Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 10 сарын 11 өдөр

Дугаар 278

 


МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Хэргийн индекс: 166/2017/0275/Э

Дархан-Уул аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Батжаргал даргалж, 
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Банзрагч, 
Улсын яллагчаар аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор А.Оргилбаяр, 
Хохирогч ****,
Шүүгдэгчийн өмгөөлөгч*** ,
Шүүгдэгч ****нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийж, Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч *** холбогдох эрүүгийн 1718000700030 дугаартай хэргийг 2017 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, ***

Холбогдсон хэргийн талаар /яллагдагчаар татах тогтоолд бичигдсэнээр/:

Шүүгдэгч ****нь согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ 2017 оны 7 дугаар сарын 17-18-нд шилжих шөнийн 00 цагийн орчим Дархан-Уул аймгийн *** тоотод иргэн ****тэй маргалдан, улмаар нүүрийг нь хумсаараа маажиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад 

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч ****нь 2017 оны 7 дугаар сарын 17-18-нд шилжих шөнө 00 цагийн орчим Дархан-Уул аймгийн Дархан сумын *** тоотод иргэн ****гийн нүүрийг хумсаараа маажин нүүрний зулгаралт шарх бүхий хөнгөн хохирол учруулсан болох нь 

    Шүүгдэгч *** мөрдөн байцаалт болон шүүх хуралдаанд өгсөн: 

    ...2017 оны 7 дугаар сарын 18-ны өдөр **** зээл авах гэж байна батлан даагчаар оролцоод өгөөч гэж дуудсан. Би урьд нь зээл авахад нь ч гэсэн батлан даагчаар оролцож байсан. Банкнаас зээл авахад нь батлан даагчаар оролцоод өөрийнхөө ажлыг хөөцөлдөж байгаад би 17 цаг өнгөрч байхад ****гийн гэрт нь очсон. Тэгээд юм ярьж байгаад пиво уухаар болж ****, **** бид нар уусан. Тэрийг ууж дуусаад дахин мөнгө нийлүүлж байгаад нэг пиво авсан. Тэгээд ууж дуусаад би гараад явсан. Машинд суух гэсэн боловч машин ирэхгүй хүлээгээд байж байхад над руу **** залгасан. Тэгэхээр нь утсаа аваад гараад ир гэж хэлсэн. ****г гарч ирэхээр нь дэлгүүр ороод 2 пиво болон ойр зуурын идэж уух юм авчихаад гэрт нь буцаад орсон. Тэгээд бид 3 пиво уугаад би газар сууж байтал **** нь өвдгөн дээр хөлөө тавиад байхаар нь эхэндээ түлхээд тэгээд сүүлдээ битгий хөлөө тавиад бай гэж би уурласан. **** бас наад хүнээ тайван суулгаач гэж хэлсэн. ****, **** хоёр хоорондоо маргалдаж байснаа **** нь **** намайг **** хардаад байдаг юм **** унтсанаас Мөөгийтэй чинь унтсан нь дээр гэж хэлсэн. ...**** бид 2 ****ийг гаргаад ярилцаад байж байтал **** намайг түлхээд нүд болон хацар орчмын хэсэгт жоохон маажсан байсан. Би зөрүүлээд үснээс нь зулгаагаад нүүрийг нь маажсан. Тэгээд **** гаднаас орж ирээд бид хоёрыг салгасан. Тухайн үед намайг дагуулаад гарсан. Цүнхээ авах гээд ****тэй цуг буцаж орсон бөгөөд цүнхээ аваад гараад шалгасан чинь бичиг баримт болон утас байхгүй байсан. Эргэж ороод бичиг баримт болон утсаа авъя гэсэн чинь **** байхгүй гээд өгөөгүй. Тэгээд ****тэй цуг гараад саравчин дотор юм яриад сууж байхдаа цүнхээ үзсэн чинь **** 2 ширхэг гар утас хийчихсэн байсан. Тэгээд ****тэй гудамжинд тааралдаад хэрэлдэж байгаад нэг нэгнийхээ үснээс зулгаасан. Тэгээд **** бид хоёрыг салгаад би салаад явсан намайг явахад ****, **** хоёр зууралдаад үлдсэн. Би маргааш нь **** дээр очиход нүүр нь эвгүй болчихсон байхаар нь уучлалт гуйсан гэх мэдүүлэг,

    Хохирогч ****гийн мөрдөн байцаалт болон шүүх хуралдаанд өгсөн:
    ...2017 оны 7 дугаар сарын 18-ны өдөр танил **** хамтаар гадуур явж байгаад гэртээ ирэхэд **** нь намайг пиво аваад өг гэхээр нь надад мөнгө байхгүй арай гэж байрны түрээсийн мөнгөө өгч байхад гэсэн чинь хуурай агсан тавина шүү гээд хэл амаар доромжлоод байхаар нь би 2.5 литрийн 1 ширхэг  пиво авч өгөөд тэр пивийг **** манай хамтран амьдрагч **** бид 3 хувааж уусан. Тэр пивийг уусны дараа **** өөрөө дахин 2 ширхэг том аваад тэр пивийг уусаар байтал шөнийн 00 цаг болсон. Тэгээд **** гэнэт над руу чи намайг найз залуутайгаа хардаад байгаа юм уу гээд дайраад миний нүүрийг маажаад, үснээс зулгаагаад, толгой руу цохиод байсан гэх мэдүүлэг, 
Гэрч Э.****ийн мөрдөн байцаалтад өгсөн: 

...Тэр өдөр **** зээл авсан гэсэн. Тэгэхдээ ****ийг батлан даагчаар оролцуулсан байсан. Би гэрт нь байж байхад 17 цагийн орчим **** ирээд нэг пиво аваад өгчих гээд ****гээс нэхээд **** пиво авч өгөхгүй гээд байсан. Тэгсэн чинь **** би хуурай агсан тавина гээд тоглоод байгаа бололтой хэлж байсан. Тэгж байгаад **** нэг том савтай пиво аваад тэрийг нь бид 3 хувааж уусан. Тэгтэл **** гараад явсан удалгүй 2 том пиво барьж орж ирээд тэр пивийг уугаад дуусах гэж байхад **** чи ****тэй намайг хардаад байгаа юм уу гээд босож ирээд тэр хоёр үсдэлцээд авахаар нь би салгаад ****ийг аваад гарсан. Тэгсэн чинь **** орно гээд дайраад байсан. Тэгэхээр нь хориглоод байж байтал дахин гэрт ороод дахиад үсдэлцээд салахгүй болохоор нь арай гэж салгаад ****ийг аваад гадаа байж байтал **** явахгүй гээд газар хэвтээд байсан бөгөөд ****г орж зодно гээд байсан. Тэгтэл **** дэлгүүрээс тамхи авна гээд гарч ирэхэд **** босож ирээд тэр хоёр үсдэлцээд байсан. Би арай гэж салгасан гэх мэдүүлэг /хх 24/, 

Дархан-Уул аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2017 оны 7 дугаар сарын 25-ны ***  дугаар дүгнэлт: 

“1.****гийн биед нүүрний зулгаралт тогтоогдлоо. 2.Дээрх зулгаралт нь хатуу, мохоо зүйлийн хүчин үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. 3.Уг гэмтэл нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах  хөнгөн зэргийн гэмтэл болно. 4.****д учирсан зулгаралтын сорви нь өөрийн ердийн явцаар арилахгүй болно” гэжээ /хх 26/ зэрэг хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж үзлээ. 

Шүүгдэгч нь урьд ял шийтгэгдэж байгаагүй болох нь хавтаст хэргийн 51-р хуудсанд авагдсан ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудсаар тогтоогдож байна.    

Шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож түүний хувийн байдал болон гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т заасан торгох ялыг доод хэмжээгээр  оногдуулах нь зүйтэй гэж үзэв. 
 
Шүүгдэгч Г.**** өмчлөлийн 900 000 төгрөгийн үнэ бүхий 4 ханатай монгол гэр, 180 000 төгрөгийн үнэ бүхий Frestech маркийн хөргөгч зэргийг битүүмжилсэн прокурорын 2017 оны 8 дугаар сарын 22-ны өдрийн 12 дугаартай тогтоолыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгох нь зүйтэй байна. 
 
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй ба шүүгдэгч нь бусдад төлөх төлбөр, цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны улмаас тооцон гарах зардалгүй болохыг дурдав.  

    Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2-т тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч ****ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

    2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч Г.****ийг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450 000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

    3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-т зааснаар шүүгдэгч Г.****т оногдуулсан 450 000 төгрөгийн торгох ялыг 6 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай. 

     4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-т зааснаар ****нь торгох ялыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй тохиолдолд биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай. 

5.Шүүгдэгч Г.**** өмчлөлийн 900 000 төгрөгийн үнэ бүхий 4 ханатай монгол гэр, 180 000 төгрөгийн үнэ бүхий Frestech  маркийн хөргөгчийг битүүмжилсэн прокурорын 2017 оны 8 дугаар сарын 22-ны өдрийн 12 дугаар тогтоолыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгосугай. 

    6.Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны улмаас тооцон гаргах зардалгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоног, бусдад төлөх төлбөргүй болохыг дурдсугай. 

7.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
 8.Шийтгэх тогтоолд гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.****т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ хэвээр үргэлжлүүлсүгэй.  

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                    Т.БАТЖАРГАЛ