| Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Балдангомбын Хишигдаваа |
| Хэргийн индекс | 142/2024/00393/И |
| Дугаар | 142/ШШ2024/00807 |
| Огноо | 2024-05-24 |
| Маргааны төрөл | Гэм хор учруулснаас гаргуулсан эрүүл мэндийн хохирол, |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2024 оны 05 сарын 24 өдөр
Дугаар 142/ШШ2024/00807
2024 05 24 142/ШШ2024/00807
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Хишигдаваа даргалж, ерөнхий шүүгч Б.Бямбасүрэн, шүүгч Б.Дэлгэрцэцэг нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн шүүх хуралдааны 106 дугаарын танхимд хийсэн хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Б.У-ийн нэхэмжлэлтэй
Хариуцагч: Ш.Ж-д холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: Гэм хорын хохирол 1 245 725 төгрөг, мөн сэтгэл санааны хохирол гаргуулах тухай нэхэмжлэлийг 2024 оны 02 дугаар сарын 01-ний өдөр хүлээн авч, 2024 оны 02 дугаар сарын 08-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад,
Шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгч Б.У
Хариуцагч Ж.Б
Иргэдийн төлөөлөгч Б.С
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Халиун нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
2. Хариуцагч Ж.Б шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: ... Иргэн Б.У-ийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагатай танилцлаа. Нэхэмжилсэн 1 245 725 төгрөг өгөхийг хүлээн зөвшөөрч байна. Төрөх, төрсний дараах эх хүүхдийн биеийн байдал ямар нэгэн эрсдэлтэй зүйлийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь эмнэлэгт байх хугацаанд бүх төрлийн шаардлагатай шинжилгээг өгөхөд эх болон урагт ямар нэгэн гэмтэл өөрчлөлт байхгүй гэж оношлогдсон. Зам тээврийн осол нь санамсаргүй зүйл болсон. Тухайн хэрэгт зөрчлийн хуулийн дагуу хариуцлагаа хүлээсэн... гэжээ.
3. Нэхэмжлэгчээс: Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт /хх-2/, нэхэмжлэгчийн иргэний үнэмлэхний лавлагаа /хх-3/, ******* ХХК-ийн Эрдэнэт салбарыг тодорхойлолт /хх-4/, оршин суугаа хаягийн лавлагаа /хх-5/, эрүүл мэндтэй холбоотой баримтууд /хх-6-18/ зэрэг баримтуудыг гаргаж өгсөн.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэгч Б.У нь хариуцагч Ж.Бт холбогдуулан гэм хорын хохирол 1 245 725 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан бөгөөд шүүх хуралдаан дээр сэтгэл санааны хохирол 2 000 000 төгрөг гэж нэхэмжлэлийн шаардлагаа тодруулсан.
2. Хариуцагч Ж.Б, 1 245 725 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч, сэтгэл санааны хохирол 2 000 000 төгрөгийг зөвшөөрөхгүй гэсэн.
3. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ: ...Миний бие Б.У би 6 сартай жирэмсэн байхдаа 2023 оны 12 сарын 09-ний өдөр явган хүний гарцаар зам хөндлөн гарч явах явцдаа Ж.Бт мөргүүлэн БОЭТ-ийн Гэмтлийн тасагт 5 хоног хэвтэн эмчлүүлсэн. Үүнээс хойш 10 хоног хэвтрийн дэглэм барьж гэрээр эмчилгээ хийлгэсэн. Өнгөрсөн хугацаанд хийгдсэн эмчилгээ, эмний төлбөр болох 603 850 төгрөг листтэй байх хугацааны цалингийн зөрүү болох 9 хоногийн 641 875 төгрөг нийт 1 245 725 төгрөг, сэтгэл санааны хохирол 2 000 000 төгрөгийг зохих журмын дагуу тооцож гаргаж өгнө үү гэж тодорхойлсон.
4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй гэж заасан байх бөгөөд нэхэмжлэгч шаардах эрхтэй байна.
5. Хариуцагч гэм буруугийн талаар маргаагүй.
6. Шүүх хуралдаанд шинжлэн судалсан нотлох баримт, зохигчийн тайлбараар дараах үйл баримт тогтоогдож байна. Үүнд: 2023 оны 12 сарын 09-ний өдөр явган хүний гарцаар зам хөндлөн гарч явсан Б.Уийг, хариуцагч Ж.Б нь тээврийн хэрэгсэл жолоодож явахдаа мөргөсөн үйл баримт талуудын тайлбараар нотлогдож байна.
Иргэний хуулийн 505 дугаар зүйлийн 505.1.-д Бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газар сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй гэж заасан.
Нэхэмжлэгч, машинд мөргүүлсний улмаас эмчилгээ хийлгэхэд 603 850 төгрөг, өвчтэй байсан цалингийн зөрүү 641 875 төгрөг, нийт 1,245,725 төгрөгийн хохирол учирсан гэж нэхэмжилснийг хариуцагч маргаангүйгээр хүлээн зөвшөөрсөн.
Харин хариуцагч, сэтгэл санааны хохирол 2 000 000 төгрөг нэхэмжилснийг нотлох баримтгүй тул зөвшөөрөхгүй гэсэн.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.-д Зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь өөрийн шаардлага ба татгалзлын үндэс болж байгаа байдлын талаархи нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй, мөн хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2.-т хэргийн оролцогч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүрэгтэй гэж заасан бөгөөд нэхэмжлэгч сэтгэл санааны хохирол 2 000 000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагаа нотлох баримтаар нотлоогүй байна.
Иймд нэхэмжлэлээс сэтгэл санааны хохирол 2 000 000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 34 500 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжаар 34 447 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгох зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1., 505 дугаар зүйлийн 505.1.-д заасныг баримтлан хариуцагч Ж.Б-аас 1 245 725 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Б.У-д олгож, нэхэмжлэлээс сэтгэл санааны хохирол 2 000 000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1.-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжаар 34 500 төгрөг гаргуулан улсын орлогод оруулж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжаар 34 447 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
3. Шийдвэрийг эс зөвшөөрвөл зохигчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй бөгөөд, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг 14 хоногийн дотор гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ХИШИГДАВАА
ШҮҮГЧИД Б.БЯМБАСҮРЭН
Б.ДЭЛГЭРЦЭЦЭГ