Д багаас өөр тийшээ шилжиж байгаагүй. Малчнаас өөр ажил хийж байгаагүй. Би А аймгийн Ө сумын Д багийн Засаг даргаар ажиллаж байсан болохоор Ц.А-ын хувийн мал маллаж байсан талаар сайн мэдэж байна” гэх, гэрч Г.Э-ны: “Би 2002 оноос 2004 оныг хүртэл А аймгийн Ө сумын Д багийн Засаг даргаар, 1999 оноос 2002 оныг хүртэл А аймгийн Ө сумын Д багт хүний эмчээр ажиллаж байсан. Ц.А нь 1992 оноос одоог хүртэл А аймгийн Ө сумын Д багт хувийн малаа маллаж байна. Ц.А нь эхнэр Л.Э-тэй хамт хувийн малаа малладаг. Ц.А нь хувийн малаа маллахдаа А аймгийн Ө сумын Д багийн Их өвөлжөө гэх газраар нутаглаж хувийн малаа малладаг. Ц.А нь аймгийн аварга малчин хүн байгаа юм. Ц.А-ынх 1000 тооны мал малладаг. Ц.А нь хувийн мал маллаж байх хугацаандаа А аймгийн Ө сумын Д багаас өөр тийшээ шилжиж байгаагүй. Малчнаас өөр ажил хийж байгаагүй. Би А аймгийн Ө сумын Д багийн Засаг дарга, хүний эмчээр ажиллаж байсан болохоор Ц.А-ын хувийн мал маллаж байсан талаар сайн мэдэж байна” гэх мэдүүлгүүд болон хүсэлт гаргагчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэргээр түүний А аймгийн Ө сумын Д багт 1996-1999 онуудад хувийн мал маллаж байсан байдал тогтоогдож байна.

 

            Иймд хүсэлт гаргагч Ц.А-ын А аймгийн Ө сумын Д багт 1996 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1999 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал мал маллаж байсан байдлыг тогтоох үндэслэлтэй.

 

Хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг удирдлага болгон

 

                                                                        ТОГТООХ нь:                               

 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.14-т заасныг баримтлан Н овогт Ц-ын А-ын А аймгийн Ө сумын Д багт 1996 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1999 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал мал маллаж байсан байдлыг тогтоосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

           3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, түүний төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор шийдвэр гаргасан шүүхээр дамжуулан А аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

 

                              ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                             Д.ЭЛБЭГЗАЯА