Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2024 оны 07 сарын 04 өдөр

Дугаар 132/ШШ2024/00269

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Булган аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч П.Хишигдаваа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Ж.О-гийн нэхэмжлэлтэй,

Нэхэмжлэлийн шаардлага: Хамтын амьдралтай байснаа тогтоолгох тухай 132/2024/00308/И индекстэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгч Ж.О*******

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Ж.Лхагвасүрэн оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Ж.О******* нь В*******ын Б*******тай хамтын амьдралтай байсан болохоо тогтоолгохоор нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна.

“Минй бие нөхөр В.Б*******тай 2012 оны 05 дугаар сараас гэр бүлийн дотно харилцаатай болж хамтран амьдарч эхэлсэн. Бидний дундаас 2018 оны 07 дугаар сарын 07-ны өдөр хүү Б.Б******* төрсөн. Бид 2012 оны 05 дугаар сараас 2024 оны 06 дугаар сарын 05-ны өдөр хүртэл хамт амьдарсан. Өөрөөр хэлбэл нөхөр В.Б******* нь 2024 оны 06 дугаар сарын 05-ны өдөр уушигны хорт хавдар болон зүрхний өвчний улмаас нас барсан. Миний бие хүү Б.Б*******дээ тэжээгчээ алдсаны тэтгэмж тогтоолгох гэсэн боловч нөхөр В.Б******* өмнөх эхнэрээсээ албан ёсоор гэрлэлтээ цуцлуулаагүй байснаас болж тэжээгчээ алдсаны тэтгэмж авах боломжгүй нөхцөл байдал үүсээд байна. Иймд намайг талийгаач нөхөр В.Б*******тай 2012 оны 05 дугаар сараас 2024 оны 06 дугаар сарын 05-ны өдрийг хүртэл хамтын амьдралтай байсныг тогтоож өгнө үү” гэжээ.

 

Нэхэмжлэгч талаас шүүхэд дараах нотлох баримтуудыг гаргаж өгсөн.

  • Нэхэмжлэгчийн иргэний үнэмлэхний лавлагаа /хэргийн 4-р хуудас/,
  • Булган аймгийн Орхон сумын 5 дугаар багийн Засаг даргын тодорхойлолт /хэргийн 5-р хуудас/,
  • Талийгаач нөхөр В.Б*******ы иргэний үнэмлэхний хуулбар, нас барсны гэрчилгээний хуулбар /хэргийн 6-р хуудас/,
  • Хүү Б.Болор-Эрдэнийн төрсний гэрчилгээний хуулбар /хэргийн 7-р хуудас/,
  • Гэрэл зураг /хэргийн 8-р хуудас/

Нэхэмжлэгчийн хүсэлтийг үндэслэн шүүх  нараас гэрчийн мэдүүлэг авсан. /хэргийн .... хуудас/

-Гэрч В.Э******* мэдүүлэгтээ: Манай ах В.Б******* бэр эгч Ж.О******* нар нь 2015 оноос хойш хамтран амьдарч, дундаасаа нэг хүү төрсөн. Хүү нь аав В.Б*******аар овоглодог. Манай ах өмнөх эхнэр нь Солонгос улсад амьдардаг тул гэрлэлтээ цуцлуулж чадаагүй учир Б*******, О******* нар нь гэрлэлтээ батлуулж чадаагүй байсан гэжээ.

Гэрч Ж.Х******* мэдүүлэгтээ: Манай бага дүү Ж.О******* нь В.Б*******тай 2015 оноос хойш гэр бүл болсон бөгөөд хурим найр хийлгүй, ёслоод нэг гэртээ орсон. Дундаасаа нэг хүү төрсөн, хүү нь ааваараа овоглодог. Нас барах хүртлээ буюу 2024 оны 06 дугаар сарын 05-ны өдөр хүртэл хамт амьдарч байсан. Гэрлэлтээ яагаад бүртгүүлээгүйг сайн мэдэхгүй байна. В.Б******* нь өмнө нь эхнэртэй байсан, нэг том хүү байдаг. Тэр хүү нь ээжийхээ талд байдаг гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Ж.О*******ийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

Нэхэмжлэгч нь 2012 оны 05 дугаар сараас 2024 оны 06 дугаар сарын 05-ны өдрийг хүртэл В.Б*******тай хамтын амьдралтай байсныг тогтоолгоно гэж нэхэмжлэлийн үндэслэлээ тодорхойлжээ.

Хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.

Нэхэмжлэгч Ж.О******* нь 2018 оны 07 дугаар сарын 07-ны өдөр хүү Б.Болор-Эрдэнийг төрүүлсэн ба төрсний бүртгэлийн лавлагаан дээр эцгийн мэдээлэл хэсэгт В*******ын Б******* гэж бичигдсэн байх бөгөөд нэхэмжлэгч Ж.О*******, В.Б******* нар хамт амьдарч байсан бөгөөд тэдний дундаас 1 хүүхэд төрсөн болох нь нэхэмжлэгчийн тайлбар, хүүхдүүдийн төрсний гэрчилгээний хуулбар, В.Б*******ы нас барсны гэрчилгээний хуулбар, гэрчүүдийн мэдүүлэг зэрэг баримтаар нотлогдож байна.

Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг Төрийн санд хэвээр үлдээж шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.14-д зааснаар Чонос овогт Жадамбын О*******, Б******* овогт В*******ын Б******* нарыг 2012 оны 05 дугаар сараас 2024 оны 06 дугаар сарын 05-ны өдрийг хүртэлх хугацаанд хамтран амьдарч байсан болохыг тогтоосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг Төрийн санд хэвээр үлдээсүгэй.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигч талууд шүүхэд хүрэлцэн ирж, шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг тайлбарласугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар нэхэмжлэгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                         П.ХИШИГДАВАА