Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 04 сарын 19 өдөр

Дугаар 153/ШШ2024/00178

 

Зохигчийн эвлэрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

 

Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч М.Эрдэнэ-Оюун би

Нэхэмжлэгч: Ховд аймгийн Д******* сумын 03 дугаар (Ц*******) багт оршин суух, У******* овогт А******* Ц*******ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Ховд аймгийн Д******* сумын 03 дугаар (Ц*******) багт оршин суух, С******* овогт Л*******гийн М*******д холбогдох,

“5,100,000 (таван сая нэг зуун мянга) төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэлийг 2024 оны 01 дүгээр сарын 23ы өдөр хүлээн авч, 2024 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад,

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Нэхэмжлэгч А.Ц******* нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие А.Ц******* нь 2022 оны 6 дугаар сараас 2023 оны 6 дугаар сар хүртэл малаа маллуулсан. Цаг тухайд нь хөл мөнгийг нь өгч байсан. Ингээд Л.М*******д тавьсан 56 хониноос надад 22 хонь хүлээлгэн өгсөн. Энэ асуудлаар эвлэрүүлэн зуучлалаар орсон боловч ирээгүй. Ингээд аргаа барж танай шүүхэд хандаж байгаа бөгөөд хариуцагч Л.М*******гөөс миний 34 хонийг гаргуулж өгнө үү гэжээ.

2.Хариуцагч Л.М******* нь шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “...миний бие А.Ц*******ийн малыг анх 2022 оны 6 дугаар сард авч 3 сар маллахаар тохиролцож авсан. Намар нь 9 сард малаа ав гэдгийг хэлсэн. Тэгэхэд бүх ишиг ямаагаа зарна гэж хэлээд эр ямаанаас бусад ямааг нь миний бие худалдаж авахаар тохиролцож, нийт 127 ямааг 9,790,000 төгрөгөөр худалдаж аваад энэ мөнгийг нь өгсөн.

Үлдэгдэл 33 эр ямаа, 43 хонь, 13 хурга, бүгд 89 малыг надад хариулуулахаар болж үлдээсэн. Өвлийн идшинд 3 хонь, 3 ямаа авсан. Ингээд 30 ямаа, 40 хонь, 13 хурга, 83 малыг маллаж байгаад 2023 оны хавар мал муудаж үхээд эхлэхэд “малаа аваач ээ” гэж хэлэхэд “би Хөшөөтөд ажиллаж байна. Одоо ямар ч арга алга. Үхэх нь үхэхээс биш” гэж хэлээд малаа аваагүй.

Миний бие нь “та өвс тэжээл өг” гэдгийг бас хэлсэн боловч надад 1 ч боодол өвс, тэжээл өгөөгүй. Тэр үед “мал чинь үхэхээр дараа нь надаас мал нэхэв” гэдгээ хэлэхэд “би мал нэхэхгүй” гэж хэлсэн. 2023 оны 6 дугаар сард үлдэгдэл 29 ямаа, 22 хонио аваад явсан. Миний бие өөрт нь хэлсэн болохоор энэ нэхэмжилж байгаа малыг төлж өгч чадахгүй. Би өөрийн 160 гаруй бог мал, 11 адуу, 5 үхрээ тэжээж байгаад үхүүлсэн. Малын хөлсийг цаг тухайд нь өгч байсан гэж хэлсэн байна. Малын хөлсөнд би энэ хүнээс нэг ч төгрөг аваагүй ба малын хөлсөө бид хоёр шүдлэнгээр тооцож тохирсон гэжээ.

Зохигчид эвлэрлийн гэрээндээ: А.Ц*******ийн нэхэмжлэлтэй, Л.М*******д холбогдох 5,100,000 төгрөг гаргуулах тухай” иргэний хэрэгт нэхэмжлэгч А.Ц*******, хариуцагч Л.М******* бид дараах нөхцөлөөр харилцан тохирч, эвлэрлийн гэрээ байгууллаа.

1.Нэхэмжлэгч А.Ц******* нь нэхэмжлэлийн шаардлагаас 3,100,000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагаас татгалзлаа, 

2.Хариуцагч Л.М******* нь нэхэмжлэлийн үлдэх шаардлага болох 2,000,000 төгрөгийг 2024 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн дотор нэхэмжлэгч А.Ц*******ийн банкны ******* тоот дансанд төлж барагдуулна,

3.2,000,000 төгрөгийг хугацаандаа төлөөгүй тохиолдолд шийдвэр гүйцэтгэлийн журмаар албадан гаргуулахаар тохиролцлоо гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

1.Нэхэмжлэгч А.Ц*******ийн нэхэмжлэлтэй, Л.М*******д холбогдох, “5,100,000 (таван сая нэг зуун мянга) төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэрэгт зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

2. Нэхэмжлэгч А.Ц*******, хариуцагч Л.М******* нар эвлэрч эвлэрлийн гэрээ байгуулсан байна. Тэд эвлэрлийн гэрээндээ: Нэхэмжлэгч А.Ц******* нь нэхэмжлэлийн шаардлагаас 3,100,000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагаас татгалзаж, нэхэмжлэлийн үлдэх шаардлага болох 2,000,000 төгрөгийг хариуцагч Л.М******* нь 2024 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн дотор нэхэмжлэгч А.Ц*******ийн банкны ******* тоот дансанд төлж барагдуулж, уг мөнгийг барагдуулаагүй тохиолдолд шийдвэр гүйцэтгэлийн журмаар албадан гаргуулахаар тохиролцжээ.

3. Нэхэмжлэгч, хариуцагч нарын эвлэрэл нь хууль зөрчөөгүй, гуравдагч этгээдийн ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

4. Талуудын эвлэрлийг баталсан шүүгчийн захирамжид гомдол гаргах, дахин энэ асуудлаар шүүхэд нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэснээс үүсэх үр дагаврыг тус тус тайлбарлан гарын үсэг зуруулав. 

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 94,950 төгрөгөөс тал хувь болох 47,475 төгрөгийг улсын орлогоос, 47,475 төгрөгийг хариуцагчаас тус тус гаргуулан нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэлээ.

Хариуцагч нь энэ захирамжийг сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдав.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон

 

ЗАХИРАМЖЛАХ нь:

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-д зааснаар нэхэмжлэгч А.Ц*******ийн нэхэмжлэлтэй, Л.М*******д холбогдох, “5,100,000 (таван сая нэг зуун мянга) төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэрэгт нэхэмжлэгч А.Ц******* нь нэхэмжлэлийн шаардлагаас 3,100,000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагаас татгалзаж, нэхэмжлэлийн үлдэх шаардлага болох 2,000,000 төгрөгийг хариуцагч Л.М******* нь 2024 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн дотор нэхэмжлэгч А.Ц*******ийн банкны ******* тоот дансанд төлж барагдуулахаар эвлэрсэн зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 94,950 (ерэн дөрвөн мянга есөн зуун тавь) төгрөгөөс тал хувь болох 47,475 (дөчин долоон мянга дөрвөн зуун далан тав) төгрөгийг улсын орлогоос, 47,475 (дөчин долоон мянга дөрвөн зуун далан тав) төгрөгийг хариуцагчаас тус тус гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг зохигч нар сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэснээр зохигчид давж заалдах, хяна******* журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, энэ асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

                                    ШҮҮГЧ                                    М.ЭРДЭНЭ-ОЮУН