Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2015 оны 12 сарын 25 өдөр

Дугаар 128/ШШ2016/0008

 

2015 оны 12 сарын 25 өдөр

Дугаар 128/ШШ2016/0008

Улаанбаатар хот

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Адъяасүрэн даргалж тус шүүхийн шүүх хуралдааны Б танхимд хийсэн нээлттэй шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Б.О*******, Ц.Э******* нарын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Чингэлтэй дүүргийн бүртгэлийн хэлтэст холбогдох,

Нэхэмжлэлийн шаардлага: "Татан буугдсан Б.И Сан ХЗХ нэр дээр миний хашаа, байшингийн бичиг баримт бүртгэгдсэн ба зээл, зээлийн барьцааны гэрээ дуусгавар болсон байхад Чингэлтэй дүүргийн бүртгэлийн хэлтэс зохих өөрчлөлтийг оруулахгүй байгаа эс үйлдэхүйг хууль бусад тооцуулж, хашаа, байшинг Б.О*******ын нэрээр бүртгэхийг даалгуулах шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Б.О*******, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Б*******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.С*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Э*******нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Б.О*******, Ц.Э*******, нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Б******* нар шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: "Б.О******* миний бие аав С.Батбаярын өмчлөлд байсан ээж дүү нарынхаа хамт амьдардаг хашаа, байшинг өөрийнхөө нэр дээр шилжүүлэн өмчлөөд 2003 оны 9 дүгээр сарын 06-ны өдөр Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэр Зоос гоёлын үйлдвэрийн байранд байрладаг байсан Б.И Сан ХЗХ-нд гишүүнээр элсэн орж 2004 оны 7 дугаар сарын 26-ны өдөр дээрх Чингэлтэй дүүргийн 15 дугаар хорооны Жаргалантын 7 дугаар гудамжны 0201 тоот хашаа, байшингийн гэрчилгээг барьцаалан 1000 долларын зээлийг 2005 оны 7 дугаар сарын 21-ний өдрийг хүртэл 1 жилийн хугацаатайгаар авсан ба 2008 онд шүүхийн шийдвэрээр 1741000 болгож төлж барагдуулсан юм.

Зээл авах үед Б.И Сан ХЗХ-той зээл болон барьцааны зээлийн 2004/07/20 дугаар гэрээг байгуулан өмчлөх, эзэмших эрхээ шилжүүлсэн юм.

Гэтэл Б.И Сан ХЗХ нь 2006 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр татан буугдаж Бизнес итгэлцэл ХЗХ гэсэн нэр хаягт өөрчлөгдсөн гэх бүртгэл байх ба хоршоо байдаг эсэх нь мэдэгдэхгүй байсаар миний зээлийн төлбөрийг Нийслэлийн Шийдвэр гүйцэтгэлийн албанаас Ачид Финанс ББСБ нь хүлээн авч 2010 оны 2 дугаар сарын 28-ны өдрийн 10/15 дугаар албан бичгээр Б.О*******ын өр төлбөрөө бүрэн төлж барагдуулсан тул барьцаа хөрөнгийг бүртгэлээс чөлөөлж өгнө үү.

Тус зээлийн барьцаанд Чингэлтэй дүүргийн 15 дугаар хороо Жаргалантын ******* тоот байшинтай улсын бүртгэлийн дугаар *******, гэрчилгээний 000059781 дугаар бүхий орон сууц тавигдсан болно гэсэн хүсэлтийг гаргасан байдаг. Ачит Финанс ББСБ нь 2011 оны 11 дүгээр сард татан буугдсан болохыг В******* ХХК-ийн 2011 оны 8 дугаар сарын 28-ны өдрийн 11/18 дугаар албан бичгээр Үл хөдлөх хөрөнгийн бүртгэлийн газарт мэдэгдсэн байна. Би Чингэлтэй дүүргийн бүртгэлийн хэлтэст өргөдөл гаргахад 2015 оны 6 дугаар сарын 25-ны өдрийн 420 дугаар албан бичгээр хувийн сууцыг таны өмчлөлд бүртгэх хууль эрх зүйн үндэслэлгүй байна гэсэн хариуг өгсөн юм. Нэгжийн татан буугдсан Б.И Сан ХЗХ нэр дээр миний хашаа, байшингийн бичиг баримт бүртгэгдсэн ба зээл, зээлийн барьцааны гэрээ дуусгавар болсон байхад Чингэлтэй дүүргийн бүртгэлийн хэлтэс зохих өөрчлөлтийг оруулахгүй байгаа эс үйлдэхүйг хууль бусад тооцуулж, хашаа, байшинг эргүүлэн миний нэр дээр шилжүүлж бүртгэхийг даалгах шийдвэр гаргаж өгехийг хүсч байна" гэжээ.

Хариуцагч Чингэлтэй дүүргийн бүртгэлийн хэлтсийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Иргэн Б.О*******ын гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч дараах тайлбарыг гаргаж байна.

Чингэлтэй дүүргийн 15 дугаар хороо, Жаргалантын 7 дугаар гудамж, 201 тоот хаягаар иргэн Б.О******* нь 2003 оны 8 дугаар сарын 29-ний өдөр хувийн сууцаа эрхийн улсын бүртгэлийн ******* дугаарт бүртгүүлэн өмчлөх эрхийн гэрчилгээ авсан байна. Нийслэлийн Чингэлтэй дүүргийн шүүхийн 2006 оны 5 дугаар сарын 03-ны өдрийн 343 дугаар шийдвэр, Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны 2008 оны 2/8310 дугаар албан бичиг, 2008 оны 296 дугаар Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дууссан тухай тогтоолыг тус тус үндэслэн 2008 оны 8 дугаар сарын 19-ний өдөр Б.И Сан ХЗХ-ны нэр дээр өмчлөх эрх шилжин бүртгэгдсэн байна. Ийнхүү бүртгэсэн нь хуульд нийцсэн, хуулийн дагуу бүртгэл хийгдсэн. Иргэн Б.О*******ын гаргасан нэхэмжлэл нь Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 24 дүгээр зүйлд заасан үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн шилжилтийг бүртгэх хуулийн шаардлагад нийцэхгүй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хангахгүй орхиж, хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх хэрэгт авагдсан бичгийн нотлох баримт болон нэхэмжлэгч болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, түүний хууль зүйн үндэслэлийг хянан хэлэлцээд нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.

Нэхэмжлэгч Б.О*******, Ц.Э******* нараас Чингэлтэй дүүргийн бүртгэлийн хэлтэст холбогдуулан "Татан буугдсан Б.И Сан Хадгаламж зээлийн хоршооны нэр дээр миний хашаа, байшингийн бичиг баримт бүртгэгдсэн ба зээл, зээлийн барьцааны гэрээ дуусгавар болсон байхад Чингэлтэй дүүргийн бүртгэлийн хэлтэс зохих өөрчлөлтийг оруулахгүй байгаа эс үйлдэхүйг хууль бусад тооцуулж, хашаа, байшинг Б.О*******ын нэрээр бүртгэхийг даалгуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргасан байна.

Б.О******* өөрийн өмчлөлийн Чингэлтэй дүүргийн 15 дугаар хороо 7 дугаар гудамжны 201 тоот хашаа, улсын бүртгэлийн 2202007410 дугаарт бүртгэлтэй[1] өвлийн сууцыг барьцаалан 2004 оны 7 дугаар сарын 26-ны өдөр Б.И.Сан хадгаламж зээлийн хоршоотой зээлийн болон барьцааны гэрээ[2] байгуулж, 1000 /нэг мянган/ америк долларын зээл авчээ.

Чингэлтэй дүүргийн шүүхийн 2016 оны 5 дугаар сарын 03-ны өдрийн 343 дугаар шийдвэрээр Б.О*******оос 1741169 төгрөгийг гаргуулж Б.И.Сан Хадгаламж зээлийн хоршоонд олгохоор шийдвэрлэсний дагуу Б.О*******ын зээлийн барьцаа хөрөнгийг Б.И.Сан хадгаламж зээлийн хоршоонд шилжүүлэх талаа Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны 2008 оны 8 дугаар сарын 12-ны өдрийн 2/8310 дугаар[3] албан бичгээр Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн газарт мэдэгдсэний дагуу 2008 оны 8 дугаар сарын 19-ны өдөр Б.Оюун-оршихын зээлийн барьцаа хөрөнгийг Б.И.Сан Хадгаламж зээлийн хоршоонд Y-2202007410 дугаарт[4] бүртгэсэн байдаг.

Нэхэмжлэгч Б.О******* нь Б.И.Сан Хадгаламж зээлийн хоршооноос авсан зээлийг төлж барагдуулсан тул уг хоршоонд шилжсэн өөрийн барьцаа хөрөнгийн өмчлөгчөөр бүртгүүлэхээр Чингэлтэй дүүргийн бүртгэлийн хэлтэст хандсан боловч уг хүсэлтийг шийдвэрлээгүй нь үндэслэлгүй гэж үзэхээр байна.

Тодруулбал: Б.Оюун-оршихын Б.И.Сан Хадгаламж зээлийн хоршооны нэр дээр шилжсэн үл хөдлөх эд хөрөнгө нь дараах нотлох баримтаар Б.О*******ын өмчлөлд буцаж шилжсэн нь тогтоогдож байна.

Б.И.Сан Хадгаламж зээлийн хоршооны татан буулгах комиссын хуралдааны тэмдэглэлд[5] ...Б.О*******ын үл хөдлөх эд хөрөнгө эзэндээ шилжилгүй удааширсаар татан буугдахад хүрч байгаа тул холбогдох байгууллагад нэр шилжүүлэхэд татгалзах зүйлгүй болохыг мэдэгдсэн албан бичиг өгөөд дуусгавар болгохоор шийдвэрлэсүгэй гэж, уг хоршооны хаалтын санхүүгийн тайланд Б.И.Сан, Оюун-орших, үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг нэр дээр шилжүүлэх тухай баримт, мөн Б.О*******ын үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл,

Б.И.Сан Хадгаламж зээлийн хоршооны бүх гишүүдийн ээлжит бус хурлын тогтоолд[6] Б.И.Сан Хадгаламж зээлийн хоршоог төлөөлөх эрхийг А******* ХХК-д олгосон бөгөөд 2009 оны 6 сарын 09-ны өдрийн Б.И.Сан Хадгаламж зээлийн хоршоо улсын бүртгэлээс хасагдсан тухай бүртгэл[7],

Б.О******* нь төлбөрөө төлж барагдуулсан тухай А******* ХХК-ийн Үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газарт гаргасан 2010 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 10/45 тоот албан бичиг[8],

А******* ХХК-ийн банк бус санхүүгийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл санхүүгийн зохицуулах хорооны 2010 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 332 дугаар тогтоолоор хүчингүй болж, тус компанийн толгой компани болох В******* ХХК-иас Үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газарт ... зээлдэгч Б.О*******оос авах авлага төлөгдөж дуусаад барьцааны эд хөрөнгө суллагдсан ... тул бүртгэлээс чөлөөлөх... тухай мэдэгдсэн 2011 оны 3 дугаар сарын 28-ны өдрийн 11/13 тоот албан бичиг,[9]

А******* ХХК-ийн захирлаар ажиллаж байсан Д.Должинмаа шүүхэд өгсөн гэрчийн мэдүүлэг[10]

Дээрх нотлох баримтыг шүүх судлаад Б.И.Сан Хадгаламж зээлийн хоршооноос авсан зээлийг нэхэмжлэгч төлж барагдуулсан бөгөөд энэ талаар маргаангүй, зээлдүүлэгч талаас Б.О*******ын нэр дээр барьцаа хөрөнгийг шилжүүлэн бүртгэхийг бүртгэлийн байгууллагад хүсэлт гаргасан байтал Чингэлтэй дүүргийн бүртгэлийн хэлтэс эдгээр үндэслэл, нотлох баримтыг үнэлж Б.О*******ын өмчлөгчөөр бүртгүүлэх хүсэлтийг шийдвэрлэхгүй байгаа нь үндэслэлгүй гэж үзлээ.

Иймд Б.И.Сан Хадгаламж зээлийн хоршооны нэр дээр бүртгэгдсэн Б.О*******ын өмчлөлийн Чингэлтэй дүүргийн 15 дугаар хороо 7 дугаар гудамжны 201 тоотод орших үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр бүртгүүлэхээр Б.О*******ын гаргасан хүсэлтийг шийдвэрлээгүй Чингэлтэй дүүргийн бүртгэлийн хэлтсийн эс үйлдэхүйг хууль бусад тооцож, дээрх үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр Б.О*******ыг бүртгэхийг Чингэлтэй дүүргийн бүртгэлийн хэлтэст даалгах нь зүйтэй байна.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.1, 70.2.4 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

  1. Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2, 24 дүгээр зүйлийн 24.1, 24.3-т заасныг баримтлан нэхэмжлэгч нарын гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж, Чингэлтэй дүүргийн 15 дугаар хороо 7 дугаар гудамжны 201 тоотод орших үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр бүртгүүлэхээр Б.О*******ын гаргасан хүсэлтийг шийдвэрлээгүй Чингэлтэй дүүргийн бүртгэлийн хэлтсийн эс үйлдэхүйг хууль бусад тооцож, дээрх үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр Б.О*******ыг бүртгэхийг Чингэлтэй дүүргийн бүртгэлийн хэлтэст даалгасугай.
  2. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-т заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70200 төгрөг гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 81 дүгээр зүйлийн 81.1-д заасны дагуу нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээд, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч энэхүү шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.АДЪЯАСҮРЭН

 

 

 

[1] Хавтаст хэргийн 41 дэх тал

[2] Хавтаст хэргийн 17-19 дэх тал

[3] Хавтаст хэргийн 42 дахь тал

[4] Хавтаст хэргийн 43 дахь тал

[5] Хавтаст хэргийн 94 дахь тал

[6] Хавтаст хэргийн 98 дахь тал

[7] Хавтаст хэргийн 102 дахь тал

[8] Хавтаст хэргийн 10 дахь тал

[9] Хавтаст хэргийн 22 дахь тал

[10] 2015 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн шүүх хуралдааны тэмдэглэл