Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 10 сарын 11 өдөр

Дугаар 280

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Хэргийн индекс: 166/2017/0283/Э

Дархан-Уул аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Батжаргал даргалж, 
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Тэмүүжин, 
Улсын яллагчаар аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Н.Идэр, 
Хохирогч ****,
Шүүгдэгч ****нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийж, Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн шүүгдэгч *** холбогдох эрүүгийн 1718001700084 дугаартай хэргийг 2017 оны 10 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, ****
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/:

Шүүгдэгч ****нь 2017 оны 9 дүгээр сарын 03-ны өдөр Дархан-Уул аймгийн Дархан сумын 8-р багт үйл ажиллагаа явуулдаг **** зочид буудлын гадна иргэн ****ыг зодож эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад 

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч ****нь 2017 оны 9 дүгээр сарын 03-ны өдөр Дархан-Уул аймгийн Дархан сумын 8-р багт үйл ажиллагаа явуулдаг **** зочид буудлын гадна иргэн ****ыг зодож эрүүний битүү зөрөөтэй хугарал, цус хуралт, зөөлөн эдийн няцрал, хүзүүний цус хуралт бүхий хүндэвтэр хохирол учруулсан болох нь 

    Шүүгдэгч ****мөрдөн байцаалт болон шүүх хуралдаанд өгсөн: 

    ...2017 оны 9 дүгээр сарын 03-ны өдөр 10 цагийн үед би найз ****тай уулзаад хамт нэг газар суухаар болсон юм. Тэгээд **** бид хоёр хамт Дархан сумын 8-р багийн нутаг дэвсгэрт байдаг “****” гэдэг нэртэй зочид буудлын караоке руу орсон юм. Тэгээд **** бид хоёр караокед нь ороод нэг шил 0,5 граммын “Соёрхол” гэдэг архи аваад бас дахиад нэг нэг пиво авсан. Тэгээд бид хоёр авсан зүйлээ уугаад сууж байтал гаднаас хоёр эрэгтэй, хоёр эмэгтэй хүмүүс орж ирсэн юм. Тэгээд бид нар тэнд караокед харилцан дуулж байгаад цуг хамт юм ярьж байсан чинь уурхайд ажилладаг гэхээр нь танилцаж, адилхан уурхайд ажилладаг юм байна гэдгээ мэдээд хоорондоо юм ярьж суусан. Тэгээд сууж байсан чинь тэр гаднаас орж ирсэн хүмүүсийн нэг залуу нь “Бид нар тайван суумаар байна” гэсэн. Тэгээд тэр залуутай цуг явж байгаа нэг залуу нь “Дээшээ манай өрөөнд оръё” гээд дагуулж явсан хоёр хүүхэнтэй нь цуг тэр залуугийн хамт бид хэд дээшээ буудлын өрөөнд нь орсон юм. Нөгөө залуу нь дурамжхан байгаад байсан. Тэгээд тэр нэг залуу нь дурамжхан байгаад байхаар нь би өрөөнд нь ороод тэр залууд “Чи зүгээр хоорондоо юм яриад сууж байхад хачин хачин зан гаргаад байх юм“ гэж хэлсэн чинь тэр залуу гараад яваад өгсөн юм. Тэгээд манай найз **** бид хоёр өрөөнөөс нь гараад буудлаас гадагш гарч ирсэн чинь тэр залуу буудлын гадаа утсаар яриад зогсож байсан юм. Би тэгэхээр нь “Чи яасан далчигнасан зантай юм бэ? гэж хэлээд тэр залуу дээр явж очоод шанаа руу нэг цохиод авсан юм. Тэгсэн манай найз **** намайг татаж салгаж авсан юм. Тэгсэн тэр залуугийн амнаас нь жоохон цус гарч байсан Тэгээд байж байхад манай найз **** хүрч ирээд тэр залууг аваад эмнэлэг рүү явсан юм гэх мэдүүлэг,

    Хохирогч ****ын мөрдөн байцаалт болон шүүх хуралдаанд өгсөн:
    ...Би буудлын өрөөнөөс гараад утсаараа найз руугаа яриад зогсож байтал буудлын гадаа манай өрөөнд орж ирчхээд над руу архины шил барьж давшлаад байсан залуу нэг залуугийн хамт буудлын гадаа гарч ирчихсэн зогсож байсан. Тэгсэн намайг утсаар яриж байсан чинь тэр хоёр залуу намайг “Нааш ир “гэж дуудсан. Би тэгэхээр нь “Яасан бэ? гэж хэлээд яваад очсон чинь манай өрөөнд байсан танихгүй залуу үгийн зөрөөгүй миний зүүн шанаа руу гараараа цохиод авсан. Тэгээд юу болсныг нь мэдэхгүй миний амнаас цус гараад эхэлсэн. Тэгсэн Мөнхбаатар буудлаас гараад ирсэн. Тэгээд цагдаа дуудах гэтэл тэнд байсан нөгөө хоёр залуу “хурдан эмнэлэг явж цусыг тогтооё” гэж байсан. Тэгсэн тэр хоёр залуу архи уучихсан байгаа гээд машинаа барьж болохгүй гээд тэгсэн чинь тэр хоёртой цуг явж байсан нэг залуу тэр хоёр залууд хандаж “Алив машиныхаа түлхүүрийг өгч бай би хүргээд өгье” гэсэн чинь тэр хоёр машиныхаа түлхүүрийг өгөхгүй болохоор нь тэр залуу нэг такси зогсоогоод намайг суулгаад тэгээд эмнэлэг рүү аваад явсан юм. Тэгээд 103-н хүлээн авахад үзүүлэхэд 103-н эмч үзчихээд “Эрүү чинь доод хэсгээрээ хугарчихсан байна. Маргааш гэмтлийн эмчид үзүүлээрэй” гэж хэлсэн. Тэгээд намайг эмнэлэгт авч ирсэн залуу намайг цохисон залуугийн эхнэрийнх нь дугаар гээд нэг дугаар өгсөн юм. Тэр дугаар луу маргааш нь залгаад намайг цохисон залуугийн эхнэртэй нь нэгдсэн эмнэлэг дээр уулзсан юм. Тэгээд тэр эмэгтэй 150.000 төгрөг эмчилгээний зардал гэж надад өгсөн. Би гэмтлийн эмчид үзүүлэх гэсэн боловч гэмтлийн эмч нь байхгүй байсан. Намайг цохисон залуугийн эхнэр нь эрүүний зураг авчихаад надтай холбогдоорой гэж хэлж байсан гэх мэдүүлэг, 
Гэрч ****мөрдөн байцаалтад өгсөн: 

...Би 2017 оны 9-р сарны 3-ны өдөр найз ****тай утсаар ярихад намайг “ **** буудал дээр байна. Хүрээд ирээ гэж хэлсэн. Тэгээд би 13 цагийн үед “****” буудал орсон юм. Тэгээд **** буудлын караокед ортол манай хоёр найз болох ****, **** хоёр сууж байсан. Бид хэд тэнд уулзалдаад байж байтал манай хоёр найз тэнд байсан хүмүүсийн хамт буудлын өрөө рүү нь орлоо гээд яваад өгсөн. Би ширээн дээр нь үлдээд сууж байтал удаагүй гаднаас нэг эмэгтэй хүн орж ирээд надад “Танай найз чинь хүн цохичихлоо. Эмнэлэг явъя гэнээ” гэж хэлсэн. Тэгээд би **** буудлын гадаа гараад иртэл ****, **** хоёр болон бас хоёр залуу хоёр эмэгтэй хүмүүс зогсож байсан. Тэгээд би “Яасан юу болов” гэж асуутал буудлын гадаа байсан нэг залуу надад “Танай найз чинь намайг цохичихлоо” гэж хэлээд **** рүү зааж байсан. Тэр залуугийн амнаас нь цус гарч байсан. Тэгсэн тэр цохиулсан залуу намайг “Хоёулаа машинаар чинь эмнэлэг явъя. Очиж үзүүлье” гэж хэлсэн. Би тэгэхээр нь “Би пиво уучихсан байгаа таксигаар явъя” гэж хэлсэн. Тэгээд би такси зогсоогоод тэр цохиулсан залууг аваад нэгдсэн эмнэлгийн хүлээн авах дээр ирсэн. Тэгээд хүлээн авахын эмчид үзүүлсэн чинь тэр эмч “рентгений эмчийг дуудаадхъя, зургийг нь авахуулъя” гэж хэлсэн . Тэгээд рентгений эмч нь ирээд тэр цохиулсан залууг авч явж рентген аппаратанд харсан. Би тэгэхэд цуг явж байсан. Тэгээд тэр эмч “Надад гэмтэж бэртсэн юм харагдахгүй байна. Маргааш ирж нарийвчилсан зураг авахуулаарай. Эрүү нүүрний нарийн мэргэжлийн эмчид үзүүлээрэй” гэж хэлсэн. Тэгээд тэр хүлээн авахын эмч дээр очиж анкет бөглүүлэхэд тэр цохиулсан залуу гомдол саналгүй гэж хэлж байсан. Тэгээд би яваад өгсөн гэх мэдүүлэг /хх 32/, 

Гэрч ****мөрдөн байцаалтад өгсөн: 

...Би 2017 оны 9-р сарны 3-ны өдөр найз **** хамт **** буудалд 12 цагийн үед караокед орсон юм. Бид хоёр 2 эмэгтэйтэй танилцаад хамт орсон юм. Одоо тэр эмэгтэйчүүдийн нэрийг мэдэхгүй байна. Гэрийн хаягийг нь ч мэдэхгүй. Тэгээд бид нар тэр караоекд ороод нэг шил архи, хэдэн ундаа, устай авч ууж дуулж сууж байтал хажууд хоёр залуу гаднаас орж ирсэн. Тэр хоёр залуу нэг шил архи аваад хажуу ширээнд суусан юм. Тэгээд бид нар ээлжлэн караокед дуулж сууж байгаад би тэр хоёр залуутай танилцсан юм. Тэр хоёр залуу Хүдэрт уурхайд ажилладаг гэж байсан. Тэгээд **** бид хоёр нөгөө хоёр хүүхнээ аваад буудлын өрөө руу ортол араас нөгөө хоёр залуу орж ирсэн. Тэр хоёр залуу орж ирээд “нөгөө залуу чинь хаана байна” гэхээр нь би гайхаад “Юу болоод байгаа юм бэ? гэж асуусан чинь тэр хоёр залуугийн нэг нь “нөгөө залуутай чинь уулзаадхъя” гээд байсан. **** тэгсэн “Юу болов” гээд очтол тэр залуу ширээн дээр байсан архины хоосон шилийг аваад нуруундаа бариад **** руу очсон. Би тэгэхээр нь тэр залуугаас архины шилийг нь булааж авсан. Тэгсэн **** утсаа аваад буудлын өрөөнөөс гараад явсан юм. Тэгсэн тэр хоёр залуу буцаад гараад явсан. Би араас нь буудлаас гараад иртэл гадаа буудлын үүдэн дээр **** амнаас цус гарчихсан салфьтикаар амаа дарчихсан зогсож байсан. Тэгэхээр нь би “Юу болоод байгаа юм бэ? хэн цохисон юм” гэж асуусан чинь тэр хоёр залуугийн **** гэдэг нь дугараагүй юм. Тэгээд би найз ****оос “хэн чамайг ингэж цохьж байгаа юм” гэж асуухад **** тэр **** гэдэг залуутай цуг явж байгаа нөгөө залууг нь зааж “Энэ надтай маргаад байсан залуу цохисон гээд заасан юм. Тэгээд тэр хоёр залуугийн найз нь гэх нэг өндөр залуу ирээд юу болоод байгааг асуугаад тэгээд манай найз ****ыг аваад эмнэлэг рүү явсан юм. Тэгээд маргааш нь **** надтай утсаар ярьж “Миний эрүүний голоор өвдөөд байна” гэж хэлж байсан. Би **** эрүү нь цуурч, хугарсан гэдгийг нь мэдээгүй гэх мэдүүлэг /хх 33/, 

Гэрч ****мөрдөн байцаалтад өгсөн: 

...Би 2017 оны 9-р сарны 3-ны өдөр 14 цагийн үед манай нөхрийн найз нь болох **** над руу залгаад “Танай нөхөр чинь хүн цохичихлоо. Эмнэлэг дээр хүрээд ирээ” гэж хэлэхээр нь би ажлаасаа гараад эмнэлэг дээр яваад очсон юм. Намайг нэгдсэн эмнэлэг дээр очиход **** зодуулсан гэсэн залуугийн хамт эмнэлгээс гарч ирсэн юм. Тэгээд би тэр залуутай уулзаад маргааш эмнэлэг дээр ирж уулзаж нүүрний зургийг нь авахуулъя гэж яриад салаад явсан. Манай нөхөрт цохиулсан гэх залуу нь архи уучихсан байсан. Тэгээд маргааш нь буюу 2017оны 9-р сарын 04-ны өглөө 08 цагийн үед би эмнэлэг дээр ирэхэд тэр цохиулсан гэх залуу болох **** ирчихсэн байсан. Тэгээд би рентгенд харуулах гэтэл рентгений эмч нь ээлжийн амралтаа аваад явчихсан 11 цагт ирж үзүүл гэж хэлсэн. Тэгээд 11 цагт ирэхээр болоод тэр залуугаас салаад гэртээ ирээд байж байтал миний араас тэр **** гэх залуу утсаар “Ярих юм байна. Гараад ир. Уулзаадхъя” гэсэн. Тэгээд би гэрээсээ гараад байгаа газар нь очиж тэр ****той уулзахад “300.000 мянга төгрөг өгчих. Тэгээд гомдол саналгүй болоод хоёр тийшээ салъя” гэж хэлсэн. Би өөрт байгаа бэлэн 150.000 төгрөгөө өгөөд 100.000 төгрөгийг араас нь данс руу чинь хийж өгье гэж тохироод тэр **** гэдэг залуу надад гомдол саналгүй гэдэг бичиг бичиж өгсөн юм. Тэгээд би 100.000 төгрөг данс руу нь хийх гээд хэсэг саатчихсан чинь тэр **** гэдэг залуу намайг янз бүрээр хэлээд байхаар нь би данс руу нь хийх ёстой мөнгийг нь явуулаагүй юм. Тэгсэн чинь тэр **** Цагдаад хандана. Цагдаагаар шийдүүлнэ гэх зэргээр янз бүрийн юм яриад мессэж бичээд байхаар нь би цагдаагаар шийдүүлээ гэж хэлсэн юм гэх мэдүүлэг /хх 34/, 

Дархан-Уул аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2017 оны 9 дүгээр сарын 12-ны *** дугаар дүгнэлт: 

“1.****ын биед доод эрүүний битүү зөрөөтэй хугарал, цус хуралт, зөөлөн эдийн няцрал, хүзүүний цус хуралт бүхий шинэ гэмтэл тогтоогдлоо. 2.Дээрх гэмтэл нь тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд хатуу, мохоо зүйлийн нэг бус удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. 3.Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын  2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаанд сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. 4.Цаашид эрүүл мэнд, ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй” гэжээ /хх 36/ зэрэг хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1-т заасан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм  буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж үзлээ. 

Шүүгдэгч нь өмнө нь ял шийтгэгдэж байгаагүй болох нь хавтаст хэргийн 44-р хуудсанд авагдсан ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудсаар тогтоогдож байна.    

Шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас хохирогчид учруулсан хохирлыг төлсөн зэргийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож түүнд хуульд зааснаар торгох ялаар шийтгэх нь зүйтэй гэж үзэв. 
 
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй ба шүүгдэгч нь бусдад төлөх төлбөр, цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны улмаас тооцон гарах зардалгүй болохыг дурдав.  

    Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2-т тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч ****г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1-т зааснаар хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

    2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч Б.****г 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450 000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

    3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-т зааснаар шүүгдэгч Б.****д оногдуулсан 450 000 төгрөгийн торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай. 

    4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-т зааснаар ****нь торгох ялыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй тохиолдолд биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай. 

    5.Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны улмаас тооцон гарах зардалгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоног, бусдад төлөх төлбөргүй болохыг дурдсугай. 

6.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
 7.Шийтгэх тогтоолд гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.****д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ хэвээр үргэлжлүүлсүгэй.  

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                    Т.БАТЖАРГАЛ