Дундговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 11 сарын 20 өдөр

Дугаар 78

 

 

 

 

 

 

 

 

                                   

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Дундговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Мөнхбат даргалж тус  шүүхийн “А” танхимд нээлттэй хийсэн  хуралдаанд

Нарийн бичгийн дарга Г.Нямаа

Улсын  яллагч Г.Хаш-Эрдэнэ

Хохирогч Б.Жаргалсайхан

Шүүгдэгч Д.Буянсүх нарыг оролцуулан  Дундговь  аймгийн  прокурорын  газрын  хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хялбаршуулсан журмаар мөрдөн байцаалт явуулан яллах дүгнэлт үйлдэж  ирүүлсэн Д.Буянсүхэд холбогдох эрүүгийн 1722000800043 тоот  хэргийг  2017 оны  11 дүгээр сарын 16-ны  өдөр  хүлээн  авч  хэлэлцэв. 

            Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1974 оны 12 дугаар сарын 25-ны өдөр Дундговь аймгийн Сайнцагаан суманд төрсөн, 43 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 4, эхнэр 2 хүүхдийн хамт Дундговь аймгийн Луус сум, багийг нь мэдэхгүй  “Хатуу төгрөг” гэх газар оршин суух, урьд ял шийтгүүлж байгаагүй, бие эрүүл, ухаан бүрэн гэх Дугант овгийн Доржсүрэнгийн  Буянсүх гэв.

           

Шүүгдэгч Д.Буянсүх нь 2017 оны 9 дүгээр сарын 29-ний өдөр Дундговь аймгийн Сайнцагаан сумын 1 дүгээр багийн  нутаг дэвсгэрт Б.Жаргалсайханы бие, эрх чөлөөнд халдаж, зодсоны улмаас эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт  холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн  хэлэлцүүлгээр  дараах  нотлох баримтуудыг  шинжлэн   судлав.  Үүнд:

1.Шүүгдэгч Д.Буянсүх шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэг өгөхгүй, асуусан  асуултанд хариулна гэв.

2. Шүүгдэгчийн мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар өгсөн: “...2017 оны 9 дүгээр сарын  29-ний өдөр хөдөө гэртээ эхнэр Энхцэцэгийн  хамт байж айтал манай саахалт айлын Б.Жаргалсайхан гэх хүн манайд 11 цагийн  үед ирсэн. Гэтэл манай эхнэр Энхцэцэг бид 2-т монгол архи нэрж өгсөн, бид 2 монгол архи, мөн айраг  уусан. Тэгээд 13 цагийн үед Жаргалсайхан  согтоод агсан тавиад байсан.  Тэгтэл манай эхнэр миний дүү согтсон байна унтаж амраад яв гэтэл чи надад шаалгуулмаар байна уу гичий минь гэсэн тэгэхээр нь би хавираад түлхтэл зүүн шанаагаараа газарт ойчсон. Тэгээд эхнэр бид 2 дарж байгаад унтуулсан. Тэгээд орой 20 цагийн үед хүргэн ах Батбилэг нь ирээд гэрлүүгээ аваад явах гэтэл сэргэхгүй байсан. Тэгээд Батбилэг манайд хонохоор болоод унтсан.  Гэтэл 22 цагийн үед чимээ гарахаар нь гар чийдэн тусгаад хартал Жаргалсайхан шалдан зуухруу шээгээд зогсож байсан. Тэгэхээр нь би бүсч очоод түлхэж унагаагаад 3 удаа цээж рүү нь дэвссэн.  . Тэгээд би гэрээсээ яваад аав Бямбаа гэж хүнийг авчраад байгаа байдлыг нь харуулсан. Тэгээд тэр 3 гэр рүүгээ явсан. Өдөр нь агсан тавиад байхаар нь 1 удаа хавираад түлхэж унагаасан, тэгээд орой нь зуух руу нь шээхээр нь түлхэж унагаад 3 удаа дэвссэн. Би тухайн үед архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан гэхдээ өөрийгөө хянах бүрэн чадвартай байсан..” гэх мэдүүлэг /хх-ийн 27-28/

3. Хохирогч Б.Жаргалсайхан шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: 2017 оны 9 сарын 29-ний өдөр үдээс өмнө 11-12 цагийн хооронд би хонь эргүүлчихээд Буянсүхийнд буусан. Би гэрийн эзэнтэй хамт нэрмэл архи, 2-3 хул айраг уусан. Дахиад тогоо нэрсэн гээд халуун архи оруулж ирсэн байсныг уусан. Тэр хооронд би овоон дээр гарч малаа хараад ирсэн. Үдээс хойш халуун архи уусан учраас би согтсон боловч дуулж, дэмбээдэж хожигдож байснаа санаж байна. Сүүлдээ бид маргалдсан бололтой  би гараад мотоцикль дээрээ мордсон байтал эдний эхнэр нь намайг “чи яасан муухай юм бэ” гээд цохиод байсан. Чи согтуу байна гээд гэр лүүгээ оруулаад миний гарыг мужиж унагаад намайг дэвсэж, цээж толгойд өшиглөсөн. Би тэрнээс хойш юм санахгүй байна. Тэгээд шөнө сэрсэн чинь  аав ирчихсэн “яагаад айлд шээдэг юм бэ” гэж загнасан. Эд нар манайд шээсэн гэж хэлсэн байна лээ. Тийм  л зүйл болсон. Би холбогдох баримтаа өгсөн, эмчилгээний мөнгөтэй холбоотой баримтаа ч өгсөн. Би нарийн мэргэжлийн эмчид үзүүлж цээж, толгойны зураг авахуулсан, 300000 төгрөгий зардал гарсан. Нийтдээ  надад 498000 төгрөгийн зардал гарсан.Үүнийг  нэхэмжилж байн а гэв.

4. Гэрч Э.Энхцэцэгийн: “...Манай гэрт 2017 оны 9 дүгээр сарын 29-ний 11 цагийн орчим Бямбаагийн Жаргалсайхан ирсэн. Би гэртээ тогооны нэрмэл архи нэрж байсан  ба тогооны нэрмэлээсээ Б.Жаргалсайханд хийж өгсөн. Б.Жаргалсайхан манай нөхөртэй хуруудаад,  дэмбээдээд, дуулаад байсан. Манай нөхөр нутгийн дүү ирлээ гээд баярлаад байсан.  Тэр хоёр 1,5 литр нэрмэл архи уусан.  Б.Жаргалсайхан нь 15 цагийн орчим нэлээд согтсон байдалтай байсан ба манай нөхрийг хэл амаар доромжлоод байхаар нь би “миний дүү гэрт унтчих” гэсэн чинь Б.Жаргалсайхан “чи надтай гэрт орж яах гээд байгаа юм, гичий чинь надаар шаалгах гээд байгаа юмуу” гэж намайг доромжилсон, мөн гэр рүү нь хүргэж өгье гэсэн чинь явахгүй байсан. Машины хаалга өшиглөөд янз бүрийн  байдлаар агсам тавиад байсан. Ингээд байхаар нь манай нөхөр уурлаад “чи ямар муухай санаатай хүн бэ хүн унт гэж санаа тавьж байхад” гээд Б.Жаргалсайханы дээлний 2 нударганаас ард нь барьж байгаад хавирсан чинь Б.Жаргалсайхан баруун талын хацраараа газар унасан. Тэгэхээр нь бид 2 босгоод гэр рүү дагуулж ороод арай хийж унтуулсан….хүргэн  ах Батбилэг  нь 18 цагийн орчим манай гэрт ирэхээр нь нөхөр Буянсүх бид 3 айраг ууж байгаад Батбилэгийн  мотоциклийн дугуй нь хагарсан  байсан чинь манай гэрт хонохоор болсон. Тэсгэмн  чинь 22 цаг 30 минутын орчим манай нөхөр гэрэл асаасан чинь Б.Жаргалсайхан түрсикгүй чармай шалдан зуух, түлээний сав руу шээгээд зогсож байхаар  нь нөхөр очоод Б.Жаргалсайханыг татаад унагасан  чинь толгойгоороо босго мөргөсөн, манай нөхөр 2,3 удаа дэвссэн. Тэгээд манай нөхөр бодит байдлыг  нь харуулах гээд яваад аавыг  нь гэрт авч ирж харуулсан. Тэгээд 01 цаг 30 минутанд Бямбаа гуай Жаргалсайханыг аваад явсан ...” гэх мэдүүлэг /хх-6-7/

5. Гэрч З.Бямбаагийн : “....2017 оны 9 дүгээр саын 29-ний өдөр би ахмадын баярт оролцох гээд өөрийн хүү Жаргалсайхан , хүргэн Батбилэг нараар гэр болон малаа харуулаад үлдээсэн. Би аймгаас орой 21 цаг гээд хөдөө гэртээ харьсан. Гэрт хүн байгаагүй,  гэр цоожтой байсан. Тэгээд гэрт байж байтал манай хүргэн  Батбилэг саахалт айлын  Буянсүхтэй хамт ирсэн. Тэгсэн Буянсүх ах жоохон уучлаарай танай хүү бид хоёр жоохон  архи уугаад танай хүү согтчихлоо. Танай хүү бид хоёр жоохон  маргалдаад танай хүү агсан тавиад манайд унтаж байгаа гэж хэлсэн. Манай хүргэн аавд Буянсүхэд амсуулах архи байна уу гээд 0,5 граммын архи гаргаад талыг нь уусан. Тэгээд манай хүргэн  Буянсүх 2 буцаад хамт яваад өгсөн. Тэгээд унтаж байтал манайд эргэж ирээд танай хүү манай гэрт шээгээд байна гэж хэлэхээр  нь хамт гэрт очсон. Манай хүү гэрийнх нь зуухны зүүн  талд хэвтэж байсан. Манай хүүгийн  нүүр нь хавдсан, хөх эрээн болсон. Яагаад хүүхэд зодчихов гэсэн чинь манайд шээхээр мөргөсөн, өшилөсөн гэж хэлж байсан. Тэгээд би хүүгээ аваад явсан ...” гэх мэдүүлэг /хх-ийн 10-11/

6. Гэрч Г.Батбилэгийн: “...2017 оны 9 дүгээр сарын 29-ний өдөр би 16 цагийн үед Буянсүхийнд очсон. Буянсүх эхнэртэйгээ байсан. Жаргалсайхан гэрийнх нь баруун хойд талд нь унтаж байсан. Буянсүх тэгсэн чинь Жаргалсайхан бид 2 жоохон маргалдаад одоо намдчихаад байж байна гэж хэлсэн. Юунаас болж маргасан  талаар яриагүй. Би Жаргалсайханыг  босгох гэсэн  чинь босохгүй байсан. Жаргалсайханы нүүр хавдсан байдалтай байсан. Тэгэхээр  нь би Буянсүхээс арай дэндүү зодсон юм биш үү гэсэн чинь 2-3 өшиглөсө, мөргөсөн  гэж ярьсан.  Тэгээд эв зүйгээ олоод Жаргалсайхан  унтаж байгаа юм гэж ярьсан. ...тэгээд эргээд Буянсүх бид хоёр Буянсүхийнд ирсэн.Жаргалсайханыг гэрээд нь аваад явах гэсэн  чинь босоогүй, тэгэхээр  нь би гэрийн баруун  талаар Жаргалсайханы хажуугаар хэвтээд өгсөн.  Унтаж байсан  чинь намайг  хүн татаад байсан ба сэрсэн чинь Буянсүхийн  эхнэр чи бос л доо Жаргалсайхан гэрт шээгээд байна энийгээ ав л даа гээд байсан. Би бостол Жаргалсайхан зуухны урд талд хувцасаа тайлчихсан хэвтэж байсан. Тэгээд би хувцсыг нь өмсгөчихөөд байж байтал Буянсүх хадам аав Бямбааг аваад ирсэн. Тэгээд Жаргалсайханыг босгоод аваад явсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 12-13/

7. 2017 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 170200295 дугаартай шинжээчийн дүгнэлтэд:

  • Б.Жаргалсайханы биед зүүн 5-р хавирганы зөрүүгүй хугарал, зүүн хацар ясны цууралт, баруун чихний хэнгэрэг хальсны урагдал, тархи доргилт, зүүн нүдний эвэрлэг цус харвалт, хацар зулгарсан, баруун зүүн чих, зүүн нүдний зовхи, цээжинд цус хурсан зөөлөн эдийн  гэмтэл тогтоогдлоо.
  • Зүүн 5-р хавирганы зөрүүгүй хугарал, зүүн хацар ясны цууралт баруун  чихний хэнгэрэг хальсны урагдал, тархи доргилт, зүүн нүдний эвэрлэг цус харвалт нь тус бшртээ Шүүх эмнэлгийн гэмтлийн  зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн  зэрэгт хамаарна. Зулгарсан, цус хурсан зөөлөн эдийн гэмтэл нь гэмтлийн зэрэгт хамаарахгүй
  • Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн 4 ба түүнээс дээш удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
  • Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй...” гэсэн дүгнэлт /хх-ийн 18-19/

8.Хэрэгт авагдсан  бусад бичгийн баримт зэргийг  шинжлэн судлав.

Хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт судлагдсан дээрхи баримтуудыг  мөрдөн байцаалтын  шатанд  Эрүүгийн  хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан  үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлж авсан байх тул шүүх нотлох баримтаар үнэлж  шийдвэрлэлээ.

Шүүхийн  хэлэлцүүлэгт судлагдсан дээрхи баримтуудаар шүүгдэгч Д.Буянсүх нь 2017 оны 9 дүгээр сарын 29-ний өдөр Дундговь аймгийн Сайнцагаан сумын 1 дүгээр багийн  нутаг дэвсгэрт Б.Жаргалсайханы бие, эрх чөлөөнд халдаж, зодсоны улмаас хохирогчийн  эрүүл мэндэд  хөнгөн  хохирол учирсан болох нь шинжээчийн 170200295 дугаартай дүгнэлтээр тогтоогдож  байна.

Иймд шүүгдэгч Д.Буянсүхийг Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт  хэргийг  үйлдсэн гэм  буруутайд тооцлоо.

Шүүгдэгч Д.Буянсүх нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг  үйлдсэн, уг гэмт  хэрэг гарахад хохирогчийн  зүй  бус  үйлдэл  нөлөөлсөн  нь Эрүүгийн хуулийн  6.5 дугаар  зүйлийн  1.1, 1.4 дэх хэсэгт заасан  эрүүгийн  хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал болох ба эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй  байна.

Дээр дурдсан  эрүүгийн  хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал, прокурорын саналыг  харгалзан шүүгдэгч Д.Буянсүхэд Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан торгох ялыг, доод хэмжээгээр сонгон оногдуулах нь зүйтэй гэж үзлээ.

Шүүгдэгч Д.Буянсүх нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг дурдаж шийдвэрлэлээ. 

Хэрэгт авагдсан хохирлын талаархи баримтуудыг судалж үзэхэд хэргийн 36-43-рт авагдсан “МНЧ” ХХК эм тариа, дусал, наалт авсан  61400 төгрөг, “Нэгдсэн  эмнэлэг” үзлэгийн төлбөр 68000 төгрөг,  “Мөнгөнгүүр” эмнэлэг толгойн зураг 150000 төгрөг, цээжний зураг 150000 төгрөг, шүүх эмнэлгийн дүгнэлт 8000 төгрөг, “Эдмонс” эмийн  сан 61090 төгрөг  буюу нийт 498490 төгрөгийн баримт нотлох баримтын шаардлага хангасан,  хохирогчийн эмчилгээ хийлгэхтэй холбогдон гарсан байна  гэж  үзэж шүүгдэгч Д.Буянсүхээс гаргуулан хохирогчид олгохоор шийдвэрлэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.3 дугаар зүйлийн 1, 36.7, 36.8, 36.10, 38.1, 38.2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

  1. Шүүгдэгч Дугант овгийн Доржсүрэнгийн Буянсүхийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
  2. Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Буянсүхэд дөрвөн зуун тавин нэгжээр буюу 450000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял оногдуулж шийтгэсүгэй.
  3. Шүүгдэгч Д.Буянсүх нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг дурдсугай.
  4. Иргэний хуулийн  497 дугаар зүйлийн  1, 505 дугаар зүйлийн  1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Буянсүхээс 498490 төгрөгийг гаргуулан хохирогч Б.Жаргалсайханд олгосугай. 
  5. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Буянсүхэд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг үргэлжлүүлэн авсугай. 
  6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дундговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

 ДАРГАЛАГЧ                                        Г.МӨНХБАТ