Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2024 оны 07 сарын 04 өдөр

Дугаар 132/ШШ2024/00270

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Булган аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч П.Хишигдаваа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Ш.А нэхэмжлэлтэй,

Нэхэмжлэлийн шаардлага: Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай 132/2024/00307/И индекстэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Ж.Лхагвасүрэн оролцов.

Нэхэмжлэгч Ш.А******* нь шүүх хуралдаанд биечлэн оролцох боломжгүй, эзгүйгээр шийдвэрлүүлэх хүсэлтийг ирүүлсэн байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1 дэх хэсэгт зааснаар хэргийг хянан шийдвэрлэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч Ш.А******* нь ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна.

“Миний бие 1991 оны 06 дугаар сараас 1992 оны 03 дугаар сарын 01-ний өдрийг дуустал Дашинчилэн сумын Туяа нэгдэлд сүү хүлээн авагч болон халуун усанд галчаар, 1993 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1995 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл Дашинчилэн сумын Засаг даргын Тамгын газарт худгийн моторчноор ажиллаж байгаад орон тооны цомхотголоор чөлөөлөгдсөн. Дээрх хугацааны ажилласан жилийн ажилд орсон болон ажлаас чөлөөлсөн тушаал олдохгүй байна.

Иймд 1991 оноос 1995 оныг хүртэл ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү” гэжээ.

2. Нэхэмжлэгч талаас шүүхэд дараах нотлох баримтуудыг гаргаж өгсөн.

-Ш.А*******ы 1988 оны 06 дугаар сарын 25-ны өдөр нээсэн хөдөлмөрийн дэвтрийн 1991 оны 06 дугаар сарын 20-ны өдөр Дашинчилэн сумын Туяа нэгдлийн сүү тосны зовадод сүү авагчаар ажиллуулав, 1991 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр нэгдлийн халуун усанд туслах ажилчнаар ажиллуулав, 1992 оны 03 дугаар сарын 01-ний өдөр нэгдлийн халуун усны туслах ажилчнаас чөлөөлөв, 1993 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр Дашинчилэн сумын Засаг даргын Тамгын газрын худгийн моторчноор ажиллуулав, 1995 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр орон тооны цомхотголд орсон учир худгийн моторчны ажлаас чөлөөлөв гэх бичвэр бүхий хуулбар /хэргийн 4-6-р хуудас/,

-Ш.Амаржаргалын 1993, 1994 оны цалингийн тооцооны хуулбар /хэргийн 7, 8-р хуудас/,

-Булган аймгийн Дашинчилэн сумын Туяа нэгдлийн даргын 1991 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн 49 дугаартай ажилд томилох тухай тушаалын хуулбар /хэргийн 10-р хуудас/,

-Булган аймгийн Дашинчилэн сумын Туяа нэгдлийн даргын 1991 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 78 дугаартай ажилд томилох тухай тушаалын хуулбар /хэргийн 11-р хуудас/,

3. Нэхэмжлэгчийн хүсэлтийг үндэслэн шүүх Ш.Н*******, Б.Шийрэв-Од нараас гэрчийн мэдүүлэг авсан.

ҮНДЭСЛЭХ нь:

1. Нэхэмжлэгч Ш.А*******ы нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

2. Нэхэмжлэгч нь Булган аймгийн Дашинчилэн сумын “Туяа нэгдэл”-д 1991 оны 06 дугаар сараас 1992 оны 03 дугаар сарын 01-ний өдрийг дуустал сүү хүлээн авагч болон халуун усны галчаар, 1993 оноос 1995 оныг хүртэл Дашинчилэн сумын Засаг даргын Тамгын газарт худгийн моторчноор ажиллаж байсан боловч ажилд томилсон, ажлаас чөлөөлсөн тушаал байхгүй тул шүүхээр ажилласан жилээ тогтоолгоно гэж нэхэмжлэлийн үндэслэлээ тодорхойлжээ.

3. Хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.

4. Нэхэмжлэгч Ш.А******* нь Булган аймгийн Дашинчилэн сумын “Туяа нэгдэл”-д 1991 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс сүү хүлээн авагчаар, 1991 оны 10 дугаар сарын 15-ны өдрөөс 1992 оны 03 дугаар сарын 01-ний өдрийг дуустал халуун усны галчаар, 1993 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1995 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл Булган аймгийн Дашинчилэн сумын Засаг даргын Тамгын газарт худгийн моторчноор тус тус ажиллаж байсан болох нь нэхэмжлэгчийн хөдөлмөрийн дэвтрийн хуулбар, цалингийн тооцооны хуулбар, ажилд томилох тухай тушаалууд, гэрч Ш.Н*******, Б.Шийрэв-Од нарын мэдүүлгээр тус тус нотлогдож байна.

5. Иймд нэхэмжлэгчийг Булган аймгийн Дашинчилэн сумын “Туяа нэгдэл”-д 1991 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс сүү хүлээн авагчаар, 1991 оны 10 дугаар сарын 15-ны өдрөөс 1992 оны 03 дугаар сарын 01-ний өдрийг дуустал халуун усны галчаар, 1993 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1995 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл Булган аймгийн Дашинчилэн сумын Засаг даргын Тамгын газарт худгийн моторчноор тус тус ажиллаж байсан байдлыг тогтоож, хуульд зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг Төрийн санд үлдээж шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Ц овогт Ш-ын А*******ыг Булган аймгийн Дашинчилэн сумын “Туяа нэгдэл”-д 1991 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс сүү хүлээн авагчаар, 1991 оны 10 дугаар сарын 15-ны өдрөөс 1992 оны 03 дугаар сарын 01-ний өдрийг дуустал халуун усны галчаар, 1993 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1995 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл Булган аймгийн Дашинчилэн сумын Засаг даргын Тамгын газарт худгийн моторчноор ажиллаж байсан болохыг тогтоосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг Төрийн санд хэвээр үлдээсүгэй.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигч талууд шүүхэд хүрэлцэн ирж, шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг тайлбарласугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                          П.ХИШИГДАВАА