Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 09 сарын 07 өдөр

Дугаар 2017/ДШМ/10

 

Х.Б-т холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Жамбалсүрэн даргалж, шүүгч Б.Дамба, шүүгч Н.Мөнхжаргал, нарын бүрэлдэхүүнтэй, шүүгдэгч Х.Б, түүний өмгөөлөгч М.Мөнхөө, прокурор Я.Дина, нарийн бичгийн дарга А.Тамираа нарыг оролцуулан

Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн 63 дугаар шийтгэх тогтоолтой, Х.Б-т холбогдох эрүүгийн 201720000158 дугаартай хэргийг шүүгдэгчийн давж заалдсан гомдлыг үндэслэн, 2017 оны 08 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч шүүгч Н.Мөнхжаргалын илтгэснээр нээлттэйгээр хэлэлцэв.

Монгол улсын иргэн, 1991 оны дүгээр сарын -ний өдөр Увс аймгийн Ц суманд төрсөн,  настай, эмэгтэй, Увс аймгийн Ц сумын дүгээр багт оршин суудаг, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, Б овогт Х-гийн Б нь 2017 оны 05 дугаар сарын 22-ны өдөр Увс аймгийн Ц сумын Арбулаг 4 дүгээр багийн нутаг дэвсгэрт охирогч М.Л-г хутгалж, бие махбодид хүнд гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Б овгийн Х-ийн Б-ийг бусдьгн бие махбодид хүнд гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,

2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 551 дүгээр зүйлийн 551.1 -д заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х-ийн Б-т 3 жил, 5 сар хорих ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Б-т оногдуулсан 3 жил, 5 сар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоож,

Шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, энэ шийтгэх тогтоолоор шүүгдэгчээс гаргуулах хохирол, төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааньг зардалгүй болохыг тус тус дурдаж,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2-т зааснаар хохирогч М.Лхагважав нь нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар нэхэмжлэл гаргах эрхтэй болохыг дурдаж, Мөрдөн байцаагчийн 2017 оньг 6 дугаар сарын 14-ний өдрийн Сэжигтэн, яллагдагчийн хүүхдийг харгалзан дэмжүүлэх тогтоолыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэж,

Хүүхэд хамгааллын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.1, 13 дугаар зүйлийн 13.1, Гэр бүлийн тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1.2 дахь хэсэгт заасньг дагуу шүүгдэгч Х.Бийн 2008 оны 05 дугаар сарын 26-ны өдөр төрсөн хүү Б.Даваабаяр, 2010 оны 08 сарын 20-ны өдөр төрсөн хүү Б.Д нарыг эх Х.Бийг ял эдэлж дуусах хүртэл хугацаанд асран хамгаалуулахаар хүүхэд асран хүмүүжүүлэх байгууллагад шилжүүлж шийдвэрлэжээ.

 

Шүүгдэгч Х.Б давж заалдах гомдолдоо: Би хийсэн хэрэгтээ маш их гэмшиж байна. Би бага насны 2 хүүхэдтэй бөгөөд аав ээжийнхээ хамт эрхэлсэн ажилгүй, амьжиргааны түвшин доогуур амьдарч байсан. Би буруу зүйл хийсэндээ маш их гэмшиж байгаа тул надад оногдуулсан 3 жил, 5 сарын хорих ялыг миний ар гэрийн болон 2 хүүхдийн минь ирээдүйг харгалзан үзэж хөнгөрүүлж өгнө үү. гэжээ.

 

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор дүгнэлтдээ: Анхан  шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль зүйн  үндэслэлтэй, хэргийн бүрдлийн хувьд маргаан байхгүй тул хэвээр үлдээж өгнө үү. Ялтны эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэх нь шүүхийн  эрх хэмжээний  асуудал юм. гэв.

ХЯНАВАЛ:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж шийдвэрлэлээ.

Шүүгдэгч Х.Б нь согтуугаар 2017 оны 05 дугаар сарын 22-ны өдөр Увс аймгийн Цагаанхайрхан сумын Ар булаг багийн нутаг дэвсгэрт хохирогч М.Лхагважавын цээжинд хутгалж, хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь тухайн хэрэгт хамааралтай бөгөөд ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлэн, шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтуудаар нотлогдсон, энэ талаар хийсэн шүүхийн дүгнэлт хэргийн жинхэнэ байдалтай нийцсэн, хууль зүйн үндэслэлтэй болжээ.

Хэргийн бүх ажиллагааг хянахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч Х.Б-ийн давж заалдах шатны шүүхэд гаргасан “...би бага насны 2 хүүхэдтэй, аав, ээжийн хамт эрхэлсэн ажилгүй, амьжиргааны түвшин доогуур амьдардаг. Хийсэн хэрэгтээ маш их гэмшиж байна.Иймд надад оногдуулсан ялыг хөнгөрүүлж өгнө үү “ гэх гомдлын хүлээн авах боломжтой байна. Учир нь:

2017 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс хүчин төгөлдөр үйлчилж эхэлсэн 2015 оны шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохгүй болсон, оногдуулах ялыг хөнгөрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэнэ.” гэж заажээ.

Шүүгдэгч Х.Бийн  ял шийтгүүлсэн 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1  дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь 2017 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс хүчин төгөлдөр үйлчилж эхэлсэн 2015 оны шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт хамаарч байгаа бөгөөд уг зүйл хэсэгт оногдуулах ял нь 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1-т  заасан гэмт хэрэгт оногдуулах ялаас бага буюу хөнгөрүүлэн хуульчилсан байна.

Х.Б-ийг  2017 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс хүчин төгөлдөр үйлчилж эхэлсэн 2015 оны шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, ял шийтгэл оногдуулах байтал анхан шатны шүүх 2002 оны Эрүүгийн хуулиар ял шийтгэл оногдуулан Х.Бийн эрх зүйн байдлыг дордуулсан байна.

Шүүгдэгч Х.Б нь бусдын бие махбодид хүнд гэмтэл санаатай учруулах гэмт хэрэг үйлдэхдээ зэвсгийн чанартай зүйл хэрэглэсэн нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байх боловч энэ нь 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлд заасан гэмт хэргийн хүндрүүлэх бүрэлдэхүүн болгон хуульчлаагүй, түүнчлэн прокурор яллах дүгнэлтдээ хүндрүүлэх бүрэлдэхүүнээр яллаагүй байна.

2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1-д “үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцох эсэхийг тухайн гэмт хэргийг үйлдэх үед дагаж мөрдөж байсан хуулиар тодорхойлно” гэж заасан тул шүүгдэгч Х.Бийн үйлдсэн гэмт хэргийн шинж /бүрэлдэхүүн/-ийг энэ гэмт хэрэг үйлдэх үеийн хууль буюу 2002 оны Эрүүгийн хуулиар тодорхойлж, оногдуулах ялыг хөнгөрүүлсэн, эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг хэрэглэх бөгөөд харин 2015 оны Эрүүгийн хуулинд шинээр тооцсон гэмт хэргийн хүндрүүлэх шинжээр тодорхойлох боломжгүй.

Иймд Х.Б-ийг  2017 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс хүчин төгөлдөр үйлчилж эхэлсэн 2015 оны шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, ял шийтгэл оногдуулж, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулах үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Х.Б нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гаргуулах хохирол төлбөргүй,  гэмт хэрэг гарахад хохирогчийн буруутай үйлдэл нөлөөлсөн, түүний  хувийн байдал зэргийг харгалзан 2015 оны шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3-т заасныг журамлан хуулинд заасан хорих ялыг хөнгөрүүлэн оногдуулах нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

Х.Б  нь  2017 оны 08 дугаар сарын 09-ний өдрөөс эхлэн давж заалдах шатны шүүхээр хэрэг хэлэлцэх хүртэл нийт 30 хоног цагдан хоригдсон тул уг хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцох үндэслэлтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.4 дэх хэсэгт  заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн 63  дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн

-1 дүгээр заалтын “Бууч овгийн Хөххүүгийн Батцэцэгийг бусдын бие махбодид хүнд гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.” гэснийг  “Бууч овгийн Хөххүүгийн Батцэцэгийг  хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.” гэж,

-2 дугаар заалтын “2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 551 дүгээр зүйлийн 551.1-д заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Хөххүүгийн Батцэцэгт 3 жил 5 сар хорих ял шийтгэсүгэй.” гэснийг “2015  оны шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1, 6.7 дугаар зүйлийн 1.3-т заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Хөххүүгийн Батцэцэгт  1 жил  хорих ял шийтгэсүгэй.” гэж,

2. Шийтгэх тогтоолын бусад зүйл заалтыг хэвээр үлдээсүгэй.

3. 2015 оны шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1-д зааснаар Х.Бийн  давж заалдах шатны шүүхээр хэрэг хэлэлцэх хүртэл цагдан хоригдсон 30 хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцсугай.

4. Гомдол, эсэргүүцэл гаргах  эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн  шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд Шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй.  

 

 

 

ДАРГАЛАГЧ,

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                            Д.ЖАМБАЛСҮРЭН

 

ШҮҮГЧИД                                           Б.ДАМБА

 

                                                            Н.МӨНХЖАРГАЛ