Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 08 сарын 19 өдөр

Дугаар 2021/ДШМ/27

 

Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Н.Энхмаа даргалж, шүүгч Л.Нямдорж, Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Бямбасүрэн нарын бүрэлдэхүүнтэй хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд     

                  Прокурор Б.Эрдэнэбаяр

                  Шүүгдэгч М.Ш /цахимаар/

                  Нарийн бичгийн дарга Б.Болортуяа нарыг оролцуулан

 

Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн Ерөнхий шүүгч Б.Сарантуяагийн даргалж шийдвэрлэсэн шүүх хуралдааны 2021 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн 2021/ШЗ/121 дугаартай шүүгчийн захирамжийг эс зөвшөөрсөн прокурорын эсэргүүцлээр М.Шт холбогдох эрүүгийн 2127000000043 дугаартай хэргийг 2021 оны 07 дугаар сарын 08-ны өдөр хүлээн авч, шүүгч Н.Энхмаагийн  илтгэснээр хянан хэлэлцэв.                                                                                                    

 

Монгол Улсын иргэн, гавьяа шагналгүй, Өвөрхангай аймгийн Сум дундын шүүхийн 2000 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн 48 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 90 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 239 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар нийт 3 жилийн хугацаагаар хорих ялаар,

Өвөрхангай аймгийн Сум дундын 1 дүгээр шүүхийн 2003 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн 72 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1 дэх хэсэгт зааснаар 5 жил 1 хоногийн хугацаагаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3 дахь хэсэгт зааснаар 6 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт зааснаар ялыг багтааж нийт 6 жилийн хугацаагаар хорих ялаар,

Өвөрхангай аймгийн сум дундын 2 дугаар шүүхийн 2008 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн 35 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 100 дугаар зүйлийн 100.1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 58 дугаар зүйлийн 58.1 дэх хэсэгт зааснаар урьд эдлээгүй үйлдсэн 2 сар 11 хоногийн хорих ялыг нэмж нэгтгэн нийт 1 жил 2 сар 11 хоногийн хугацаагаар хорих ялаар,

Өвөрхангай аймаг дахь Сум дундын 2 дугаар шүүхийн 2013 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн 42 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар баривчлах ялаар,

Сум дундын 18 дугаар шүүхийн 2014 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн 34 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар,

Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн 25 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар 1 сар 10 хоногийн хугацаагаар баривчлах ялаар,

Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 2020/ШЦТ/101 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ялаар,

Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн 2021 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн 2021/ШЦТ/16 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар тус тус шийтгүүлсэн, Галсан-Ёндон овгийн М.Ш

 

М.Ш нь 2021 оны 03 дугаар сарын 21-ний өдөр Ч.Г-н гэрт Н.А-н толгойн тус газар нь орны цагаан төмрөөр 1 удаа цохиж, 2021 оны 05 дугаар сарын 01-ний өдөр мөн зуухны тагаар толгойн тус газар нь 1 удаа цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан, мөн үргэлжилсэн үйлдлээр Ч.Г-н толгойн тус газар нь аягаар 1 удаа цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогдсон /яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/ бөгөөд Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын Прокурорын газрын хяналтын прокуророос түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-т заасан гэмт хэрэгт эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татан ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж хэргийг харьяаллын дагуу Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхэд шилжүүлжээ.

 

Анхан шатны шүүх Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн яллагдагч Галсан-Ёндон овогт М.Шт холбогдох эрүүгийн 2127000000043 дугаартай хэргийг Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын Прокурорын газарт буцааж, хэргийг прокурорт очтол яллагдагч М.Шт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 2-т зааснаар захирамжийг прокурор, яллагдагч, түүний хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч эс зөвшөөрвөл уг шийдвэрийг хүлээн авснаас хойш ажлын 5 өдөрт багтаан эсэргүүцэл бичих, гомдол гаргах эрхтэй болохыг дурдаж шийдвэрлэжээ.

 

Прокурор Д.Алимаа давж заалдах шатны шүүхэд гаргасан эсэргүүцэлдээ: Шүүгчийн захирамжийг үндэслэлгүй, хуулийн шаардлагад нийцээгүй гэж дүгнэж дараах үндэслэлээр эс зөвшөөрч байна.

Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулахад прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шийдвэрлэх боломжтой, өөрөөр хэлбэл Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл буюу гэмт хэргийн шинжийг хангах эсэхийг тогтоох Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотловол зохих байдал хэрэгт бүрэн нотлогдсон.

            Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдлуудад хамаарахгүй байна.

             Нөгөөтэйгээр шүүгчийн захирамжинд дурьдсан яллагдагчийн хувийн байдал тогтоосон “нотлох баримтаар үнэлэх боломжгүй” нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.11 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийг үндэслэн нотлох баримтаас хасч тооцох тухай прокуророос гаргасан хүсэлтийг хүлээн авч шийдвэрлэх боломжтой. /нэгэнт захирамжинд нотлох баримтын шаардлага хангахгүй гэж дүгнэсэн учир/

Прокурорын зүгээс анхан шатны шүүх хуралдаанд дээрх баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулинд заасан нотлох баримтын шаардлага хангуулан дахин гаргаж өгөх боломжтой бөгөөд энэ ажиллагаа нь хэргийн шийдвэрлэлт болон яллагдагчийн эрх зүйн байдалд нөлөөлөхгүй. Мөн түүний гэм буруутай эсэхийг хянан шийдвэрлэхэд саад болохуйц ажиллагаа биш юм.

Дээрх ажиллагааг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт заасан шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй мөрдөн шалгах ажиллагаа гэж дүгнэх нь хууль зүйн үндэслэлгүй байна.

Яллагдагч М.Шийн хувийн байдлыг буюу түүний өмнө нь гэмт хэрэг үйлдэж шүүхээр шийтгүүлж, оногдуулсан ялыг эдэлж суллагдаж байсныг нотлох баримт хэрэгт авагдсан /ял шийтгэлтэй эсэхийг шалгах хуудас/ байгааг шүүх ямар үндэслэлээр үнэлэхгүй байгаа нь ойлгомжгүй энэ талаар захирамжинд тодорхой заагаагүй байна.

 

Иймд шүүгчийн захирамжийг хүчингүй болгуулж, хэргийг анхан шатны шүүхээр хэлэлцүүлэхээр эсэргүүцэл бичив гэжээ.

 

Прокурор Б.Эрдэнэбаяр шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: Шүүгчийн захирамжинд шүүгдэгч М.Шийн хувийн байдлыг тогтоосон нотлох баримтууд буюу хавтаст хэргийн 59-106 дугаар хуудсанд байгаа шийтгэх тогтоолын хуулбарууд нотлох баримтын шаардлага хангаагүй байна гэснийг прокуророос нотлох баримтыг хасч тооцоод гэм буруугийн шүүх хуралдаан дээр нотлох баримтын шаардлага хангуулах хүсэлт гаргасан боловч шүүх хүлээж аваагүй. Яллагдагчийн хувийн байдлыг тогтоосон шийтгэх тогтоолууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан гэмт хэрэг хэрхэн, хаана үйлдэгдсэн, яллагдагчийн гэм бурууг шийдвэрлэхэд нөлөөлөхгүй харин эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд шаардлагатай нотлох баримтууд учраас тухайн нотлох баримтыг гэм буруугийн шүүх хуралдаан дээр гаргаж өгөх боломжтой байхад хэргийг буцаасан нь үндэслэлгүй байна гэсэн үндэслэлээр прокурор эсэргүүцэл бичсэн. Нэг жилийн хорих ял оногдуулаад тэрхүү хорих ялаа эдэлж дууссан нь тогтоогдохгүй байна гэсэн үндэслэлийг мөн захирамжинд дурдсан байсан. Энэ нь ял шалгасан хуудас буюу яллагдагчийн хувийн байдлын тодорхойлолтод тодорхой заасан байхад хэргийг буцаасан нь үндэслэлгүй байна гэж үзэж байна. Хэргийг анхан шатны шүүхээр хэлэлцүүлэх боломжтой, хувийн байдлыг тогтоох нотлох баримтыг гэм буруугийн шүүх хуралдаан дээр гаргах боломжтой гэж үзэж байна.

 

Иймд Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн 2021 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн 2021/ШЗ/121 дугаартай шүүгчийн захирамжийг хүчингүй болгож хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү гэв.

 

Яллагдагч М.Ш шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Прокурорын дүгнэлттэй холбогдуулж хэлэх тайлбар байхгүй гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3-т тус тус зааснаар давж заалдах шатны шүүх тухайн хэргийн бүх ажиллагаа, шүүгчийн захирамжийг хуульд заасан үндэслэл журмын дагуу хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг үндэслэж, прокурорын эсэргүүцэлд дурдсан үндэслэлээр хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянан шийдвэрлэлээ.

 

Анхан шатны шүүхийн шүүгчээс 2021 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн 167 дугаартай шинжээчийн дүгнэлтэд Н.С-н биед гэмтлийн зэрэг тогтоох зорилгоор шүүх эмнэлгийн үзлэгийг хийсэн гэсэн боловч Н.А-н биед хөнгөн зэргийн гэмтэл учирсан гэх дүгнэлт гарсан нь хэний биед үзлэг хийж дүгнэлт гаргасан нь ойлгомжгүй, шинжээчийн дүгнэлт эргэлзээтэй, яллагдагч М.Ш өмнө нь хэд хэдэн удаа шүүхээр ял шийтгэгдэж байсан гэх ба Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 2020/ШЦТ/101 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан нэг жилийн хугацаагаар хорих ялыг биечлэн эдэлж байсан ба тэрээр хэрхэн суллагдсан нь тодорхойгүй, ялаа бүрэн эдэлсэн гэх боловч энэ талаар баримт хэрэгт авагдаагүй, хавтаст хэргийн 59-106 дугаар хуудсанд авагдсан баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлд заасныг зөрчиж бэхжүүлсэн нотлох баримтын шаардлага хангахгүй, яллагдагчийн хувийн байдлыг тогтоосон гэж үзэхгүй тул мөрдөн шалгах ажиллагааг хийлгэх шаардлагатай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэж дүгнэн хэргийг прокурорт буцаан шийдвэрлэжээ

 

Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолвол зохих байдлыг шалган тодруулсан байх тул анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд эрх зүйн дүгнэлт хийн нотлох баримтуудыг үнэлж хэргийг шийдвэрлэх боломжтой.

 

2021 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн 195 дугаартай шинжээчийн дүгнэлтэнд Н.А-н биед үзлэг хийж хөнгөн зэргийн гэмтэл учирсан талаар хавтаст хэргийн 33 дугаар хуудсанд, шинжээчийн дүгнэлт авагдсан, 2021 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн 167 дугаартай шинжээчийн дүгнэлтэнд үзлэг хийсэн талаар тусгахдаа техникийн шинжтэй алдаа гаргасан нь шинжээчийн дүгнэлтийг эргэлзээтэй гэж үзэх үндэслэл болохооргүй байна. Мөн Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 101 дугаартай шийтгэх тогтоолоор шийтгэгдсэн 1 жилийн хугацаагаар хорих ялыг М.Ш нь эдэлж дууссан эсэх талаар хэрэгт авагдсан ял шалгах хуудсанд тэмдэглэжээ.

 

Түүнчлэн 59-106 дугаар хуудсанд авагдсан баримтууд нь анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжинд дурьдсан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль болон бусад хууль тогтоомжийг зөрчсөн байгаа ч хэргийг прокурорт буцаахгүйгээр шийдвэрлэх боломжтой гэж давж заалдах шатны шүүхийн шүүх бүрэлдэхүүн үзлээ.

 

Иймд прокурорын анхан шатны шүүгчийн захирамжийг хүчингүй болгуулах тухай эсэргүүцлийг хүлээн авч Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн 2021 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн 2021/ШЗ/121 дугаартай шүүгчийн захирамжийг бүхэлд нь хүчингүй болгож хэргийг дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцаах нь зүйтэй байна.

 

Хэргийг анхан шатны шүүхэд очтол М.Ш-д урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсэн болно.

 

Цаашид прокурор, мөрдөгч нар нотлох баримт бүрдүүлэхдээ анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжинд дурьдсан хуулийн зохицуулалтыг анхаарах шаардлагатай байна.

 

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4.2, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.3-т заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

  1. Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн 2021 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн 2021/ШЗ/121 дугаартай шүүгчийн захирамжийг бүхэлд нь хүчингүй болгож М.Ш-д холбогдох эрүүгийн 2127000000043 тоот хэргийг дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

 

2. Хэргийг анхан шатны шүүхэд очтол шүүгдэгч М.Шт урьд авсан цагдан хорих таслан таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Монгол Улсын Дээд шүүхэд оролцогч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.