Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2015 оны 12 сарын 28 өдөр

Дугаар 128/ШШ2016/0012

 

2015 оны 12 сарын 28 өдөр

Дугаар 128/ШШ2016/0012

Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Одмаа даргалж хийсэн хуралдаанаар,  

Нэхэмжлэгч: Х овогтой Г Б /РД: *******8/, 

Хариуцагч: Баянгол дүүргийн Засаг дарга,

Гуравдагч этгээд: Б овогт Б*******ын Э /РД: /,

Гуравдагч этгээд: Х овогт П Я******* /РД: ,

Нэхэмжлэлийн шаардлага: ...Баянгол дүүргийн Засаг даргын 2012 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн Б/12 дугаар захирамжийн Б.Эд холбогдох хэсгийг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлтэй захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

   Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Г.Б, гуравдагч этгээд Б.Эгийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Б*******, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Б*******ын өмгөөлөгч Л.М*******р, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Э******* нар оролцов. 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Г.Б шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

...Г.Б би Дүүргийн Засаг даргын 2012 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн Б/12 дугаар захирамжийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа бөгөөд дараах шат, шатны шүүхийн шийдвэрээр захирамжийг хүчингүй болгохоор энэхүү нэхэмжлэлийг гаргаж байна.

Үүнд: Энэ хашаанд миний бие 1997 оны 07 дугаар сараас өнөөдрийг хүртэл амьдарч байгаа болно. 2005 оны 01 дүгээр сард хашаагаа эзэмшихээр Газрын албанд хандахад Б.Э гэгч миний хашааг давхардуулан өмчилж авсан тул миний бие захиргааны хэргийн шүүхэд гомдол гаргаж, анхан шатны шүүхийн 2010 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 436 дугаар шийдвэр миний талд гарахад Б.Э дахин давж заалдах шатны шүүхэд хандсан боловч давж заалдах шатны 2011 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн 07 дугаар магадлалаар дахин миний талд шийдвэрлэсэн.

Шийдвэр гарсан болохоор Баянгол дүүргийн Газрын албанд /тухайн үеийн нэрээр/ хашааныхаа газар эзэмших гэрчилгээ гаргуулж авах өргөдөл шүүхийн 2 шатны шийдвэрийн хамт 2011 оны 04 дүгээр сарын 25-ны өгсөн боловч шийдвэрлэж өгөхгүй, болоогүй олон хүнийг нэгтгэж гаргана, хурал болоогүй шалтгаанаар хойшлуулсаар 2012 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр дүүргийн Засаг даргын дугаар Б/12 дугаар захирамжаар 2 хувааж шийдвэрлэснийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа тухайгаа дүүрэг, Нийслэлийн өмч харилцааны газар, цагдаа, Дүүргийн Тамгын газарт хандсан боловч өнөөдрийг хүртэл шийдвэрлэж чадахгүй байгаа болохоор танай шүүхэд дахин хандаж байна. Миний бие өнчин 6 охины хамт амьдардаг өрх толгойлсон эцэг билээ.

Хашаагаа хуваахгүй бүтнээр нь эзэмших хүсэлтэй байна. Б.Э гэгч нь миний хашааг П.Я******* гэгчид худалдаж П.Я******* удаа дараа дарамталж хашаа чөлөөж өгөхийг шаардаж гэр оронд амар тайван байлгахгүй цагдаа болон бусад хүмүүс авчирч нүүлгэхийг завдсан болно.

Баянгол дүүргийн Засаг даргын 2012 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн Б/12 тоот захирамжийг хүчингүй болгож өгнө үү гэв.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан тайлбартаа: ...Тус захирамжаар Баянгол дүүргийн 9 дүгээр хороо, Горькийн 21-839 тоотын газрыг 2 жилийн хугацаатай гэр бүлийн хамтын хэрэгцээний зориулалтаар Г.Б болон Б.Э нарт тус бүрт нь 453 м.кв газрыг эзэмшүүлэх шийдвэр гаргасан байдаг. Захирамж гаргахдаа Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Нийслэлийн Захиргааны хэргийн шүүхийн 2010 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 436 дугаар шийдвэрийг үндэслэн Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3 дахь хэсэгт заасан "Хүсэлт гаргасан газар нь бусдын эзэмшиж, ашиглаж байгаа газартай ямар нэг хэмжээгээр давхцаагүй байна" гэсэн заалтыг баримтлан өмнө гарсан газрын давхцлын зөрчлийг арилгаж иргэнд газар эзэмших эрх олгосон болно.

Засаг даргын 2012 оны Б/12 дугаар захирамж гарсанаас хойш 3 жил өнгөрөхөд нэхэмжлэгч Г.Б нь дүүргийн Өмч, газрын харилцааны албанд Газрын тухай хуульд заасны дагуу газар эзэмших тухай хүсэлт гаргаагүй, газар эзэмших эрх нь дуусгавар болсон. Нөгөө талаас иргэн Б.Э нь энэ хугацаанд өөрийн эзэмшлийн газрыг иргэн П.Я*******д Худалдах, худалдан авах гэрээгээр шилжүүлсэн бөгөөд Нийслэлийн улсын бүртгэлийн газрын 2015 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн 000314324 тоот гэрчилгээтэйгээр Баянгол дүүргийн 21 дүгээр хороо, Горькийн 21 дүгээр гудамж, 839 тоот хаягтай газрын өмчлөгч нь болсон байна.

Нэхэмжлэгч Г.Бын хоёр шатны шүүхийн шийдвэрт түүнд газар эзэмших эрхийн ******* дугаар гэрчилгээ, 2015 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн газрын кадастрын зургийн талбайн хэмжээнд нь 453 м.кв газрыг өмчлөх эрхтэй гэдгийг баталгаажуулж өгсөн байна. Харин Баянгол дүүргийн Засаг даргын 2012 оны Б/12 дугаар захирамжинд түүний эзэмшлийн талбайд хамаарахгүй хэсэг болох үлдсэн 453 м.кв талбай буюу иргэн П.Я*******гийн эзэмшлийн талбайг баталгаажуулж шийдвэр гаргахдаа хуулийн хүрээнд шийдвэрийг гаргасан байгаа болно.

Иймд нэхэмжлэгч Г.Бын 2012 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн Б/12 дугаар захирамжийг хүчингүй болгох нэхэмжлэл нь үндэслэлгүй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож хэргийг шийдвэрлэж өгнө үү.

Гуравдагч этгээд Б.Эгийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болон түүний өмгөөлөгч Л.М*******р нар шүүхэд болон шүүх хуралдааны үед гаргасан тайлбартаа: ...Нэхэмжлэгч Баянгол дүүргийн 9 дүгээр хороо, Горькийн 21-839 тоотын газрыг гэр бүлийн хамтын хэрэгцээний 453 м.кв газрыг иргэн Б.Эд олгосон нь үндэслэлгүй байна. Баянгол дүүргийн Засаг даргын захирамжийг бүхэлд нь хүчингүй болгож өгнө үү гэсэн нэхэмжлэл гаргасан байна. Захирамжийг бүхэлд нь хүчингүй болгож өгнө үү гэсэн нь ойлгомжгүй байна.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх явцад нэхэмжлэгч урьдчилан шийдвэрлүүлэх талаар ямар нэгэн гомдол Дүүргийн Засаг даргад огт гаргаж байгаагүй нь тогтоогдож байна. Энэ нь гуравдагч этгээдийг шүүх хуралдаанд татан оруулснаар мэдэгдэж эхэлсэн.

2012 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр дүүргийн Засаг даргын Б/12 дугаар ззахирамж гараад 3 жил 11 сар өнгөрсөн байгаа, энэ захирамжид нэхэмжлэгч огт гомдол гаргаагүй байдаг.

Үүнээс үзэхэд уг Б/12 дугаар захирамжийн үйлчлэх хугацаа дууссан байна. Энэ хугацаа дууссаны дараа нэхэмжлэгч Баянгол дүүргийн Өмч, газрын харилцааны албанд 453 м.кв газрыг эзэмшиж авах талаар хүсэлт гаргасан байдаг. Энэ хүсэлтийг хянаж үзээд Өмч, газрын харилцааны албанаас 2015 оны 07 дугаар сарын 31-ний өдөр А/585 тоот захирамж гарсан.

Тэгэхээр нэхэмжлэгчийн хүчингүй болгуулах гэсэн захирамжийн үйлчлэх хугацаа дууссан. Баянгол дүүргийн Засаг даргын Б/12 дугаар захирамжийн Б.Эд холбогдох хэсэг газар өмчлөх захирамж гарснаар хүчингүй болсон. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүчингүй болгож өгнө үү. гэв.

Гуравдагч этгээд П.Я******* шүүхэд гаргасан тайлбартаа: ...Иргэн П.Я******* би Баянгол дүүргийн 21 дүгээр хороо 21-839 тоот хашааны газрыг 2015 онд хүнээс авсан ба уг газартай очиж тэнд байгаа Г.Б гэдэг хүнтэй очиж уулзаж газартаа бууя гэтэл хэл амаар доромжилж янз бүрээр удаа, дараа очиж уулзахад доромжлоод болохгүй болохоор нь аргаа ядахдаа уг газрыг анхны эзэн Б.Э гэдэг хүнд нь буцааж өгсөн болно. Иймд одоо надтай энэ газар ямар ч хамаагүй гэв.

ҮНДЭСЛЭХ НЬ:

Нэхэмжлэгч Г.Б нь тус шүүхэд Баянгол дүүргийн Засаг даргын 2012 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн Б/12 дугаар захирамжийг хүчингүй болгуулах, шүүх хуралдааны үед нэхэмжлэлийн шаардлагаа тодруулж Баянгол дүүргийн Засаг даргын 2012 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн Б/12 дугаар захирамжийн Б.Эд холбогдох хэсгийг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэл гаргасан.

Шүүх нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээд болон тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хуульд заасан журмын дагуу хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтуудад үнэлэлт өгч, дараах үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Нийслэлийн Захиргааны хэргийн шүүхийн 2010 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 436 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2011 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн 07 дугаар магадлалаар нэхэмжлэгч Г.Бын 1997 оноос хойш эзэмшиж байгаа 300 м.кв газар нь гуравдагч этгээд Б.Эд Баянгол дүүргийн Засаг даргын 2008 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн 197 дугаар захирамжаар эзэмшүүлсэн, Нийслэлийн Засаг даргын 2005 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн 139 дүгээр захирамжаар өмчлүүлсэн 700 м.кв газартай давхцаж байна гэсэн үндэслэлээр Засаг даргын шийдвэрүүдийн гуравдагч этгээдэд холбогдох хэсгийг тус тус хүчингүй болгож шийдвэрлэсэн байна.

Уг шүүхийн шийдвэрийн дагуу Баянгол дүүргийн Засаг даргын 2012 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн Б/12 дугаар захирамжаар Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, 31 дүгээр зүйлийн 31.1.3, Газрын тухай хуулийн 37, 38 зүйлд заасныг тус тус үндэслэн иргэн Г.Б, Б.Э нарт тус дүүргийн 9 дүгээр хороо, Горькийн 21-839 тоотод байрлалтай тус бүр 453 м.кв газрыг амины хашааны зориулалтаар 2 жилийн хугацаатайгаар эзэмшүүлж, газар эзэмших эрхийн гэрчилгээг олгожээ.

Захирамжийг үндэслэн нэхэмжлэгч Г.Бод 2013 оны 12 дугаар сарын 25-ны өдөр Баянгол дүүргийн 9 дүгээр хороо Горькийн 21-839 тоот амины хашааны зориулалттай нэгж талбарын ******* дугаар бүхий, 453 м.кв газрыг эзэмших эрхийн 000478844 дугаартай гэрчилгээ олгосон байх бөгөөд дээрх захирамжаар эзэмшүүлсэн 2 жилийн хугацаа 2014 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр дуусгавар болоход нэхэмжлэгч нь маргаан бүхий захирамжаар түүнд эзэмшүүлсэн 453 м.кв газрынхаа эзэмших эрхийн хугацааг сунгуулахаар хүсэлтээ дүүргийн Засаг даргад хандаж гаргасныг үндэслэн дүүргийн Засаг даргын 2015 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн А/585 дугаар захирамжаар 453 м.кв газрыг эзэмших эрхийг 2 жилийн хугацаагаар сунгажээ.

Нэхэмжлэгч Г.Б нь дүүргийн Засаг даргын 2012 оны Б/12 дугаар захирамжийн холбогдох хэсгийг хүчингүй болгуулахаар Нийслэлийн Засаг даргад хандсан байх Нийслэлийн өмчийн харилцааны газраас 2013 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн 100 дугаар албан бичиг, 2013 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 3/5491 дүгээр албан бичиг, 2015 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн 3/4594 дүгээр албан бичгээр тус тус Шүүхэд хандаж шийдвэрлүүлнэ үү гэх хариуг хүргүүлсэн байна.

Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн үндэслэлдээ ... Дүүргийн Засаг даргын 2012 оны Б/12 дугаар захирамжаар газрыг 2 хувааж шийдвэрлэснийг хүлээн зөвшөөрөхгүй... гэж маргаж байх бөгөөд нэхэмжлэгч нь анх Баянгол дүүргийн 9 дүгээр хороо, Горькийн 21-839 /шинэчлэгдсэн хаяг/ тоотод байрлалтай 300 м.кв газрыг 1997 оноос хойш албан ёсоор эзэмшиж байсан ба маргаан бүхий захиргааны актаар уг газрын хэмжээг ихэсгэн түүнд 453 м.кв газрыг эзэмшүүлсэн, уг газраа одоог хүртэл эзэмшээд зогсохгүй гуравдагч этгээдийн Баянгол дүүргийн Засаг даргын 2008 оны 197, Нийслэлийн Засаг даргын 2005 оны 139 дүгээр захирамжуудаар эзэмшүүлж, өмчлүүлсэн байсан 700 м.кв газрыг шүүхийн шийдвэрийг үндэслэн маргаан бүхий дүүргийн Засаг даргын 2012 оны Б/12 дугаар захирамжаар багасган 453 м.кв болгон эзэмшүүлсэн газрыг хашаалан хууль бусаар эзэмшиж байгаа зэрэг нь шүүхээс хийсэн маргаан бүхий газрын үзлэг, гэрчийн мэдүүлэг, нэхэмжлэгч, гуравдагч этгээдүүдийн тайлбар болон хэрэгт авагдсан бусад баримтуудаар тогтоогдож байх тул маргаан бүхий захирамжаар нэхэмжлэгчийн эрх хөндөгдсөн гэж үзэх боломжгүй байна.

Түүнчлэн Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3-т Хүсэлт гаргасан газар нь бусдын эзэмшиж, ашиглаж байгаа газартай ямар нэг хэмжээгээр давхцаагүй байна гэж заасан байх ба маргаан бүхий захирамжаар гуравдагч этгээд Б.Эд болон нэхэмжлэгч Г.Б нарт тус тус эзэмшүүлсэн 453 м.кв газрууд нь ямар нэгэн давхцалгүй болох нь Газрын харилцаа, геодези, зураг зүйн газрын 2015 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 1/1365 тоот албан бичгээр ирүүлсэн нэгж талбарын *******, ******* дугаартай газруудын кадастрын мэдээллийн сангийн зургийг агаарын зурагтай давхцуулсан зургаар нотлогдож байна.

Баянгол дүүргийн Засаг даргын 2012 оны Б/12 дугаар захирамжаар 453 м.кв газрыг гуравдагч этгээд Б.Эд эзэмшүүлсэн байхад түүний газар дээр нэхэмжлэгч Г.Б нь 2015 оны 6 дугаар сард байшин барьсан нь хуульд нийцэхгүй, нэхэмжлэлийн шаардлагыг нотлохгүй бөгөөд Нийслэлийн Захиргааны хэргийн шүүхийн 2010 оны 436 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2011 оны 07 дугаар магадлалуудаар гуравдагч этгээдэд 700 м.кв газрыг эзэмшүүлж, өмчлүүлсэн Баянгол дүүргийн Засаг даргын 2008 оны 197, Нийслэлийн Засаг даргын 2005 оны 139 дүгээр захирамжуудын холбогдох хэсгийг хүчингүй болгож шийдвэрлэсэн байх боловч түүний уг газрыг өмчлөх эрхийн улсын бүртгэл хүчин төгөлдөр хэвээр байсныг гуравдагч этгээд Б.Э болон П.Я******* нар нь маргаан бүхий захиргааны акт болон шүүхийн шийдвэрүүдэд нийцүүлэн 453 м.кв хэмжээтэйгээр өмчлөх эрхийн бүртгэл хийлгэж, гэрчилгээ авсныг буруутгах хууль зүйн үндэслэлгүй гэж шүүх үзлээ.

Маргаан бүхий дүүргийн Засаг даргын 2012 оны Б/12 дугаар захирамжаар гуравдагч этгээдэд эзэмшүүлсэн 453 м.кв газраа Б.Э нь 2015 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр иргэн Б.Болдод, иргэн Б.Болд нь 2015 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр гуравдагч этгээд П.Я*******д тус тус Худалдах худалдан авах гэрээгээр шилжүүлсэн бөгөөд одоо Баянгол дүүргийн 9 дүгээр хороо /сүүлд 21 дүгээр хороо болж өөрчлөгдсөн/, Горькийн 21-839 тоотод байрлах 453 м.кв газрыг гуравдагч этгээд Пүрэвдорж овогтой Я*******гийн нэр дээр өмчлөх эрхийн Г-2205003985 дугаарт улсын бүртгэлд бүртгэгдсэн нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдож байна.

Гэвч нэхэмжлэгч нь энэ талаар болон гуравдагч этгээд Б.Эгийн өмчлөх эрхтэй холбоотой нэхэмжлэлийн шаардлага гаргаагүй тул шүүхээс энэ талаар дүгнэлт хийгээгүй болохыг дурдах нь зүйтэй.

Баянгол дүүргийн Засаг даргын 2012 оны Б/12 дугаар захирамжийг гарснаас хойш нэхэмжлэгчээс газрын хэмжээ, давхцалын талаар Нийслэлийн Засаг даргад 2013 оны 05, 10 дугаар саруудад өргөдөл, гомдол гаргаж байсан хэдий ч тухайн үед нь шүүхэд хандаагүй харин ч Баянгол дүүргийн Засаг даргын 2012 оны Б/12 дугаар захирамжаар өөрт олгогдсон 453 м.кв газрынхаа хугацааг сунгуулахаар төрийн захиргааны байгууллагад хүсэлт гаргаж, газар эзэмших эрхийн хугацаагаа сунгуулсан хирнээ гуравдагч этгээд Б.Эгийн холбогдох хууль тогтоомжийн дагуу эзэмшиж, өмчилсөн 453 м.кв газрын эзэмших эрхийг хүчингүй болгуулахаар одоо маргаж байгаа нь үндэслэлгүй, мөн нэхэмжлэгч нь гуравдагч этгээдийн газрыг хууль бусаар 1997 оноос хойш одоог хүртэл хашаалан түүн дээр үл хөдлөх х барьсныг Иргэний хуульд зааснаар уг газрыг шударгаар эзэмшсэн гэж үзэх үндэслэлгүй байна.

Иймд дээрх нөхцөл байдлуудыг нэгтгэн дүгнээд маргаан бүхий Баянгол дүүргийн Засаг даргын 2012 оны Б/12 дугаар захирамжийн Б.Эд холбогдох хэсэг нь нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.1, 70.2.9 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Газрын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.3, 27 дугаар зүйлийн 27.1, 29 дүгээр зүйлийн 29.1, 31 дүгээр зүйлийн 31.3, 33 дугаар зүйлийн 33.1.1 дэх хэсэгт тус тус заасныг баримтлан нэхэмжлэгч Г.Бын Баянгол дүүргийн Засаг даргын 2012 оны Б/12 тоот захирамжийн Б.Эд холбогдох хэсгийг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 81 дүгээр зүйлийн 81.1-т заасны дагуу шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ц.ОДМАА