Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 11 сарын 17 өдөр

Дугаар 329

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хэргийн индекс: 166/2017/0330/Э

 

Дархан-Уул аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Батжаргал даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Шүрэнчимэг,  

Улсын яллагчаар аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Д-,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Э-,

Шүүгдэгч Ц-нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийж, Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн шүүгдэгч Ц- холбогдох эрүүгийн 1718003040119 дугаартай хэргийг 2017 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол Улсын иргэн, Ц-, улсаас авсан гавьяа шагнал, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай,

 

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/:

 

Шүүгдэгч Ц-нь 2017 оны 10 дугаар сарын 20-ны өдөр Дархан сумын 16 дугаар багийн нутаг дэвсгэр Дархан-Уул аймгийн Гаалийн газрын орчим Ө.Сэргэлэнгийн 160 000 төгрөгийн үнэлгээ бүхий гар утсыг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар дээрэмдсэн гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч Ц-нь 2017 оны 10 дугаар сарын 20-ны өдөр Дархан-Уул аймгийн Дархан сумын 16 дугаар багийн нутаг дэвсгэр Дархан-Уул аймгийн Гаалийн газрын орчим насанд хүрээгүй Ө.Сэргэлэнгийн 160 000 төгрөгийн үнэлгээ бүхий гар утсыг авсан болох нь

 

            Шүүгдэгч Э.Цэнгүүнбаярын мөрдөн байцаалт болон шүүх хуралдаанд өгсөн:

           

            ...2017 оны 10-р сарын 20-ний өдөр 16 цагийн орчимд би найзтайгаа уулзах гээд гэрээсээ гараад Миний монгол цэцэрлэгт хүрээлэнд найз Баясгалантай уулзаад 2 литрийн том савтай 3 ширхэг пиво хувааж уусан. Үлдэгдлийг нь барахгүй тэндээ үлдээсэн. Тэгээд манай найз Баясгалан гэртээ харина гээд би Шинэ Дархан руу эгчийнх рүүгээ явна гээд найзаасаа тамхи аваад салсан. Тэгээд юу болсон талаар юу ч санахгүй байгаа. Нэг мэдсэн Шинэ Дархан консулын урд талд байдаг цагдаагийн харуулын байранд сэргэсэн. Миний халааснаас тэр хүүхдийн утас гарч ирсэн гэж тэр цагдаа надад хэлсэн. Би тэр хүүхдээс яаж гар утсыг нь авч яаж зугатааснаа санахгүй байгаа. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна, тэр хүүхдэд 180 000 төгрөгөөр шинэ гар утас авч өгсөн гэх мэдүүлэг,

 

   Насанд хүрээгүй хохирогч Ө.Сэргэлэнгийн мөрдөн байцаалтад өгсөн:

   ...2017 оны 10 сарын 20-ны орой 18:40 цагийн үед хичээл тараад сургууль дээрээ ангийнхаа хүүхдүүдтэй байж байгаад тарсан. Тэгээд би ганцаараа Дархан сумын 10 дугаар баг Чингис хаан банкны урд талд ОХУ-ын консулын хажуу талд танихгүй нэг ах миний араас дагаад байхаар нь зам хөндлөн гараад Гаалын газар өнгөрөөд явж байсан чинь нөгөө ах намайг дуудаад ахын дүү гар утсаараа яриулчих гэхээр нь би үгүй нэгж байхгүй гэж хэлсэн. Тэгтэл миний өмдний зүүн халаасанд байсан гар утсыг булааж авсан. Тэгээд би гарнаас нь зуурсан чинь миний гарыг цохиж тавиулаад зугтаачихсан. Би араас нь хөөгөөд гүйсэн чинь шинэ хорооллын 11 дүгээр байрны 2 дугаар орцны гурван давхарт гарахаар нь та миний утсыг өгөөдөх гэсэн чинь намайг түлхээд биедээ хүргэхгүй байсан. Би тэр ахын хувцаснаас нь барьж аваад зууралдсан чинь тэр ахтай хамт газар уначихсан. Тэр ах намайг босохоос өмнө босоод зугтаагаад явсан. Би консулын цагдаа дээр очоод ахаа миний гар утсыг хүн булаачихлаа гэсэн чинь тэр цагдаа араас нь хөөгөөд барьж авсан. Хар өнгийн IPhone 4S маркийн гар утас байсан бөгөөд миний гар утсыг унагасан байх ар болон урд тал нь хагарчихсан байсан. Сүүлд надад шинэ IPhone 4S худалдаж авч өгсөн. Миний хохирлыг бүрэн төлж барагдуулсан гэх мэдүүлэг /хх 12-14/,

Гэрч Д.Нэмэх-Очирын мөрдөн байцаалтад өгсөн:

 

...2017 оны 10 сарын 20-ны өдөр ОХУлсын ерөнхий консулын харуулын постонд үүрэг гүйцэтгэж байхад 19:25 цаг болж байхад нэг хүүхэд гүйж ирээд утас булаалгасан гэж хэлсэн. Тэгээд би хаашаа гүйсэн гэж асуухад Дархан их дэлгүүр чиглэлд гүйсэн гэж хэлсэн. Тэгэхээр нь би араас нь гүйгээд очиж барьж авсан. Постон дотроо авч ирэхэд нөгөө хүүхэд согтуу байсан. Утсаа дээрэмдүүлсэн хүүхдээс энэ залуу мөн үү гэхэд мөн байна гэж хэлсэн. Би биед нь үзлэг хийхэд халаасанд нь утас нь байсан. Тэгээд 102-т мэдэгдэхэд Мангиртын хөдөлгөөнт эргүүлийг дуудаж хүлээлгэж өгсөн  гэх мэдүүлэг /хх 16/, эд зүйлийн үнэлгээний тайлан /хх 18-19/ зэрэг хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1-т заасан бусдын эд хөрөнгийг илээр, хууль бусаар дээрэмдэж авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж үзлээ.

 

Шүүгдэгч урьд ял шийтгэгдэж байгаагүй нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудсаар /хх 29/ тогтоогдож байна.

 

Шүүгдэгч нь насанд хүрээгүй хохирогч О.Сэргэлэнд шинэ IPhone 4S маркийн гар утсыг 180 000 төгрөгөөр худалдаж авч өгсөн болох нь хавтаст хэргийн 12-р хуудсанд авагдсан хохирогчийн мэдүүлгээр тогтоогдож байх тул шүүгдэгчийг гэмт хэргийн улмаас бусдад учруулсан хохирлыг нөхөн төлсөн байна гэж үзлээ.

 

  Шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа учруулсан хохирлыг нөхөн төлснийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, түүний хувийн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1-т заасан гэмт хэрэгт хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэх нь зүйтэй гэж үзлээ.

 

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоног, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны улмаас тооцон гарах зардалгүй болохыг дурдав. 

 

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 5, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2-т тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Шүүгдэгч Ц- Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1-т зааснаар бусдын эд хөрөнгийг илээр, хууль бусаар дээрэмдсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

            2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч Э.Цэнгүүнбаярыг 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнссүгэй.

 

3.Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоног, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны улмаас тооцон гаргах зардалгүй болохыг дурдсугай.

 

4.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 5.Шийтгэх тогтоолд гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Э.Цэнгүүнбаярт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ хэвээр үргэлжлүүлсүгэй. 

 

 

 

 

                                                                                                             

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Т.БАТЖАРГАЛ