| Шүүх | Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Нарангэрэлийн Энхмаа |
| Хэргийн индекс | 204/2021/00029/э |
| Дугаар | 2021/ДШМ/29 |
| Огноо | 2021-09-06 |
| Зүйл хэсэг | 27.10.1., |
| Улсын яллагч | Ч.Мөнх-Эрдэнэ |
Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2021 оны 09 сарын 06 өдөр
Дугаар 2021/ДШМ/29
Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Н.Энхмаа даргалж, шүүгч Л.Нямдорж, Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч В.Цэцэнбилэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд
Прокурор Ч.Мөнх-Эрдэнэ
Нарийн бичгийн дарга Б.Болортуяа нарыг оролцуулан
Өвөрхангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Цэцэгээгийн даргалж шийдвэрлэсэн шүүх хуралдааны 2021 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн 2021/ШЦТ/96 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрсөн дээд шатны прокурорын эсэргүүцлээр Д.Х-д холбогдох эрүүгийн 2026002380037 дугаартай хэргийг 2021 оны 07 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч, шүүгч Н.Энхмаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Монгол Улсын иргэн, гавьяа шагнал, ял шийтгэлгүй, Адир овгийн Д.Х
Адир овогт Д.Х нь ***** улсын дугаартай “Тоуоtа рruis” маркын тээврийн хэрэгсэл жолоодож явахдаа Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 12.3-т “жолооч хөдөлгөөнд аюул саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна”, мөн дүрмийн 11.3-т “Эсрэг хөдөлгөөнд 2 эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу саадыг тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно”, мөн дүрмийн 13.2-д “Дараах тохиолдолд гүйцэж түрүүлэхийг хориглоно”, 13.2а-д “Өөдөөс яваа тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд аюул саад учрахаар байвал” гэсэн заалтуудыг тус тус зөрчсөний улмаас 2020 оны 11 дүгээр сарын 01-ний орой 23 цагийн орчим Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 5 дугаар багийн нутаг Нисэхийн гүүрний уулзварын баруун талын хот хоорондын асфальтан зам дээр зам тээврийн осол гаргаж, “Фекан” маркын мотоцикль жолоодож явсан Н.С-г мөргөсний улмаас түүний биед баруун хөлийн дунд чөмөгний далд хугарал, баруун шуу хэсэгт зулгаралт гэмтэл үүсгэж эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогдсон /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/ бөгөөд Өвөрхангай аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татан ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж хэргийг харьяаллын дагуу Өвөрхангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлжээ.
Анхан шатны шүүх шүүгдэгч Адир овогт Д.Х-г автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 /нэг/ жилийн хугацаагаар хасаж, 1000 /нэг мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 /нэг сая/ төгрөгөөр торгох ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүхээс оногдуулсан торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-д заасан хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг мэдэгдэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Х-д оногдуулсан 1 /нэг/ жилийн хугацаагаар тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах ялын хугацааг торгох ял оногдуулсан үеэс тоолохоор, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 180 дугаар зүйлийн 180.1-д зааснаар шүүгдэгчид оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах ялын биелэлтэнд хяналт тавихыг Өвөрхангай аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогч Н.С-д хохиролд 1400000 төгрөг, иргэний нэхэмжлэгч Н.Цэрэнхандад 1195000 төгрөг тус тус төлсөн, хохирогч Н.Сэмжиан, иргэний нэхэмжлэгч Н.Цэрэнханд нар нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлын баримт авагдаагүй болохыг тус тус дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4, 36.8 дугаар зүйлийн 1.5-д зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.8-д зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 минут 26 секундын бичлэг бүхий СD 1 ширхгийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсарган үлдээж, хэрэгт битүүмжлэгдэж ирсэн ***** улсын дугаартай “Тоуоtа Рrius” маркын автомашиныг иргэний нэхэмжлэгч Н.Цэрэнхандад, улсын дугааргүй “Фекон” маркын мотоциклийг хохирогч Н.С-д тус тус буцаан олгож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч нар иргэний нэхэмжлэлтэй холбогдох хэсэгт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдаж шийдвэрлэжээ.
Өвөрхангай аймгийн Прокурорын газрын ерөнхий прокурор Б.Эрхэмбаатар давж заалдах шатны шүүхэд гаргасан эсэргүүцэлдээ: Өвөрхангай аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хэргийг 2021 оны 06 дугаар сарын 23-ны өдөр хянан хэлэлцээд ...шүүгдэгч Д.Х-г автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасаж, 100 нэгтэй тэнцэх хэмжээний буюу 1 000 000 төгрөгөөр торгох ялаар шийтгэж шийдвэрлэжээ.
Шүүх Д.Х-д ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэж байна. Учир нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт ...жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан бол дөрвөн зуун тавин нэгжээс таван мянга дөрвөн зуун нэгжтэй тэмцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас нэг жил хүртэл хугацаагаар зөрчих эрхийг хязгаарлах ял шийтгэнэ гэж оногдуулах эрүүгийн хариуцлагыг тодорхой тусгаж өгсөн атал шүүхээс шүүгдэгчид нэмэгдэл ял болох эрх хасах ял оногдуулсан нь хууль зүйн үндэслэлгүй шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулсан шийдвэр болжээ.
Эрүүгийн хуулийн 6 дугаар бүлэгт эрүүгийн хариуцлага хүлээлгэх, чөлөөлөх үндэслэл журмын талаар тодорхой зохицуулсан, эрүүгийн хуулийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт ...шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ гэж заасан бөгөөд Д.Х-д ял оногдуулахдаа тусгай ангид заасан ялын төрөлд багтаагүй нэмэгдэл ял болох тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах ял оногдуулсан нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ эрүүгийн хуулийн ерөнхий ангийн хэм хэмжээнд нийцсэн, хуулийн тусгай ангид заасан төрөл хэмжээний дотор багтсан байх хууль ёсны зарчмыг хангаагүй, хууль зүйн үндэслэлгүй шийдвэр гаргасан гэж үзлээ.
Учир нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэг гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан оногдуулсан үндсэн ял дээр нэмж эрх хасах ялыг оногдуулж болно гэж заасан боловч энэхүү заалтыг хэрэглэхдээ тусгай ангид заасан төрөл хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэх хүрээ хэмжээ хязгаарын дотор хэрэглэх тухай ойлголт хууль зүйн зохицуулалт гэх ойлгогдож байна.
Д.Х нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээсэн, анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирогч Н.С-д гэмт хэргийн улмаас учирсан хохиролд 1400000 төгрөг, иргэний нэхэмжлэгч Н.Ц-д 1195000 төгрөгийг тус тус төлсөн, бусдад төлөх төлбөргүй зэргээс дүгнэхэд торгох ялаар шийтгэсэн нь гэмт хэргийн шинж чанар, гэмт хэрэг үйлдэгдсэн тодорхой нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдалд тохирсон байна.
Гэтэл шүүх шүүгдэгч Д.Х-г гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайг тогтоосон шүүхийн шийдвэр гараагүй цаг хугацаанд хөдөлмөрлөж байсан үйлдэлд нь шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Д.Х нь Тавантолгойд нүүрс тээврийн том машин барьдаг гэж мэдүүлж байгаагаас үзэхэд түүнийг хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчиж, хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан үйлдэлдээ дүгнэлт хийгээгүй байна гэж үзлээ гэж дүгнэн эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ тусгай ангид заасан ялын төрөлд тусгагдаагүй нэмэгдэл ял оногдуулж шийдвэрлэсэн нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэх үндэслэл болж байна.
Иймд Өвөрхангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн 2021/ШЦТ/96 дугаартай шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж, тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах нэмэгдэл ял оногдуулж шийдвэрлэсэн хэсгийг хүчингүй болгуулахаар дээд шатны прокурорын эсэргүүцэл бичив гэжээ.
Прокурор Ч.Мөнх-Эрдэнэ шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: Шийтгэх тогтоолд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ял хөнгөрүүлэн үзэх буюу эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэн үзэх 2 нөхцлийг баримталсан буюу тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирол, хор уршгийг төлсөн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч чин санаанаасаа гэмшиж байгаа, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан үзлээ гэж тодорхойлсон байдаг. Мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хуулийн заалтыг хэрэглэхдээ Д.Х-г “Таван толгой” ХХК-д нүүрс тээврийн том автомашин барьдаг гэж мэдүүлж байгаагаас нь үзэхэд түүнийг хөдөлгөөний аюулгүй байдлын эсрэг хууль тогтоомж зөрчиж бусдад гэм хор учруулсан үйлдэлдээ дүгнэлт хийгээгүй байна гэж үзээд эрх хасах ялыг нэмэгдэл ял болгож оногдуулсан нь шүүгдэгчийн хувийн байдал, гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал зэрэгт тохироогүй байна. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан санкц буюу оногдуулах ял шийтгэлийн хүрээ хязгаараас хэтрүүлж нэмэгдэл ял оногдуулсан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.7 дугаар зүйлийн 1.2-т зааснаар шүүх эрүүгийн хэрэгт хамаарал бүхий нотлох баримтуудыг үндэслэн шүүгдэгчийн хувийн байдал болон гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдалд тохирсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх ёстой байтал хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэж нэмэгдэл ял оногдуулсан нь шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулсан нөхцөл байдал байгаа учраас дээд шатны прокурорын 2021 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн 6 дугаартай эсэргүүцэл бичигдсэн, эсэргүүцлийг үндэслэлтэй гэж үзэж байна. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж, Д.Х-д оногдуулсан эрх хасах нэмэгдэл ялыг хүчингүй болгож өгнө үү гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3-т тус тус зааснаар давж заалдах шатны шүүх тухайн хэргийн бүх ажиллагаа, шийтгэх тогтоолыг хуульд заасан үндэслэл журмын дагуу хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг үндэслэж, дээд шатны прокурорын эсэргүүцэлд дурдсан үндэслэлээр хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянан шийдвэрлэлээ.
Д.Х нь ***** улсын дугаартай “Тоуоtа рruis” маркын тээврийн хэрэгсэл жолоодож явахдаа Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 12.3-т “жолооч хөдөлгөөнд аюул саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна”, мөн дүрмийн 11.3-т “Эсрэг хөдөлгөөнд 2 эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу саадыг тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно”, мөн дүрмийн 13.2-д “Дараах тохиолдолд гүйцэж түрүүлэхийг хориглоно”, 13.2а-д “Өөдөөс яваа тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд аюул саад учрахаар байвал” гэсэн заалтуудыг тус тус зөрчсөний улмаас 2020 оны 11 дүгээр сарын 01-ний орой 23 цагийн орчим Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 5 дугаар багийн нутаг Нисэхийн гүүрний уулзварын баруун талын хот хоорондын асфальтан зам дээр зам тээврийн осол гаргаж, иргэний нэхэмжлэгч Г.Чулуунхүүгийн эзэмшлийн улсын дугааргүй “Фекан” маркын мотоцикль жолоодож явсан Н.Сэмжианийг мөргөсний улмаас түүний биед баруун хөлийн дунд чөмөгний далд хугарал, баруун шуу хэсэгт зулгаралт гэмтэл үүсгэж эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан болох нь шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн шүүгдэгч Д.Х-н мэдүүлэг, мөрдөн байцаалтын шатанд өгсөн хохирогч Н.Сэмжиан, иргэний нэхэмжлэгч Г.Ч, гэрч Т.Т нарын мэдүүлгүүд болон техникийн шинжээчийн 2021 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 04 дугаартай дүгнэлт, Өвөрхангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2020 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 487 дугаартай дүгнэлт зэрэг хавтаст хэрэгт авагдсан анхан шатны шүүх хуралдааны хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолвол зохих байдлыг хангалттай шалган тодруулсан, хэргийн үйл баримт, гэм бурууг тогтооход үндэслэл болсон нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэхэд хуульд заасан шаардлагыг ноцтой зөрчөөгүй байна.
Анхан шатны шүүх тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3-т заасан хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно гэсний дагуу шүүх хуралдааны мэтгэлцээнд тэгш эрхтэй оролцох эрх бүхий талыг оролцуулан тэдний тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан бичгийн нотлох баримтад үндэслэн хууль зүйн дүгнэлт хийн Д.Х-г автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж үзсэн нь хэргийн бодит байдалтай нийцжээ.
Харин шүүгдэгчид анхан шатны шүүхээс ял шийтгэл оногдуулахдаа тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах нэмэгдэл ял оногдуулж шийдвэрлэсэн нь гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанарт тохироогүй, шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулан шийдвэрлэсэн ба энэ талаар бичсэн прокурорын эсэргүүцэл үндэслэлтэй байна.
Монгол Улсын Их Хурлаас 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдөр Тулгар төр байгуулагдсаны 2230 жил, Их Монгол Улсын 815 жил, Ардын хувьсгалын 100 жилийн ойг тохиолдуулан Өршөөл үзүүлэх тухай хуулийг баталж, 2021 оны 07 дугаар сарын 06-ны өдрөөс эхлэн дагаж мөрдөхөөр хуульчилжээ.
2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.2 дахь заалт, 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт 2015 оны Эрүүгийн хуульд заасан гэмт хэргийг 2021 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн 24 цаг 00 минутаас өмнө тус хуульд тусгайлан зааснаас бусад гэмт хэрэг үйлдэж ял шийтгүүлсэн ялтны шүүхээс оногдуулсан, эсхүл эдлээгүй үлдсэн үндсэн болон нэмэгдэл ялыг өршөөн хэлтрүүлэхээр хуульчилсан бөгөөд шүүгдэгч Д.Хын автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулах гэмт хэрэг нь уг хуулийн үйлчлэлд хамаарч байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар анхан шатны шүүхээс тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 /нэг/ жилийн хугацаагаар хасаж, 1000 /нэг мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1000000 /нэг сая/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсэн хэргийг өршөөн хэлтрүүлж, шийтгэх тогтоолд зохих өөрчлөлт оруулж шийдвэрлэх нь зүйтэй байна гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн үзлээ.
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4.2, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.4-т заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Өвөрхангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн 2021/ШЦТ/96 дугаартай шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн:
а/ 2 дахь заалтыг бүхэлд нь “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт заасныг баримтлан анхан шатны шүүхээс Д.Х-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 /нэг/ жилийн хугацаагаар хасаж, 1000 /нэг мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1000000 /нэг сая/ төгрөгөөр торгох ялаар шийтгэснийг өршөөн хэргийг хэрэгсэхгүй болгосугай” гэж өөрчлөн,
б/ 3, 4, 5 дугаар заалтыг хасч,
в/ 6, 7, 8, 9, 10 дугаар заалтыг 3, 4, 5, 6, 7 гэж дугаарлан, шийтгэх тогтоолын бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.
2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл магадлалыг гардуулсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Монгол Улсын Дээд шүүхэд оролцогч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.