| Шүүх | Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дарамбазарын Мөнхцэцэг |
| Хэргийн индекс | 101/2023/08228/И |
| Дугаар | 183/ШШ2024/01510 |
| Огноо | 2024-04-08 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 04 сарын 08 өдөр
Дугаар 183/ШШ2024/01510
2024 оны 04 сарын 08 өдөр Дугаар 183/ШШ2024/01510 Улаанбаатар хот
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Мөнхцэцэг даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүрэг, дүгээр хороо, Авто замчдын гудамж, дугаар байрны тоот хаягт оршин суух, Х овогт, С.Л -ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Хан-Уул дүүрэг, дүгээр хороо, Богд жавдан дамба гудамж, дугаар байрны тоот хаягт оршин суух, Б овогт Б. Ш-д холбогдох,
Зээлийн гэрээний үүрэгт 70 950 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.М, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.А, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Шинэжаргал нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Иргэн ******* нь 2023 оны 03 дугаар сарын 16-ны өдөр С.Л И2316D тоот зээлийн гэрээ байгуулан 30 000 000 төгрөгийг өдрийн 0,5 хувийн хүүтэй, 1 сарын хугацаатай авсан. Зээлдэгч нь зээлийн гэрээний мөнгөн хөрөнгийг хүлээж авснаас хойш гэрээнд заасан хугацаанд төлж барагдуулаагүй тул үндсэн зээлийн төлбөрт 30 000 000 төгрөг, зээлийн хүү 37 650 000, алданги 3 300 000 төгрөг, нийт 70 950 000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү... гэв.
2. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ... Мөнгө авснаа зөвшөөрч байгаа. Талуудын хооронд зээлийн гэрээ 1 сарын хугацаатай байгуулагдсан. Нэхэмжлэлийн шаардлагаас үндсэн зээл 30 000 000 төгрөг болон 1 сарын хүү болох 4 500 000 төгрөгийг хүлээн зөвшөөрч байгаа. Талуудын хооронд байгуулагдсан гэрээний үндсэн төлбөр, хүү, татвар төлөх журам дээр гэрээний үүрэг зөрчсөн тохиолдолд төлөх алданги 0,05%, гэрээний үүрэг зөрчигдсөн үеэс эхлэн тоолно гээд заачихсан байгаа. Тэгэхээр алданги 3 300 000 төгрөгийг зөвшөөрч байна. Бусад хэсгийг нь зөвшөөрөх боломжгүй байгаад байгаа. Яагаад гэхээр талуудын хооронд зээлийн гэрээг сунгасан зүйл байхгүй. 1 сарын хугацаатай зээлийн гэрээ учраас нийтдээ 37 800 000 төгрөгийг зөвшөөрч байна... гэв.
3. Нэхэмжлэгчээс 2023 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн 23/16-Д дугаар зээлийн гэрээ, талуудын иргэний үнэмлэхийн хуулбар, Хаан банкны шилжүүлгийн баримт, тооцоо нийлсэн акт, 2023 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн Б.Ш төлбөр төлөх талаарх бичгийн баримт, нэхэмжлэгчийн гарын үсэг бүхий тооцоо нийлсэн акт гэх баримт, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, итгэмжлэл, эдгээр баримтыг шүүхэд нотлох баримтаар гаргаж өгсөн. Хариуцагчаас итгэмжлэл, иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа, эдгээр баримтыг шүүхэд гаргасан болно.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэлээ.
2. Нэхэмжлэгч шаардлагын үндэслэлээ ...хариуцагч 2023 оны 03 дугаар сарын 16-ны өдөр 30 000 000 төгрөгийг өдрийн 0,5 хувийн хүүтэй, нэг сарын хугацаатай зээлсэн боловч буцаан төлөх үүргээ өнөөдрийг хүртэл биелүүлээгүй тул үндсэн зээл 30 000 000 төгрөг, зээлийн хүү 37 650 000 төгрөг, алданги 3 300 000 төгрөг, нийт 70 950 000 төгрөгийг хариуцагчаас шаардах эрхтэй... гэж тайлбарлаж байна.
3. Хариуцагч зээлийн гэрээ байгуулсан, зээлийн мөнгөн хөрөнгийг хүлээн авсан талаар маргаагүй. Харин зээлийн гэрээний хугацааг талууд сунгаагүй байхад үндэслэлгүй зээлийн хүү шаардаж байна гэх үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг эс зөвшөөрч маргав.
4. Талуудын хооронд 2023 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн 23/16-Д дугаар зээлийн гэрээ байгуулагдаж, уг гэрээгээр зээлдүүлэгч ******* нь 30 000 000 төгрөгийг өдрийн 0,5 хувийн хүүтэй, нэг сарын хугацаатай зээлдэгч Б.Ш олгох, зээлдэгч нь 2023 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр зээл, хүүг буцаан төлөх, гэрээний үүрэг зөрчсөн тохиолдолд хугацаа хэтэрсэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,05 хувийн алданги тооцохоор тус тус тохиролцсон байна.
5. Дээрх гэрээ нь эрх зүйн харилцааны хувьд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д заасан зээлийн гэрээний харилцаанд хамааран. Гэрээ хүчин төгөлдөр байна.
6. Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээдэг.
7. Нэхэмжлэгч ******* нь зээлийн мөнгөн хөрөнгийг гэрээ байгуулсан өдөр буюу 2023 оны 03 дугаар сарын 16-ны өдөр хариуцагч Б.Ш Хаан банк дахь тоот дансанд шилжүүлсэн болох нь Хаан банкны шилжүүлгийн мэдээлэл гэх баримтаар тогтоогдож байх тул нэхэмжлэгчийг гэрээний үүргээ биелүүлсэн гэж үзнэ.
8. Харин хариуцагч гэрээнд заасан хугацаанд зээл болон хүүг буцаан төлөх үүргээ биелүүлээгүй болох нь зохигчдын тайлбараар тогтоогдож байна.
9. Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.1, 282.3-т ...зээлийн гэрээгээр талууд хэлэлцэн тохиролцож хүү тогтоож болно. Хүү тогтоосон бол зээлийн гэрээг бичгээр хийнэ. Энэ шаардлагыг хангаагүй бол хүү авах эрхээ алдана... гэж заасан.
10. Талуудын хооронд нэг сарын хугацаатай зээлийн гэрээ байгуулагдсан, уг гэрээнд өөрчлөлт оруулсан, хугацааг сунгасан гэж үзэх үндэслэл хэргийн баримтаар тогтоогдоогүй. Нэхэмжлэгч нь тооцоо нийлсэн акт, зээлдэгч буюу хариуцагч Б.Ш зээлийн буцаан төлөх талаар гаргасан бичгийн баримтыг үндэслэн зээлийн хүүд 37 650 000 төгрөг гаргуулахаар шаардаж буй нь үндэслэлгүй.
11. Тодруулбал, тухай баримт нь Иргэний хуулийн 43 дугаар зүйлийн 43.2, 43.2.1-д зааснаар талууд хүсэл зоригоо илэрхийлсэн баримт бичиг үйлдэж, гарын үсэг зурсан байх бичгээр хийх хэлцэлд тавигдах хуулийн шаардлагад нийцэхгүй тул нэхэмжлэгч нь хариуцагчаас зээлийн гэрээний нэг сарын хугацааны хүүг шаардах эрхтэй. Хариуцагчийн татгалзал үндэслэлтэй байна.
12. Талуудын алдангийн тохиролцсон нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6-д заасантай нийцнэ. Хариуцагч үүргээ хугацаанд нь биелүүлээгүй нь Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.1.1-д зааснаар үүрэг гүйцэтгэх хугацаа хэтрүүлсэн гэж үзэх тул нэхэмжлэгч нь 2023 оны 04 дүгээр сарын 16-ны өдрөөс шүүхэд нэхэмжлэл гаргасан 2023 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн хүртэл нийт 222 хоногийн алданги /222 х 17 250/ 3 829 500 төгрөгийг хариуцагчаас шаардах эрхтэй байна.
13. Дээрх үндэслэлээр хариуцагч Б.Ш зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 30 000 000 төгрөг, хүү 4 500 000 төгрөг, алданги 3 829 500 төгрөг, нийт 38 329 500 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч *******ид олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 32 620 500 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
14. Улсын тэмдэгтийн хураамжийг хуульд зааснаар хуваарилах нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон, ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282.3 дахь хэсэгт заасны баримтлан хариуцагч Б.Ш 38 329 500 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч С.Л олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 32 620 500 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 512 700 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.Ш улсын тэмдэгтийн хураамж 349 598 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч С.Л олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор тус шүүхээр дамжуулан Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.МӨНХЦЭЦЭГ