| Шүүх | Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Мягмарын Энхмандах |
| Хэргийн индекс | 157/2024/00154/И |
| Дугаар | 157/ШШ2024/00161 |
| Огноо | 2024-08-28 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр
2024 оны 08 сарын 28 өдөр
Дугаар 157/ШШ2024/00161
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Хэргийн индекс:157/2024/00154/И
Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхийн Ерөнхий шүүгч М.Энхмандах би, нэхэмжлэгч “М***************** ББСБ” ХХК-ийн нэхэмжлэлтэй хариуцагч Г.Т-д холбогдох “Зээлийн гэрээний үүрэгт 1,092,358 (нэг сая ерэн хоёр мянга гурван зуун тавин найман төгрөг) гаргуулах” тухай нэхэмжлэлийг 2024 оны 08 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч, иргэний хэрэг үүсгэж хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч “М*********** ББСБ” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Г.Т нь “М************** ББСБ”-ийн мессеж зээлийн үйлчилгээний нөхцөлийг хүлээн зөвшөөрч 2022 оны 01 сарын 27-ны өдөр 1400000712278 тоот Зээл, зээлийн эрх нээх гэрээ байгуулсан ба мессеж зээл авч, төлж барагдуулж байсан тул зээлийн эрхийн хэмжээ нэмэгдсэн. Г.Т нь уг гэрээний үндсэн дээр 2022 оны 11 сарын 15-ны өдөр 740,000 төгрөгийг сарын 2,7% хүүтэй зээлээр авсан ба хугацаанд нь төлж барагдуулаагүй юм. Г.Т-г хууль болон гэрээнд заасан үүргээ биелүүлж зээл, зээлийн хүүгээ төлж барагдуулахыг шаардахад 2022 оны 12 сарын 21-ний өдөр 51,700 төгрөгийг төлсөн боловч үлдэгдэл төлбөрийг удаа дараа худал хэлж өнөөдрийг хүртэл төлөөгүй. Г.Т-ийн зээлийн гэрээний үүрэг 2024 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн байдлаар үндсэн зээл 711,748 төгрөг, зээлийн хүү 318,655 төгрөг, зээлийн хүү 61,955 төгрөг нийт 1,092,358 төгрөг гаргуулахаар байна.
Өнгөрсөн хугацаанд Г.Т-ийн зээлийн гэрээний үүргийг шаардаж мсж илгээх, утсаар холбоо тогтоож байсан ба хэд хэдэн удаа хэсэгчлэн төлөх хугацаа тохирсон ч огт төлбөр төлөөгүй юм. М************ ББСБ нь зээлийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөлтэй бөгөөд Монгол улсын иргэний хууль, Банк эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуульд заасны дагуу зээлдэгчийн зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүг тооцсон байх тул зээлийн гэрээний үүрэгт нийт 1,092,358 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилж байна.
Жич: Хариуцагч нь зээлийн эргэн төлөлтийг М************* ББСБ-ын Хаан банк дахь *************** тоот дансанд төлж болно.” гэжээ.
Хариуцагч Б овогт Г.Т шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: ”Г.Т миний бие М************* ББСБ зээл авсан нь үнэн болно. “М************ ББСБ-иас нэхэмжилсэн 1,092,358 төгрөгийг төлж барагдуулна.” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
1.Нэхэмжлэгч “М************ ББСБ” ХХК-ийн нэхэмжлэлтэй хариуцагч Г.Т-д холбогдох “Зээлийн гэрээний үүрэгт 1,092,358 (нэг сая ерэн хоёр мянга гурван зуун тавин найман төгрөг) гаргуулах” тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан байна.
2.Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт “Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд /цаашид “зээлдүүлэгч” гэх/ нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар, зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээнэ.” гэж заасан.
Нэхэмжлэгч “М************* ББСБ” ХХК, хариуцагч Г.Т нарын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт заасан “банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох” гэрээний харилцаа үүссэн байна.
3.Зохигчдын хооронд 2022 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр №140000712278 дугаартай зээлийн гэрээ байгуулсан бөгөөд нэхэмжлэгч байгууллага нь хариуцагчаас “Зээлийн гэрээний үүрэгт 1,092,358 (нэг сая ерэн хоёр мянга гурван зуун тавин найман төгрөг) гаргуулах” тухай нэхэмжлэлийн шаардлага гаргах эрхтэй байна.
4.Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Г.Т нь нэхэмжлэлийн шаардлага болох 1,092,358 төгрөгийг төлөхийг зөвшөөрч, тайлбарыг шүүхэд бичгээр ирүүлсэн байна.
5.Хариуцагч Г.Т нь нэхэмжлэлийн бүх шаардлага болох 1,092,358 төгрөгийг төлөхийг зөвшөөрч, тайлбарыг бичгээр ирүүлсэн байгаа нь хуульд нийцсэн, бусдын хуулиар хамгаалагдсан эрх, ашиг сонирхолд харшлахгүй, хууль зөрчөөгүй байх тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг төлөхийг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна гэж шүүх үзлээ.
6.Нэхэмжлэгч “М****************” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 30,767 төгрөгийн тал хувь болох 15,383 төгрөг 50 мөнгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээж улсын орлого болгож, төрийн сангийн данснаас улсын тэмдэгтийн хураамж 15,383 төгрөг 50 мөнгийг, хариуцагч Г.Т-ээс улсын тэмдэгтийн хураамж 15,383 төгрөг 50 мөнгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч “М********** ББСБ” ХХК-д олгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Нэхэмжлэгч “М*********** ББСБ” ХХК-ийн нэхэмжилсэн “Зээлийн гэрээний үүрэгт 1,092,358 (нэг сая ерэн хоёр мянга гурван зуун тавин найман төгрөг)-ийг хариуцагч Г.Т нь төлөхийг зөвшөөрч, хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч “М********** ББСБ” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 30,767 төгрөгийн тал хувь болох 15,383 төгрөг 50 мөнгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээж улсын орлого болгож, төрийн сангийн данснаас улсын тэмдэгтийн хураамж 15,383 төгрөг 50 мөнгийг, хариуцагч Г.Т-ээс улсын тэмдэгтийн хураамж 15,383 төгрөг 50 мөнгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч “М************** ББСБ” ХХК-д олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү шүүгчийн захирамжийг хариуцагч Г.Т нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.
4.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.1 дэх хэсэгт зааснаар уг шүүгчийн захирамж хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 4 жилийн хугацаа өнгөрсөн тохиолдолд иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэхгүй болохыг дурдсугай.
5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар энэхүү шүүгчийн захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ М.ЭНХМАНДАХ