Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 10 сарын 11 өдөр

Дугаар 277

 


МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Хэргийн индекс: 166/2017/0274/Э

Дархан-Уул аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Батжаргал даргалж, 
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Шүрэнчимэг, 
Улсын яллагчаар аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Н.Дуламсүрэн, 
Хохирогч ****,
Шүүгдэгч ****нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийж, Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч *** холбогдох эрүүгийн 1718000770047 дугаартай хэргийг 2017 оны 9 дүгээр сарын 13-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, ****

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/:

Шүүгдэгч ****нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2017 оны 6 дугаар сарын 27-ны орой Дархан-Уул аймаг, Дархан сум, 12-р багийн нутаг дэвсгэрт байрлах **** төвийн орчим иргэн ****тай хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан, хутгалж эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад 

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч ****нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2017 оны 6 дугаар сарын 27-ны орой Дархан-Уул аймгийн Дархан сумын 12-р багийн нутаг дэвсгэрт байрлах **** төвийн орчим иргэн ****тай хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан, хутгалж хэвлийн өмнө зүүн хэсгийн шарх, баруун бөөрний доргилт бүхий хөнгөн хохирол учруулсан болох нь 

    Шүүгдэгч **** мөрдөн байцаалт болон шүүх хуралдаанд өгсөн: 

    ...2017 оны 6 дугаар сарын 27-ны өдөр би Дархан сумын ахмадын байранд 13-16 цагийн хооронд шагай харваж байхад бид нар бооцоотой шагай харвасан. Тэр үед **** хожигдож бооцоогоо алдсан. Тэгээд шагай харваж дуусаад шагай харвааны багийн гишүүн ****, **** нарын хамт 15 дугаар баг Батилоны эцэс буюу Ховдын хороололд байдаг ****бынх руу очиж бооцооны юм авна гэж явсан. Тэгээд эцсийн буудал дээр автобуснаас буугаад тэнд байдаг дэлгүүрээс **** 1 шил 0,5 литрийн Хараа архи авч түүнийгээ дэлгүүрийн цаана хашааны сүүдэрт уусан. Ууж дуусаад дахиад нэг шил архи авахаар болж тэр архийг **** бид 2 мөнгө нийлүүлж байгаад аваад түүнийгээ дахиж хашааны сүүдэрт очиж уугаад буцаад явах үед **** гэр лүүгээ алхаад явсан харин тэр үед автобус зогссон байсан учраас нэг таксинд суутал машины урд талын суудал дээр миний үеийн нэг хөгшин сууж байгаад **** бид хоёрыг орж ирэх үед ардын намын 2 юм орж ирж байна гэж хэлэхээр нь би “чи аль намын хүн юм бэ” гээд **** худалдааны төвийн урд талын таксины зогсоол хүртэл аман маргаан болж явж байгаад тухайн зогсоол дээр очоод машинаас буухдаа би гартаа барьж байсан шагай харвааны чавхны цүнхээрээ тэр хүнийг шүргэчихсэн юм шиг байна лээ. Тэгтэл тэр хүн миний шилэн хүзүү рүү нэг цохиж аваад дахиад цохих гэхээр нь би машин тойроод зугтаасан. Би **** төвийн зүг рүү гүйж байгаад барьж байсан хайрцгандаа тээглэж газар унасан чинь нөгөө хүн араас ирээд намайг дээрээс дэвсэж цохиж байсныг санаж байна тэр үед би бас согтуу байсан. Дараа нь **** ярихдаа намайг цохиулж байхад салгасан гэж хэлж байсан. Тэгээд дараа нь би босоод хаашаа яаж явснаа сайн санахгүй байна ямарч байсан нэг ухаан ороход 16 дугаар давхрын өмнө байдаг 2 сүүдрэвчний баруун талын сүүдрэвчинд нэлээд орой болсон хойно ганцаараа сууж байсан тэгээд яагаад тэнд сууж байгаагаа бодоод олоогүй. Харих гэтэл гарт барьж байсан шагай харвааны цүнх, малгай байхгүй болчихсон мөн таксины ч мөнгөгүй байсан. Тэгээд би таксинд сууж чадахгүй Микрт байдаг гэр лүүгээ явган алхсаар байгаад очоод гэртээ амарсан. Маргааш нь босоод **** руу ярихад надад “чи яасан бэ надад чиний шагай харвааны чавхны хайрцаг, малгай 2 чинь байна” гэхээр нь очиж аваад юу болсон талаар асуухад надад би бас их согтсон байсан учраас юу болсон талаар сайн мэдэхгүй байна ямар ч байсан хайрцаг чинь үлдэхээр нь аваад, хүлээгээд ирэхгүй болохоор нь унаанд суугаад гэртээ харьсан гэж хэлсэн тэрнээс өөр ямар нэг зүйл хэлээгүй гэх мэдүүлэг,
    Хохирогч ****ын мөрдөн байцаалт болон шүүх хуралдаанд өгсөн:
    ...2017 оны 6 дугаар сарын 27-ны өдөр би гэртээ эхнэрийн хамт байж байгаад орой 19 цаг өнгөрч байхад ****-гын хажууд зарах гэж байгаа машинаа гаргаад тавьсан байсан учраас уг машинаа буцааж ****-гын гараашид хийх гээд Батилоны эцсээс таксинд суухад надтай хамт 2 хүн суусан. Машины урд талын суудал дээр суугаад явах үед надтай хамт таксинд суусан 2 хүнээс архи үнэртчихсэн бага зэрэг согтолттой яахаа алдатлаа согтоогүй байсан. Такси хөдлөөд явах үед арын суудал дээр сууж явсан миний үеийн настай гэхээр нэг хөгшин намайг “чи яасан том хулгайч вэ” гэж хэлээд араас олон янзын юм ярьж байгаад намайг би чиний дал дөрвөн өндөр дундуур чинь хутга зоовол яах вэ гэхээр нь бид нарын насны хүмүүс ийм зүйл ярьж болох уу гэж хэлээд бид нар **** худалдааны төвийн урд талын таксины буудал дээр буусан. Буугаад би мөнгөө өгөөд эргээд харах үед намайг хэл амаар доромжилж байсан хүн гартаа барьж байсан урт зүйлээр миний хоолой руу цохиод авсан. Юу байсан гэдгийг нь мэдээгүй мөн нөгөө гартаа тэр үед бариултай урт цүнх гэхээр зүйл бариад явж байсан. Тэгээд тэр хүн намайг цохиж аваад **** төвийн харалдаа зугтаад бүдрээд унахаар нь би очоод шанаа руу нь гараараа 2 цохиход босож ирээд ална гээд цамцаа тайлаад бөөн юм болоход нь тэр хүнтэй хамт явж байсан нэг хүн надтай маргалдаж байсан хүнийг надаас салгаад цааш аваад явахаар нь би цааш ****-гын зүг рүү **** төвийн хажуу талд байрлах Шунхлай шатахуун түгээх станцын араар гараад Мобиком, **** хоёрын дунд явж байхад араас гартаа хутга барьж ирээд намайг хатгачихаад буцаад Шунхлайн урдуур гүйгээд 3-н банкны урд амьсгаадаад очих үед нь би араас нь очоод харахад хутгаа баруун гартаа барьчхаад зогсоод байхаар нь чи намайг хутгалчихлаа чи эмнэлэг рүү цуг явдаггүй юм уу гэхэд юу ч дуугарахгүй зогсоод байсан. Тэгтэл нэг залуу ирээд та цус алдаад байна эмнэлэг яваач гэж хэлээд намайг унаанд суулгаж өгсөн. Тэр үед намайг хутгалсан хүн 16-н давхрын зүг рүү яваад өгсөн. Тэгээд би тэр чигтээ эмнэлгийн хүлээн авах дээр очиж оёдол тариа хийлгээд, эмнэлэгт шууд хэвтсэн юм гэх мэдүүлэг, 
Гэрч Л.****гийн мөрдөн байцаалтад өгсөн: 

...2017 оны 6 дугаар сарын 27-ны өдөр сумын ахмадын байранд таньдаг хүмүүсийн хамт 13-17 цагийн хооронд шагай харваж байгаад түүнийгээ дуусгаад ****, ****нарын хамт Дархан сумын 15 дугаар багт эцсийн буудал дээр байдаг ****бын гэр лүү очих гэж байгаад болиод эцсийн буудал дээрээ буугаад тэнд байдаг дэлгүүрээс нь 1 шил 0,5 литрийн архи авч тэрийгээ хашааны сүүдэрт бид 3 хувааж уугаад тэр архийг дуусахаар нь дахиад нэг шил 0,5 литрийн архи авч мөн хашааны сүүдэрт хувааж уусан. Тэр үед бид 3 ниэлээд согтсон харин **** харих гээд явган явсан. Би тэр үед **** хамтаар харих гээд тэндээс таксинд суухад тэр таксины урд талын суудал дээр бидний үеийн гэхээр нэг хөгшин сууж байсан. Такси хөдлөөд явах үед би тэд нарын яриаг нэг их тоогоогүй сууж байсан тэгтэл ****урд талд сууж байсан хүнтэй нам яриад маргалдаад байх шиг байсан. Би юу ярьж байсан талаар сайн мэдэхгүй байна. Тэгээд ч би тэр үед өөрөө нэлээд согтсон байсан. Бид нар **** худалдааны төв дээр буух болоод машинаас буухад ****маргалдаж байсан хүний хамтаар одоо миний санаж байгаагаар ****тэй маргалдаж байсан хүн нь ****г машин тойруулаад хөөгөөд байсан тэр үед ****гартаа барьсан байсан шагай харвааны модон хайрцгийг бариад хойшоо **** төвийн зүг рүү гүйгээд би тэр үед машинаас буугаад хараад байж байхад ****Шунхлай шатахуун түгээх станц арай хүрэлгүй таксины зогсоолтой ойрхон тэр 2 барьцалдаж авахад ****тэр хүний доор нь орчихсон байсан шиг санаж байна. Тэгэхээр нь би очиж салгаад ****гартаа барьж явсан цүнхээ тэндээ үлдээгээд мөн **** төвийн зүг рүү яваад өгсөн. Харин араас нь нөгөө маргалдаж байсан цэнхэр фудболктой хүн яваад өгсөн. Тэгэхээр нь би **** цүнхийг нь аваад 2-3 минут хүлээгээд ирэхгүй болохоор нь гэр лүүгээ яваад өгсөн гэх мэдүүлэг /хх 39/, 

Гэрч **** мөрдөн байцаалтад өгсөн: 

...2017 оны 6 дугаар сарын 27-ны өдөр дотор таксинд тойрч байгаад Батлионоос хүн аваад **** худалдааны төвийн өмнөх таксины зогсоол дээр буулгах үед таксинаас ойролцоогоор 20 цагийн орчим 3 настай хүн буугаад 2 нь дотроо маргалдаад нэг нь нөгөө рүүгээ дайрахад нэг нь **** төвийн хажууд байрлах Шунхлай шатахуун түгээх станцын зүг гүйж байгаад өөрөө таварцаглаад уначихсан. Тэгтэл хөөж байсан хүн нь гүйцэж очоод 3-4 удаа өшиглөж байсан. Харин тэр хоёрыг хамт явж байсан нэг хүн нь салгаж байсан харин нөгөө цохисон хүн нь Мобикомын зүг рүү яваад өгсөн. Харин унасан хүн нь босож ирээд нөгөө хүний араас явах гэтэл тэнд маргалдаж байхад нь салгаад байсан нэг хүн нь явуулахгүй гэж байгаа бололтой гарнаас нь татахад тэр хүн гарыг нь угз татаж салчихаад цохиулсан хүнийхээ араас гүйгээд яваад өгсөн. Тэгж байхад миний машинд зорчигч дүүрээд би яваад өгсөн гэх мэдүүлэг /хх 43/, 

Гэрч ****мөрдөн байцаалтад өгсөн: 

...2017 оны 6 дугаар сарын 27-ны өдөр би Батилоны эцсээс 19-20 цагийн орчим таксинд явж байхад миний зүс мэдэх **** гэдэг хүн миний машины урд талын суудал дээр суугаад харин дараа нь удалгүй ар талын суудал дээр миний танихгүй ****ааас ахмад насны нэлээд согтуу 2 хүн суугаад **** руу явах үед **** нь нэг гараа миний суудлын дэрэн дээр тавьчихсан надтай би нэг машин зарах гээд ****-гын худалдааны төвийн өмнө тавьсан байгаа түүнийг хашаа руу оруулна гэж яриад явж байтал арын хүн хэрүүл хийж эхлээд **** ортол маргалдаад яваад байсан. Тэгээд **** дээр очоод машинаас буухад нь би шууд харих гээд яваад өгсөн түүнээс хойш юу болсон талаар мэдэхгүй байна гэх мэдүүлэг /хх 50/, 

Дархан-Уул аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2017 оны 7 дугаар сарын 04-ний *** дугаар дүгнэлт: 

“1.****ын биед  хэвлийн өмнө зүүн хэсгийн шарх, баруун бөөрний доргилт тогтоогдлоо. 2.Дээрх хэвлийн өмнө хэсгийн шарх нь хурц ир, үзүүртэй багажийн, баруун бөөрний доргилт нь хатуу, мохоо зүйлийн хүчин үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. 3.Уг гэмтэл ГЗТЖ-н 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаанд сарниулах хөнгөн зэргийн гэмтэл болно. 4.****д учирсан гэмтэл нь цаашдын эрүүл мэнд, хөдөлмөрийн чадварт нөлөөлөх нь эмчилгээ эдгэрэлтээс шалтгаална” гэжээ /хх 56/ зэрэг хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж үзлээ. 

Шүүгдэгч нь өмнө нь ял шийтгэгдэж байгаагүй болох нь хавтаст хэргийн 80-р хуудсанд авагдсан ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудсаар тогтоогдож байна.    

Шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял оногдуулах нь зүйтэй гэж үзлээ.  

    Шүүгдэгч нь гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг нөхөн төлөөгүй бөгөөд хавтаст хэрэгт авагдсан эмчилгээний төлбөр гэх /хх 92/ 300 000 төгрөгийн баримт нь нотлох баримтын шаардлага хангасан гэж үзэн хохирогч ****д олгож, хохирогч нь бусад хохирлоо нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар дахин нэхэмжлэл гаргах эрхтэй болохыг дурдах нь зүйтэй байна.  

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны улмаас тооцон гарах зардалгүй болохыг дурдаж, 
иргэний нэхэмжлэлийг хангах зорилгоор шүүгдэгч Д.**** өмчлөлийн 950 000 төгрөгийн үнэ бүхий тугалтай хязаалан насны үнээг битүүмжилсэн /хх 26-28/ прокурорын 2017 оны 8 дугаар сарын 29-ний өдрийн 13 дугаартай тогтоолыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгох нь зүйтэй байна.

    Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2-т тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч ****г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

    2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч Д.****г 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450 000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

    3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-т зааснаар шүүгдэгч Д.****д оногдуулсан 450 000 төгрөгийн торгох ялыг 6 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай. 

    4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-т зааснаар ****нь торгох ялыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй тохиолдолд биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай. 

    5.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1-т тус тус зааснаар шүүгдэгч Д.****гээс 300 000 /гурван зуун мянга/ төгрөг гаргуулж Дархан-Уул аймгийн Дархан сумын *** тоотод оршин суух Жанцангийн **** /-д олгож, хохирогч нь бусад хохирлоо нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.

    6.Хэрэгт шүүгдэгч Д.**** өмчлөлийн 950 000 төгрөгийн үнэ бүхий тугалтай хязаалан үнээг битүүмжилсэн прокурорын 2017 оны 8 дугаар сарын 29-ний өдрийн 13 дугаартай тогтоолыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгосугай.

    7.Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоног, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны улмаас тооцон гаргах зардалгүй болохыг дурдсугай. 

8.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
 9.Шийтгэх тогтоолд гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.****д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ хэвээр үргэлжлүүлсүгэй.  


ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                    Т.БАТЖАРГАЛ