Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2016 оны 06 сарын 27 өдөр

Дугаар 001/ХТ2016/00832

 

Эс Юу Ти ХХК-ийн нэхэмжлэлтэй,

иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч  Г.Алтанчимэг, Б.Ундрах, Г.Цагаанцоож, Д.Цолмон нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2016 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн 101/ШШ2016/02243 дугаар шийдвэртэй,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2016 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн 859 дүгээр магадлалтай,

Нэхэмжлэгч Эс Юу Ти ХХК-ийн нэхэмжлэлтэй, 

Хариуцагч Ж.Солонго, Б.Орхонтуул нарт холбогдох,

Баянзүрх дүүрэг 13 дугаар хороо, 14 дүгээр хороолол, Нарны зам 81 тоотод байрлах автомат авто угаалгын газрын барилга байгууламж, тоног төхөөрөмж нь  Эс Юу Ти ХХК-ийн өмч болохыг тогтоолгох тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг,

 Зохигчдын гаргасан хяналтын гомдлоор

Шүүгч Б.Ундрахын илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн төлөөлөгч ГАО ВА /хх 1-ийн 11-р талд GAO WA, Гадаад паспорт: GI 15054969/, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Ганбаатар, хариуцагч Ж.Солонго, хариуцагчийн өмгөөлөгч Р.Очирбал, нарийн бичгийн даргад И.Хажидмаа нар оролцов.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: БНХАУ-ын иргэн Гао Ва, Ли Жин Сун нар Монгол улсад автомашин угаалгын газар ажиллуулахаар харилцан тохиролцож хамтран ажиллахаар болж Ли Жин Сун автомашин угаалгын тоног төхөөрөмжийг Хятад улсаас оруулж ирж Баянзүрх дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэр Нарны замын хажууд байрлуулж тоног төхөөрөмжөө угсарсан. БНХАУ-ын иргэн Гао Ва нь Ли Жин Сунтай хамтран ажиллахаар тохиролцсоноор 2007 оны 10 дугаар сард Гао Ва болон түүний дүү Хү Чүн-тэй хамт 1 250 000 юанийн хөрөнгө оруулалтыг Гао Ва нь Ли Жин Сунд өгч улмаар Эс Юу Ти ХХК-ийг үүсгэн байгуулсан. Ингээд авто угаалгын газрын барилга байгууламж, тоног төхөөрөмж Эс Юу Ти ХХК-ийн хууль ёсны өмч болж авто угаалгын газрын өдөр тутмын үйл ажиллагааг зохион байгуулах ажлыг Гао Ва эрхлэн явуулж ирсэн. Компанийн бүх бичиг баримт Эс Юу Ти ХХК-ийн нэр дээр  гарсан байдаг. Гао ва нь   угаалгын газрыг залилан авсан гэж эрүүгийн журмаар шалгуулсан ч хэргийг хэрэгсэхгүй болгосон. Эс Юу Ти ХХК-ийн нэхэмжлэлтэй, Улсын бүртгэлийн ерөнхий газрын Эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн газарт холбогдох хэргийг Нийслэлийн захиргааны хэргийн шүүх хянан хэлэлцээд 2013.03.27 -ны өдрийн шийдвэрээр Б.Орхонтуул, Ж.Солонго нар нь Баянзүрх дүүргийн 13 дугаар хороо, 14 дүгээр хороолол, Нарны зам, 81 тоот хаягт байрлах барилгын өмчлөгч болохоо нотлох баримт “баттай нотлох баримт” гаргасныг нь үндэслэн акт гаргахыг бүртгэлийн газар даалгасан. Авто угаалга байрлаж буй газар Б.Орхонтуулын эзэмшилд өнөөдрийн байдлаар бүртгэлгүй байгаа. "...барилга байгууламж" гэдэг нь маргаан бүхий автомат авто угаалгын тоног төхөөрөмж, сэндвичин хавтан, холбогч төмөр, 380 кв-ын цахилгааны трансформатор, бохир зайлуулах ёмкость, худаг зэрэг цогц иж бүрдэл бичгийн нотлох баримтуудыг шүүхэд гаргасан. "Бараа захиалах хэлэлцээрийн бичиг" нэртэй гэрээний дагуу "Шанхай Ай Шү Яа угаалгын тоног төхөөрөмж" ХХК-иас 2007.05.17-ны өдөр худалдаж авсан Азийн брэнд угаалгын 2 ширхэг машин, түүний дагалдах засвар, сэлбэгүүдийг хэлж байгаа юм.  Нарны зам 81 тоот хаягт байрлах автомат авто угаалгын газрын барилга байгууламж, тоног төхөөрөмж нь Эс Юу Ти ХХК-ийн хууль ёсны өмч тул өмчлөгчөөр тогтоож өгнө үү гэжээ.

Хариуцагч Б.Орхонтуулын итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан тайлбартаа: "Нартай бороо" ХХК болон Эс Юу Ти ХХК нь 2009 оноос хойш хамтран ажиллаж байсныг нотлох 2009.9.01-ний өдрийн хамтран ажиллах гэрээ байгаа боловч дээрх гэрээний дагуу хэдэн жилийн хугацаатайгаар хамтран ажиллахаар тохирсон нь тодорхойгүй. Эс Юу Ти ХХК-ийн захирал Гао Ва нь "Нартай бороо" ХХК-ийн хятадууд нутаг буцсаны дараа нэхэмжлэл гаргаад байна, тэднийг байхад нь эдгээр эд хөрөнгийг авахаар шүүхэд хандаж нэхэмжлэл гаргаагүй юм. Автомашин угаалгын барилга байгууламж, тоног төхөөрөмжийг Гао Ва хэрхэн барьж байгуулж, хөрөнгө оруулсан нь хэрэгт байгаа баримтаар нотлогддоггүй. Баянзүрх дүүргийн үйлдвэрлэл, үйлчилгээний хэлтэс 2009 онд Эс Юу Ти ХХК-д үйл ажиллагаа явуулах эрхийг 1 жилийн хугацаатай олгосон байтал 2015 он гэж зассан баримт хэрэгт авагдсан. "Нартай бороо" ХХК, Эс Юу Ти ХХК-д барилга, тоног төхөөрөмжийг шилжүүлж өгөөгүй байхад өөрийн өмч гэж байгаа нь үндэслэлгүй. "Нартай бороо" ХХК-ийн өмч байсан учраас тус компани 2012.03.28 -ны өдөр хөрөнгө хүлээлцсэн тухай тодорхойлолтоор Б.Орхонтуулд автомашин угаалгын газрын барилга тоног төхөөрөмжийг бусад зүйлийн хамтаар газрын түрээсийн төлбөрт  тооцож өгсөн. Иймд  нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагч Ж.Солонго шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие автомат угаалгын газрын үйл ажиллагааг хамтран эрхлэх зорилгоор хамтран ажиллах гэрээг Б.Орхонтуултай байгуулан тодорхой хэмжээний хөрөнгө оруулалт хийж, авто угаалгын газрын үл хөдлөх эд хөрөнгө, тоног төхөөрөмжийг хамтран өмчлөх эрхийг хэлцлийн үндсэн дээр 2011 онд олж авсан. Хууль ёсны шударга өмчлөгч юм. Эс Юу Ти ХХК нь үл хөдлөх эд хөрөнгө, тоног төхөөрөмжийг өөрийн хөрөнгөөр барьж байгуулаагүй, харин БНХАУ-ын иргэн Лин Жин Сунээс 1.250.000 юанаар худалдан авсан гэж мэдүүлж байгаа нь тэдгээрийн нэхэмжлэл, эрүүгийн хэргийг мөрдөн байцаах явцад сэжигтэн, яллагдагчаар өгсөн мэдүүлэгт тодорхой байдаг. Харин Лин Жин Сунээс эд хөрөнгийг худалдан авсан, түүнд хөрөнгө, мөнгө өгсөн нь  баримтаар огт нотлогдоогүй. Эс Юу Ти ХХК, Хү Чин, Гао Ва нар нь уг эд хөрөнгийг худалдан авсныг нотлоогүй. Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх 2016 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн 101/ШШ2016/02243 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 100 дугаар зүйлийн 100.1 дэх хэсэгт заасныг баримтлан, Б.Орхонтуул, Ж.Солонго нарт холбогдох Баянзүрх дүүрэг 13 дугаар хороо, 14 дүгээр хороолол, Нарны зам 81 тоотод байрлах автомат авто угаалгын газрын барилга байгууламж, тоног төхөөрөмж Эс Юу Ти ХХК-ийн хууль ёсны өмч болохыг тогтоолгох тухай Эс Юу Ти ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон байна.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх 2016 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн 859 дүгээр магадлалаар Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн 101/ШШ2016/02243 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.1-д зааснаар Баянзүрх дүүрэг 13 дугаар хороо, 14 дүгээр хороолол, Нарны зам 81 тоотод байрлах автомат угаалгын газрын автомашин угаах 2 ширхэг тоног төхөөрөмжийн өмчлөгчөөр нэхэмжлэгч Эс Юу Ти ХХК-ийг тогтоож, нэхэмжлэлээс  авто угаалгын газрын барилга байгууламж, газраас салгаж үл болгох худаг, ёмкость, цахилгааны трансформатор гаргуулах хэсгийг хэрэгсэхгүй болгосугай” гэж, 2 дахь заалтын “…хэвээр үлдээсүгэй” гэснийг “хэвээр үлдээж, хариуцагч Б.Орхонтуул, Ж.Солонго нараас 671.034 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Эс Юу Ти ХХК-д олгосугай” гэж тус тус өөрчилж шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1.103.500 төгрөгийг буцааж олгох захирамж гаргахаар заажээ.

Нэхэмжлэгчийн төлөөлөгч хяналтын шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Хэрэгт бүх холбогдох шүүхийн шийдвэр, тогтоол авагдсан бөгөөд шүүх эзэмшигчийг зөв тодорхойлсон боловч алдаатай шийдвэр гаргалаа. Газар эзэмших эрх нь иргэн Б.Орхонтуулын нэр дээр байсан тул техникийн нөхцөлийг түүний нэр дээр авч байсан боловч авто угаалгын газрын гадна цахилгааны ажлыг нэхэмжлэгч Х.Гоа Ва 2008 оны 11 дүгээр сард "Биндэгноров" ХХК-иар Б.Орхонтуул гэсэн нэртэй техникийн нөхцөлийн дагуу ажлын зураг гаргуулж, угсралтын ажлыг хийж дуусгасан. Энэ нь ажлын холсөнд 20 сая төгрөгийг иргэн ажлыг хийж гүйцэтгэсэн компанийн 2011.03.25-ны өдрийн 027/11 дугаартай тодорхойлолтоор /хангалтай нотлогдож байхад шүүх дүгнэлт хийгээгүй, магадлалд тусгаагүй нь хуулийн шаардлагыг хангахгүй байна. Анхан шатны шүүх ИХШХШТХуулийн 40.4-т заасныг зөрчиж ноцтой алдаа гаргасан. Ж.Солонго нь  Б.Орхонтуултай хамтран ажиллах гэрээ байгуулахаас өмнө энэ хэргийн талаар мэдээгүй байсан гэж тайлбарлаж байгаа боловч эрүүгийн хэргийг шалгах явцад Ля Жа Чан гэдэг  хүний эхнэр болох нь нотлогдсон тул түүнийг шударга эзэмшигч гэж үзэх хууль зүйн үндэслэлгүй. Мөн захиргааны хэргийн шүүхийн 2013 оны 119 дугаартай шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2013 оны 145 дугаартай магадлал, Хяналтын шатны шүүхийн 2013 оны 119 дугаартай тогтоолоор Ж.Солонгын  тайлбар нотлогдоогүй. Иймд магадлалд өөрчлөлт оруулж , нэхэмжлэлийг хангаж өгнө үү гэжээ.

Хариуцагч Ж.Солонго хяналтын шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Магадлалын зөвхөн автомат угаалгын тоног төхөөрөмжийн өмчлөгчийн асуудлыг шийдвэрлэсэн  хэсгийг хянуулахаар гомдол гаргаж байна. Нийслэлийн мэргэжлийн хяналтын байцаагчийн 2008.12.19-ний өдрийн акт нь өмчийн харилцаанд дүгнэлт өгөх баримт биш  учир дүгнэлтийг шүүх үндэслэл болгосон нь буруу. Б.Орхонтуул нь газар эзэмших эрх олж авахдаа угаалгын үйл ажиллагаа эрхлэх зорилгоор авсан бөгөөд энэ нь нотлогдддог.    "Нартай бороо" ХХК нь автомат авто угаалгын  үйл ажиллагаа явуулах үндсэн чиглэлтэй болох нь үүсгэн байгуулах баримт бичгүүдээр нь тогтоогдоно. Эс Юү Ти ХХК нь тоног төхөөрөмж, барилга байгууламжийг "Мон Үнэлгээ" ХХК-аар үнэлүүлэн үндсэн хөрөнгө нь 173.000 ам доллар болсон гэх боловч "Мон Үнэлгээ" ХХК нь  хөрөнгийн өмчлөгч, эзэмшигчийг тодорхойлоогүй алдаа гаргасан нь хөрөнгийн үнэлгээний "Бэст Фортуна" ХХК-ийн тодорхойлолт, тайлбар, шатны шатны шүүхийн шийдвэрийн дүгнэлтээс харагддаг. М.Цогбаярын нэрээр гаалийн бүрдүүлэлт хийж Эс Юү Ти ХХК автомат угаалгын тоног төхөөрөмжийг Монголд оруулсан гэж байгаа тохиолдолд эрүүгийн хэргийг шалгах явцад өгсөн түүний мэдүүлэгт анхаарал хандуулах шаардлагатай байсан. 2011.04.21-ний өдөр иргэн М.Цогбаяр гэрчийн мэдүүлэг өгөхдөө хэн хэдэн төгрөгийн хөрөнгө оруулалт хийснийг мэдэхгүй талаараа хэлсэн байдаг. М.Цогбаярын нэрээр гаалийн бүрдүүлэлт хийсэн гэх үйл баримтад дүгнэлт өгсөн хэдий ч тухайн тоног төхөөрөмжийн өмчлөх эрхийг Эс Юү Ти ХХК хэрхэн ямар арга замаар олж авсан байдалд шүүх дүгнэлт өгөөгүй. Энэ хэрэгт "Шанхайн Ай Шү Я" ХХК-ийн гаргасан хоёр өөр агуулгатай тодорхойлолт авагдсан байдгийг шүүх анхаарах шаардлагатай байсан.  Шанхайн "Ай Шү Я" ХХК-ийн тодорхойлолт нь үнэн зөв эсэх нь эргэлзээ төрүүлж байгаа.  Хамгийн чухал нь Эс Юү Ти ХХК нь угаалгын машины үнийг Лин Жин Сунд төлж өмчлөх эрхийг олж авсан гэх хэдий ч нэхэмжлэгч нь энэ тухай баримтыг гаргаж өгөөгүй Иймд магадлалыг хүчингүй болгон шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Улаанбаатар хотын Баянзүрх дүүрэг 13 дугаар хороо, 14 дүгээр хороолол, Нарны зам 81 тоотод байрлах автомат авто угаалгын газрын барилга байгууламж, тоног төхөөрөмж нь Эс Юу Ти ХХК-ийн өмч болохыг тогтоолгох нэхэмжлэлийг Эс Юу Ти ХХК нь Ж.Солонго, Б.Орхонтуул нарт холбогдуулан гаргасныг хариуцагч нар зөвшөөрөхгүй маргасан байна.

Анхан шатны шүүх Эс Юу Ти ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосныг давж заалдах шатны шүүх өөрчилж, нэхэмжлэлээс “...автомашин угаах 2 ширхэг тоног төхөөрөмжийн өмчлөгчөөр тогтоолгох...” шаардлагыг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгожээ.

Хяналтын шатны шүүхэд гаргасан зохигчдын гомдол үндэслэлгүй байх тул магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж  шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

  1. Маргааны зүйл, түүний үндэслэлийн талаар:        

Улаанбаатар хотын Баянзүрх дүүргийн 13 дугаар хорооны, 14 дүгээр хороолол, Нарны зам 81 тоотод байрлах автомат авто угаалгын газрын барилга байгууламж /”сендвич” байшин/, тоног төхөөрөмж / T9HM-W-2D автомат машин угаалгын төхөөрөмж,  бохирын цооног, гүний худаг, трансформатор/ нь зохигчдын хооронд үүссэн маргааны зүйл байна.

Нэхэмжлэгч нь “...T9HM-W-2D автомат машин угаалгын төхөөрөмжийг бусдаас  худалдаж авсан, харин бохирын цооног, гүний худаг, трансформатор, “сендвич” байшинг өөрийн хөрөнгөөр барьсан...” гэсэн үндэслэлээр дурдсан хөрөнгийг Эс Юу Ти ХХК-ийн   өмч гэж үзжээ. 

Харин Б.Орхонтуул нь “...дурдсан эд хөрөнгийг түрээсийн төлбөрт тооцон бусдаас авсан...” гэсэн үндэслэлээр уг эд хөрөнгийг өөрийн өмч гэж маргасан байна.  

Хариуцагч Ж.Солонго нь “...Улаанбаатар хотын Баянзүрх дүүргийн 13 дугаар хорооны, 14 дүгээр хороолол, Нарны зам 81 тоотод байрлах автомат авто угаалгын газарт хөрөнгө оруулсан...” гэсэн үндэслэлээр маргааны зүйлийг өөрийн өмч гэж үзжээ.

2. Хяналтын шатны шүүхэд гаргасан нэхэмжлэгчийн гомдол үндэслэлгүй тул  хангахгүй орхино.

Шүүх Эс Юу Ти ХХК-ийн нэхэмжлэлээс “...барилга байгууламж болон бохирын цооног, гүний худаг, трансформатор...”-н өмчлөгчөөр тогтоолгох шаардлагыг хэрэгсэхгүй болгосныг нэхэмжлэгч эс зөвшөөрсөн байна.

Нэхэмжлэгч нь Улаанбаатар хотын Баянзүрх дүүргийн 13 дугаар хорооны, 14 дүгээр хороолол, Нарны зам 81 тоотод байрлах “сендвич” байшин болон бохирын цооног, гүний худаг, трансформаторын өмчлөгч болох нь хэрэгт байгаа баримтаар тогтоогдоогүй тул нэхэмжлэлийн энэ шаардлагыг шүүх хэрэгсэхгүй болгосон нь буруу биш гэж үзлээ.      

"Биндэгноров" ХХК-ийн 2011 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 027/11 дугаар албан бичигт авто угаалгын газрын гадна цахилгааны ажлыг хийсэн талаар дурдсан хэдий ч уг ажлын техникийн нөхцөл нь Б.Орхонтуулын нэрээр хийгдсэн тул энэ баримт нэхэмжлэгчийн өмчлөх эрхийг нотлохгүй. /хх1-ийн 61-р тал/

Хэргийн 45-54 дүгээр талд буй төлбөрийн баримт нь нэхэмжлэгч “сендвич” байшин, бохирын цооног, гүний худаг, трансформаторыг бариулсан гэх үйл баримтыг тогтоогоогүй  байх тул хяналтын шатны шүүхэд гаргасан нэхэмжлэгчийн гомдлыг хангах боломжгүй байна.

3. Хариуцагч Ж.Солонгын гомдлыг хангах үндэслэлгүй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.        

Ж.Солонго хяналтын шатны шүүхэд гомдол гаргахдаа “...Нийслэлийн мэргэжлийн хяналтын байцаагчийн 2008.12.19-ний өдрийн акт нь өмчийн харилцаанд дүгнэлт өгөх баримт биш ...Б.Орхонтуул нь газар эзэмших эрх олж авахдаа угаалгын үйл ажиллагаа эрхлэх зорилгоор авсан нь нотлогддог... "Нартай бороо" ХХК нь автомат авто угаалгын  үйл ажиллагаа явуулах үндсэн чиглэлтэй болох нь үүсгэн байгуулах баримт бичгүүдээр нь тогтоогдоно... нэхэмжлэгч үнэлгээний байгууллага нь хөрөнгийн өмчлөгч, эзэмшигчийг тодорхойлоогүй алдаа гаргасан.... автомат угаалгын тоног төхөөрөмжийг Монголд оруулж ирэхэд хэн хэдэн төгрөгийн хөрөнгө оруулалт хийснийг М.Цогбаяр мэдэхгүй гэдгээ гэрчилсэн... тоног төхөөрөмжийн өмчлөх эрхийг Эс Юү Ти ХХК хэрхэн ямар арга замаар олж авсан байдалд шүүх дүгнэлт өгөөгүй... "Шанхайн Ай Шү Я" ХХК-ийн гаргасан хоёр өөр агуулгатай тодорхойлолт авагдсан байдгийг шүүх анхаараагүй... машины үнийг Лин Жин Сунд төлж өмчлөх эрхийг олж авсан гэх хэдий ч нэхэмжлэгч нь энэ тухай баримтыг  гаргаж өгөөгүй...” гэсэн үндэслэл заасан нь нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нөхцөл болохгүй байгаа тул гомдлыг хангахгүй орхив.     

а/. Нийслэлийн мэргэжлийн хяналтын байцаагчийн 2008.12.19-ний өдрийн 11-237/1475 тоот акт /хх1-ийн 55-р тал/ нэхэмжлэгчийн өмчлөх эрхийг нотлохгүй тухай  хариуцагчийн гомдол үндэслэлтэй боловч уг баримт нэхэмжлэлийг эс зөвшөөрсөн хариуцагчийн татгалзлыг мөн нотлохгүй тул нэхэмжлэлийг үгүйсгэж чадахгүй байна.      

б/. Хуулийн этгээдийн аж ахуйн үйл ажиллагааны чиглэл нь эд хөрөнгийн өмчлөлийг нотлох баримтад хамаарахгүй тул “...Б.Орхонтуул нь автомашин угаалгын үйл ажиллагаа эрхлэх зорилгоор газар эзэмших эрх олж авсан... "Нартай бороо" ХХК нь автомат авто угаалгын үйл ажиллагаа явуулах үндсэн чиглэлтэй...” гэх гомдлоор магадлалыг хүчингүй болгох боломжгүй.    

в/. Хөрөнгийн үнэлгээний байгууллагын дүгнэлтээр хөрөнгийн өмчлөгчийг тодорхойлох боломжгүй тул уг баримт нь нэхэмжлэл болон сөрөг нэхэмжлэлийг хангах нөхцөл болохгүй. Хөрөнгийн үнэлгээний “Мон үнэлгээ” ХХК-ийн үнэлгээний тайлан /хх1-ийн 35-40-р тал/, мөн “Бест фортуна аудит” ХХК-ийн 2014 оны 7 дугаар сарын 08-ны өдрийн 1/74 тоот албан бичигт /хх2-ийн 269-270-р тал/ маргааны зүйл болсон эд хөрөнгийн үнэлгээний талаархи мэдээлэл агуулагдаж байна.          

г/. “Ай Шүэ Я” компанийн тодорхойлолтод дурдагдсан “...SUT компани...” нь нэхэмжлэгч Эс Юу Ти ХХК биш гэж хариуцагч нар маргаагүй тул энэ үйл баримтыг  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.4-т заасан үндэслэлээр тогтоогдсон гэж үзнэ.

Түүнчлэн, БНХАУ-ын “Ай Шүэ Я” компани нь T9HM-W-2D маркийн тоног төхөөрөмжийг Монгол улсын SUT компанид худалдаж, тоног төхөөрөмжийн үнэ 676.000 юанийг хүлээн авсан тухай баримтыг /хх1-ийн 150-151, 154-155, 176-189-р тал, хх2-ийн 262-267-р тал, хх3-ийн 647-648-р тал/ хариуцагч үгүйсгэж чадаагүй, “Ай Шүэ Я” компанийн  тодорхойлолт хэрэгт авагдсан бөгөөд эдгээрийг харьцуулан дүгнэвэл хоорондоо зөрүүтэй мэдээлэл агуулсан гэж үзэхээргүй байгаа тул энэ тухай гомдлыг хүлээн авах боломжгүй  байна. /хх1-ийн 150, 154, 176-179-р тал /

д/. Б.Орхонтуул нь маргааны зүйлийг БНХАУ-ын иргэн ZHANG ZHEN JING-с түрээсийн төлбөрт тооцон авсан /хх 1-ийн 217-р тал/ гэх боловч уг баримтын хятад хэл дээрхи хувь хэрэгт байхгүй тул нэхэмжлэлийн талаар хийсэн шүүхийн дүгнэлт Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.4, 38 дугаар зүйлийн 38.5, 40 дүгээр зүйлийн 40.1, 44 дүгээр зүйлийн 44.2-т нийцжээ.    

Дээр дурдсан үндэслэлээр зохигчдын гомдлыг хангахгүй орхиж, магадлалыг хэвээр үлдээв.

Шүүх T9HM-W-2D маркийн тоног төхөөрөмжийн өмчлөгчөөр нэхэмжлэгч байгууллагыг тогтоосон нь хариуцагч нараас бусад этгээдийн шаардах эрхийг хязгаарлахгүй болохыг дурдах нь зүйтэй гэж үзлээ.   

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ : 

1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн 859 дүгээр магадлалыг хэвээр үлдээж, зохигчдын гомдлыг хангахгүй орхисугай.

2. Хяналтын шатны шүүхэд гомдол гаргахдаа нэхэмжлэгч Эс Юу Ти ХХК-иас 2016 оны 05 дугаар сарын 23-ны өдөр төлсөн 432.466 төгрөг, хариуцагч Ж.Солонгоос 2016 оны 05 дугаар сарын 23-ны өдөр төлсөн 70.200 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

                                    ТАНХИМЫН ТЭРГҮҮН                           Х.СОНИНБАЯР

                                     ШҮҮГЧ                                                     Б.УНДРАХ