Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 10 сарын 25 өдөр

Дугаар 299

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Хэргийн индекс: 166/2017/0299/Э

Дархан-Уул аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Батжаргал даргалж, 
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Банзрагч, 
Улсын яллагчаар аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор А.Оргилбаяр, 
Шүүгдэгчийн өмгөөлөгч ***,
Шүүгдэгч ****нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийж, Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн шүүгдэгч *** холбогдох эрүүгийн 1718002711087 дугаартай хэргийг 2017 оны 10 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн *** 
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/:

Шүүгдэгч ****нь 2017 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр 09 цаг 30 минутын орчим Дархан-Уул аймаг Дархан сумын *** дугаар гудамжны шороон зам дээр өөрийн нөхөр болох ****өмчлөлийн ****улсын дугаартай “Хьюндай Соната-6” загварын мөнгөлөг өнгийн авто машиныг жолоодож яваад Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 8 дугаар бүлгийн 8.1, 8.2, 9 дүгээр бүлгийн 9.2 дахь хэсэгт заасныг зөрчсөний улмаас явган зорчигч ****мөргөж амь насыг хохироосон гэмт хэрэгт холбогджээ.

Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад 

ТОДОРХОЙЛОХ нь:

    Шүүгдэгч ****нь 2017 оны 9 дүгээр сарын 20-ны өглөө 09:30 цагийн орчим Дархан-Уул аймаг Дархан сумын 15 дугаар багийн 10 дугаар хэсгийн 2 дугаар гудамжны шороон зам дээр өөрийн нөхөр ****өмчлөлийн ****улсын дугаартай “Hyundai Sonata-6” маркийн мөнгөлөг өнгийн авто машиныг жолоодож яваад Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 8 дугаар бүлгийн 8.1 "эгнээний тоог зорчих хэсэг дээрх тэмдэглэл буюу 5.10.а, 5.10.б тэмдгээр тодорхойлно. Хэрэв эдгээр тэмдэг, тэмдэглэл байхгүй бол зорчих хэсгийн өргөн, автомашины өргөний хэмжээ, тэдгээрийн хажуугийн зайг харгалзан эгнээний тоог тодорхойлох бөгөөд эсрэг хөдөлгөөнтэй бол тухайн зорчих хэсгийн өргөний зүүн гар тал дахь тэн хагасыг эсрэг хөдөлгөөнд зориулагдсанд тооцно", 8.2 "эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно", 9 дүгээр бүлгийн 9.2 "жолооч хөдөлгөөнд аюул, саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна"-т заасныг зөрчиж явган зорчигч ****мөргөж амь насыг хохироосон болох нь 

    Шүүгдэгч ****мөрдөн байцаалт болон шүүх хуралдаанд өгсөн: 

    ...2017 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийн 10 цагийн үед өөрийн эзэмшлийн **** улсын дугаартай Сонота-6 маркийн машинтай өөрийн охин болох ****гийн хамт худгаас ус аваад хашааны булан тойртол өөдөөс нэг хүн гараад ирсэн. Тэгээд би хүн дайрчихлаа гэж бодоод машинаа унтраасан. Миний дайрсан хүн миний хөрш **** гэдэг эмэгтэй байсан. Миний жолоодож явсан машины доор орчихсон байсан. Би айгаад харж чадалгүй гэр лүү нь гүйж хүүхдүүдэд нь хэлсэн. Энэ хооронд хажуу хашаанд ажил хийж байсан залуу цагдаа, онцгой байдал дуудсан гэх мэдүүлэг,

    Хохирогч *** мөрдөн байцаалтад өгсөн:
    ...2017 оны 09 дүгээр сарын 20-ны өглөө 10 цагийн орчим гэхдээ цагийг тодорхой нарийн сайн мэдэхгүй байна над руу манай эгчийн том хүү ******** дугаарын утаснаас залгаад эмээ машинд дайруулчихлаа гээд уйлаад байсан. Тэгэхээр нь би хэний машинд яагаад хаана дайруулсан талаар тодруулахад Давхар дэлгүүрийн буланд **** ахын эхнэр **** эгч машинаараа дайрчихсан байна гэсэн. Тэгэхээр нь би эмээ чинь юу хийж байсан юм бэ гэж асуухад  эмээ усандаа явж байсан байна гэж хэлсэн. Ямар байдалтай байна гэж асуухад машин дээр нь байна гэж надад хэлсэн. Тэгэхээр нь би Улаанбаатар хотоос 11 цагийн автобусанд суугаад Дарханд гэртээ ирсэн. Миний эх ****нь нинжин сайхан сэтгэлтэй хүн байсан болохоор муу зүйлийг биднээс хүсдэггүй байсан. Тиймээс бидэнд гомдол, санал, нэхэмжлэх зүйлгүй. Шүүгдэгч талаас талийгаач нас барсантай холбогдон гарсан хохиролд эхлээд бэлнээр 1 000 000 төгрөг дараа нь хонины мах, сүү, цагаан идээ сүүлд бэлнээр 5 000 000 төгрөг өгсөн. Миний бие шүүх хуралдаанд оролцох хүсэлгүй байна гэх мэдүүлэг, 
Гэрч ****мөрдөн байцаалтад өгсөн: 

...2017 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийн 09:32 цагт манай эхнэр болох ****би **** эгчтэй мөргөлдчихлөө гэж залгасан. Намайг хэрэг болсон газар очиход булангийн төгсгөлд миний машины доор **** эгч орчихсон, миний эхнэр ихэд сандарсан байдалтай байсан. Машины доор байсан хүний толгой нь хойд чиглэл рүү харсан, амнаас нь бага хэмжээний цус гарчихсан байдалтай биеийн бусад хэсэг нь машины доор хөндий байсан. Намайг очиход амьсгаатай байсан. Тэгээд урд хашаанд нь ажил хийж байсан залуутай хамт машиныг нь өргөөд доороос нь гаргаж авсан. Тэгээд намайг ирсний дараа 15 минутын дараа Онцгой байдлын албан хаагчид ирсэн гэх мэдүүлэг /хх 33/, 

Гэрч ****мөрдөн байцаалтад өгсөн: 

...Би Дархан сумын 15-р баг 10-р хэсэгт айлд бүргэд хаалга хийж байгаад машин хаазалж, шороо бужигнах чимээ сонсогдохоор нь гараад хартал гудамжны буланд машины доор эмэгтэй хүн орчихсон байдалтай байсан. Жолооч эмэгтэй хашааны цаашаа гүйсэн. Машин дотор 10 нас орчимтой нэг охин байсан. Тэр охиныг би машинаас гаргасан. Машин доор байсан эмэгтэй амьсгал хураагаагүй байсан. Би машиныг өргөөд гаргах гэтэл ойр хавьд хүн байгаагүй. Дараа нь хүмүүс цугларсны дараа машиныг нь өргөөд доор нь байсан эмэгтэйг гаргасан гэх мэдүүлэг /хх 36/,

2017 оны 9 дүгээр сарын 25-ны өдрийн Ослын дүгнэлт:

1.****нь ****улсын дугаартай Соната-6 маркийн авто машин жолоодож явах үедээ МУ-ын Замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн. 2.****нь ****улсын дугаартай Соната-6 маркийн авто машин жолоодож явах үедээ МУ-ын Замын хөдөлгөөний дүрмийн 9.2. Жолооч хөдөлгөөнд аюул, саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна гэсэн заалт, мөн дүрмийн 8.1. Эгнээний тоог зорчих хэсэг дээрх тэмдэглэл буюу 5.10.а.б, 5.11.а,б тэмдгээр тодорхойлно. Хэрэв эдгээр тэмдэг, тэмдэглэл байхгүй бол зорчих хэсгийн өргөн, автомашины өргөний хэмжээ, тэдгээрийн хажуугийн зайг харгалзан эгнээний тоог тодорхойлох бөгөөд эсрэг хөдөлгөөнтэй бол тухайн зорчих хэсгийн өргөний зүүн гар тал дахь тэн хагасыг эсрэг хөдөлгөөнд зориулагдсанд тооцно, 8.2. Эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно гэсэн заалтуудыг тус тус зөрчсөн. 3.Явган зорчигч ****нь МУ-ын Замын хөдөлгөөний дүрэм зөрчөөгүй. 4.****нь "В” ангиллын **** дугаарын жолоочийн үнэмлэхтэй. 5.Дээрх авто машины хурдыг тогтоох боломжгүй. 6.Осол гарсан үндсэн шалтгаан нь жолооч ****нь МУ-ын замын хөдөлгөөний дүрмийн 9.2. Жолооч хөдөлгөөнд аюул, саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна гэсэн заалт, мөн дүрмийн 8.1. Эгнээний тоог зорчих хэсэг дээрх тэмдэглэл буюу 5.10.а.б. 5.11.а.б тэмдгээр өргөн, автомашины өргөний хэмжээ, тэдгээрийн хажуугийн зайг харгалзан эгнээний тоог тодорхойлох бөгөөд эсрэг хөдөлгөөнтэй бол тухайн зорчих, хэсгийн өргөний зүүн гар тал дахь тэн хагасыг эсрэг хөдөлгөөнд зориулагдсанд тооцно. 8.2 Эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно гэсэн заалтуудыг тус тус зөрчсөнөөс шалтгаалсан. 7.Шинжилгээний явцад хэрэгт ач холбогдол бүхий бусад зүйл илрээгүй болно гэжээ /хх49/, 

 Дархан-Уул аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2017 оны 10 дүгээр сарын 05-ны **  дугаар дүгнэлт: 

“1.Талийгаачийн биед цээжний хөндийн битүү гэмтэл, уушигны няцрал, уушигны угийн цус хуралт, цээжний хөндий дэх цусан хураа, цээжний баруун 2, 3, 4, 5, 6, 7, 8-р хавирга эгэмний дунд болон нурууны арын шугамаар, цээжний зүүн 2-р хавирга, өвчтүүтэй бэхлэгдсэн хэсгээр 3, 4, 5, 6-р хавирга, эгэмний урд болон дунд шугамаар 5, 6, 7, 8 дугаар хавирга, нурууны хажуугийн шугамаарх шууд болон шууд бус хугаралууд, гялтан хальсны цус хуралт, доод эрүүний битүү хугарал, хуйхны зулгаралт, дух дагз, чамархайн хуйхны булчингийн цус хуралт, дээд уруулын цус хуралт, баруун, зүүн дал, нуруу, зүүн мөр, тохой, баруун өгзөг, зүүн өвдөг, өсгийний зулгаралт бүхий шинэ гэмтэл тогтоогдлоо. 2.Талийгаачийн цогцост учирсан дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр буюу зам тээврийн ослын улмаас авто машинд дайрагдах үед үүсгэгдсэн гэмтлүүд байна. 3.Цээжний хөндийн битүү гэмтэл, уушигны няцрал, уушигны угийн цус хуралт, цээжний хөндий дэх цусан хураа, олон хавирганы хугарал, гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.10, 3.1.12-т зааснаар учрах үедээ амь насанд аюултай гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Доод эрүүний битүү хугарал гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаанд сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Дагзны хуйхны зулгаралт, хуйхны зулгаралт, дух дагз, чамархайн хуйхны булчингийн цус хуралт, дээд уруулын цус хуралт, баруун, зүүн дал, нуруу, зүүн мөр, тохой, баруун өгзөг, зүүн өвдөг, өсгийний зулгаралт нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаанд сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4.Талийгаачийн биед үхэлд хүргэх архаг хууч өвчин үгүй байна. 5.Талийгаач нь дээрх гэмтлүүдийн улмаас гэмтлийн шоконд орж нас баржээ. 6.Талийгаач нь A(II) бүлгийн цустай байна. 7. Талийгаач нь нас барах үедээ согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй байжээ” гэжээ, гэрэл зургийн үзүүлэлт /хх 59, 60-63/, 
Цогцсонд гадна үзлэг хийсэн тэмдэглэл /хх 55/, хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх 5-6, 7-11/, хэргийн газрын үзлэгээс хураан авсан эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх 26/, зам тээврийн ослын газар үзлэг хийсэн тэмдэглэл /хх 12-13/, Өлзийбаярын ****гийн нас барсны гэрчилгээний хуулбар /хх 31/ зэрэг хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3-т заасан авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын журам зөрчсөний улмаас хүний амь нас хохироосон гэмт хэрэг үйлдсэн гэм  буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж үзлээ. 

    Шүүх хуралдаанд дээрх гэрч, хохирогч нарын мэдүүлгүүдээс гадна хавтаст хэрэгт авагдсан жолоочийн согтуурал шалгасан тэмдэглэл /хх 14/, ****эзэмшлийн ****улсын дугаартай Sonata-6 маркийн тээврийн хэрэгслийг битүүмжилсэн 2017.10.03-ны өдрийн прокурорын тогтоол, тэмдэглэл /хх 16-13/, тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар /хх 25/, "Ө.****гийн цусны бүлэг A(II) бүлгийн харьяалалтай", "****гэж хаягласан цусанд спиртийн агууламж илрээгүй" байна гэх Шүүхийн үндэсний хүрээлэнгийн Тусгай шинжилгээний газрын биологийн шинжээчийн 2017.9.27-ний өдрийн 9088, 9087 дугаартай дүгнэлт /хх 56, 57/, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх 71/, хохирлын баримт /хх 80-97/,
  
    Мөрдөн байцаалтад ****яллагдагчаар өгсөн: Би тээврийн хэрэгсэл жолоодох эрхтэй. 2017 оны 6 дугаар сард Дархан-Уул аймгийн Пуужинт сум авто сургуулийг төгссөн. Түүнээс хойш тээврийн хэрэгсэл жолоодож байгаа. Би тухайн үедээ хохирогчийн түрж явсан усны тэргийг эхлээд мөргөсөн. Тэгэхэд хажууд сууж явсан 6 настай хүүхэд уйлахаар нь сандраад машинаа зогсоох арга хэмжээ авч чадалгүй хохирогчийн дээгүүр гарч сүүлдээ машинаа түлхүүрээр нь унтрааж зогсоосон. Тухайн үед булан эргээд хувил гарч явсан болохоор тийм ч хурдтай яваагүй. Талийгаачийг нас барсны дараа түүний охинд эхлээд 1 сая төгрөг, ажил явдал болох үед нь 5 сая төгрөг өгсөн. Талийгаачийг Булган аймагт нутаглуулах үед Булганы Сэлэнгэ сум руу хөдөөлүүлэхэд манай нөхөр **** жийп маркийн хоёр машин гаргаж бензин тосыг нь бүрэн дааж ажил явдал дуусах хүртэл нь үйлчилсэн. Дархан-Уул аймагт буяны ажил хийх үед нь бүтэн хонины мах, ойр зуурын сүү зэрэг эд зүйлээр тусалж гадуур хөөцөлдөх ажилд биечлэн тусалсан. Баримттай 5 800 000 төгрөг нэхэмжилснийг бүрэн төлсөн баримтгүй нэхэмжилсэн 2 182 500 төгрөгийг төлөх болно гэх мэдүүлэг /хх 68-69/ зэргийг шинжлэн судалсан болохыг дурдав. 

    Шүүгдэгч Я.****т урьд ял шийтгэгдэж байгаагүй нь хх 71-р хуудсанд авагдсан ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудсаар тогтоогдсон. 

    Хавтаст хэрэгт авагдсан хохирол нэхэмжилсэн баримтаар /хх80-97/ хохирлыг бүрэн төлж барагдуулсан байх тул шүүгдэгчийг гэмт хэргийн улмаас бусдад учруулсан бодит хохирлыг нөхөн төлсөн байна гэж үзэв. 
 
Шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлыг нөхөн төлсөн зэргийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг харгалзан,  

улсын яллагчийн "тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, 2 жилийн хугацаагаар хорих ял" оногдуулах санал оруулсныг шүүгдэгчийн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, түүний хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1-т "...хорих ял оногдуулахгүйгээр таван жил хүртэл хугацаагаар тэнсэж болно" заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3-т заасан гэмт хэрэгт тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, хорих ялыг оногдуулахгүйгээр 2 жилийн хугацаагаар тэнсэх нь зүйтэй гэж шүүх үзлээ. 

 Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоног, бусдад төлөх төлбөргүй болохыг дурдаж, 
хэрэгт хөрөнгийн шилжилт хөдөлгөөнийг хянах, хязгаарлах, хяналт тогтоох зорилгоор ****нөхөр ****эзэмшлийн 5 сая төгрөгийн үнэ бүхий ****улсын дугаартай саарал өнгийн Hyundai Sonata-6 маркийн тээврийн хэрэгслийг битүүмжилсэн 2017.10.03-ны өдрийн 21 дугаартай прокурорын тогтоолыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгох нь зүйтэй байна.  

    Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2-т тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч ****ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3-т зааснаар Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын журам зөрчиж хүний амь нас хохироосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

    2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3-т зааснаар шүүгдэгч Я.****т тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, 2  /хоёр/ жилийн хугацаагаар тэнссүгэй.  
 
    3.Энэ хэрэгт иргэн ****эзэмшлийн ****улсын дугаартай Hyundai Sonata-6 маркийн тээврийн хэрэгслийг битүүмжилсэн хяналтын прокурорын 2017.10.03-ны өдрийн 21 дугаартай тогтоолыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгосугай. 

    4.Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч ****нь цагдан хоригдсон хоног, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны улмаас тооцон гарах зардалгүй болохыг дурдсугай. 

5.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
 6.Шийтгэх тогтоолд гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Я.****т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ хэвээр үргэлжлүүлсүгэй.  

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                    Т.БАТЖАРГАЛ