Дундговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 11 сарын 23 өдөр

Дугаар 80

 

 

 

                     

 

 

 

 

 

 

 

 

 

           

            МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

   

Дундговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч С.Сэржмядаг даргалж, тус шүүхийн “А” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Нарийн бичгийн дарга: Г.Нямаа

Улсын яллагч: Г.Хаш-Эрдэнэ

Шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Лхам

Шүүгдэгч: Б.Түмэнзаяа нарыг оролцуулан Дундговь аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Түмэнзаяад холбогдох 1722001030049 тоот хэргийг 2017 оны 11  сарын 21-ний өдөр хүлээн авч, шүүн хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Дундговь аймгийн Дэлгэрхангай суманд 1987.10.27-нд төрсөн, эрэгтэй, бичиг үсэг мэдэхгүй, мэргэжилгүй, ам бүл-4, эхнэр, хүүхдүүдийн хамт Дундговь аймгийн Дэлгэрхангай сумын 4-р баг Баян гэх газарт оршин суух, урьд ял шийтгэлгүй, /РД:ЗД87102718/ Хүрэл тайж овогт Баатарын Түмэнзаяа нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах буюу Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүгдэгч Б.Түмэнзаяа нь 2017 оны 10 сарын 24-ний өдөр Дундговь аймгийн Хулд сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэрт иргэн Г.Баатарсүхийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн гэмтэл учруулсан болох нь дараах баримтаар тогтоогдож байна. Үүнд:

Шүүгдэгч шүүх хуралдаанд: Орой 12 цаг өнгөрч байтал хохирогч манай үхрийг элдээд гадаа ирсэн. Дуудсан чинь цаашаа яваад өгөхөөр нь би араас нь очсон. Чи яагаад үхэр элдээд байгаа юм бэ гэхэд “би танай үхрийг гадаа чинь  авч ирж болохгүй юу гэсэн. Тэгэхээр нь би явах гэж байтал намайг “чи муу хаанаас ирсэн нохойн гөлөг вэ” гээд доромжлоод байхаар нь би нэг цохиод авсан. “Чи жав гэх нохойгүй, туух малгүй манай газарт ирчихээд юу гээд хуцаад байгаа юм бэ” гээд намайг дарамтлаад байхаар нь би дахиад гарынхаа ар талаас цохьсон чинь хамраас нь цус гарсан юм гэж мэдүүлэв.

  • Хохирогч мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэгтээ: Би 2017.10.24-ний өдрийн 11 цагийн үед Хулд сумын 4-р багийн нутаг дэвсгэр Хоолой харын бууц гэх газарт хороогоо янзлаад байж байхад Банди гэдэг малчин, Гэрэлт-Од гэдэг хүний малчин мотоцикльтойгоо ирсэн. Гэрэлт-Одын малчин мал хөөлөө, хэдэн шар өвсөө хармалж, мал хөөлөө, шээс бааснаасаа салаагүй гээд зодох гээд байсан. Нөгөөтөх нь хориод боль гээд тэгээд тэр 2 яваад өгсөн. Тэр өдрийн орой 23 цагийн үед хороон дээрээс бензин авах гээд ирсэн чинь Банди Гэрэлт-Од нарын үхэр байхаар нь бууцнаас хойшоогоо хөөчихөөд буцаад гэрээдээ явж байхад хойноос мотоцикльтой хүн дуудахаар нь зогссон. Тэгтэл  Банди өдрийн Гэрэлт-Одын малчин залуу 2 байсан. Гэрэлт-Одын малчин залуу чи яах гээд байгаа хөгийн новш пизда гээд намайг мотоцикль дээрээс татаж унагаж, миний дээр суугаад нүүр рүү олон удаа цохиж, гуя руу бас өшиглөж, үснээс зулгааж газар мөргүүлсэн. Тэгсэн Банди гар чийдэн тусгаад одоо болно гэж хэлсэн. Гэрэлт-Одын малчин залуу архи уусан бололтой үнэртэж байсан. Би эмчилгээний зардалаа нэхэмжилж байгаа гэжээ. /хх-6-8/
  • Гэрч О.Бандийн “ Би 2017.10.24-ний өдрийн 23 цаг 30 минутын үед гэртээ кино үзэж дуусчихаад Бумбатын худаг дээр очиж үхрээ Б.Түмэнзаяатай хамт усалчихаад Түмэнзаяагийн гэрт очиж хоол халааж идээд сууж байхад гэрийн гадаа үхэр хүрээд ирэхээр нь гарч харсан чинь мотоцикльтой хүн манай үхрийг туугаад ирсэн. Тэгээд Б.Түмэнзаяатай хамт мотоцикльтой очсон. Тэгээд Б.Түмэнзаяа Г.Баатарсүх 2 хэрэлдсэн. Г.Баатарсүхийг Б.Түмэнзаяа мал яагаад туугаад байгаа юм бэ гэсэн чинь танай малыг гадаа чинь тууж авчирлаа яадаг юм гээд Б.Түмэнзаяаг чи энд юу хийж гуйлгачин царайлаад байгаа юм бэ” гээд үгээр идээд байхаар нь Б.Түмэнзаяа 1 удаа цохиод дээлнийх нь зах дээрээс татаад мотоцикль дээрээс унагахаар нь тэр 2-ыг салгаад мотоциклийг нь босгосон. Тэгээд тэр 2 дахиад зууралдахаар нь болиулсан гэжээ. /хх-9-10/
  • Гэрч Л.Наранчимэгийн /Б.Түмэнзаягийн эхнэр/ “ Намайг 2017.10.25-ны өдөр 00 цагийн үед гэртээ байхад манай нөхөр Б.Түмэнзаяа, О.Банди 2 үхрээ усалж ирээд хоол халаагаад идээд сууж байхад гэрийн гадаа мотоцикльтой хүн үхэр туугаад ирсэн. Тэр хүнийг Г.Баатарсүх байна гээд тэр хоёр гарсан. Тэрнээс хойш юм мэдэхгүй. Манай нөхөр төлөв даруу зантай, олон үг байхгүй, хүнд тусархуу архи, тамхи хэрэглэдэгүй ” гэжээ. /хх-11/
  • Гэрч У.Одгэрэлийн “ Б.Түмэнзаяа нь Хулд сумын 4-р баг Бумбат гэх газарт байх манай гэрт мал малладаг. Би Б.Түмэнзаяаг сарын 300000 төгрөгөөр цалинжуулдаг. Төлөв даруу томоотой хүний үгээр залуу байгаа юм” гэжээ. /хх-12/
  • Шинжээчийн 2017.10.27-ны өдрийн 170200312 тоот дүгнэлтэд “Г.Баатарсүхийн биед тархи доргилт, зүүн нүдний алимны эвэрлэгт цус харавсан, зовхинд цус хурсан, хацар, хүзүүнд зулгаралт, хацар зовхинд зөөлөн эдийн гэмтэл тогтоогдлоо. Дээрхи гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Тархи доргилт, зүүн нүдний эвэрлэгт цус харавсан гэмтэл нь Шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Бусдад зодуулсан гэх цаг хугацааанд үүссэн байх боломжтой шинэ гэмтэл байна” гэжээ /хх-15/

Дээрх баримтууд болон шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой бусад баримтыг хуульд заасан журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх тул шүүх нотлох баримтаар үнэллээ.  

Эдгээр баримтаар шүүгдэгч Б.Түмэнзаяа нь 2017 оны 10 сарын 24-ний өдөр Дундговь аймгийн Хулд сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэрт иргэн Г.Баатарсүхтэй маргалдаж, улмаар хохирогч Г.Баатарсүхийг зодож бие махбодид нь хөнгөн зэргийн гэмтэл учруулсан нь нотлогдож байна.

Шүүгдэгч Б.Түмэнзаяа нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч, үйлдсэн хэргээ үнэн зөвөөр мэдүүлсэн нь хохирогч, гэрч нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт зэрэг баримтаар давхар батлагдаж байх тул Б.Түмэнзаяаг бусдын эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, ял оногдуулах үндэслэлтэй байна.

Хохирогч Г.Баатарсүхийн баримтаар нэхэмжилсэн 271420 төгрөгийг шүүгдэгч Б.Түмэнзаяа хүлээн зөвшөөрч биелүүлсэн байх тул энэ шалтгаанаар холбогдох  нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч Б.Түмэнзаяаг бусдад учруулсан хохирлоо нөхөн төлсөн, бусдад төлбөргүйд тооцлоо.  

Шүүгдэгч Б.Түмэнзаяа нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирогчид учруулсан хохирлыг шүүх хуралдаанаас өмнө нөхөн төлсөн, намрын хайлган цагаар бусдын малыг удаа дараа хөөсөн хохирогчийн зохисгүй үйлдлээс үүдэн гэмт хэрэг үйлдэгдсэнийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов. Шүүгдэгчийн үйлдэлд Эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Дээрх үндэслэл шалтгаанаар шүүгдэгч Д.Түмэнзаяад  Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялаас торгох ялыг сонгон хэрэглэж, улсын яллагчийн санал болгосон хэмжээгээр оногдуулахаар шийдвэрлэв.

Шүүгдэгч Б.Түмэнзаяа нь сард 300000 төгрөгийн цалинтайгаар туслах малчнаар ажилладаг ба өөр орлогогүй, мөн ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт амьдардаг байдлыг харгалзан, түүний олдог орлогоос Б.Түмэнзаяад оногдох хэсэг буюу 75000 төгрөгийг 6 сарын хугацаанд сар бүр хэсэгчлэн төлүүлэх байдлаар торгох ялыг хэрэглэх нь зүйтэй гэж үзлээ.

 

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйл,

36.2 дугаар зүйл, 36.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 36.3, 36.8, 36.10, 36.13, 38.1, 38.2 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

  1. Шүүгдэгч Хүрэл тайж овогт Баатарын Түмэнзаяаг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
  2. Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар Хүрэл тайж овогт Баатарын Түмэнзаяад 450 /дөрвөн зуун тавин/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450000 /дөрвөн зуун тавин мянган/ төгрөгөөр торгох ял оногдуулж шийтгэсүгэй. 
  3. Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-т заасныг баримтлан Б.Түмэнзаяад шүүхээс оногдуулсан 450000 төгрөгөөр торгох ялыг 2018 оны 6 сарын 1-нийг хүртэл хугацаанд 6 хувааж хэсэгчлэн төлөхийг даалгасугай.
  4. Шүүгдэгч Б.Түмэнзаяа нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй тохиолдолд хорих ялаар солихыг анхааруулсугай.
  5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 1-д зааснаар хохирогч Г.Баатарсүх нь баримтаар нэхэмжилсэн 271420 /хоёр зуун далан нэгэн мянга дөрвөн зуун хорин/ төгрөгийн нэхэмжлэлийг Б.Түмэнзаяа хүлээн зөвшөөрч биелүүлсэн шалтгаанаар эмчилгээний зардал нэхэмжилсэн иргэний нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай. 
  6. Шүүгдэгч Б.Түмэнзаяа нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, эд зүйл хураалгаж, битүүмжлүүлээгүй, бусдад төлөх төлбөргүй  болохыг тус тус дурьдсугай.
  7. Энэхүү шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч шийтгэх тогтоолыг өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.
  8. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Б.Түмэнзаяад урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
  9. Шүүгдэгч Б.Түмэнзаяад оногдуулсан торгох ялд бичигдсэн гүйцэтгэх хуудсыг шийтгэх тогтоолын хамт Дундговь аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд хүргүүлж баримтыг Б.Түмэнзаяад холбогдох эрүүгийн хэрэгт хавсаргахыг шүүгчийн туслах Н.Бат-Эрдэнэд даалгасугай.  

 

                             

                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                 

 ДАРГАЛАГЧ                                    С.СЭРЖМЯДАГ