Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 08 сарын 19 өдөр

Дугаар 2021/ДШМ/26

 

Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Н.Энхмаа даргалж, шүүгч Л.Нямдорж, Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Бямбасүрэн нарын бүрэлдэхүүнтэй хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд     

                  Прокурор Д.Эрдэнэбаяр

                  Нарийн бичгийн дарга Б.Болортуяа нарыг оролцуулан

 

Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн шүүгч Г.Энх-Амгалангийн даргалж шийдвэрлэсэн шүүх хуралдааны 2021 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн 2021/ШЗ/127 дугаартай шүүгчийн захирамжийг эс зөвшөөрсөн прокурорын эсэргүүцлээр Э.Дт холбогдох эрүүгийн 2127000000048 дугаартай хэргийг 2021 оны 07 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч, шүүгч Н.Энхмаагийн  илтгэснээр хянан хэлэлцэв.                                                                                                    

 

Монгол Улсын иргэн, гавьяа шагнал, ял шийтгэлгүй, Боржигон овгийн Э.Д

 

Э.Д нь 2021 оны 05 дугаар сарын 16-ны орой 22 цагийн үед О.Э-г эрүү рүү нь өшиглөн эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогдсон /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/ бөгөөд Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын Прокурорын газрын хяналтын прокуророос түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т заасан гэмт хэрэгт эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татан ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж хэргийг харьяаллын дагуу Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхэд шилжүүлжээ.

 

Анхан шатны шүүх Боржигон овгийн Э.Д-д холбогдох эрүүгийн 2127000000048 тоот хэргийг Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын прокурорт буцааж, хэргийг прокурорт очтол яллагдагч Э.Д-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хэргийг прокурорт буцаасан шийдвэрийг прокурор, яллагдагч, түүний хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч эс зөвшөөрвөл уг шийдвэрийг хүлээн авснаас хойш ажлын 5 өдөрт багтаан эсэргүүцэл бичих, гомдол гаргах эрхтэйг дурдан шийдвэрлэжээ.

 

Прокурор Б.Эрдэнэбаяр эсэргүүцэлдээ: Шүүх яллагдагч Э.Д-г гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох эх О.Э-г үл ялих зүйлээр шалтаглан орон дээрээс татаж унагаагаад чирч, толгойн шанаа хэсэг рүү хөлөөрөө 2 удаа дэвсэж өшиглөн эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2.8 дахь заалтад заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийн шинжтэй байна гэж дүгнэсэн байна.

Шүүгчийн захирамжийг үндэслэлгүй, хуулийн шаардлагад нийцээгүй гэж дүгнэж дараах үндэслэлээр эс зөвшөөрч байна.

Яллагдагч Э.Д нь гэр бүлийн хамаарал бүхий эх О.Э-г гэрээсээ хөөсөн гэх үл ялих шалтгаанаар зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан бөгөөд урьд нь гэр бүлийн хүчирхийллийн шинжтэй үйлдэл, эс үйлдэхүйг хийж байгаагүй тухайн цаг хугацаанд тохиолдлын шинжтэй үйлдлийн улмаас анх удаа ээждээ уурлан түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан байна.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2.8-д зааснаар гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж гэсэн шинжээр хүндрүүлэн зүйлчлэхдээ байнгын шинжтэй үйлдлээр хөнгөн хохирол учруулсан нөхцөл байдлыг хамааруулж ойлгодог. Яллагдагч Э.Д бусдын эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдэлд гэр бүлийн хүчирхийллийн шинж хангалттай тогтоогдоогүй байхад хохирогч нь гэр бүлийн хамаарал бүхий хүн байсан гэдэг агуулгаар хэргийг хүндрүүлэн зүйлчлэх нь хууль зүйн үндэслэлгүй байна. Иймд шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр хэлэлцүүлэхээр эсэргүүцэл бичив гэжээ.

 

Прокурор Б.Эрдэнэбаяр шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: Яллагдагч Э.Д нь 2021 оны 05 дугаар сарын 16-ны өдөр өөрийн төрсөн ээжийг зодож биед нь хөнгөн гэмтэл учруулсан. Энэ үйлдэлд нь прокуророос яллах дүгнэлт үйлдэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар хэргийг шүүхэд шилжүүлсэн. Шүүхээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар зүйлчилсэн нь буруу, Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 3 дугаар зүйлд заасан гэр бүлийн хамаарал бүхий хүнийг зодсон гэдгээр зүйлчлэх нь зүйтэй гэж үзэн хэргийг прокурорт буцаасан. Э.Д-н хувьд өмнө нь ээжийгээ зодсон, гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн, хараасан, биед нь халдаж байсан гэдэг нь мөрдөн байцаалтын явцад тогтоогдоогүй. Зөвхөн нэг удаагийн үйлдлээр хохирогчийн биед нь халдаж хөнгөн гэмтэл учруулсан, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэмт хэргийн шинж хангалттай нотлогдоогүй.

 

Иймд 2021 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн 2021/ШЗ/127 дугаартай анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хүчингүй болгож хэргийг дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцааж өгнө үү гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3-т тус тус зааснаар давж заалдах шатны шүүх тухайн хэргийн бүх ажиллагаа, шүүгчийн захирамжийг хуульд заасан үндэслэл журмын дагуу хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг үндэслэж, прокурорын эсэргүүцэлд дурдсан үндэслэлээр хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянан шийдвэрлэлээ.

 

Анхан шатны шүүхээс яллагдагч Э.Д нь гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох эх О.Э-г үл ялих зүйлээр шалтаглан орон дээрээс татаж унагаагаад чирч, толгой шанаа хэсэг рүү 2 удаа дэвсэж өшиглөн эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2.8-д заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжтэй, хэргийн зүйлчлэлийг зөвтгүүлэх шаардлагатай гэж үзэн хэргийг прокурорт буцааж шийдвэрлэжээ.  

 

Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолвол зохих байдлыг хангалттай шалган тодруулсан байх тул анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд эрх зүйн дүгнэлт хийн нотлох баримтуудыг үнэлж хэргийг шийдвэрлэх боломжтой байна.

 

Бусдын эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан үйлдэлд гэр бүлийн хүчирхийлэлийн шинж хангалттай тогтоогдоогүй тохиолдолд тухайн хэргийн хохирогч нь гэр бүлийн хамаарал бүхий хүн байна гэх агуулгаар хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-т зааснаар хүндрүүлэн зүйлчлэх боломжгүй юм.

 

Гэр бүлийн хүчирхийлэлийн шинжтэй үйлдэл ямар тохиолдолд гэмт хэрэг болох талаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1-т заасан ба байнгын шинжтэй байхыг хуульчилсан.

 

Иймд прокурорын яллагдагч Э.Дбусдын эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдэлд гэр бүлийн хүчирхийллийн шинж хангалттай тогтоогдоогүй, хохирогч нь гэр бүлийн хамаарал бүхий хүн байсан гэдэг агуулгаар хэргийг хүндрүүлэн зүйлчлэх нь хууль зүйн үндэслэлгүй гэх эсэргүүцэл үндэслэлтэй байх тул Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн 2021 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн 2021/ШЗ/127 дугаартай шүүгчийн захирамжийг бүхэлд нь хүчингүй болгож хэргийг дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцаах нь зүйтэй байна гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн үзлээ.

 

Хэргийг анхан шатны шүүхэд очтол Э.Д-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсэн болно.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4.2, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.3-т заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

  1. Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн 2021 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн 2021/ШЗ/127 дугаартай шүүгчийн захирамжийг бүхэлд нь хүчингүй болгож Э.Д-д холбогдох эрүүгийн 2127000000048 тоот хэргийг дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

 

2. Хэргийг анхан шатны шүүхэд очтол шүүгдэгч Э.Д-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Монгол Улсын Дээд шүүхэд оролцогч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.