Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 03 сарын 25 өдөр

Дугаар 7

 

 Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ё.Бямбацэрэн даргалж, шүүгч Б.Баттөр, М.Хүрэлбаатар нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар:

 Булган аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн 115 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч Д.А ын нэхэмжлэлтэй, хариуцагч А.Б т холбогдох, хүүхдийн тэтгэлэг тогтоолгох, 7 600 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага бүхий иргэний хэргийг хариуцагч А.Б ын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн 2020 оны 03 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч, шүүгч М.Хүрэлбаатарын илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:

   Нэхэмжлэгч                                   Д.А

   Нэхэмжлэгчийн өмгөөлөгч           П.Ган-Очир          

   Нарийн бичгийн дарга                  Б.Энхзул нар оролцов.

          Нэхэмжлэгч Д.А  шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие А.Б тай 2016 онд танилцаж хамт амьдрах болсон. Бидний хамт амьдрах хугацаанд охин А  төрсөн. Би Улаанбаатар хотод таних хүнгүй, орон гэрээсээ нялх хүүхдээ аваад хөөгдсөн.  Хариуцагч нь олон удаа хэл амаар доромжилж, гар хүрч нялх хүүхдийнхээ хажууд зоддог байсан. Одоо өвлийн хүйтэнд байх газаргүй тул хүүхдээ аваад нутагтаа ирсэн.  А.Б  нь өөр хүнтэй явалдаж, цаашид хамт амьдрах боломжгүй болсон тул А.Б аас охин А д хүүхдийн тэтгэлэг гаргуулж, машины үнэ 7.600.000 төгрөгийг гаргуулж өгнө үү. Мөн бид хоёр хамтран амьдрах хугацаандаа 2019 оны 9 дүгээр сард 2 талаасаа бий болгосон Улаанбаатар хот, ... орон сууц нь 36.000.000 төгрөгөөр үнэлэгдсэн. Охин бид хоёрын хувь болох 24.000.000 төгрөгийг нэхэмжилж байна. А.Б  нь охин А гийн  хүүхдийн 20.000 төгрөгийг Хас банкинд данс нээж, өөрийн нэр дээр нээлгэсэн. Хүүхдийн 20.000 төгрөгийг Д.А  миний нэр дээр шилжүүлж өгнө үү гэжээ.

          Хариуцагч А.Б  нь шүүхэд гаргасан болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие Д.А тай 2016 оны 05 дугаар сард танилцаж, хамтран амьдрах хугацаанд Улаанбаатар хотод таван шарын Залуус хороололд 1 өрөө орон сууц хөлсөлж, сарын төлбөр, хоол байр, бусад зардлаа би өөрөө төлдөг байсан. Би “З” ХХК-д угсрагч, гагнуурчнаар 2017 оны 07 дугаар сараас одоог хүртэл сарын 1.200.000 төгрөгийн цалинтай ажилдаг. Мөн “Х” компанид 2016 оны 05 дугаар сараас 2017 оны 05 дугаар сарыг хүртэл гагнуурчин хийдэг байсан. Д.А  нь надтай танилцаад жирэмсэн болсноос хойш одоог хүртэл ажил хийгээгүй. Бидний дундаас охин Б.А  2019 оны 03 дугаар сарын 25-ны өдөр төрсөн. Бид зан аашийн хувьд таарч тохирохоо болиод 2019 оны 11 дүгээр сараас тусдаа амьдарч байна. Би Сонгинохайрхан дүүргийн ... байрыг лизингээр аваад байрны эргэн төлөлтийг 2019 оны 08 дугаар сарын 27-ны өдрөөс хойш өнөөдрийг хүртэл сар бүр 409.000 төгрөгийн төлдөг. Энэ байр нь миний өмчлөлийн орон сууц, байрны ордер нь Худалдаа хөгжлийн банкны барьцаанд байдаг ба 10 жилийн хугацааны гэрээтэй байна. Нэхэмжлэгчийг огт зодож байгаагүй, тэр байтугай гар хүрээгүй байхад Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хорооны цагдаад гомдол гаргасан. Уг гомдлыг тус дүүргийн Прокурорын газраас хэрэгсэхгүй болгосон. 2017 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр “Н” ББСБ-иас 8.200.000 төгрөгний Приус-20 маркийн авто машин лизингээр авч урьдчилгаа болох 4.000.000 төгрөгийг А төлсөн. Үүнээс хойшхи 1 жилийн  хугацааны эргэн төлөлтийн 4.900.000 төгрөгийг миний бие төлж, гэрээ дуусгавар болж авто машин миний нэр дээр шилжиж, машиныг захиран зарцуулах эрхтэй болсон. Д.А  нь урьдчилгаанд төлсөн 4.000.000 төгрөгөө удаа дараа нэхэж, миний машин гэдэг байсан болохоор уг авто машиныг түүний нэр дээр шилжүүлсэн. Би Худалдаа хөгжлийн банкнаас 6.000.000 төгрөгийн цалингийн зээл, мөн Д.А ын нэр дээрх авто машиныг 7.600.000 төгрөгөөр худалдаалж, дээр дурьдсан Сонгинохайрхан дүүргийн ... өөрийн өмчлөлийн орон сууцны лизингийн урьдчилгаанд 13.000.000 төгрөг өгсөн. Энэ байрны зээлдэгч нь би юм. Иймд 7.600.000 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрөхгүй А д 4000000 төгрөг өгч болно. А ын нэхэмжлэлийн шаардлагаас хүүхдийн тэтгэлэг төлөхийг хүлээн зөвшөөрч байна. Мөн Охин Б.А гийн 20.000 төгрөгийн хадгаламжийн дэвтрийг Д.А ын нэр дээр шилжүүлж өгөхийг хүлээн зөвшөөрч байна гэжээ.

   Булган аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 6-ны өдрийн 115 дугаартай шийдвэрээр:

1. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2, 38 дугаар зүйлийн 38.5-д зааснаар 2019 оны 03 дугаар сарын 25-ны өдөр төрсөн охин Б ын А г 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/ хүртэл амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр эцэг А.Б аар сар бүр тэжээн тэтгүүлж, тэтгэлгийг хүүхдийн хэрэгцээнд зарцуулахыг эх Д.А д даалгаж,

          2. Б.А д сар бүр төрөөс олгодог хүүхдийн 20.000 /хорин мянга/ төгрөгийн хадгаламжийн дэвтрийг эх Д.А ын нэр дээр шилжүүлэн өгөхийг хүлээн зөвшөөрсөн А.Б ын зөвшөөрлийг баталж,

          3. Иргэний хуулийн 108 дугаар зүйлийн 108.1, 108.5 дахь хэсэгт зааснаар хариуцагч А.Б аас 7.000.000 /долоон сая/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Д.А д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 24.600.000 /хорин дөрвөн сая зургаан зуун мянга/ төгрөгийг хэрэгсэхгүй болгож,

          4. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт зааснаар хүүхдийн тэтгэлгийн хэмжээ нь тэтгэлэг төлөгчийн сарын цалин хөлс түүнтэй адилтгах орлогын 50 хувиас хэтэрч болохгүйг дурдаж, амьжиргааны баталгаажих түвшингийн хэмжээг өөрчлөгдөх бүрт хүүхдийн тэтгэлгийн хэмжээнд өөрчлөлт оруулж байхыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн газарт даалгаж,

          5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 58 дугаар зүйлийн 58.3,  Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 136.550 /нэг зуун гучин зургаан мянга таван зуун тавь/ төгрөгийг Төрийн санд хэвээр үлдээж, хариуцагчаас 229.679 /хоёр зуун хорин есэн мянга зургаан зуун далан ес/ төгрөгийг гаргуулж, 70200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг нэхэмжлэгчид, 159479 /нэг зуун тавин ес мянга дөрвөн зуун далан ес/ төгрөгийг Төрийн санд олгож,

          6. Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.4 дэх хэсэгт зааснаар Шүүхийн шийдвэрийн 1 хувийг хүчин төгөлдөр болмогц иргэний гэр бүлийн бүртгэлийн байгууллага буюу Булган аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст хүргүүлэхийг шүүгчийн туслах Ж.Ариунжаргалд даалгаж,

          7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигч шүүхэд хүрэлцэн ирж, шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг тайлбарлаж,

          8. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Булган аймгийн Эрүү, иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурьдаж шийдвэрлэжээ.

Хариуцагч А.Б  давж заалдах гомдолдоо: “...Нэхэмжлэгч Д.А ын нэхэмжлэлээс хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлээс хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрч, бусад нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгохыг шүүхэд тайлбар гаргасан. Гэтэл шүүх машин худалдан борлуулж, орон сууцны урьдчилгаанд төлсөн 7 000 000 төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэснийг миний бие хүлээн зөвшөөрөхгүй байна. ...Би “приус-20” маркийн автомашиныг 8 200 000 төгрөгөөр “Н” ББСБ-аас 2017 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр лизингээр авч урьдчилгаа 4 000 000 төгрөгийг А  төлж, сарын хүү бусад төлбөрийг би төлж нийт 4 900 000 төгрөг төлж бүрэн дуусгасан. Лизингийн гэрээг би байгуулсан. Уг машины гэрчилгээ миний нэр дээр гарсан. Харин А  нь урьдчилгаанд өгсөн 4 000 000 төгрөгөө нэхээд байхаар нь түүний нэр дээр машинаа түр шилжүүлсэн. Дараа нь ХХБ-аас ...од байрлах байр авахаар цалингийн зээл авч 6 000 000 төгрөгийг би байрны урьдчилгаанд өгсөн. Харин А ын нэр дээр түр шилжүүлсэн байсан машинаа 7 600 000 төгрөгөөр зарж, 7 000 000 төгрөгөө уг байрны урьдчилгаанд өгч байрны урьдчилгаа 13 000 000 төгрөг төлсөн. Энэ байрны зээлдэгч нь би бөгөөд сар бүр лизинд 419 000 төгрөг би өөрөө төлж байгаа. А  бид хоёр албан ёсны гэрлэлтийн баталгаа байхгүй. Иймд нэхэмжлэгч А ын приус-20 автомашины урьдчилгаанд өгсөн 4 000 000 төгрөгийг өгөс ёстой ч тэрээр намайг уг байрнаас хөөж явуулаад өөрөө үлдэхдээ байраа бусдад 3 сараар 1 сарын 400 000 төгрөгөөр түрээслэн 1 200 000 төгрөг авч явсан. Мөн гэрийн доторх эд хогшил ЛСД-42 инчийн зурагт 800 000 төгрөг, печ 160 000 төгрөг, унтлагын том ор 350 000 төгрөг, ахуйн хэрэглээний бүх тавилга нийт 1 500 000 төгрөг, нийт 4 сая гаруй төгрөгийн эд хогшил авч явсан учраас түүний 4 000 000 төгрөгийг буцаан өгөхгүй тул хүлээн зөвшөөрөхгүй байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрээр 7 000 000 төгрөг гаргуулахаар шийдвэрлсэнийг хүлээн зөвшөөрөхгүй тул хэрэгсэхгүй болгож өгнө үү...” гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Мргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т заассан шаардлагыг хангасан байна.

 

Нэхэмжлэгч Д.А  нь хариуцагч хариуцагч А.Б аас хүүхдийн тэтгэлэг, машины үнэ, дундын өмчлөлийн байрнаас өөрт болон охиндоо оногдох хэсгийг  гаргуулах мөн охин Б.А гийн 20.000 төгрөгийн хадгаламжийн дэвтрийг  Д.А ын нэр дээр шилжүүлэх тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч  нэхэмжлэлийн зарим хэсгийг хүлээн зөвшөөрч зарим хэсгийг зөвшөөрөхгүй гэж маргажээ.

 

Хэрэгт цугларсан нотлох баримтаас үзэхэд зохигчид 2016 онд танилцаж хамтран амьдарч байх хугацаанд 2019 оны 3 дугаар сарын 25-ны өдөр охин Б.А  төрсөн байх бөгөөд 2019 оны 11 дүгээр сараас хойш тусдаа амьдарч байгаа нь зохигчдын тайлбар бусад нотлох баримтуудаар нотлогджээ.

 

Хариуцагч А.Б нь нэхэмжлэгч Д.А ыг амьдарч байсан ... байрнаас гарч явахдаа 4 сая гаруй төгрөгний эд зүйл авч явсан мөн бусдад түрээслэж  мөнгийг нь авсан тул нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг зөвшөөрөхгүй талаар давж заалдах гомдол гаргасан байгаа боловч бусад нотлох баримтуудаар нотлоогүй, энэн талаархи нотлох баримт хэрэгт авагдаагүй нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.-т заасан үүргээ биелүүлээгүй байна.    

 

Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсэг болох хүүхдийн тэтгэлэг тогтоох, охин Б.А гийн хүүхдийн 20.000 төгрөгийн хадгаламжийн дэвтрийг Д.А ын нэр дээр шилжүүлэх, авто машин худалдан борлуулсны үнэ 7.000.000 төгрөг зэргийг гаргуулж, нэхэмжлэлийн шаардлагаас 24.600.000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь  дээр дурьдсан эрх зүйн харилцааг зохицуулсан хуулийн зохицуулалттай нийцсэн, хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар тогтоосон журам зөрчөөгүй болно.

 

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч А.Б ын давж заалдсан гомдлыг хүлээн авах боломжгүй байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.    

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1. дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:           

1. Хариуцагч А.Б ын давж заалдсан гомдлыг хангахгүй орхиж, Булган аймаг дахь Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн 115 дугаар шийдвэрийг  хэвээр үлдээсүгэй.

2. Хариуцагч А.Б ын давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 126 950 /нэг зуун  хорин зургаан мянга ёсөн зуун тавь/ төгрөгийг төрийн санд хэвээр үлдээсүгэй. 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.-т заасан үндэслэлээр зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэ хуулийн 167 дугаар зүйлийн 167.5.-д  магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.         

 

                   ДАРГАЛАГЧ  ШҮҮГЧ                                   Ё.БЯМБАЦЭРЭН

                                     ШҮҮГЧИД                                   Б.БАТТӨР 

                                                                                          М.ХҮРЭЛБААТАР