| Шүүх | Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Баясгалангийн Уранзаяа |
| Хэргийн индекс | 104/2024/00342/И |
| Дугаар | 104/ШШ2024/00403 |
| Огноо | 2024-07-30 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 07 сарын 30 өдөр
Дугаар 104/ШШ2024/00403
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Уранзаяа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч: *******,*******, ******* тоотод оршин суух, ******* овогт *******ы *******,
Хариуцагч: *******,*******, *******, *******од оршин суух, *******овогт ын , овогт ий нарт холбогдох
Нэхэмжлэлийн шаардлага: 11,400,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгч: М.*******,
Хариуцагч: Б,,
Хариуцагч Т.Үмьтийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Г.,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Ууганчимэг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгч М.******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: .. Би 2022 оны 10 дугаар сарын 11-ний өдөр хариуцагч У.д итгээд 20 гаруй жил хөдөлмөрлөж олсон 10,000,000 төгрөгийг зээлүүлсэн. 2022 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр надад 1,000,000 төгрөг 12 дугаар сард 1,150,000 төгрөгөөр тооцож, идэшний адуу өгсөн. Түүнээс хойш 700,000 төгрөгөөр, 1,000,000 төгрөгөөр мөнгө өгсөн. Өөр мөнгө огт өгөөгүй. Түүнээс хойш би удаа дараа мөнгө авъя гэж гэрт нь очдог байсан. Очихоор эхнэр нь хэл амаар доромжилж, гэрээсээ хөөдөг байсан. Би анх мөнгө зээлэх үедээ л гэрээ хэцэл хийе гэж У.д хэлсэн. Хариуцагч мал зардаг болохоор өөрт байсан хэдэн төгрөгөө өсгөхөөр хариуцагч У.д 1-2 сар хэрэглэчхээд өгөөрэй гэж 10 хувийн хүүтэйгээр 10,000,000 төгрөгийг өгсөн. Хариуцагч У. эгчээ нээх удаахгүй 1-2 сарны дараа өгнө гэж хэлсэн. Үндсэн зээлсэн 10,000,000 төгрөгөөс 2023 оны 05 дугаар сард 5,000,000 төгрөг, 06 дугаар сард 300,000 төгрөгт адууны мах тооцож авсан. Дараа 280,000 төгрөг шилжүүлсэн. Гэрт нь очихоор эхнэр нь уурлаж, маргалддаг. У.тай уулзаж эгч нь мөнгөө авъя, байшин барих гэсэн юм. Үлдсэн 5,000,000 төгрөг дээрээ 2,000,000 төгрөг нэмээд 7,000,000 болгоод өгчих. Эгч нь 10 хувийн хүү нэхэхгүй гэхэд өгнөө гэж хэлдэг. 2023 оны 05 дугаар сараа хойш 5,000,000 төгрөгийн үлдэгдэлтэй байж мөнгө огт өгөөгүй. Мөнгөө авъя гэхээр өгнө та манай эхнэрт битгий хэлээрэй гэж хэлсэн. Хариуцагчийн хүүхэд түлэгдэж, хүнд хэцүү байсан болохоор би 10 хувийн хүүгээ тооцож авна гэж нэхээгүй 2023 оны 5 дугаар сараас хойш мөнгийг минь өгөхгүй 1 жил гаруй болсон. 10 хувиар бодохгүйгээр 2,000,000 төгрөг нэмээд өгөөч гэж хэлсэн. Уг нь өгнөө л гэдэг. Би уг нь хариуцагч У.д их итгэдэг байсан. Хариуцагч У. бол мал зардаг болохоор нь амьжиргаатай мундаг залуу гэж итгээд мөнгөө өгсөн. Энэ мөнгө бол миний 20 гаруй жил зовж олсон мөнгө. 10,000,000 төгрөг бол бага мөнгө биш, миний 25 жилийн хүч хөдөлмөр. Би хүүг 10 хувиар бодохгүй байгаа. Намайг яаж зовж амьдарсныг Налайх дүүргийн иргэд бүгдээрээ мэднэ. Одоо би 11,400,000 төгрөг гаргуулна. 2023 оны 5 сараас хойших мөнгийг тооцвол их хэмжээний хүү бодогдоно. Хүний амьдралд их зүйл болно. Эгч нь байшин барина, мөнгөө авмаар байна гээд хэлээд байхад мөнгийг минь өгөөгүй. Тухайн үед гэрээ хийгээгүй нь миний алдаа байсан. Өөрийн төрсөн дүүгээс илүү гэж бодож мөнгөө өгсөн. Эхнэр нь намайг барьж авч унагаагаад хэрүүл маргаан асуудал болсон. Би хариуцагч У.ыг амьжиргаатай сэргэлэн залуу гэж бодоод итгэж мөнгө өгсөн. Цаг хугацааны асуудал яривал надад маш алдагдал гарсан гэв.
2.Хариуцагч Б. шүүхэд гаргасан тайлбартаа: Би нэхэмжлэгчээс 2022 оны 10 дугаар сарын 11-ний өдөр 10,000,000 төгрөгийг авсан нь үнэн. Энэ мөнгийг авахдаа би хугацаа зааж аваагүй, бас 10 хувийн хүүтэй мөнгө аваагүй. 10 хувийн хүүтэй мөнгө авахаар бол банз бус санхүүгийн байгууллагаас ч авах боломжтой. Нэхэмжлэгч надад миний дүү энэ мөнгийг аваад хэрэглэ, боломжтой үедээ буцааж өгөөрэй гэсэн. Мөнгө авсан өдрөө 1,000,000 төгрөгийг буцааж нэхэмжлэгчийн дансанд шилжүүлсэн. Би их бага хэмжээгээр мөнгийг нь хийсээр нийт 12,381,000 төгрөгийг дансаар шилжүүлсэн байдаг. Бэлэн өгсөн 2,000,000 төгрөгийг нэхэмжлэгч үгүйсгэхгүй. 2023 оны 02 дугаар сард Казакстан улсаас нүүрсний цэг дээр хүмүүс ирсэн байх үед би 1,000,000 төгрөгийг оруулж өгсөн. Мөн н., н. гэх хоёр залуутай нэхэмжлэгчийн гэрт орж хоол идэнгээ бэлнээр 2,000,000 төгрөг өгсөн. Нийтдээ би нэхэмжлэгчид 14,380,000 төгрөг өгсөн. Одоо би энэ хүнд мөнгө өгөх өглөггүй гэж үзэж байна. Одоо надад нэхэмжлэгчид өгөх мөнгө байхгүй. Би авсан мөнгөө өгсөн гэв.
3.Хариуцагч Т.Үмьтийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шатанд гаргасан тайлбартаа: Т.Үмьтийн хувьд зээлтэй холбоотой асуудлыг огт мэдэхгүй байгаа. Анх нэхэмжлэгчээс У. мөнгө авахдаа Т.Үмьтийн дансаар шилжүүлэн авсан байдаг. Үүн дээр маргах зүйл байхгүй. Авсан мөнгөө яаж өгсөн талаар Т.мэдэхгүй. Явцын дунд мөнгөө өгсөн гэж У. хэлсэн байдаг. Т.бол нэхэмжлэлийн шаардлагыг хариуцах этгээд биш гэв.
4.Нэхэмжлэгч тал дараах баримтуудыг нотлох баримтаар гаргасан.
4.1 Нийслэлийн Налайх дүүргийн*******ны Засаг даргын 2024 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн 206 тоот ..М.******* тоот хаягт ам бүл 6, оршин суудаг, гэх тодорхойлолт (хх-ийн 05 хуудас),
4.2 М.*******гийн ХААН Банк ХК-ийн дугаартай депозит дансны дэлгэрэнгүй хуулга (хх-ийн 06-07 хуудас),
4.6 М.*******гийн ХААН Банк ХК-ийн дугаартай депозит дансны дэлгэрэнгүй хуулга (хх-ийн 32-39 хуудас),
5.Хариуцагч тал дараах баримтуудыг нотлох баримтаар гаргасан байна.
5.1 Б.ы ХААН Банк ХК-ийн 5749/426 тоот тодорхойлолт (хх-ийн 20 хуудас),
5.2 Т.Үмьтийн ХААН Банк ХК-ийн тоот тодорхойлолт (хх-ийн 21 хуудас),
5.3 Т.Үмьтийн ХААН Банк ХК-ийн дугаартай депозит дансны дэлгэрэнгүй хуулга (хх-ийн 22-31 хуудас),
5.4 Хариуцагч талын хариу тайлбар (хх-ийн 14-15,18-19 хуудас),
Шүүх зохигчдын тайлбар хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
1.Нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.
2.Нэхэмжлэгч М.******* шаардах эрхийн үндэслэлээ: ..хариуцагч Б., түүний эхнэр Т.нар нь надаас 10,000,000 төгрөгийг нэг сарын 10 хувийн хүүтэй зээлсэн, 2023 оны 07 дугаар сараас хойших үндсэн мөнгө 6,000,000 төгрөг, хүү 5,400,000 төгрөг нийт 11,400,000 төгрөгийг гаргуулна.. гэж,
Хариуцагч Б. Т.нар татгалзлын үндэслэлээ ... энэ хүнээс 10,000,000 төгрөг зээлж авсан нь үнэн. Гэхдээ энэ мөнгийг хүүтэй зээлж аваагүй, зээлсэн 10,000,000 төгрөгийг 13,530,000 төгрөг болгож буцаан өгсөн тул нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй. хэмээн маргаж байна.
3.Зохигчид мөнгө зээлсэн, зээлж авсан гэх үйл баримтад маргаагүй, гагцхүү зээлийн төлбөрийн хэмжээ, хүүтэй зээлсэн эсэх нь маргааны зүйл болжээ.
Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нэхэмжлэгч, хариуцагчийн тайлбар, зохигчдын нэр дээрх дансны хуулга зэрэг бусад нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.
5.Нэхэмжлэгч М.******* нь хариуцагч Б.ы хүсэлтийн дагуу түүнд 10,000,000 зээлдүүлж, хариуцагч буцаан төлөх үүргийг хүлээсэн үйл баримт, тэдгээрийн тайлбар, хэрэгт авагдсан дансны хуулга зэрэг баримтаас үзвэл зохигчдын хооронд үүссэн харилцаа нь Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д заасан зээлийн гэрээний харилцаанд хамаарч байна.
Иргэний хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1, 40 дүгээр зүйлийн 40.1-д зааснаар хариуцагч талын мөнгө зээлэх хүсэл зоригийг нэхэмжлэгч тал хүлээн авснаар тэдгээрийн хооронд үүссэн хүсэл зоригийн илэрхийлэл нь хүчин төгөлдөр болж, иргэд хоорондын зээлийн харилцаа үүссэн байх бөгөөд нэхэмжлэгч хариуцагчид мөнгөн хөрөнгийг шилжүүлэн өгснөөр тэдгээрийн хооронд иргэний эрх, үүргийг үүсэх хэлцэл хийгдсэн гэж үзнэ.
6.Зээлдүүлэгч нэхэмжлэгч М.******* нь зээлдэгч хариуцагч Б., Т.нарт 2022 оны 10 дугаар сарын 11-ний өдөр 10,000,000 төгрөгийг зээлдүүлж, хариуцагч Т.Үмьтийн нэр дээрх ХААН банк ХХК дахь тоот дансанд шилжүүлэн /хх-ийн 22 хуудас/ өгсөн болох нь тогтоогдож байна.
Хариуцагч нар дээрх зээлсэн мөнгийг буцаан бүрэн төлсөн, хүү төлөх үндэслэлгүй хэмээн маргаж байна.
7.Нэхэмжлэгч М.******* нь Хаан банк дахь гэх данс, хариуцагч Б. Хаан банк дахь тоот данс, хариуцагч Т.Хаан банк дахь дугаарын дансыг тус тус эзэмшдэг болох нь хэрэгт авагдсан нотлох дансны хуулга (хх-ийн 20-21, 35 хуудас)-аар нотлогдож байна.
Зохигчийн хооронд шилжүүлсэн мөнгийг нотлох баримтаар гаргаж өгсөн дээрх дансны хуулга тус бүрээр шүүж үзэхэд:
Нэхэмжлэгч М.*******гийн нэр дээрх тоот дансанд хариуцагч Б.ы нэр дээрх тоот данс болон Т.Үмьтын нэр дээрх тоот данснаас дараах орлогын гүйлгээ хийгдсэн байна. Үүнд:
1. 2022 оны 10 дугаар сарын 11-ний өдөр 1,000,000 төгрөг (хх-ийн 23 хуудас)
2. 2022 оны 12 дугаар сарын 18-ны өдөр 1,100,000 төгрөг (хх-ийн 24, 39 хуудас)
3. 2022 оны 12 дугаар сарын 23-ны өдөр 700,000 төгрөг (хх-ийн 25, 38 хуудас)
4. 2023 оны 3 дугаар сарын 03-ны өдөр 1,000,000 төгрөг (хх-ийн 26, 36 хуудас)
5. 2023 оны 1 дүгээр сарын 24-ний өдөр 1,000,000 төгрөг (хх-ийн 27, 37 хуудас)
6. 2023 оны 3 дугаар сарын 23-ны өдөр 1,000,000 төгрөг (хх-ийн 28 хуудас)
7. 2023 оны 4 дүгээр 28-ны өдөр 1,000,000 төгрөг (хх-ийн 29, 35 хуудас)
8. 2023 оны 5 дугаар сарын 28-ны өдөр 5,000,000 /3000,000+2,000,000/ (хх-ийн 30 хуудас) төгрөг
9. 2023 оны 6 дугаар сарын 22-ны өдөр 280,000 төгрөг (хх-ийн 31 хуудас) буюу нийт 9 удаагийн гүйлгээгээр 12,080,000 төгрөгийг буцаан шилжүүлэн өгсөн байна.
2023 оны 5 дугаар сарын 28-ны өдөр шилжүүлсэн 5,000,000 төгрөгийг ээхэмжлэгч М.*******гийн охин гэх М.ы нэр дээрх тоот дансанд (хх-ийн 30 хуудас) шилжүүлэн өгсөн, уг 5,000,000 төгрөгийг авсан, мөн 1,150,000 төгрөгт тооцож адуу авсан гэдэгт нэхэмжлэгч хүлээн зөвшөөрсөн, маргаагүй байна.
Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч М.*******гийн дансанд хариуцагч Б., Т.нараас нийт 12,080,000 төгрөгийг авсан, 1,150,000 төгрөгт адуу тооцож авсан, нийт 13,230,000 төгрөгийг авсан гэдэг нь баримтаар нотлогдохоос гадна нэхэмжлэгч уг мөнгийг авсан хүлээн зөвшөөрч байна.
8.Гэвч нэхэмжлэгч нь дээрх 13,230,000 төгрөгөөс 5,000,000 төгрөгийг үндсэн мөнгө, 8,230,000 төгрөгийг хүү хэмээн тооцож, одоо үндсэн мөнгө 6,000,000 төгрөгийг үлдэгдэлтэй, дахин 5,400,000 төгрөгийг хүү нийт 11,400,000 төгрөгийг нэхэмжилж байна.
9.Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээхээр заасны дагуу хариуцагч Б., Т.нар нь нэхэмжлэгчид зээлсэн 10,000,000 төгрөгийг төлж дууссан, мөнгийг буцаан төлөх үүргээ биелүүлсэн гэж үзнэ.
10.Мөн хуулийн хуулийн 282 дугаар зүйлийн 282.3-т Хуульд өөрөөр заагаагүй бол хүү тогтоосон бол зээлийн гэрээг бичгээр хийнэ. Энэ шаардлагыг хангаагүй бол хүү авах эрхээ алдана..,гэж заажээ.
Хариуцагч Б., Т.нар нь нэхэмжлэгч М.*******гаас зээлсэн 10,000,000 төгрөгийг дансаар буцаан шилжүүлэн өгсөн гэдэг нь нотлогдсон ба зохигч зээлийн гэрээг бичгээр хийгээгүй, гэрээ хийсэн тухай баримт байхгүй тул нэхэмжлэгч М.******* нь хариуцагч нараас зээлийн гэрээний дагуу хүү шаардах эрхгүй юм.
Зээлийн гэрээгээр нэхэмжлэгч, хариуцагч нарын хүсэл зоригийн илэрхийлэл нэгдэж мөнгийг шилжүүлснээр зээлийн гэрээний эрх зүйн харилцаа үүссэн хэдий ч Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.3-т зааснаар зээлийн гэрээг бичгээр хийх бөгөөд энэ шаардлагыг хангаагүй бол хүү авах эрхээ алддаг хууль зүйн зохицуулалттай тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
11.Иймд хариуцагч нар нь нэхэмжлэгчээс зээлсэн 10,000,000 төгрөгийг төлж барагдуулсан байх тул 11,400,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
12.Шүүхийн хэлэлцүүлэгт хариуцагч нар нь 300,000 төгрөгийг махны үнэд тооцож өгсөн, бэлнээр 280,000 төгрөг төлсөн гэх боловч энэ тухай баримт байхгүйг дурдав.
13. Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн тул нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид төлсөн 197,350 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээх нь хуульд нийцнэ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1., 282 дугаар зүйлийн 282.3-т зааснаар нэхэмжлэгч М.*******гийн нэхэмжлэлтэй, хариуцагч Б., Т.нарт холбогдох 11,400,000 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.3, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 197,350 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.УРАНЗАЯА