Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 06 сарын 06 өдөр

Дугаар 128/ШШ2016/0431

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны  шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Мөнхзул даргалж тус шүүхийн хуралдааны А танхимд хийсэн хуралдаанаар “С*******” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Нийслэлийн Засаг дарга, Нийслэлийн Эрүүл мэндийн газрын даргад холбогдох захиргааны хэргийг хэлэлцэв.  

Нэхэмжлэгч: “С*******” ХХК-ийн захирал С.Х******* 

Хариуцагч: Нийслэлийн Засаг дарга, Нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга

Нэхэмжлэлийн шаардлага: 

1. “Нийслэлийн  Засаг дарга   Э.Б*******ийн   “С*******”   ХХК-ийн   Эмнэлэг,  сувиллын үйл ажиллагаа   эрхлэх   ЭХ-*******,   ЭХ-1*******   дугаарын   тусгай   зөвшөөрлүүдийг түдгэлзүүлсэн 2015 оны 07-р сарын өдрийн А/643 тоот захирамж гарсан өдөр нь тодорхойгүй, дээрхи тусгай зөвшөөрлүүдийг хүчингүй болгосон 2015 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн А/866 тоот захирамжуудын манайхтай холбоотой заалтуудыг хүчингүй болгох

2. “С*******”   ХХК-ийн   эмнэлэг   сувиллын   үйл    ажиллагаа   эрхлэх   ЭХ-*******   ЭХ-10/22/3353 дугаар тусгай зөвшөөрлүүдийг 2015 оны 07 дугаар сарын 03-ны өдрөөс эхлэн түдгэлзүүлсэнийг мэдэгдэн,  үйл  ажиллагаагаа  зогсоохыг шаардсан  Нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга Ш.Э*******ын 2015 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн 2/860 дугаартай албан бичгийг Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 70-р зүйлийн 70.2.3   дахь заалтыг  үндэслэн   илт  хүчин   төгөлдөр   бус   болохыг  хүлээн зөвшөөрөх

3. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32-р зүйлийн 32.5 дахь заалтыг үндэслэн “С*******” ХХК-д учирсан 40.000000 /дөчин сая/ төгрөгийн хохирлыг буруутай этгээдээр төлүүлэхээр тус тус нэхэмжилж байна”

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч “С*******” ХХК-ийн захирал С.Х*******, өмгөөлөгч Ц.А*******, хариуцагч Нийслэлийн Засаг дарга, Нийслэлийн Эрүүл мэндийн газрын даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Б*******, Э.Н*******, өмгөөлөгч Г.М, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Батцэцэг нар оролцов. 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч “С*******” ХХК-ийн захирал С.Х******* шүүхэд ирүүлсэн нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 

 “... Манай “С*******” ХХК-ийн үүдэн эмнэлгийн үйл ажиллагаа эрхлэх ЭХ-******* дугаарын, 20 ортой сувиллын үйл ажиллагаа эрхлэх ЭХ-1******* дугаарын тусгай зөвшөөрлүүдийг Монгол Улсын хууль тогтоомжийг зөрчин 2015 оны 07 дугаар сарын 03-ны өдөр Нийслэлийн Эрүүл мэндийн газраас түдгэлзүүлэн, улмаар 2015 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр Нийслэлийн Засаг даргын захирамжаар хүчингүй болгосон. 

...Тусгай зөвшөөрлүүдийг түдгэлзүүлсэн шийдвэрээ залруулж өгөхийг Нийслэлийн Засаг даргаас зохих журмын дагуу хүссэн боловч шийдвэрээ хууль тогтоомжид нийцсэн гэсэн хариуг өөрийн орлогч Ц.Энхцэнгэлийн 2015 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 02-04/4058 тоот албан бичгээр ирүүлсэн бөгөөд дээрхи шийдвэрүүд нь Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.2, 5 дугаар зүйлийн 5.3, 5.4, 5.6, 5.7, 5.9, 5.10-т заасныг, Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.4, 13 дугаар зүйлийн 13.1, 14 дугаар зүйл, 16 дугаар зүйлийн 16.2, 16.2.2-т заасан заалтуудыг ноцтой зөрчсөн ...

“С*******” ХХК-ийн сувиллын газарт, нугасны мэдрэлийн ёзоорын эмгэгшил, доод мөчдийн саажилт оноштойгоор сувилуулж байсан 61 настай, эмэгтэй, Д нь 2015 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр зүрх судасны хурц дутагдлын улмаас нас барсан асуудлаар 2015 оны 04-р сарын 30-ны өдрөөс эхлэн сайтуудаар баталгаагүй эх үүсвэрийн мэдээллийг тарааснаар Нийслэлийн Эрүүл мэндийн газраас төлөвлөгөөт бус шалгалт хийж, Баянгол дүүргийн Цагдаагийн 1 дүгээр хэлтсээс надад эрүүгийн хэрэг үүсгэн шалгасан. Эдгээр шалгалтуудыг би хуульд нийцсэн зүй ёсны үйл ажиллагаа гэж хүлээж авсан.

... Нийслэлийн Эрүүл мэндийн газраас томилогдсон ажлын хэсгийн сувиллын газарт хийсэн шалгалт хамрах асуудлын хүрээндээ, өөрөөр хэлбэл зөвхөн сувиллын газарт явагдсан боловч хууль тоггоомжийг ноцтой зөрчсөн нь доорхи тайлбаруудаар тодорхой болно.

1. Шалгалтын ажлын хэсгийнхэн, иргэн Д нас барсан асуудлаар “С*******” ХХК-ийн сувиллын үйл ажиллагаанд шалгалт хийж буй зорилгоо хэлсэн боловч, А/33 тоот тушаалаар батлагдсан гэх удирдамж, хяналтын хуудас болон шалгалтын тэмдэглэлээ танилцуулж, гарын үсэг зуруулаагүй, эдгээр бичиг баримтуудыг танилцуулах, нэг хувийг нь өгөхийг удаа дараа шаардаж, эцэстээ 2015 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр 04 тоот албан бичгээр хүсэлт гаргасан боловч одоо хүртэл өгөхгүй байгаа нь Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.2-т заасан, ... хяналт шалгалтыг хэрэгжүүлэх эрх бүхий байгууллагын үйл ажиллагаа нээлттэй, ил тод байх зарчмыг, 5 дугаар зүйлийн 5.6-д заасан хяналт шалгалт эхлэхээс өмнө эрх бүхий албан тушаалтан шалгуулах этгээдэд шалгалтын зорилго, бүрэлдэхүүнийг танилцуулж удирдамж, хяналтын хуудасны нэг хувийг өгөх, мөн зүйлийн 5.9-д заасан, ...шалгалтын тэмдэглэлийг хоёр хувь үйлдэх бөгөөд нэг хувийг шалгуулагч этгээдэд өгөх, 5.10-т заасан, шалгуулагч этгээд шалгалтын тэмдэглэлтэй танилцаж гарын үсэг зурж батлагаажуулах бөгөөд гарын үсэг зурахаас татгалзсан бол энэ тухай шалгалтын тэмдэглэлд тусгана гэсэн заалтуудыг тус тус зөрчсөн.

2. Ажлын хэсгийнхэн шалгалтын удирдамж, хяналтын хуудас, тэмдэглэлээ шалгуулагчид танилцуулаагүй, Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас дүгнэлт гараагүй байхад, шалгуулагчийг байлцуулалгүйгээр Нийслэлийн Эрүүл мэндийн газрын дэргэдэх Эрүүл мэндийн чиглэлээр мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл олгох Нийслэлийн комиссын 2015 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн хурлаас “С*******” ХХК-ийн эмнэлэг, сувиллын үйл ажиллагааг түдгэлзүүлэх дүгнэлт гаргасан, Нийслэлийн Засаг даргын А/643 тоот захирамж гараагүй байхад Нийслэлийн Эрүүл мэндийн газрын даргын 2015 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн 2/830 тоот албан бичгээр үйл ажиллагаагаа зогсоохыг шаардсан зэрэг нь Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1-д “Мэргэжлийн хяналтын байгууллагын дүгнэлтийг үндэслэн, тусгай зөвшөөрлийг олгосон байгууллага түдгэлзүүлж болно” гэсэн мөн хуулийн 16 дугаар зүйлийн 16.2, 16.2.2-т заасан, эрүүл мэндийн байгууллага мэргэжлийн үйл ажиллагаа явуулах тусгай зөвшөөрлийг Нийслэлийн Засаг дарга олгох гэсэн заалтууд болон мөн хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.4-д заасан, Тусгай зөвшөөрөл олгох байгууллага буюу Нийслэлийн Засаг даргын тусгай зөвшөөрлийг түдгэлзүүлэх хууль ёсны эрхэнд халдаж эрх мэдлээ хэтрүүлсэн.

3. Нийслэлийн Эрүүл мэндийн газрын ажлын хэсэг шалгалтыг эхлэхдээ, сувилуулагч Д-ийн нас барсан асуудалтай холбоотойгоор сувиллын газарт шалгалт хийж байгаагаа мэдэгдэн зөвхөн сувиллын ажиллагааг шалгасан атлаа өөр газарт байршилтай, өөр эмч нар ажилладаг Эмнэлгийн үйл ажиллагааг 4 сар гаруй хугацаагаар түдгэлзүүлсэн, одоо тусгай зөвшөөрлийг хүчингүй болгоод байгаа нь Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.7-д “Хяналт шалгалтыг зөвхөн удирдамж, хяналтын хуудсанд заасан асуудлын хүрээнд хийнэ” гэсэн, Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1-д “...3 сар хүртэл хугацаагаар түдгэлзүүлж болно” гэсэн заалтуудыг тус тус зөрчсөн.

4. ... Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын 07 дугаар сарын 17-ны өдрийн санал ирэхээс өмнө, 07 дугаар сарын 03-ны өдрийн комисс урьдчилсан дүгнэлт гарган, Нийслэлийн Засаг даргын А/643 дугаар захирамжаар "түдгэлзүүлэх"-ээр шийдвэрлэж, энэ тухай 07-р сарын 09-ний өдрийн 2/860 тоот албан бичгээр мэдэгдсэн гэж байгаа нь цаг хугацааны хувьд Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын 02-06/2262 дугаар санал ирэхээс өмнө хууль зөрчсөн шийдвэрээ нэгэнт гаргасан байсныг нотолж байгаа ба 2/860 тоот албан бичигт Нийслэлийн Засаг даргын А/643 дугаар захирамжийн тухай огт дурьдаагүй, энэ захирамж болон Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын 02-06/2262 тоот саналтай би одоо хүртэл танилцаагүй, ирүүлэхгүй байгаагаас үзэхэд ийм бичиг баримтууд дурьдсан цаг хугацаандаа гарсан гэхэд эргэлзэж байна.

Иймд манай эмнэлэг сувиллын үйл ажиллагааг зогсоосон Нийслэлийн Эрүүл мэндийн газрын даргын 2015 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн 1/860 дүгаар албан бичгийг илт хүчин тегөлдөр бус гэж үзэж байна.

Нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга Ш.Э*******ын дээрхи илт хууль бус үйл ажиллагаа нь Нийслэлийн Засаг даргын А/463, А/866 дугаар захирамжуудын хуулийн үндэслэлгүй болох гол үндэс нь юм.

5. ... Эмнэлэг, сувиллын үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлүүдийг түдгэлзүүлэх эрх бүхий албан тушаалтны шийдвэр гараагүй байхад хураан авсан, түдгэлзүүлсэн атлаа, гүйцэтгэлийн шалгалт хийлгүйгээр 4 сарын дараа 2015 оны 11 дүгээр сарын 6-ны өдрийн А/866 тоот захирамжаар тусгай зөвшөөрлүүдийг хүчингүй болгосон нь Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.4-т заасан, Хяналт шалгалтыг холбогдох асуудлын талаар урьдчилсан дүгнэлт гаргаж, түүнийгээ батлах замаар хийхийг хориглоно гэсэн, мөн хуулийн 5 дугаар зүйлийн 5.3.1-т “гүйцэтгэлийн шалгалтыг өмнөх шалгалтын явцад илэрсэн зөрчлийг арилгуулах талаар хяналт шалгалтын байгууллагаас өгсөн албан шаардлагын биелэлтийг хянах зорилгоор явуулна” гэсэн заалтуудыг зөрчин урьдчилан гаргасан дүгнэлтээ баталгаажуулах зорилготой хийсэн санаатай үйлдэл гэдэг нь илт байна.

Би Нийслэлийн Эрүүл мэндийн газрын ажлын хэсгийн төлөвлөгөөт бус шалгалтыг, шалгалтаар илэрсэн гэх 2015 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 1/1200 дугаар албан бичигт дурьдсан манай зөрчил дутагдлыг бүгдийг нь үгүйсгэхгүй.

Хэдийгээр ажлын хэсгийн шалгалтын дүгнэлт тодорхойгүй байсан ч бид манайд Нийслэлийн Мэргэжлийн хяналтын байгууллагаас 2015 оны 7 дугаар сарын эхээр хийсэн шалгалтаар гарсан дүгнэлтэд дурьдсан зөрчил дутагдлуудыг засах төлөвлөгөө гарган ажилласан байлаа. Харамсалтай нь Нийслэлийн Эрүүл мэндийн газрын эрх мэдэлтнүүд ядаж энэ бүхнийг хайхарч үзэхийг хүсээгүй.

Мөн 1/1200 дугаар албан бичигт, танайх түдгэлзүүлсэн шийдвэрийг үл хэрэгсэн үйл ажиллагаагаа   явуулж   байсан   гэж   дурьдсантай   санал   нийлэхгүй.   Манайх   Нийслэлийн Эрүүл мэндийн газраас шаардсаны дагуу 2015 оны 07 дугаар сарын 16-ны өдрөөс эхлэн эмнэлэг, сувиллын үйл ажиллагаагаа бүрэн зогсоосон. Нийслэлийн Эрүүл мэндийн газрын 2015 оны 07 дугаар сарын 03-ны 1/860 дугаар албан бичигт дурьдсан ЭМЧМҮАЭТЗОН комисс нь тусгай зөвшөөрлийг түдгэлзүүлэх эрх бүхий субьект биш байсан, шалгалт зөвхөн сувилалд хийгдсэн боловч эмнэлгийн үйл ажиллагааг хамтад нь түдгэлзүүлсэн нь хууль бус, мөн Нийслэлийн Эрүүл мэндийн газрын холбогдох хүмүүс энэ талаар хариу өгөхгүй зайлсхийгээд байсан тул компанийн эдийн засгийн алдагдал, зарим байнгын үйлчлүүлэгчийнхээ санал хүсэлтээр аргагүйн эрхэнд эмнэлгийн үйл ажиллагаагаа 8 дугаар сарын 22-нд, сувиллын үйл ажиллагаагаа түдгэлзүүлснээс нь хойш 3 сарын дараа буюу 10 дугаар сарын 17-нд тус тус нээсэн. 

Дээр дурьдсан Нийслэлийн Эрүүл мэндийн газрын 2015 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 1/1200 дугаар албан бичиг манайд иртэл би Нийслэлийн Засаг даргын А/463, А/866 тоот захирамжууд гарсан байсныг мэдэхгүй байсан тул тухайн цаг үед нь Нийслэлийн Засаг даргад байдлыг зөв ойлгуулах, шүүхэд эрт хандах боломжийг алдагдуулсан бөгөөд би гагцхүү Нийслэлийн Эрүүл мэндийг газрыг эерэг, хуульд нийцсэн шийдвэр гаргана, шалгалтынхаа мөрөөр бидний алдаа оноог засаж залруулахад тусална гэсэн итгэлээр хүлээцтэй хандсан.

Манай Эмнэлэг, Сувиллын үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлүүдийг хүчингүй болгосон А/866 тоот захирамж, үндэслэл болгосон баримтуудыг ирүүлэхийг Ш.Э******* даргаас 2015 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 05 тоот албан бичгээр шаардахад, 2015 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 1/1224 тоот албан бичгээр хариу ирүүлэхдээ, 1/1200 тоот албан бичгээр урьд нь танайд хүргүүлсэн гээд татгалзсан. Уг 1/1200 тоот албан бичигт захирамжийг хавсаргав гэж дурьдсан атлаа хавсарган ирүүлээгүй тул дахин шаардсан юм.

Ингэж илтэд эрх мэдлээ хэтрүүлсэн үйл ажиллагаа явуулж, манайхтай холбоотой баримт бичгийг өгөхгүй нууцалж ирсэн нь Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 4-р зүйлийн 4.1.2-т “хяналт шалгалт нь хараат бус, шударга, хяналт шалгалтыг хэрэгжүүлэх эрх бүхий байгууллагын үйл ажиллагаа, нээлттэй ил тод байх гэсэн, мөн зүйлийн 4.1.4-т “шалгуулагч этгээдэд адил тэгш хандаж, түүний хууль ёсны эрх, ашиг сонирхол, нэр төрийг хүндэтгэн харьцах гэсэн зарчмуудыг илтэд зөрчсөн бөгөөд хамгийн гол нь мөн хуулийн 5 дугаар зүйлийн 5.4-д заасныг зөрчин хяналт шалгалтыг холбогдох асуудлын талаар урьдчилсан дүгнэлт гаргаж, түүнийгээ батлах замаар хийснээс үүдэлтэй гэж үзэж байна. Иймд: 

1. Нийслэлийн   Засаг дарга   Э.Б*******ийн   “С*******”   ХХК-ийн   Эмнэлэг,  сувиллын үйл ажиллагаа   эрхлэх   ЭХ-*******,   ЭХ-1*******   дугаарын   тусгай   зевшөөрлүүдийг түдгэлзүүлсэн 2015 оны 07 дугаар сарын А/643 тоот захирамж гарсан өдөр нь тодорхойгүй, дээрхи тусгай зөвшөөрлүүдийг хүчингүй болгосон 2015 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн А/866 тоот захирамжуудын манайхтай холбоотой заалтуудыг хүчингүй болгох

2. “С*******”   ХХК-ийн   эмнэлэг   сувиллын   үйл    ажиллагаа   эрхлэх   ЭХ-*******   ЭХ-10/22/3353      дугаар      тусгай      зөвшөөрлүүдийг  2015 оны 07 дугаар сарын 03-ны өдрөөс эхлэн түдгэлзүүлсэнийг мэдэгдэн,  үйл  ажиллагаагаа  зогсоохыг шаардсан Нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга Ш.Э*******ын 2015 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн 2/860 дугаартай албан бичгийг Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 70-р зүйлийн   70.2.3   дахь   заалтыг  үндэслэн   илт  хүчин   төгөлдөр   бус   болохыг  хүлээн зөвшөөрөх

3. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32-р зүйлийн 32.5 дахь заалтыг үндэслэн “С*******” ХХК-д учирсан 40.000.000 /дөчин сая/ төгрөгийн хохирлыг буруутай этгээдээр төлүүлэхээр тус тус нэхэмжилж байна” гэв. 

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ц.А******* шүүхэд гаргасан дүгнэлтдээ:

“...Комисст өөрт нь эрх хэмжээ байдаг гэдэг асуудлаар маргахгүй. Гэхдээ  комисс үйл ажиллагаагаа явуулахдаа Төрийн хууль, тогтоомжид заасны дагуу ажиллах ёстой. Гэтэл энэ тусгай зөвшөөрлийг түдгэлзүүлэх тухай шийдвэр гаргасан комиссын хуралдаан үнэхээр хууль бус дүгнэлт хийсэн байгаа. Өөрөөр хэлбэл Мэргэжлийн хяналтын байгууллагын дүгнэлтгүйгээр шууд түдгэлзүүлэх тухай шийдвэр гаргасан. Энэ шийдвэр нь угаасаа тусгай зөвшөөрлийн тухай хуулиа зөрчөөд, бид эрх хэмжээндээ шийдсэн гэж яриад байгаа. Гэтэл тусгай зөвшөөрлийн хуулиар Мэргэжлийн хяналтын байгууллагын дүгнэлтийг үндэслээд тусгай зөвшөөрлийг түдгэлзүүлэх, хүчингүй болгох тухай асуудлыг л хэлэлцэх ёстой, ийм л эрхтэй байгаа. Гэтэл 2015 оны 07 дугаар сарын 03-ны өдөр энэ комисс өөрөө асуудлыг үндэслэлгүйгээр шийдвэр гаргасан, хуулиа зөрчөөд ямар нэгэн мэргэжлийн байгууллагын дүгнэлтгүйгээр өөрсдийн санаачилгаар шийдээд Нийслэлийн Засаг даргад хүргүүлсэн. Засаг даргын тусгай зөвшөөрлийг түдгэлзүүлж байгаа захирамж  үндэслэл муутай шийдвэр болсон. 07 дугаар сарын 03-ны өдөр шийдээд 07 дугаар сарын 17-ны өдөр Мэргэжлийн хяналтын байгууллагаар шалгалт хийлгээд нөхөж дүгнэлт гаргана гэж ойлголт байхгүй. Тэгэхдээ энэ шалгалтын дүгнэлт нь түдгэлзүүлэх хэрэгтэй гэж гаргаагүй байгаа, зүгээр ийм, ийм зөрчлүүд байна гэсэн дүгнэлт хийсэн. Тэгтэл энэ хурлын шийдвэрийг үндэслээд Засаг дарга захирамжаа гаргаж байна гэдэг нь аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай асуудал, хуулийн зохицуулалтад үнэхээр хайнга хандсан зүйл харагдаад байна. 

Тусгай зөвшөөрлийг түдгэлзүүлсэн буюу “С*******” ХХК-д хүргүүлж байгаа Б.Ганбат орлогч дарга Эрүүл мэндийн газрын 2/830 гэдэг албан бичиг үндэслэлгүй болох нь хэрэгт авагдсан материалаас харагдаж байгаа. Нэгэнт түдгэлзүүлсэн асуудал үндэслэлгүй учраас хүчингүй болгож байгаа асуудал үндэслэл муутай болж байгаа. Хэдийгээр хууль тогтоол захирамжаар эрх нь байгаа ч гэсэн эрхээ хэрэгжүүлж байгаа нөхцөл байдал нь үнэхээр хууль зөрчөөд байна. 

Шалгалтын гол зорилго нь хүний амь нас сүйдсэнтэй холбоотой гэж тайлбарлаж байгаа юм. Гэтэл энэ маргаан эцэслэн шийдэж дуусаагүй байхад бусдыг буруутгаад, таамаглалыг үндэслээд энэ хүний амь нас эрсэдсэн явдалд “С*******” ХХК буруутай мэтээр тайлбарлаад шийдвэрлээд явсан. Тэр шийдвэр саяхан гарсан. Хүний амь нас хохирсон явдалд “С*******” эмнэлэг, эмнэлгийн эмч нарын буруутай үйл ажиллагаа байхгүй байна гэсэн шийдвэр гарсан. Үнэхээр ажлыг сайжруулъя, гарсан алдаа дутагдлыг засъя гэсэн бол энэ шийдвэрийг хүлээж асуудалд ул суурьтай хандах боломжтой байсан. Гэтэл ерөөсөө хүний амь нас хохирсон асуудлыг шууд л С.Х******* эмч буюу “С*******” эмнэлгийн үйл ажиллагаатай холбогдуулж буруутай гээд зарлаад явсан. 

Зарим нэг зөрчил дутагдал илэрсэн байсан үүнийг хуульд зааснаар өөрсдөө ч арга хэмжээ авах, тусгай зөвшөөрөл цуцлахаас өөр байдлаар ч хариуцлага тооцох боломжтой байсан. Гэтэл шууд тусгай зөвшөөрлийг хүчингүй болгох, түдгэлзүүлэх байр сууринаас хандаад явсан. Комиссын хурал нь энэ асуудлаар захиалгатай юм шиг хийгдээд явсан. Тэгээд Засаг даргад дандаа үндэслэлгүй материалууд дээр үндэслэсэн дүгнэлт хийгээд явуулдаг, өөрсдөө хууль зөрчөөд санал хүргүүлээд байдаг. Энэ байдлыг гомдол гаргаад засах боломжтой байсан гэж тайлбарлаад байна. Үнэхээр хууль тогтоомжид заасан хугацаануудад мэдэгдээгүй. 

Төлөвлөгөөт бус шалгалт гэж тодорхой зорилготой шалгалт орсон байна. Хүний амь нас эрсэдсэнтэй холбоотой эмч, эмнэлгийн байгууллага үүнд буруутай байна уу? гэдгийг шалгахаар орсон юм шиг байгаа юм. Гэтэл энэ шалгалт цар хүрээнээсээ халиад шалтаг, шалтгаан хайгаад явсан байдаг. С.Х******* эмчийн зөвшөөрлийн хувьд эмчлэгч эмч нь н.Даваахүү байсан. Гэтэл С.Х******* нь тусгай зөвшөөрөл эзэмшигч хуулийн этгээдийн захирал. Магадгүй эмчийн хувьд зөвшөөрөл шаардлагатай байх. Эмчийн тангараг өргөөд эмчилгээ хийгддэг. Тэгвэл тухайн үед эмчилгээ хийгээгүй байвал яах вэ? Онош тогтоогоогүй бол яах вэ? тангаргаа зөрчсөн тусламж үзүүлээгүй гээд яллах уу? Ийм зөрчил гарч ирж байгаа юм. Эмнэлгийн байгууллага тухайн стандарт нөхцөлөөрөө эмч, сувилагч, бусад ажилчид ажилладаг байх. Заавал 5 эмчтэй байна гэдгийн 4-н эмчтэй байгаад 1 эмчийг гэрээгээр авч ажиллуулж болно. Өнөөдөр 10 ортой сувиллын тухай ярьж байна. 50 ортой сувиллыг 10 ортой сувилалтай адил байлгах гээд байна. Стандарт нөхцөлийн хувьд шаардлагатай эмч, сувилагч тэр бүгдийг гэрээгээр зохицуулдаг гээд тайлбарлахаар та нар цалинжуулдаг байх ёстой гэсэн муйхар байдлаар хандаад байж болохгүй. Ямар ч байсан үзлэг, үйлчилгээ нь хүрсэн болоод л тэр хүмүүс сонголтоо хийгээд ирж үйлчлүүлж байгаа. 

Өнөөдөр тусгай зөвшөөрөл түдгэлзүүлэх, олгох, хүчингүй болгох эрх нь Эрүүл мэндийн комисст байдаггүй. Энэ эрх нь зөвхөн Нийслэлийн Засаг даргад байдаг эрх. Өөрөөр хэлбэл Засаг даргын захирамж гараагүй байхад комиссын шийдвэрийг үндэслээд танай тусгай зөвшөөрлийн эрхийг түдгэлзүүлсэн тухай асуудал яриад байна. Гэтэл 07 дугаар сарын 31-ний өдөр захирамж нь гарсан. Тусгай зөвшөөрөл олгосон хүн нь Засаг дарга байгаа. Гагцхүү хуульд заасан эрх хэмжээний хүрээнд тусгай зөвшөөрлөө цуцална. Тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1-т “Тусгай зөвшөөрлийн хугацаа, нөхцөл, шаардлагыг зөрчсөн тохиолдолд мэргэжлийн хяналтын байгууллагын дүгнэлтийг үндэслэн тусгай зөвшөөрлийг олгосон байгууллага түүнийг 3 сар хүртэл хугацаагаар түдгэлзүүлэх эрхтэй” гэж заасан. Сүүлд нь нөхөөд хийчихдэг бол заавал үүнийг хуульд тодорхой заагаад байх шаардлага байхгүй. Гэтэл 07 дугаар сарын 03-ны албан тоотыг болон 06 дугаар сарын 18-ны албан тоотыг харах хэрэгтэй. Тусгай зөвшөөрлийг бид цуцалсан гээд яриад байдаг. Гэтэл Засаг даргын захирамж 07 дугаар сарын 31-ний өдөр гарсан байна. Ингэж эрх хэмжээгээ урвуулж, хэрэгжүүлж болохгүй. Төрийн байгууллага өөрөө хууль бус үйл ажиллагаа явуулчихаад иргэн хүнээс стандарт, дүрэм журам мөрдөхийг шаардах эрх байна уу?

07 дугаар сарын 03-ны өдөр түдгэлзүүлсэн тухай асуудал яриад 07 дугаар сарын 17-ны өдөр шалгаад түдгэлзүүлсэн байхад дахин дахин үйл ажиллагаа явуулж байна гээд зөрчил гаргаж ирээд яриад байдаг. Тусгай зөвшөөрлийн тухай хуулийг хараарай. Зөвхөн эрх бүхий байгууллага, тодорхой этгээд л цуцлах, түдгэлзүүлэх шийдвэр гаргана. Тэр шийдвэр нь гараагүй байхад түдгэлзүүлсэн, цуцалсан гэсэн ойлголт байхгүй. Нийслэлийн Засаг даргын захирамж гарч байж албан ёсоор түдгэлзэх ёстой. Эрүүл мэндийн газар хууль зөрчсөн бол яагаад үүний дагуу арга хэмжээ авч болдоггүй юм. Яагаад тэр торгууль шийтгэлийг нь оногдуулж болдоггүй юм. Ийм, ийм эрх хэмжээг хэрэгжүүл гээд хуульчлаад заагаад байхад яагаад хяналтын байгууллагууд нь хэрэгжүүлдэггүй юм. Энэ “С*******” эмнэлгийн асуудалд заавал үйл ажиллагааг нь зогсоогоод, тусгай зөвшөөрлийг хүчингүй болгоод байх шаардлага байна уу?, үгүй юу? Өөрөөр шийдвэрлэж болох л байсан.

Стандарт нөхцөлийн хувьд хүний нөөц нь заавал орон тооны байх ёсгүй. Орон тооны үүргийг гэрээгээр орлуулдаг гээд тайлбарлаад байхад заавал 4 эмч байна гээд зүтгээд байдаг. 2 эмч нь орон тоогоороо ажиллаад 2 эмч нь гэрээний дагуу үүргээ гүйцэтгээд явж яагаад болохгүй юм. Ингэж стандартын дагуу хэрэгжүүлж байхад яагаад стандартыг зөрчсөн болдог юм. Мөрдүүлэх гээд байгаа стандарт чинь ийм туслалцааг тухайн сувилалд үзүүлэхэд оршиж байгаа. Ийм нөхцөл байдалд гэрээгээр хэрэгжүүлж байхад яагаад үндэслэлгүйгээр буруутгаад байдаг юм. Ийм байдал эдгээр хэрэгт авагдсан нотлох баримтуудаас ч гэсэн тодорхой харагдаж байна. 

Эрх олгосон комиссын хурлын шийдвэр, хэлэлцэж байгаа асуудлууд үнэхээр өрөвдөлтэй, нэг талыг барьсан байна. Тусгай зөвшөөрөл түдгэлзүүлэх дүгнэлт гэдэг чинь ийм, ийм шалтгааны улмаас олгосон тусгай зөвшөөрлөө түдгэлзүүлэх нь зүйтэй байна. Ийм саналыг Мэргэжлийн хяналтын байгууллагад оруулж байж үүнийг хэлэлцээд уг саналаар эрх бүхий албан тушаалтанд буюу Засаг дарга шийдэх ёстой. Тэгтэл Эрүүл мэндийн газар л зохицуулаад байгаа. Тэр комисс шийдсэн асуудал биш. Энэ ерөөсөө л Эрүүл мэндийн газрын шийдэж байгаа асуудал байгаа. Жинхэнэ түдгэлзүүлсэн шийдвэр нь 07 дугаар сарын 31-ны өдөр гарсан. 07 дугаар сарын 03-ны өдөр дүгнэлт гаргахдаа ганц Мэргэжлийн хяналтын газрын дүгнэлтийг үндэслээд шийдсэн байдаг. Гэтэл тэр үндэслээд гаргасан дүгнэлт  нь тухайн үед гараагүй 17-ны өдөр гарсан байдаг. Үүнийг бид хууль ёсны шийдвэр гарчихлаа гэж үзэх үү, дүгнэлт хийчихлээ, хуулийг хэрэгжүүлчихлээ гэж үзэх үү. Энэ бүгдийг шүүх шийдвэр гаргахдаа анхаарч үзээсэй гэж хүсч байна. 

Энэ бол магадгүй далд захиалга байж болно. Үнэхээр захиалгаар хийж байж болно. Энэ хэргийн нөхцөл байдлаас аваад үзэхээр үнэхээр тийм харагдаад байна. Комиссын хурлын тэмдэглэлд “С*******” сувиллыг нь түдгэлзүүлэх юм уу?, эмнэлгийг нь түдгэлзүүлэх юм уу? гээд санааны зоргоор хоорондоо ярьж асуудал шийдэж байгаа нь тэмдэглэгдсэн байдаг. Ямар ч дүгнэлтгүй дараа нь дүгнэлтийг нь гаргуулаад ирье гэж байгаа. Хурлын тэмдэглэл чинь тийм л агуулгаар яригдсан байсан. 

... Төрийн хяналт шалгалтын хуулиар төлөвлөгөөт ба төлөвлөгөөт бус, гүйцэтгэлийн шалгалт хийж байж үр дүн нь гарах ёстой байсан. Өнөөдөр гүйцэтгэлийн хяналт шалгалтыг хийснээр дүгнэлт гарах ёстой. Уг дүгнэлтээр өмнө нь илэрсэн зөрчил дутагдал чинь өнөөдөр дахин давтагдаж байна, эсхүл засаагүй байна гэх зэргээр дүгнэлт гарах ёстой. Тэгэхээр өнөөдөр гүйцэтгэлийн хяналт шалгалтыг хуульд заасны дагуу хийгээгүй байж яаж үүргээ биелүүлээгүй гэж дүгнээд яриад байдаг юм бэ? Энэ бол боломжгүй асуудал. Үүнийг чинь эргээд хугацаатай эсэх, хугацаандаа гүйцэтгэсэн эсэхийг гүйцэтгэлийн хяналт шалгалтаар дүгнэж үзэх ёстой. Хууль үүнийг шаардаад байгаа юм. Гэтэл гүйцэтгэлийн шалгалт байхгүйгээр Мэргэжлийн хяналтын байгууллага хамтарч ажилласан байж болно. Тэгтэл Мэргэжлийн хяналтын байгууллагын байцаагчийн хийсэн дүгнэлтээр өөрсдийнхөө гүйцэтгэлийг дүгнээд байх шиг байгаа юм. Нөгөө Мэргэжлийн хяналтын байгууллага нь ямар нэгэн санал дүгнэлт хүргүүлээгүй байдаг. Өөрөөр хэлбэл тусгай зөвшөөрөл цуцлах, түдгэлзүүлэх гэх асуудал ерөөсөө тавиагүй. 

Төрийн албан хаагчдын хувьд хуулийг хүндэтгээч ээ, хуульд заасан шаардлагуудаа тавиач ээ. Хуулийг амьдралд хэрэгжүүлэхдээ тухайн нөхцөлд нь тохируулаад явах ёстой. Нэхэмжлэгчийн гаргасан гээд байгаа зөрчлүүдэд Эрүүл мэндийн тухай хууль, Тусгай зөвшөөрлийн тухай хуульд зааснаар өөр байдлаар хариуцлага тооцож болно. Энэ талаар хуульд заасан байгаа. Эрүүл мэндийн газрын ажиллагаа нь хууль зөрчсөн байна, үүний улмаас Нийслэлийн Засаг дарга үндэслэлгүй шийдвэр гаргасан. Үүнийг хуульд нийцүүлж гаргаж өгнө үү гэж хүсч байна. Ийм учраас Нийслэлийн Засаг даргын захирамжийг хүчингүй болгож өгнө үү. Энэ 2 шийдвэрийг хууль зөрчсөн болохыг тогтоож нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү” гэв. 

Хариуцагч Нийслэлийн Засаг дарга, Нийслэлийн Эрүүл мэндийн газрын даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Б*******, Э.Н******* нар шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: 

“..."С*******" ХХК-ийн нэхэмжлэлтэй Нийслэлийн Засаг дарга, Нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга нарт холбогдох захиргааны хэрэгт хариуцагч байгууллагын зүгээс дараах хариу тайлбарыг хүргүүлж байна.

Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.3 дахь хэсэгт; "Хүний амь нас, эрүүл мэнд, хүрээлэн байгаа орчинд шууд буюу шууд бусаар ноцтой аюул болон их хэмжээний хор хохирол учруулж байгаа буюу учруулж болох нөхцөл байдал үүссэн тохиолдолд хяналт шалгалтыг мэргэжлийн хяналтын болон онцгой байдлын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын эрх бүхий албан тушаалтны шийдвэрээр энэ хуулийн 5.2-т заасан удирдамжгүйгээр хийж болно”, Эрүүл мэндийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.4 дахь хэсэгт: " Нийслэлийн Эрүүл мэндийн газар нь харьяалах нутаг дэвсгэрийн эрүүл мэндийн байгууллагын үйл ажиллагааг мэргэжил, арга зүйн удирдлагаар хангаж, хяналт тавих эрхтэй" гэж тус тус заасан.

2015 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр цахим сайтуудаар "С*******" сувилалд хэвтэн эмчлүүлж байсан 61 настай иргэн Д 2015 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр нас барсан тухай мэдээлэл гарсны дагуу Нийслэлийн Эрүүл мэндийн газрын даргын А/33 дугаар тушаалаар баталсан удирдамжтай ажлын хэсэг тус сувиллын үйл ажиллагаанд 2015 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр хяналт шалгалт хийсэн. Ажлын хэсгийн ахлагчаар Мэргэжлийн удирдлага бодлогын хэрэгжилтийг зохицуулах хэлтсийн Эмнэлгийн тусламжийн албаны дэрга Л.Батцэцэг, гишүүдээр Хувийн хэвшлийн клиникийн тусламж үйлчилгээ хариуцсан мэргэжилтэн Э.Н*******, Эмнэлгийн тусламж үйлчилгээний чанар хариуцсан мэргэжилтэн М.Мөнхдэлгэр, хууль эрх зүй, өргөдөл гомдол хариуцсан мэргэжилтэн С.Б******* нар ажилласан.

Хяналт шалгалтаар хэд хэдэн зөрчил илэрсэн. Үүнд:

- Иргэн Д-г анх сувилалд хэвтүүлэхдээ өвчтөнд бодит үзлэг дутуу хийсэн, анамнез дутуу авсан, багажийн болон лабораторийн шинжилгээ хийгээгүй хэвтүүлсэн байна. Тухайн үед талийгаач Д-ийн карт, өвчний түүхийг хуулийн байгууллага татан авсан байсан тул танилцаж чадаагүй болно. С.Х******* эмчийн өгүүлэмжээр DS:Нурууны ясны муруйлт, мушгиралт, захын мэдрэлийн дарагдалт, өвдөлтийн синдром гэж оношилж, хэвтэх үед багажийн болон бусад шинжилгээ бүрдүүлэлгүй хэвтүүлсэн;

- Эмнэлгийн анхан шатны бичиг баримтын Эрүүл мэндийн сайдын 2013 оны 450 дугаар тушаалын дагуу хөтөлдөггүй;

- Амь тэнссэн яаралтай тусламжийн үеийн эм, эмнэлгийн багаж хэрэгслийн бэлэн байдал хангалтгүй, эмч мэргэжилтэнүүд энэ талаар мэдлэг дутуу; Шаардлагатай тохиолдолд өвчтөн шилжүүлэх журамгүй; Их эмч С.Х******* нь змчлэх эрхийн зөвшөөрөлгүй;

- Үйл ажиллагаа явуулж буй байр нь сувиллын үйл ажиллагаа явуулахад зориулалтын бус, эрүүл ахуйн шаардлага, хөдөлмөр хамгаалал, техникийн аюулгүй байдлыг хангахгүй, орчин бохир, цэвэрлэгээ үйлчилгээ хангалтгүй зэрэг зөрчлүүд илэрсэн тул тусгай зөвшөөрлийн гэрчилгээг хураан авч, Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газарт "Төрийн хяналт шалгалтын тухай" хуулийг үндэслэн холбогдох арга хэмжээг авч хамтран ажиллах талаар 2015 оны 06 дугаар сарын 18-ны өдөр 1/744 албан бичгээр хандсан. Мөн талийгаачийн ар гэрийнхэн Нийслэлийн Эрүүл мэндийн газрын дэргэдэх ёс зүйн салбар хороонд гомдол гаргасан байсан. 

Энэ асуудлыг Нийслэлийн Засаг даргын 2014 оны А/608 дугаар захирамжаар батлагдсан Эрүүл мэндийн чиглэлээр мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл олгох Нийслэлийн комиссын /цаашид "ТЗК" гэх/ 2015 оны 07 дугаар сарын 03-ны хурал дээр танилцуулж, хэлэлцүүлсэн. Тухайн үед Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар болон Баянгол дүүргийн Цагдаагийн газарт шалгагдаж байсан учир дээрх байгууллагуудын шалгалтын дүн гартал түдгэлзүүлэх дүгнэлт гарсан бөгөөд хурлын дүгнэлтийг “С*******” ХХК-ийн захирал С.Х*******т 2015 оны 07 дугаар сарын  09-ний өдрийн 2/830 албан бичгээр тухайн байгууллагад мэдэгдсэн.

Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас “С*******” ХХК-ийн эмнэлэг, сувиллын үйл ажиллагаанд хяналт шалгалт хийж манай газарт 2015 оны 07 дугаар сарын 17-ны 02-06/2262 албан тоотоор үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг цуцлах талаар хариу ирсэн. Дээрх ТЗК-ын хурлын дүгнэлт, Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын 2015 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн 02-06/2262 тоот албан бичгийг үндэслэн Нийслэлийн Засаг даргын 2015 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн А/643 дугаар захирамж гарч “С*******” ХХК-ийн эмнэлэг, сувиллын үйл ажиллагааг түдгэлзүүлсэн ба энэ талаар Нийгмийн даатгалын ерөнхий газрын дэргэдэх Эрүүл мэндийн даатгалын газар, Нийслэлийн Татварын газар, Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газруудад албан бичгүүдээр мэдэгдсэн.

Нийслэлийн Засаг даргын үйл ажиллагаа түдгэлзүүлсэн тухай захирамж гарсан байхад “С*******” ХХК-ийн эмнэлгийн талаар хэвлэл мэдээллийн хэрэгслээр сурталчилж, үйл ажиллагаа явуулсаар байсан тул Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар болон Улаанбаатар хотын цагдаагийн газарт 2015 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн "Хамтран ажиллах тухай" 1/925 албан бичгээр дахин хандсан. 

Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас 02-02/701 дугаар удирдамжийн дугуу 2015 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр “С*******” ХХК-ийн эмнэлэг, сувиллын үйл ажиллагаанд төлөвлөгөөт бус хяналт шалгалт хийж 2015 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн 02-03/2820 тоот албан бичгээр түдгэлзүүлэх захирамж гарсан байхад эмнэлэг нь ажиллаж байсан учир 960.000 төгрөгөөр торгох шийтгэврийн арга хэмжээ авч, улсын ахлах байцаагчийн 02-03/306 тоот актаар үйл ажиллагааг зогсоосон талаар хариу ирүүлсэн.

Нийслэлийн ТЗК-ын 2015 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн хурал дээр “С*******” ХХК-ийн эмнэлэг, сувиллын талаар хэлэлцэж Нийслэлийн Засаг даргын 2015 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн А/643 дугаар захирамжийг биелүүлээгүй төдийгүй үйл ажиллагаагаа үргэлжлүүлэн явуулж байсан мөн ажил сайжруулах, зөрчил арилгаж ажилласан талаар Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар болон Нийслэлийн Эрүүл мэндийн газарт хандаагүй, С.Х******* нь эмчлэх эрхийн лицензгүй зэрэг үндэслэлээр "Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай " хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.5 дахь хэсэгт заасны дагуу “С*******” ХХК-ийн эмнэлэг, сувиллын тусгай зөвшөөрлийг хүчингүй болгох дүгнэлт гаргасан.

Энэхүү хурлын дүгнэлт, Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын 2015 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн 02-06/2262, 2015.09.29-ны өдрийн 02-03/2820 тоот албан бичгүүдийг үндэслэн Нийслэлийн Засаг даргын 2015 оны А/866 дугаар захирамжаар “С*******” ХХК-ийн эмнэлэг, сувиллын тусгай зөвшөөрлийг хүчингүй болгосон.

Иймд Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.2.9 дэх хэсэгт заасны дагуу "С*******" ХХК-ийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.

Хариуцагч Нийслэлийн Засаг дарга, Нийслэлийн Эрүүл мэндийн газрын даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Б******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

“Нэхэмжлэлийн шаардлагад үндэслэн ярих нь зүйтэй гэж бодож байна. Нэгдүгээрт Нийслэлийн Засаг даргын А/643 дугаар захирамж нь Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1-т заасны дагуу Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас ирүүлсэн албан бичиг, 07 дугаар сарын 03-ны өдрийн комиссын хурлын шийдвэрийг үндэслэж Нийслэлийн Засаг даргын тусгай зөвшөөрөл түдгэлзүүлэх, цуцлах захирамж гарсан. Тэрнээс биш Засаг даргын захирамж нь хууль зөрчиж гарсан зүйл байхгүй. 

Хоёрдугаарт 07 дугаар сарын 03-ны өдрийн комиссын шийдвэрт нэхэмжлэгч тал гомдол гаргах эрхтэй байсан. Мэргэжлийн хяналтын газраас албан бичиг ирээгүй байна, ямар нэгэн шийдвэр, дүгнэлт гараагүй байна гээд мөн гомдол гаргаж урьдчилан шийдвэрлүүлэх боломжтой байсан. Гэтэл энэ талаар өөрсдөө гомдол гаргаагүй. 

Гуравдугаарт яг үүнтэй адил “Мария” эмнэлгийн эрхийг хамт түдгэлзүүлсэн байдаг. Энэ эмнэлгээс ирж уулзаад энэ асуудлаа хэрхэн шийдэх талаар үүрэг,чиглэл зөвлөгөө аваад энэ асуудлыг шийдвэрлэсэн байдаг. Гэтэл “С*******” эмнэлэг энэ талаар ямар нэгэн арга хэмжээ аваагүй. Нийслэлийн Засаг даргын А/830 захирамж мөн адил гарсан. Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын дүгнэлт, комиссын шийдвэрийг үндэслэн тусгай зөвшөөрлийг цуцлах шийдвэр гаргасан. Энэ асуудал дээр ямар нэгэн хууль зөрчсөн зүйл байхгүй гэж хэлмээр байна. 

Тушаал гарсан хугацаа “С*******” сувилалд тохиолдол болсон хугацаа 2      цаг хугацааны хувьд давхацсан байна. Уг  процесс, шалгалт 2 давхацсан учир тусгайлан дахин удирдамж гаргаагүй.

Нийслэлийн Эрүүл мэндийн газрын орлогч дарга нь 07 дугаар сарын 09-ний өдрийн 2/830 дугаартай илт хууль бус актыг хүчингүй болгох гэсэн нэхэмжлэлийн шаардлага байсан. 07 дугаар сарын 03-ны өдрийн гарсан шийдвэрийг орлогч даргад хүргүүлсэн байна. Үүнд ямар нэгэн хууль зөрчсөн зүйл байхгүй гэж үзэж байна. Хохирол 40 саяын тухайн хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд нотлогдохгүй байгаа тул шүүх нэхэмжлэлийн шаардлагын дагуу хэргийг хянан  үзэх байх гэж хүсч байна. Нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.

Хариуцагч Нийслэлийн Засаг дарга, Нийслэлийн эрүүл мэндийн газрын даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Н******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

“Нийслэлийн Эрүүл мэндийн газраас 1 удаа, Мэргэжлийн хяналтын газраас холбогдох бичиг баримтад үндэслэж дор хаяж 2 удаа хяналт шалгалт очсон байна. Тэгэхэд бол нэг ч гэрээт ажилчны талаар баримт бичиг гаргаж ирж үзүүлээгүй. Ерөөсөө н.Даваахүү, н.Уранцэцэг гэж 2 эмч ажилладаг. Тангараг өргөсөн эмчийн хувьд хүнээ зөв оношлоод, зөв эмчилгээг хийхгүй дээ. А/643 дугаар захирамжийг гаргахад Аж ахуй нэгжийн тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.3-т заалтыг  баримталсан. Тусгай нөхцөл шаардлагын хүрээнд бид зөвшөөрөл олгосон байгууллагад хяналтаа тавина. Төлөвлөгөөт болон төлөвлөгөөт бус аргаар шалгалт хийж болно. Явцын шалгалтыг Эрүүл мэндийн сайдын 143 дугаар тушаалын хүрээнд Мэргэжлийн хяналтын байгууллага болон бусад хамтарч ажилладаг байгууллага гэж байгаа. Үүний дагуу Мэргэжлийн хяналтын газар хамтарч ажилласан, гүйцэтгэлийн шалгалтын хийгээд явсан. Дараа нь дүгнэлтээ бидэнд ирүүлдэг байгаа. 

Манайх дүгнэлтийг нь үндэслээд цаашид авах арга хэмжээгээ авч ажилладаг. Стандартын хувьд та зөвхөн хүний нөөцийг холбож яриад байна. Бид зөвхөн хүний нөөцийн талаар яриагүй. Мэргэжлийн хяналтын газраас хийсэн шалгалтаар 10 зүйл зөрчил илэрсэн. Халдвар хамгааллын дэглэм гэдэг нь эрүүл мэндийн байгууллагад хамгийн чухал нөхцөл юм. Дээрээс нь хонож өнжөөд хэвтдэг газарт хоолны урсгал зохион байгуулалтын стандарт заавал байх ёстой. Та даатгалаас мөнгө авах эрхгүй. Сонгон шалгаруулалтыг 2015 оны 05 дугаар сард зохион байгуулсан. “С*******” эмнэлгийн материал ирсэн. Ажлын хэсэг ирүүлсэн материалыг хүлээж аваад шаардлага хангахгүй гэж дүгнээд даатгал олгох эмнэлгийн тоонд тэнцээгүй. 

Таны хүү, танай ажилтан Х.Эрдэнэ эмч болон н.Уранчимэг эмч нар хүрч ирээд тэнцээгүй дүгнэлттэй танилцаад гарын үсэг зураад аваад явсан. Тэр үйл явдал нь тэмдэглэлд тусгагдан үлдсэн байдаг. 

... Засаг даргын захирамж нь шилэн дансны хуулиараа веб сайтад нээлттэй тавигддаг. Тэндээс сэтгүүлчид мэдээлэл авах эрхтэй. Энэ эрхийнхээ дагуу олж мэдсэн болов уу? Нийтээр дагаж мөрдөх журам, стандартыг та алийг нь ч хэрэгжүүлж ажилладаггүй. Энэ хурал дээр таны хэлж байгаагаар уг стандарт журмыг хэрэгжүүлж ажиллахыг хүсдэггүй юм байна.

Сувиллын бүтэц стандарт гэж тусдаа байгаа. Нийтээр дагаж мөрдөх ёстой стандартаас давсан зүйл нэхээгүй. Энэ стандартын 8 дугаар зүйлийн 8.7-т “Сувиллын цогцолборт эмийн эмчилгээг үргэлжлүүлэн хийх тасаг байж болно. Тасгийн ор нь сувиллын нийт орны 10 хүртэл хувь байна” гэж заасан байдаг. Өөрөөр хэлбэл та тухайн үед сувилалд хэвтэж байсан хүн бүрт эмийн эмчилгээ хийж байсан. Энэ талаар зөрчил дутагдалд юу ч тусгаагүй үлдээсэн. Үнэндээ танай сувилалд хог хаягдал, стандарт байгаагүй. Гэнэтийн бус шалгалт, төлөвлөгөөт бус шалгалт байсан тулдаа үүнийг харсан. Төлөвлөгөөт шалгалт очсон бол үүнийг цэвэрлэх байсан байх. Магадлан итгэмжлэх асуудал яаманд хамаардаг. Тусдаа хариуцдаг хэлтэстэй. Сэргээн засах эмч 1, уламжлалт эмч 1, хоолны эрүүл ахуйч 0,5 байх ёстой. Эдгээр хүний нөөц танайд байгаагүй” гэв.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгч Г.М шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

“07 дугаар сарын 01-ний өдрийн Мэргэжлийн хяналтын газраас хяналт шалгалтын удирдамж гарсан. Мэргэжлийн хяналтын газраас гарсан дүгнэлтийг харахад “С*******” эмнэлэгт мэдэгдээд, Эрүүл мэндийн газрын гаргасан зөрчлөөс гадна өөр зөрчлүүд яваад байгаа. Энэ зөрчлүүд нь 07 дугаар сарын 17-ны өдөр дурьдагдаж эхэлж байгаа. Нэг асуудлыг 2 газар ижил хэмжээгээр дүгнэдэг. Эрүүл мэндийн тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.3.1-т “Хүнийг эмчлэх үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийг 2 жилийн хугацаатайгаар олгоно”, мөн хуулийн 25 дугаар зүйлийн 25.3.2-т “...нүүр амны эмч, уламжлалт анагаахын их эмч, хүний бага эмч” нь энэ хуулийн 25 дугаар зүйлийн 25.3.1 дэх заалтыг үндэслээд заахдаа хүний их эмч, эмчлэх үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийг 5 жилийн хугацаагаар олгоно гэж хуульд зохицуулсан. 

Тэр Мэргэжлийн хяналтын газраас аваад үзсэн ч өөрөө эмчийн зөвшөөрөлгүй. Үүнд амбулаторийн картыг стандарт шаардлагын дагуу бичих, хариуцлагыг өндөржүүлэх, хүнд болон онош эргэлзээтэй өвчтөнг эмч нарын хамтарсан үзлэгийг чанартай хийж, оношилгоо эмчилгээний тулгамдсан асуудлыг шийдвэрлэх хэмжээнд байгаагүй гэж үзсэн. Эмч мэргэжилтнүүдийн мэдлэг дээшлүүлэх хариуцлага ёс зүй, бусдаас суралцахыг тогтмол хэвшин ажиллах, аюулгүй ажиллагааг хангаагүй. 

Эрүүл мэндийн тухай хууль 2011 оны 05 дугаар сарын 05-ны өдөр батлагдсан. Энэ хуулиар манай байгууллагууд бүгд ажиллаж хэвшсэн. Нэршлийн асуудал бас яригддаг байгаа. Үүнд нь ховс гэдэг эмчилгээ хэзээ ч дэлхий нийтийн жишигт байхгүй.

... 07 дугаар сарын 01-ны өдөр Мэргэжлийн хяналтын газраас удирдамж гаргаад 07 дугаар сарын 17-ны өдөр ийм үйл ажиллагаа явагдсан байна гээд комисс н.Байгалмаа, н.Учрал, н.Цэнд-Аюуш гээд шийдвэр гарсан. 09 дүгээр сарын 17-ны өдөр Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас үйл ажиллагааг түр зогсоох талаар С.Х*******т мэдэгдсэн байдаг. Түр зогсоох явцад 09 дүгээр сарын 11-ны өдрийн өмнөх зөрчлөө дахин давтаж гаргасан байгаа. 

Эмчлэх эрхийн гэрчилгээ гараагүй байхад зөвшөөрөлгүй үйл ажиллагаа явуулж байсан үйлдэл нь Эрүүл мэндийн тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1 дэх заалтыг зөрчсөн юм гэж дүгнэсэн. Өмнөх Эрүүл мэндийн газрын явуулсан зөрчил дахиад давтагдсан байсан. С.Х******* нь их эмчийн ажил хийгээгүй гээд их эмчээр ажиллаад байгаа үйлдэлд нь Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1.2 дэх заалтыг үндэслээд хариуцлага тооцсон. Үйл ажиллагаа мөрдөх стандарт удирдамж бүрэн хангаагүй, Эрүүл мэндийн тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.2.3-т заасан  үндэслэлүүдийг зөрчсөн гэж үзсэн. 2015 оны 08 дугаар сарын 22-оос, 09 дүгээр сарын 08-ны хооронд зөвшөөрөлгүй үйлчилгээ үзүүлж үйлчлүүлэгчдийг эмчлээд, оношлоод байгаа нь Эрүүл мэндийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1.1 дэх заалтыг зөрчсөн.

Дараа нь 09 дүгээр сарын 08-ны өдөр эмнэлэг зүйн хамтарсан шалгалтыг хийхдээ өмнөх шалгалтын мэдээллийн дагуу хийсэн байдаг. 09 дүгээр сарын 15-ны өдөр хууль бусаар олсон орлогыг улсын орлогод оруулах тухай гэсэн албан бичиг хүргүүлсэн байдаг. С.Х*******т 09 дүгээр сарын 15-ны өдөр мэдэгдсэн. Үүнд илэрсэн зөрчил дахин давтагдсан байна. Өөрөө эмнэлэг сувилал ажиллуулъя гэсэн юм бол энэ зөрчилтэйгээ тэмцдэггүй, төрийн албан хаагчдын хийсэн ажлыг нь шүүмжлээд яваад байдаг. С******* эмнэлгийн үйл ажиллагаа нь чанар аюулгүй байдлын халдвар хамгааллын 03/1 кодтой үйл ажиллагааг хангаагүй гэсэн дүгнэлт байдаг. А/643 албан бичгээр үйл ажиллагааг түдгэлзүүлсэн байх хугацаанд буюу 2015 оны 08 дугаар сараас эхлээд энэ хүн үйл ажиллагаагаа явуулаад эхэлсэн. 

А/643 захирамж хэрэгжээд явж байсан. Энэ түдгэлзүүлсэн асуудлыг сүүлд нь шүүхэд хандаж шийдүүлэх гэж байгаа нь үндэслэлгүй юм. Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2-т зааснаар Засаг даргын бүрэн эрх хэмжээнд хамаардаг. Үүнтэй холбогдуулаад Засаг дарга хууль тогтоомжид нийцүүлсэн захирамж гаргадаг. Энэ түдгэлзүүлсэн буюу цуцалсан шийдвэр нь өөрөө хүний амьтай холбоотой. 

Хоёрдугаарт Эрүүгийн хуулийн 95 дугаар зүйлийн 95.1-т зааснаар хүний амь нас хохироосон. Өөрийнх нь эмнэлэг хүрэлцээгүй байгаа тохиолдолд дараагийн шатлал буюу 2, 3 дугаар шатлалын үйлчилгээг хүргэх хэмжээний удирдамж байхгүй, удирдамжаа батлуулсан баталгаа байхгүй, үйл ажиллагаа явуулах эрх зүйн үндэслэл байхгүй байсан. Үүнийг Мэргэжлийн хяналтын газар маш сайн дүгнэсэн байдаг.

Төрийн албан хаагчид хяналт шалгалт явуулж байгаа гол үндэслэл, эцсийн зорилго нь хүний амь насыг хамгаалах, эрүүл ахуй аюулгүй орчин, дэглэмийг сахиулахад байгаа. Нийслэлийн Засаг даргын захирамж нь өөрөө хуульд заасан үндэслэлээр хийгдсэн учир хууль буруу хэрэглээгүй гэж үзэх үндэслэлтэй байна.

...“С*******” эмнэлэг эрх түдгэлзүүлсэн 3 сарын хугацаанд үйл ажиллагааг сайжруулах ямар нэгэн арга хэмжээ аваагүй гэж комиссын гишүүд үзсэн тул тусгай зөвшөөрлийг цуцлах санал гаргасан байна. Тусгай зөвшөөрлийг түдгэлзүүлсэн  байх хугацаанд нэхэмжлэгч гомдол гаргаагүй. Нэхэмжлэлд дурдахдаа төлөвлөгөөт бус шалгалт, манай гаргасан зөрчил дутагдлыг бүгдийн бол үгүйсгэхгүй гэсэн байдаг. Шүүхэд ирүүлж байгаа тайлбар, нэхэмжлэгчээс хийж байгаа үйлдлийнх нь хувьд харахад зөрчлөө хүлээн зөвшөөрсөн байдаг. Тусгай зөвшөөрлүүдийг эрхийг яагаад зогсоох, цуцлах шаардлагатай юм гэхээр өнөөдрийн захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэгч хүн нас барсан нь манай эмнэлэгийн буруу биш гэж тайлбарлаад, Эрүүгийн хэргийн шүүхээс биднийг буруутгаагүй гээд мөн захиргааны хэргийн шүүхэд тэр нөхцөл байдлаа адилтган өөрийн талд шийдвэр гаргуулах гээд байна. Энэ нөхцөл байдал, бусад зүйлсээс дүгнэхэд энэ хүн буруугаа ухаараагүй, алдаа дутагдалаа засах бодолгүй байдаг нь харагдаад байдаг юм. 

Тэр иргэн “Д” С******* эмнэлэг, сувилалд очоогүй өөр эмнэлэгт хандсан бол өнөөдөр амьдраад л явж байгаа. Тэгэхээр өөрийнхөө эмнэлэгт байх ёстой зохих стандартуудыг байлгаагүй атлаа өнөөдөр энэ мэргэжилтэн мэргэжлийн байгууллагыг буруутгах нь хууль зүйн үндэслэлгүй юм. 

Нэхэмжлэгч талаас Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.2-т “Хуульд өөрөөр заагаагүй бол төрийн албан хаагч албан үүргээ зөрчсөн гэм буруутай үйлдэл /эс үйлдэхүй/-ийн улмаас бусдад гэм хор учруулсан” гэдэг шаардлага тавиад байгаа юм уу гэж үзээд байгаа. Нэхэмжлэгчийн гаргаж байгаа нотлох баримт нь шаардлага хангахгүй байна. 

Эцэст нь Монгол улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулиар Засаг даргын гаргасан шийдвэр нь өөрөө үндэслэлтэй байна. Энэ асуудлаар их олон шалгалтууд хийгдсэн, зөрчлийг арилгуулах гээд мэргэжилтнүүд ажиллаад байна. Гэтэл зөрчлөө арилгахгүй зөрүүдлээд, энэ асуудал нь эрүүгийн хэргийн шүүхээс хэрэгсэхгүй болоод ирэхээр захиргааны байгууллагад хандаад тусгай зөвшөөрлөө сэргээх цаашид үйл ажиллагаагаа явуулах гээд ашиг олох зорилгоор ингэж явна. Эмчийн хүрэлцээгүй байдал, тусгай зөвшөөрөлтэй эмч ажиллаагүйгээс хүний амь насыг эрсдэлд оруулсандаа өөртөө дүгнэлт хийх гээд явахгүй байна.

Шүүхийн шинжилгээний хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлт гэж яриад байгаа нь өнөөдрийн энэ захиргааны хэрэгт огт хамааралгүй. Эмнэлэг сувилал,  эмнэлгийн үйл ажиллагааны тухай шинжээчийн дүгнэлт огт гараагүй. Шүүгчийн хувьд үүнийг ялгаж ойлгоосой гэж хүсч байна. Эрүүгийн хэрэгт шалгагдаж байхдаа эмч болоод, Захиргааны шүүхэд ирэхээр захирал гээд байдаг. 

Ийм учраас нэхэмжлэгч төлөвлөгөөт шалгалтыг та нар хийлээ гээд яриад байдаг. Төлөвлөгөөт шалгалт бол удирдамжийн дагуу хийгдсэн шалгалт байгаа учраас нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгөхийг гэж хүсч байна” гэв. 

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх хэрэгт авагдсан бичгийн нотлох баримт, нэхэмжлэгч хариуцагч, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгчийн гаргасан тайлбарт дүгнэлт хийж дараах үндэслэлээр нэхэмжлэгч “С*******” ХХК-ийн захирал С.Х*******ын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Нэхэмжлэгч “С*******” ХХК-ийн захирал С.Х******* нь “Нийслэлийн   Засаг дарга   Э.Б*******ийн   “С*******”   ХХК-ийн   Эмнэлэг,  сувиллын үйл ажиллагаа   эрхлэх ЭХ-*******, ЭХ-1******* дугаарын тусгай зөвшөөрлүүдийг түдгэлзүүлсэн 2015 оны 07 дугаар сарын А/643 тоот захирамж гарсан өдөр нь тодорхойгүй, дээрхи тусгай зөвшөөрлүүдийг хүчингүй болгосон 2015 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн А/866 тоот захирамжуудын манайхтай холбоотой заалтуудыг хүчингүй болгох, “С*******” ХХК-ийн эмнэлэг сувиллын үйл ажиллагаа эрхлэх ЭХ-*******, ЭХ-10/22/3353 дугаар тусгай зөвшөөрлүүдийг 2015 оны 07 дугаар сарын 03-ны өдрөөс эхлэн түдгэлзүүлснийг мэдэгдэн,  үйл  ажиллагаагаа зогсоохыг шаардсан Нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга Ш.Э*******ын 2015 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн 2/860 дугаартай албан бичгийг Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 70-р зүйлийн 70.2.3 дахь заалтыг үндэслэн илт хүчин төгөлдөр бус болохыг хүлээн зөвшөөрөх, Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32-р зүйлийн 32.5 дахь заалтыг үндэслэн “С*******” ХХК-д учирсан 40.000.000 /дөчин сая/ төгрөгийн хохирлыг буруутай этгээдээр төлүүлэх” нэхэмжлэлийн шаардлага гаргажээ. 

Шүүх хуралдааны явцад нэхэмжлэлийн шаардлагын холбогдох хэсгээ “... Нийслэлийн Эрүүл мэндийн газрын даргын 2015 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн 2/830 дугаартай албан бичиг…” гэж тодруулсан болно.

“С*******” ХХК-ийн захирал С.Х******* болон түүний өмгөөлөгчөөс, 

- “С*******” сувиллын үйл ажиллагааг шалгах удирдамжтай байсан атлаа “С*******” үүдэн эмнэлэгийн үйл ажиллагаанд шалгалт хийж үйл ажиллагааг түдгэлзүүлж, тусгай зөвшөөрлийг цуцалсан нь төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.7, Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1-д заасныг тус тус зөрчсөн, 

- Эмнэлэг, сувиллын үйл ажиллагааг түдгэлзүүлэх эрх нь Нийслэлийн Эрүүл мэндийн газрын комисст байхгүй, энэ талаар Мэргэжлийн хяналтын байгууллагын шийдвэр гараагүй байхад тусгай зөвшөөрлийг түдгэлзүүлж үйл ажиллагаагаа зогсоохыг шаардсан нь Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.4, 13 дугаар зүйлийн 13.1-д заасныг зөрчсөн,

- Гүйцэтгэлийн хяналт шалгалт хийлгүйгээр тусгай зөвшөөрлийг хүчингүй болгосон нь Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.4-т заасан хяналт шалгалтыг холбогдох асуудлын талаар урьдчилсан дүгнэлт гаргаж, түүнийгээ батлах замаар хийхийг хориглоно гэснийг, мөн хуулийн 5 дугаар зүйлийн 5.3.1-д заасныг тус тус зөрчсөн,

- Зөрчлийн тэмдэглэл үйлдэж баталгаажуулаагүй, танилцуулж гарын үсэг зуруулаагүй, нэг хувийг надад өгөөгүй нь Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.2, 5 дугаар зүйлийн 5.6, 5.9, 5.10-т заасныг тус тус зөрчсөн,

- “С*******” ХХК-ийн эмнэлэг, сувиллын үйл ажиллагааг түдгэлзүүлсэн, Нийслэлийн Засаг даргын А/643 тоот захирамж гараагүй байхад Нийслэлийн Эрүүл мэндийн газрын даргын 2015 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн 2/830 тоот албан бичгээр үйл ажиллагаагаа зогсоохыг шаардсан нь Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн холбогдох заалтуудыг зөрчсөн,

- Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын албан бичгүүд нь зөрчлүүдийг тоочин бичсэн болохоос түдгэлзүүлье, хүчингүй болгуулъя гэсэн дүгнэлт байхгүй байхад шийдвэр гаргасан. Өөрөөр хэлбэл, илэрсэн зөрчил дутагдал дахин давтагдаж байна, засаагүй байна гэсэн дүгнэлт байхгүй байхад тусгай зөвшөөрлийг түдгэлзүүлсэн нь үндэслэлгүй, өөрөөр шийдэж болох байсан гэж, 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар болон тэдний өмгөөлөгчөөс, 

- Эрүүл мэндийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.4 дахь хэсэгт зааснаар Нийслэлийн Эрүүл мэндийн газар нь харьяалах нутаг дэвсгэрийн эрүүл мэндийн байгууллагын үйл ажиллагааг мэргэжил, арга зүйн удирдлагаар хангаж, хяналт тавих эрхтэй" бөгөөд хүний амь нас, эрүүл мэндэд шууд буюу шууд бусаар ноцтой аюул болон их хэмжээний хор хохирол учруулж байгаа буюу учруулж болох нөхцөл байдал үүссэн тохиолдолд хяналт шалгалтыг мэргэжлийн хяналтын болон онцгой байдлын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын эрх бүхий албан тушаалтны шийдвэрээр энэ хуулийн 5.2-т заасан удирдамжгүйгээр хийж болно гэж заасны дагуу хяналт хэрэгжүүлсэн,

- Цахим сайтуудад гарсан мэдээллийн дагуу Нийслэлийн Эрүүл мэндийн газрын даргын А/33 дугаар тушаалаар баталсан удирдамжтай ажлын хэсэг тус сувиллын үйл ажиллагаанд 2015 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр хяналт шалгалт хийсэн, тус хяналт шалгалтаар хэд хэдэн зөрчил илэрсний дагуу үйл ажиллагааг түдгэлзүүлсэн бөгөөд энэ нь Эрүүл мэндийн сайдын 2013 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн 143 дүгээр тушаалаар батлагдсан “...журам”-д заасан эрх хэмжээний хүрээнд хийгдсэн,

- “С*******” үүдэн эмнэлэг, сувиллын үйл ажиллагаанд Нийслэлийн Мэргэжлийн хяналтын байгууллагаас 2 удаа шалгалт хийж ирүүлсэн дүнг үндэслэж Нийслэлийн Засаг даргын А/643, А/866 дугаар захирамжууд гарсан,

- “С*******” ХХК-ийн эмнэлэг, сувиллын үйл ажиллагааг түдгэлзүүлсэн комиссын 2015 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн хурлын шийдвэр, уг шийдвэрийг мэдэгдсэн 2/830 албан тоотын талаар нэхэмжлэгч гомдол гаргаж шийдвэрлүүлээгүй, 

- Нийслэлийн Засаг даргын А/643 дугаар захирамж гарсны дараа зөрчил дутагдлаа арилгаж ажилласан талаар бидэнд хандаагүй,

- Нэхэмжилж буй хохирол болох 40.000.000 төгрөг нь нотлох баримтаар тогтоогдохгүй байна гэж тус тус маргажээ.

2015 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр “С*******” ХХК-ийн сувилалд сувилуулж байсан иргэн Д нас барсан талаар мэдээллийн сайтууд дээр мэдээлэл гарсны дагуу Нийслэлийн Эрүүл мэндийн газраас томилогдсон ажлын хэсэг тус компанийн эмнэлэг, сувиллын үйл ажиллагаанд хяналт шалгалт хийж дүнг 2015 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн “Эрүүл мэндийн чиглэлээр мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл олгох нийслэлийн комисс /цаашид тусгай зөвшөөрлийн комисс гэх/”-ын хуралдаанаар хэлэлцэж “С*******” ХХК-ийн эмнэлэг, сувиллын үйл ажиллагааг түдгэлзүүлэхээр дүгнэлт гаргасан байна.  

Дээрх шийдвэрийг Нийслэлийн Эрүүл мэндийн газрын даргын орлогч даргын 2015 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн 2/830 тоот албан бичгээр  нэхэмжлэгчид хүргүүлснийг нэхэмжлэгч С.Х******* нь мөн сарын 17-19 хооронд мэдсэн болохоо тайлбайрлаж байна. 

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2-т зааснаар захиргааны байгууллагын зөвхөн гадагш /бусдаас/ дагаж мөрдөх буюу заавал биелүүлэх захиргааны акт нь захиргааны хэргийн шүүхэд хамаарахаар зохицуулсан байх бөгөөд нэхэмжлэгчээс илт хүчин төгөлдөр бусад тооцуулахаар шаардаж буй Нийслэлийн Эрүүл мэндийн газрын даргын 2015 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн 2/830 тоот албан бичиг нь захиргааны актын шинжийг агуулахгүй байна. 

Тодруулбал, Нийслэлийн Эрүүл мэндийн газрын даргын 2015 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн 2/830 дугаар албан бичиг нь тусгай зөвшөөрлийн комиссын 2015 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн хурлын шийдвэрийг мэдэгдэж хүргүүлсэн байх тул захирамжилсан шинжгүй, зохицуулалт агуулгагүй байна. 

Иймд нэхэмжлэгч “С*******” ХХК-ийн “... Нийслэлийн Эрүүл мэндийн газрын даргын 2015 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн 2/830 дугаар албан бичгийг илт хүчин төгөлдөр бус болохыг хүлээн зөвшөөрөх” нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн авахаас татгалзаж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна. 

“Нийслэлийн   Засаг дарга   Э.Б*******ийн   “С*******”   ХХК-ийн   Эмнэлэг,  сувиллын үйл ажиллагаа   эрхлэх   ЭХ-*******,   ЭХ-1*******   дугаарын   тусгай   зевшөөрлүүдийг түдгэлзүүлсэн 2015 оны 07 дугаар сарын А/643 тоот захирамж гарсан өдөр нь тодорхойгүй, дээрхи тусгай зөвшөөрлүүдийг хүчингүй болгосон 2015 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн А/866 тоот захирамжуудын манайхтай холбоотой заалтуудыг хүчингүй болгох нэхэмжлэлийн шаардлагын тухайд: 

Эрүүл мэндийн тухай хууль /2016 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн нэмэлт өөрчлөлт орохоос өмнөх/-ийн 19 дүгээр зүйлийн 19.2.5-д “энэ хуулийн 19.2-т заасан байгууллагаас томилогдсон ажлын комисс үүсгэн байгуулагчийн өргөдөл, холбогдох баримт бичгийг хүлээн авсан өдрөөс хойш 30 хоногийн дотор тусгай зөвшөөрөл олгох эсэхийг шийдвэрлэнэ”, Эрүүл мэндийн сайдын 2013 оны 143 дугаар тушаалын 1 дүгээр хавсралтаар батлагдсан “Эрүүл мэндийн чиглэлээр мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийн комиссын ажиллах удирдамж” -ийн 6 дугаар зүйлийн 6.2.3-т “... тусгай зөвшөөрлийг түдгэлзүүлэх, хүчингүй болгох асуудлыг комиссын хурлаар хэлэлцүүлж, шийдвэрийг эрх бүхий байгууллагаар баталгаажуулна” гэж тус тус зохицуулжээ.

Дээрхээс үзвэл Нийслэлийн Засаг даргаас “эрүүл мэндийн байгууллага мэргэжлийн үйл ажиллагаа явуулах” тусгай зөвшөөрөл олгох, түүнчлэн түдгэлзүүлэх, хүчингүй болгох эсэх асуудлыг хуулийн дээрх нарийвчилсан зохицуулалтын дагуу “тусгай зөвшөөрлийн комисс” дүгнэх эрх хэмжээтэй байсан байх тул нэхэмжлэгчийн өмгөөлөгчөөс “тусгай зөвшөөрлийн комисст тусгай зөвшөөрлийг түдгэлзүүлэх эрх хэмжээ байхгүй, тусгай зөвшөөрлийг зөвхөн олгосон байгууллага нь цуцлах эрхтэй” гэж маргаж буй нь үндэслэлгүй.

Гэсэн хэдий ч “С*******” ХХК-ийн үүдэн эмнэлэг нь 2015 оны 09 дүгээр сарын 11-нийг хүртэл, сувилал нь 2015 оны 07 дугаар сарын 15-ныг хүртэл тус тус үйл ажиллагаагаа зогсоохгүй ажиллаж байсан нь нэхэмжлэгч, хариуцагчийн тайлбар, Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын улсын ахлах байцаагчийн 2015 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн 02-03-482/306 дугаар акт, мөн байцаагчийн 2015 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн 02-03-482/319 дүгээр актуудаар тогтоогдож байх тул “тусгай зөвшөөрлийн комисс”-ын дүгнэлтээр үйл ажиллагаа түдгэлзсэн гэж үзэхээргүй байна.

Харин “С*******” ХХК-ийн эмнэлэг, сувиллын үйл ажиллагаанд Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын эмнэлгийн тусламж чанар, аюулгүй байдлын хяналтын улсын байцаагч Б.Байгальмаа, эрүүл ахуй, халдвар хамгаалын хяналтын улсын байцаагч Г.Энхмаа нар 2015 оны 07  дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн хяналт шалгалт хийж 02-06/305 дугаартай хяналт шалгалтын ажлын танилцуулга  үйлджээ. 

Танилцуулгын “Гурав” Шалгалтанд хамрагдсан асуудал хэсэгт “... тус сувилалд иргэний амь нас хохирсон асуудлыг шалгалт хийгдээгүй” гэж дурьдсан байх ба “Эмнэлэгийн анхан шатны бичиг баримт хөтөлдөггүй, амь тэнссэн яаралтай тусламжийн үеийн эм, эмнэлэгийн багаж хэрэгслийн бэлэн байдал хангалтгүй...” зэрэг нөхцөл байдал тогтоогдож “... тус компанийн сувиллын тусгай зөвшөөрлийг цуцлуулах..., эмнэлэг, сувиллын үйл ажиллагаанд хяналт тавьж ажиллах дотоод хяналт шалгалтын нэгж, ажилтанг томилоогүй, хийх ажлын төлөвлөгөө гаргаагүй, дотоод хяналт шалгалтыг тогтмол зохион байгуулж, үр дүнг тооцож ажилладаггүй, сувиллын байр стандартын шаардлага хангахгүй” гэсэн дүгнэлт гаргажээ.

Шалгалтын дүнг Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын эрүүл мэнд, боловсрол, соёлын хяналтын хэлтсийн даргын 2015 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн 02-06/2262 дугаар албан бичгээр  Нийслэлийн Эрүүл мэндийн газарт хүргүүлсэн байна. 

Дээрхээс үзвэл Нийслэлийн Засаг даргын 2015 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн А/643 дугаар захирамжаар  “С*******” ХХК-ийн эмнэлэг, сувиллын үйл ажиллагааг түдгэлзүүлсэн нь Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1-д “Тусгай зөвшөөрлийн хугацаа, нөхцөл, шаардлагыг зөрчсөн тохиолдолд мэргэжлийн хяналтын байгууллагын дүгнэлтийг үндэслэн тусгай зөвшөөрлийг олгосон байгууллага түүнийг 3 сар хүртэл хугацаагаар түдгэлзүүлж болно” гэж заасныг зөрчөөгүй байна.

Үүний дараа Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын эмнэлгийн тусламж чанар, аюулгүй байдлын хяналтын улсын байцаагч Б.Байгальмаа, Эрүүл ахуй, халдвар хамгаалын хяналтын улсын байцаагч Б.Уран-Учрал нар 2015 оны 09  дүгээр сарын 09-ний өдрөөс эхлэн хяналт шалгалт хийж 02-06/385 дугаартай хяналт шалгалтын ажлын танилцуулга  үйлджээ. 

Танилцуулгын “Гурав”. Шалгалтанд хамрагдсан асуудал хэсэгт “... Нийслэлийн Засаг даргын 2015 оны А/643 дугаар захирамж бо холбогдох дүрэм, журам, стандартын хэрэгжилтэнд шалгалт хийснийг дурьдсан байх ба “...сувилал нь 2015 оны 07 дугаар сарын 15-аас хойш ажиллаагүй, үүдэн эмнэлэг нь 2015 оны 08 дугаар сарын 22-оос эхлэн ажилласан, ...Эрүүл мэндийн тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.2.3, 25 дугаар зүйлийн 25.1, 46 дугаар зүйлийн 46.1.1, Эрүүл мэндийн сайдын 2011 оны 15 дугаар тушаалын 1 дүгээр хавсралтыг зөрчиж байгаа” нөхцөл байдал тогтоогдож “... эмнэлэг, сувиллын тусгай зөвшөөрлийг түдгэлзүүлсэн байхад “С*******” үүдэн эмнэлэг нь ажиллаж байгаа нь Нийслэлийн Эрүүл мэндийн газраас албан бичгээр ирүүлсэн асуудал үндэслэлтэй, эмнэлэгийн үйл ажиллагаанд хяналт тавьж ажиллах дотоод хяналт шалгалтын нэгж, ажилтанг томилоогүй, хийх ажлын төлөвлөгөө гаргаагүй, дотоод хяналт шалгалтыг тогтмол зохион байгуулж, үр дүнг тооцож ажилладаггүй” гэсэн дүгнэлт гаргажээ.

Дээрх шалгалтын дүнг Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын дэд даргын 2015 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн 02-03/2820 дугаар албан бичгээр  Нийслэлийн Эрүүл мэндийн газарт хүргүүлж “тусгай зөвшөөрлийн комисс”-ын 2015 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн хуралдаанаар хэлэлцэж “... түдгэлзүүлсэн 3 сарын хугацаанд арга хэмжээ авч ажиллах талаар хандаагүй тул “С*******” ХХК-ийн эмнэлэг, сувиллын үйл ажиллагаа явуулах эрхийг цуцлах” дүгнэлт гаргасан байна.

Дээрхээс үзвэл нэхэмжлэгчээс маргаж буй “гүйцэтгэлийн хяналт шалгалт хийлгүйгээр тусгай зөвшөөрлийг цуцалсан” гэсэн тайлбар үндэслэлгүй байх бөгөөд тусгай зөвшөөрлийн нөхцөл, шаардлагыг хангаж ажиллаагүй, өмнөх шалгалтаар илэрсэн зөрчил дутагдлыг арилгаагүй нэхэмжлэгчийн буруутай үйлдэл тогтоогдож байх тул Нийслэлийн Засаг даргын 2015 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн А/866  дугаар захирамжаар мөн эмнэлэг, сувиллын үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг хүчингүй болгохоор тус тус шийдвэрлэсэн үндэслэлтэй байна.

Түүнчлэн аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрөл эзэмшигч нь “тусгай зөвшөөрлийн нөхцөл шаардлагыг хангаж ажиллах үүрэгтэй” бөгөөд нэхэмжлэгчээс дээрх үүргээ биелүүлээгүй, хяналт шалгалтаар илэрсэн болон тусгай зөвшөөрлийг түдгэлзүүлэх үндэслэл болсон зөрчил дутагдлыг арилгах талаар арга хэмжээ авч ажиллаагүй болох нь нэхэмжлэгч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын тайлбараар тогтоогдож байх бөгөөд “тусгай зөвшөөрлийг түдгэлзүүлсэн, хүчингүй болгосон шийдвэр”-ийг хууль зүйн үндэслэлтэй эсэхийг эрх бүхий байгууллага шалгаж тогтоогоогүй байхад хууль бус шийдвэрийг биелүүлэхгүй хэмээн тайлбарлаж “С*******” үүдэн эмнэлэгийн үйл ажиллагааг явуулж байсан нэхэмжлэгчийн буруутай үйл ажиллагаа тогтоогдож байна гэж шүүх дүгнэлээ. 

Иймд нэхэмжлэгч “С*******” ХХК-ийн “Нийслэлийн Засаг даргын 2015 оны А/643, А866 дугаар захирамжуудыг хүчингүй болгох, Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.5 дахь заалтыг үндэслэн “С*******” ХХК-д учирсан 40.000.000 /дөчин сая/ төгрөгийн хохирлыг буруутай этгээдээр төлүүлэх” нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна. 

 

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.1, 70.2.9-д заасныг удирдлага болгон  ТОГТООХ нь:

 

1. Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.4, 10.1.5, 13 дугаар зүйлийн 13.1, 14 дүгээр зүйлийн 14.1.4 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “С*******” ХХК-ийн нэхэмжлэлийн ““С*******” ХХК-ийн эмнэлэг, сувиллын үйл ажиллагаа эрхлэх ЭХ-*******, ЭХ-1******* дугаарын тусгай зөвшөөрлүүдийг түдгэлзүүлсэн Нийслэлийн Засаг даргын 2015 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн А/643, хүчингүй болгосон 2015 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн А866 дугаар захирамжуудыг хүчингүй болгох, “С*******” ХХК-д учирсан 40.000.000 /дөчин сая/ төгрөгийн хохирлыг буруутай этгээдээр төлүүлэх” нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1.1-д заасныг баримтлан “С*******” ХХК-ийн “Нийслэлийн Эрүүл мэндийн газрын даргын 2015 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн 2/830 дугаар албан бичгийг илт хүчин төгөлдөр бус болохыг хүлээн зөвшөөрөх” нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн авахаас татгалзаж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

3. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 81 дүгээр зүйлийн 81.1-д заасны дагуу хэргийн оролцогчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй. 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ           Ц.МӨНХЗУЛ