Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2024 оны 08 сарын 23 өдөр

Дугаар 129/ШШ2024/00380

 

 

 

 

 

2024 оны 08 сарын 23 өдөр

Дугаар 129/ШШ2024/00380

Архангай аймаг

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС 

                                                                                                              

 

Архангай аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Элбэгзаяа даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар 

Хүсэлт гаргагч: Б овогт Д.Дхүсэлттэй

Нэхэмжлэлийн шаардлага: Мал маллаж байсан байдал тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдааны оролцогчид:

Хүсэлт гаргагч Д.Д

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Хажидсүрэн

 

ТОДОРХОЙЛОХ нь:

                                        

Хүсэлт гаргагч Д.Д мал маллаж байсан байдлаа тогтоолгох нэхэмжлэл гаргасан.

 

1. Хүсэлт гаргагч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

- Би 1995-2000 онд А аймгийн И сумын Х багт өөрийн аав Д, ээж Ч нарын хамт мал маллаж байсан бөгөөд малын А данс өрхийн тэргүүн болох аав Д-ын нэр дээр бүртгэгдэж байсан юм. Би өндөр насны тэтгэвэр тогтоолгох зорилгоор 1995-2000 онд мал маллаж байснаа шүүхээс гадуур хуульд заасан урьдчилан шийдвэрлэх журмын дагуу А аймгийн Нийгмийн даатгалын газрын Маргаан хянан шийдвэрлэх салбар зөвлөл, Нийгмийн даатгалын ерөнхий газрын Маргаан хянан шийдвэрлэх төв зөвлөлд тус тус хандсан. 1995-2000 онд мал маллаж байсныг нотлох баримтгүй гэсэн үндэслэлээр А аймгийн Нийгмийн даатгалын газрын Маргаан хянан шийдвэрлэх салбар зөвлөл, Нийгмийн даатгалын ерөнхий газрын Маргаан хянан шийдвэрлэх төв зөвлөл миний дээрх хугацаанд мал маллаж байсныг тогтоох боломжгүй гэж шийдвэрлэсэн. Мөн А аймгийн Архивын тасгаас 1995-2000 онд мал маллаж байсантай холбоотой малын А дансыг шүүлгэхэд Д.Д надад холбогдох баримт гараагүй. Манай нутгийн хүмүүсийн малын А данс мөн адил гарахгүй байгаа. Учир нь архив нь шатаж байсан. Иймд миний А аймгийн И суманд 1995 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2000 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал мал маллаж байсан байдлыг сэргээн тогтоож өгнө үү гэв.

 

2. Хүсэлт гаргагчаас:

- А аймгийн Архивын тасгийн 2024 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 610 тоот тодорхойлолт,

- А аймгийн И сумын Х багийн Засаг даргын 2024 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн 52 тоот тодорхойлолт,

- А аймгийн Нийгмийн даатгалын газрын маргаан хянан шийдвэрлэх салбар зөвлөлийн 2024 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн “Даатгуулагчийн малчнаар ажиллаж мал маллаж, шимтгэл төлсөн хугацааг тогтоох тухай” 02/14 тоот тогтоол,

- Нийгмийн даатгалын ерөнхий газрын Маргаан хянан шийдвэрлэх төв зөвлөлийн 2024 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн “Шийдвэр хүргүүлэх тухай” 32/24 тоот албан бичиг,

- Д.Д-гийн “Малчин мэргэжлийн үнэмлэх”-ийн хуулбар зэрэг нотлох баримтыг шүүхэд гаргаж өгсөн.

 

3. Хүсэлт гаргагч Д.Д-гийн  хүсэлтээр Б.А, О.Г нараас авсан гэрчийн мэдүүлгийг шүүх бүрдүүлсэн.

 

4. Шүүхээс Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.6, 123 дугаар зүйлийн 123.1-д заасны дагуу

- Хүн ам, орон сууцны 2000 оны тооллогын Үндэсний төв архивын 2024 оны 08 сарын 07-ны өдрийн 03-02/4358 тоот Архивын лавлагаа, хавсарган ирүүлэн баримт,

- Нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцуулсан талаарх А аймгийн Нийгмийн даатгалын газрын 2024 оны 08 сарын 06-ны өдрийн 01/632 тоот лавлагаа, хавсарган ирүүлсэн баримт,

- А аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2024 оны 08 сарын 22-ны өдрийн 668 тоот албан бичгээр ирүүлсэн Д.Ж-ын төрсний ХААТР-11 маягт, Д.Д-гийн ХААТР-15 маягт зэрэг нотлох баримтыг бүрдүүлжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

           

            1. Хүсэлт гаргагч Д.Д-гийн А аймгийн И суманд 1995 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2000 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл мал маллаж байсан байдлаа тогтоолгох хүсэлтийг хангах үндэслэлтэй гэж үзэв.

 

2. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2, 44.4-т заасан шаардлагыг хангасан А аймгийн Архивын тасгийн 2024 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 610 тоот тодорхойлолт, А аймгийн И сумын Х багийн Засаг даргын 2024 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн 52 тоот тодорхойлолт, А аймгийн Нийгмийн даатгалын газрын маргаан хянан шийдвэрлэх салбар зөвлөлийн 2024 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн “Даатгуулагчийн малчнаар ажиллаж мал маллаж, шимтгэл төлсөн хугацааг тогтоох тухай” 02/14 тоот тогтоол, Нийгмийн даатгалын ерөнхий газрын Маргаан хянан шийдвэрлэх төв зөвлөлийн 2024 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн “Шийдвэр хүргүүлэх тухай” 32/24 тоот албан бичиг, Д.Д гийн “Малчин мэргэжлийн үнэмлэх”-ийн хуулбар, Хүн ам, орон сууцны 2000 оны тооллогын Үндэсний төв архивын 2024 оны 08 сарын 07-ны өдрийн 03-02/4358 тоот Архивын лавлагаа, хавсарган ирүүлэн баримт, Нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцуулсан талаарх А аймгийн Нийгмийн даатгалын газрын 2024 оны 08 сарын 06-ны өдрийн 01/632 тоот лавлагаа, хавсарган ирүүлсэн баримт, А аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2024 оны 08 сарын 22-ны өдрийн 668 тоот албан бичгээр ирүүлсэн Д.Ж-ын төрсний ХААТР-11 маягт, Д.Дгийн ХААТР-15 маягт, худал мэдүүлэг өгвөл хариуцлага хүлээлгэх хуулийн зүйл, заалттай танилцаж, үнэн зөв мэдүүлэг өгөхөө илэрхийлж баталгаа гаргасан гэрч Б.А, О.Г нарын мэдүүлэг зэрэг нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.

 

3. Д.Д-гийн 1995-2000 онд малчин гэж тогтоох боломжгүй гэж Нийгмийн даатгалын ерөнхий газрын Маргаан хянан шийдвэрлэх төв зөвлөлийн тогтоолоор шийдвэрлэжээ.

 

 Д.Д-гийн мал маллаж байсан талаарх нотлох баримт төрийн байгууллагад хадгалагдаагүйн улмаас хүсэлт гаргагч нь Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр тэтгэмжийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 7-д заасан болзлыг ханган өндөр насны тэтгэвэр тогтоолгох зорилгоор дээрх үйл баримтыг шүүхээр тогтоолгохоор хүсэлт гаргасан нь онцгой ажиллагааны журмаар иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны нэг төрөл болох эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдлыг сэргээн тогтоолгох хүсэлт юм.

           

Д.Д-гийн мал маллаж байсан талаар тодорхойлсон А аймгийн Архивын тасгийн 2024 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн “Тус архивын сан хөмрөгт И сумын Х багийн малын А дансны 1995-2000 оны баримт шилжиж ирээгүй тул Д-ын Д-д лавлагаа гаргах боломжгүй байна” гэсэн 610 тоот тодорхойлолт, А аймгийн И сумын Х багийн Засаг даргын 2024 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн “Тус багийн малчин Д.Д нь 1991-1994 онд мал маллаж байсан нь үнэн болно” гэсэн 52 тоот тодорхойлолт, А аймгийн Нийгмийн даатгалын газрын маргаан хянан шийдвэрлэх салбар зөвлөлийн 2024 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн “А аймгийн И сумын иргэн Д овогтой Д нь 1995-2000 онуудад мал маллаж байсныг нотлох баримтгүй тул тогтоох боломжгүй гэж зөвлөлийн гишүүдийн 100 хувийн саналаар шийдвэрлэв” гэсэн 02/14 тоот тогтоол, Нийгмийн даатгалын ерөнхий газрын Маргаан хянан шийдвэрлэх төв зөвлөлийн 2024 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн “... Та өргөдөлдөө 1995-2000 онд мал маллаж байсан тул энэ хугацаанд малчнаар ажилласныг тогтоолгох хүсэлт гаргасан байна. Зөвлөлийн гишүүд таны өргөдлийг ирүүлсэн баримт бичигт тулгуурлан хянан хэлэлцээд 1995-2000 онд малчнаар ажиллаж байсныг нотлоход шаардлагатай баримт бичиг байхгүй тул таныг 1995-2000 онд малчнаар ажилласныг тогтоох боломжгүй гэж шийдвэрлэлээ. Иймд А аймгийн Нийгмийн даатгалын газрын дэргэдэх Маргаан хянан шийдвэрлэх салбар зөвлөлийн 2024 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн Даатгуулагчийн малчнаар ажиллаж мал маллаж, шимтгэл төлсөн хугацааг тогтоох тухай 02/12 дугаар тогтоолыг хэвээр үлдээж байгааг үүгээр мэдэгдье” гэсэн “Шийдвэр хүргүүлэх тухай” 32/24 тоот албан бичиг, Д.Д-гийн “Малчин мэргэжлийн үнэмлэх”-ийн хуулбар, Д.Д-гийн тэтгэврийн даатгалын шимтгэлийг 1991 оны 06 дугаар сараас 2000 оныг дуустал нөхөн тооцуулсан талаарх А аймгийн Нийгмийн даатгалын газрын 2024 оны 08 дугаар сарын 06-ны өдрийн 01/632 тоот лавлагаа, хавсарган ирүүлсэн баримт, А аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2024 оны 08 сарын 22-ны өдрийн 668 тоот албан бичгээр ирүүлсэн Д.Ж-ын ХААТР-11 маягтад “А аймгийн И сум, 2000 оны 08 дугаар сарын 08-ны өдөр төрсөн, Д.Ж, эхийн нэр-Д.Д, нийгмийн бүлэг-малчин” гэсэн, Хүн ам, орон сууцны 2000 оны улсын тооллогын 152 дугаар хуудсанд “А аймгийн И сумын Х багийн хөдөө оршин суух Г.Ч, тэргүүлэгч өөрөө, 1935 оны 10 дугаар сард төрсөн, 64 настай, эмэгтэй, Д.Д, охин, 1974 оны 03 сард төрсөн, 25 настай, эмэгтэй, Д.О, охин, 1972 оны 03 сард төрсөн, 27 настай, эмэгтэй” гэж тоологдсон Үндэсний төв архивын 2024 оны 08 сарын 07-ы өдрийн 03-02/4358 тоот лавлагаа зэрэг баримтууд, гэрч Б.А-гийн: “Би 1992 оноос одоог хүртэл А аймгийн И сумын Х багийн Хөх даваа, Шүүргийнтийн арал, Хар толгой, Хөх давааны ам гэх газруудаар нутаглаж хувийн малаа маллаж байна. Д.Д нь 1992 оноос одоог хүртэл А аймгийн И сумын Х багийн Бэлчир, Шүүргийнтийн арал, Хар толгой, Хөх давааны ам гэх газруудаар нутаглаж хувийн малаа маллаж байна. Д.Д-гийнх 300 тооны мал малладаг. Д.Д хувийн малаа маллаж байх хугацаандаа А аймгийн И сумын Х багаас өөр тийшээ шилжиж байгаагүй. Д.Д нь малчнаас өөр ажил хийж байгаагүй. Манайх Д.Д-гийнхтэй ойрхон айл аймаг байдаг болохоор би түүний хувийн мал маллаж байсан талаар сайн мэдэж байна” гэх, гэрч О.Г-ын: “Би А аймгийн И сумын Х багийн иргэн юм. 1998 оноос 2021 оныг хүртэл А аймгийн И сумын Х багийн байгаль хамгаалагчаар тасралтгүй ажилласан. Д.Д-гийн аав нь 1999 онд нас барсан. Д.Д нь 1999 оноос 2010-аад оны үе хүртэл А аймгийн И сумын Х багт ээжтэйгээ хамт мал маллаж байсан. Ээж нь 2010-аад оны үеэр нас барсан санагдаж байна. Түүнээс хойш нөхөр Ж.Ч-тай хамт мал маллаж байгаа. Д.Д-гийн аав н.Д, ээж н.Ц гэдэг, малчин хүмүүс байсан. Д.Д нь 1999 оноос өмнө аав, ээжийн хамт мал маллаж байсан. Д.Д нь хувийн малаа маллахдаа А аймгийн И сумын Х багийн Хөх даваа, Тамирын гол гэх газраар нутаглаж хувийн малаа маллаж байсан. Д.Дгийн нөхрийг Ж.Ч гэдэг. Д.Д нь хувийн малаа маллаж байх хугацаандаа А аймгийн И сумын Х багаас өөр тийшээ шилжиж байгаагүй. Д.Д-гийнх 300-400 тооны мал малладаг. Д.Д нь малчнаас өөр ажил хийж байгаагүй. Би Д.Дг хүүхэд байхаас нь сайн мэднэ, ойрхон айл аймаг байдаг болохоор түүний хувийн мал маллаж байсан талаар сайн мэдэж байна. Д.Д нь мал аж ахуй талдаа бол сайн, малчин удмын хүн байгаа юм” гэх мэдүүлгүүд болон хүсэлт гаргагчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэргээр түүний А аймгийн И суманд 1995-2000 онуудад хувийн мал маллаж байсан байдал тогтоогдож байна.

            Иймд хүсэлт гаргагч Д.Дгийн А аймгийн И суманд 1995 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2000 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал мал маллаж байсан байдлыг тогтоох үндэслэлтэй.

 

Хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг удирдлага болгон

 

                                                                        ТОГТООХ нь:                               

 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.14-т заасныг баримтлан Б овогт Д.Д А аймгийн И суманд 1995 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2000 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал мал маллаж байсан байдлыг тогтоосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

           3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, түүний төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор шийдвэр гаргасан шүүхээр дамжуулан А аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

 

                              ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                             Д.ЭЛБЭГЗАЯА