Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 08 сарын 19 өдөр

Дугаар 2021/ДШМ/28

 

Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Н.Энхмаа даргалж, шүүгч Л.Нямдорж, Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Бямбасүрэн нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд 

   

              Прокурор Б.Эрдэнэбаяр

              Нарийн бичгийн дарга Б.Болортуяа нарыг оролцуулан

 

Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн Ерөнхий шүүгч Б.Сарантуяа даргалж шийдвэрлэсэн шүүх хуралдааны 2021 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн 2021/ШЦТ/31 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрсөн прокурорын эсэргүүцлээр А.Жд холбогдох эрүүгийн 2127000410039 дугаартай хэргийг 2021 оны 07 дугаар сарын 08-ны өдөр хүлээн авч, шүүгч Н.Энхмаагийн  илтгэснээр хянан хэлэлцэв.                                                                                                    

 

Монгол улсын иргэн, гавьяа шагналгүй, Архангай аймгийн сум дундын шүүхийн 2003 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 46 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 146 дугаар зүйлийн 146.2,  181 дүгээр зүйлийн 181.2.5-т зааснаар 04 жил 01 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэгдэж байсан, Заяын шавь овогтой А.Ж

 

А.Ж нь 2021 оны 03 дугаар сарын 08-ны орой 20 цагийн үед П.П-г архины шилээр цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогдсон /яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/ бөгөөд Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын Прокурорын газрын хяналтын прокуророос түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татан ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж хэргийг харьяаллын дагуу Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхэд шилжүүлжээ.

 

Анхан шатны шүүх шүүгдэгч Заяын шавь овогт А.Ж-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450 000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5-т зааснаар А.Ж нь 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450 000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 2 сарын дотор хэсэгчлэн төлөхөөр тогтоож, биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж, А.Ж нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, хилийн хориг тавигдаагүй, түүний бичгийн баримт шүүхэд ирээгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4, 38.2 дугаар зүйлийн 1-т зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хуулийн хүчинтэй болохыг дурдаж, шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2-т зааснаар давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.

 

Прокурор Б.Эрдэнэбаяр давж заалдах шатны шүүхэд гаргасан эсэргүүцэлдээ: Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж дүгнэж дараах үндэслэлээр эс зөвшөөрч байна.

 

Шүүх шүүгдэгч А.Ж-д 450000 төгрөгөөр торгох ялыг оногдуулахдаа шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 2 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр хугацаа тогтоосон нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 143 дугаар зүйлийн 143.1 дэх хэсэгт заасан “Шийтгүүлсэн этгээд хууль, тухайн шийдвэрт өөрөөр заагаагүй бол хуулийн хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 90 хоногийн дотор торгуулийг бүрэн барагдуулах үүрэгтэй” гэсэн заалтыг зөрчиж шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулсан гэж үзэж байна.

Учир нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсгийг шүүгдэгчийн хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан торгох ялыг гурван жил хүртэл хугацаанд хэсэгчлэн төлөхөөр шүүх тогтоож болохоор заасан нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан торгох ялыг биелүүлэх хугацааг шүүгдэгчийн санхүүгийн байдалд тохируулан хуульд зааснаас илүү боломж олгох байдлаар сунгаж тогтоох эрх хэмжээг шүүхэд олгосон зохицуулалт юм.

 

Шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсгийг шүүгдэгчид хуулиар тогтоосон хязгаарлалтыг чангаруулах, олгосон эрхийг хязгаарлах байдлаар хэрэгжүүлэхгүй тул торгох ялыг биелүүлэх доод хугацааг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд зааснаар 90 хоног байхаар авч үзэх тул анхан шатны шүүхийн шүүгдэгч А.Жд оногдуулсан 450000 төгрөгийн торгох ялыг 2 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй болсон байна.

 

Иймд Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхийн 2021 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн 2021/ШЦТ/31 дугаартай шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 3 дахь заалтын “.... торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 2 сарын дотор хэсэгчлэн төлөхөөр тогтоож ... ” гэснийг “.... 3 сарын дотор хэсэгчлэн төлөхөөр тогтоож ....” гэж өөрчлөлт оруулахаар эсэргүүцэл бичив гэжээ.

 

Прокурор Б.Эрдэнэбаяр шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: Анхан шатны шүүхээс шүүгдэгч А.Ж-г  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцож, 450000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулж, торгох ялыг 2 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэсэн. Уг шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 3 дахь хэсэгт 2 сарын хугацаанд торгох ялыг хэсэгчлэн төлүүлэхээр заасан байгаа.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 143 дугаар зүйлийн 143.1-т тухайн хүн торгуулыг 90 хоногт багтаан төлнө гэж заасан байдаг. Уг хугацааг торгох ялыг биелэгдэх хамгийн доод хугацаа гэж хуульд заасан байгаа. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасан 3 жил хүртэлх хугацаа бол шүүгдэгчийн санхүүгийн байдал, торгуулийн биелэлтийг хангахаар зохицуулсан хугацаа гэж ойлгож байгаа. Ийм учраас 2 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэсэн нь шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулсан.

Иймд Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн 2021 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн 2021/ШЦТ/31 дугаартай шийтгэх тогтоолын 3 дахь хэсэгт 2 сарын хугацаагаар хэсэгчлэн төлүүлэх гэснийг өөрчилж шийдвэрлэж өгнө үү гэв.

 

                                                  ТОДОРХОЙЛОХ нь:

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3-т тус тус зааснаар давж заалдах шатны шүүх тухайн хэргийн бүх ажиллагаа, шийтгэх тогтоолыг хуульд заасан үндэслэл журмын дагуу хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг үндэслэж, прокурорын эсэргүүцэлд дурдсан үндэслэлээр хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянан шийдвэрлэлээ.

А.Ж нь 2021 оны 03 дугаар сарын 08-ны орой 20 цагийн үед Өвөрхангай аймгийн Хархорин сумын Эрдэнэтолгой баг Арцатын 03-27 тоотод иргэн П.П-г архины шилээр цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн шүүгдэгч А.Ж мэдүүлэг болон мөрдөн байцаалтын шатанд өгсөн хохирогч П.П, гэрч С.Ч, насанд хүрээгүй гэрч Ч.Г нарын мэдүүлгүүд, Өвөрхангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2021 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн 139 дугаартай дүгнэлт зэрэг хавтаст хэрэгт авагдсан анхан шатны шүүх хуралдааны хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолвол зохих байдлыг хангалттай шалган тодруулсан, хэргийн үйл баримт, гэм бурууг тогтооход үндэслэл болсон нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэхэд хуульд заасан шаардлагыг ноцтой зөрчөөгүй байна.

Анхан шатны шүүх тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3-т заасан хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно гэсний дагуу шүүх хуралдааны мэтгэлцээнд тэгш эрхтэй оролцох эрх бүхий талыг оролцуулан тэдний тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан бичгийн нотлох баримтад үндэслэн хууль зүйн дүгнэлт хийн А.Ж-*г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж дүгнэсэн нь хэргийн бодит байдалтай нийцжээ.

 Харин шүүгдэгчид анхан шатны шүүхээс ял шийтгэл оногдуулахдаа 450000 төгрөгийн  торгох ялыг 2 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр хугацаа тогтоосон нь шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулан шийдвэрлэсэн, энэ талаар бичсэн прокурорын эсэргүүцэл үндэслэлтэй байна.

Монгол Улсын Их Хурлаас 2021 оны 7 дугаар сарын 02-ны өдөр Тулгар төр байгуулагдсаны 2230 жил, Их Монгол Улсын 815 жил, Ардын хувьсгалын 100 жилийн ойг тохиолдуулан Өршөөл үзүүлэх тухай хуулийг баталж, 2021 оны 7 дугаар сарын 06-ны өдрөөс эхлэн дагаж мөрдөхөөр хуульчилжээ.

2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.2 дахь заалт, 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт 2015 оны Эрүүгийн хуульд заасан гэмт хэргийг 2021 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн 24 цаг 00 минутаас өмнө тус хуульд тусгайлан зааснаас бусад гэмт хэрэг үйлдэж ял шийтгүүлсэн ялтны шүүхээс оногдуулсан, эсхүл эдлээгүй үлдсэн үндсэн болон нэмэгдэл ялыг өршөөн хэлтрүүлэхээр хуульчилсан бөгөөд шүүгдэгч А.Жы үйлдсэн хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг нь Өршөөлийн тухай хуулийн үйлчлэлд хамаарч байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар анхан шатны шүүхээс торгох ял шийтгэснийг өршөөн хэлтрүүлэх нь зүйтэй гэж үзэв.

Иймд 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуульд зааснаар шүүгдэгч А.Ж-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450000 төгрөгөөр торгох ялаас өршөөн хэлтрүүлж, шийтгэх тогтоолд зохих өөрчлөлт оруулж  шийдвэрлэлээ.

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4.2, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.4-т заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг,  2021 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт заасныг баримтлан Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхийн 2021 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн 2021/ШЦТ/31 дугаартай шийтгэх тогтоолоор А.Ж-д оногдуулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450000 /дөрвөн зуун тавин мянган/ төгрөгийн торгох ялыг өршөөн хэлтрүүлсүгэй.

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл магадлалыг гардуулсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Монгол Улсын Дээд шүүхэд оролцогч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.