Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2024 оны 07 сарын 04 өдөр

Дугаар 132/ШШ2024/00271

 

                                МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Булган аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч П.Хишигдаваа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Булган аймаг, Гурванбулаг сумын Засаг даргын нэхэмжлэлтэй,

Нэхэмжлэлийн шаардлага: М.Н*******ыг эрэн сурвалжлуулах тухай 132/2024/00310/И индекстэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Ц.Б******* /цахим/,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Ж.Лхагвасүрэн нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Булган аймаг, Гурванбулаг сумын Засаг дарга нь М.Н*******ыг эрэн сурвалжлуулахаар нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна.

“Гурванбулаг сумын Хулст багийн иргэн М*******ын Н******* сумын Хоршоог хөгжүүлэх сангаас 2015 оны 06 дугаар сарын 17-ны өдөр 07 дугаар зээлийн гэрээгээр 7,000,000 төгрөгийг жилийн 3 хувийн хүүтэй, сүү, махны чиглэлийн үхэр өсгөх, сүү, цагаан идээ зах зээлд нийлүүлэх үйл ажиллагаа эрхлэх зориулалтаар 3 жилийн хугацаатай буюу 2018 оны 07 дугаар сарын 24-ний өдөр гэрээ дуусгавар болох нөхцөлтэйгөөр авсан.

Зээлдэгч нь зээл авах үедээ Гурванбулаг сумын 6 дугаар баг, ........... тоотод оршин сууж, уг хаягт байрлах хүнсний дэлгүүр ажиллуулж, малын гаралтай түүхий эд бэлтгэлийн чиглэлээр үйл ажиллагаа эрхэлж орлого олж байсан бөгөөд эхний сарын зээлийн эргэн төлөлтөөс эхлэн зээлийн гэрээний үүргээ зөрчин байнга хугацаа хоцроон төлж байгаад 2017 оны 10 дугаар сараас эхлэн зээлийн төлбөрөө хийхээ болисон. Мөн хүнсний дэлгүүр, малын гаралтай түүхий эд бэлтгэлийн үйл ажиллагаагаа эрхлэхээ больсон байна. Одоо түүний оршин суух хаяг нь тодорхой бус хаана байгаа нь мэдэгдэхгүй байгаа тул эрэн сурвалжилж өгнө үү ” гэжээ.

Нэхэмжлэгч талаас шүүхэд дараах нотлох баримтуудыг гаргаж өгсөн.

-Булган аймгийн Гурванбулаг сумын 6 дугаар багийн Засаг даргын 2024 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн А/60 дугаартай албан бичиг /хэргийн 3-р хуудас/,

-Сум хөгжүүлэх сангаас олгох зээлийн гэрээний хуулбар /хэргийн 4-5-р хуудас/,

-Булган аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2021 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн 00779 дугаар “Нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах тухай”  захирамжийн хуулбар /хэргийн 7-8-р хуудас/

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Булган аймаг, Гурванбулаг сумын Засаг даргын нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

Нэхэмжлэгч нь М.Н*******т холбогдуулан шүүхэд нэхэмжлэл гаргахад түүний хаяг тодорхойгүй байх тул шүүхээр эрэн сурвалжлуулна гэж нэхэмжлэлийн үндэслэлээ тодорхойлжээ.

Хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.

М.Н******* нь Булган аймгийн Гурванбулаг сумын Засаг даргатай 2015 оны 06 дугаар сарын 17-ны өдөр №07 дугаартай зээлийн гэрээ байгуулан 7,000,000 төгрөгийн сум хөгжүүлэх сангаас сарын 0.25 хувийн хүүтэйгээр, 36 сарын хугацаатайгаар зээл авсан байна. Тус гэрээний хугацаа 2018 оны 06 дугаар сарын 15-ны өдөр дуусах бөгөөд сар бүрийн эхний долоо хоногт багтаан 250,915 төгрөгийг зээлийн эргэн төлөлтийн хуваарийн дагуу зээлээ төлөөгүй болох нь хэрэгт авагдсан зээлийн гэрээ болон эргэн төлөлтийн гэрээний хуулбар, нэхэмжлэгчийн нэхэмжлэлээр тогтоогдож байна.

Нэхэмжлэгч нь М.Н*******т сум хөгжүүлэх сангийн зээлийн гэрээний үүргийг гүйцэтгүүлэхээр шүүхэд нэхэмжлэл гаргах гэтэл М.Н******* нь Булган аймгийн Гурванбулаг сумын 6 дугаар багт харъяалалтай боловч оршин суудаггүй ба оршин суух хаягийг тодруулах шаардлагатай байгаа болох нь Булган аймгийн Гурванбулаг сумын 6 дугаар багийн Засаг даргын 2024 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн А/60 тоот албан бичиг, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбараар тогтоогдож байна.

Иймд шүүх Иргэний эрх зүйн харилцаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох М*******ын Н*******ыг эрэн сурвалжилж, оршин суугаа хаягийг олж тогтоох ажлыг Булган аймаг дахь Цагдаагийн газарт даалган шийдвэрлэхээр тогтов.

Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг Төрийн санд үлдээж шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.1, 155.3 дахь хэсэгт зааснаар иргэний эрх зүйн харилцаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох М*******ын Н*******ыг эрэн сурвалжилсугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4 дэх хэсэгт зааснаар М*******ын Н*******ыг эрэн сурвалжлах, түүний оршин суугаа хаягийг тогтоох ажиллагааг хийж гүйцэтгэхийг Булган аймаг дахь Цагдаагийн газарт даалгасугай.

3. Нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигч талууд шүүхэд хүрэлцэн ирж, шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг тайлбарласугай.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар нэхэмжлэгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

              ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 П.ХИШИГДАВАА