Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 10 сарын 26 өдөр

Дугаар 302

 


МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Хэргийн индекс:166/2017/0300/Э

Дархан-Уул аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Батжаргал даргалж, 
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Билгүүн, 
Улсын яллагчаар аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор А.Оргилбаяр, 
Шүүгдэгчийн өмгөөлөгч ***,
Шүүгдэгч ****нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийж, Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн шүүгдэгч *** холбогдох эрүүгийн 201609000683 дугаартай хэргийг 2017 оны 10 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, ***

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/:

Шүүгдэгч ****нь “****" ХХК-д ковшийн оператороор ажиллаж байхдаа тус компанийн захирал болох ****нь "Хөдөлмөр аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай” хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.1-д “Машин механизм, тоног төхөөрөмжийн бүтэц, хийц, хөдөлгөөнт хэсэг, удирдлага, дохиоллын систем, бүрдэл хэсэг /ажлын байр, гарц, шат, хашлага, хамгаалах хэрэгсэл/ нь аюулгүй ажиллагааны шаардлага хангасан байх” гэсэн заалтыг зөрчсөний улмаас 2016 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 10 цагийн орчим Дархан-Уул аймгийн Хонгор сумын 1 дүгээр баг “****”-ийн орчимд үйл ажиллагаа явуулдаг “****” ХХК явах замд ХОМА 962 загварын ачигч ковшийг хөдөлгөх үйлдэл хийхдээ тус компанийн шохой татагч ажилтай ****мөргөж эрүүл мэндэд нь хүнд хохирол болгоомжгүй учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад 

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч ****нь 2016 оны 12 дугаар сарын 01-ний өдөр Дархан-Уул аймгийн Хонгор сумын "****" гэх газар Xgma 962 маркийн ачигч ковшийг хөдөлгөх үйлдэл хийхдээ дуут дохио өгөлгүйгээр хөдөлгөж иргэн ****мөргөж эрүүл мэндэд нь "баруун нүдний ухархайн дээд хана, дотор хана, доод хана, 2 талын гайморын хөндийн хана, этмойд хөндий хана, баруун хацар яс, хамар ясны хугарал, баруун талд суурь ясны бага далавч дайрсан, нийлмэл хугарал, хоёр талын гайморын хөндийн этмойд хөндийн цус хуралдалт, баруун нүдний дээд, доод зовхи, баруун чих, баруун хацар, хамрын нурууны зөөлөн эдийн няцрал, цус хуралт, баруун хөмсөгний язарсан шарх, баруун чамархай, духны зулгаралт, зүүн дээд 2,3-р шүдний сулрал" бүхий хүнд гэмтэл болгоомжгүй учруулсан болох нь 

    Шүүгдэгч ****мөрдөн байцаалт болон шүүх хуралдаанд өгсөн:

    ...Би “****” ХХК-д 2014 оноос хойш ковшийн операторчоор ажиллаж байгаа. Манайх өдрийн цагаар ажлаа хийж байгаад орой ажил дуусахаар ковшоо Дарханы төв рүү оруулж ирж дулаан гараашид хийдэг. Тэгээд 2016 оны 12-р сарын 01-ний өглөө 09 цаг өнгөрч байхад компаний шохой ачих гэж явсан тэрэг ажил өөд гарахгүй байна гээд манай үйлдвэрийн дарга ****над руу утсаар яриад ковшоо гаргаад тэр машиныг чирж гаргаж ажилд нь оруул гэж хэлсэн. Тэгээд Дарханы төвөөс ковшоо унаж гараад ажил руу яваад нөгөө шохой ачих гэж байсан машинаа чирж гаргах гээд явсан. Тэгээд би нөгөө чирэх гэж байгаа машиныхаа хажуу талаар гараад урд талд гарч зогссон. Тэгээд тухайн үед цас орсон газар гөлөөнтсөн байсан учраас дийлэхгүй гээд нөгөө машинаа доош нь буюу газрын уруу чирэхээр болоод машинаа буцааж эргүүлээд буруу харж зогсоод манай компаний ажилчид 2 машиныг холбох гээд операторч Амгаа торос холбож өгсөн. Тэгээд одоо хөдөл гэсэн дохио өгсөн. Тэгээд би машинаа чирэх гээд хөдөлсөн чинь манайхан шанаган доор чинь юм байгаа юм уу гээд орлилдоод эхэлсэн. Тэгээд би машинаасаа буугаад ирсэн чинь манай компаний татагч ажилтай ****амаа дараад хамарнаас нь цус гарчихсан гараад ирсэн. Тэгээд яасан бэ гэсэн чинь намайг машинаа чирэх гээд хөдөлж байхад тэр ****ах миний машны урд шээж байсан гэсэн. Тухайн үед миний машины шанага өргөчихсөн байсан учраас урд байгаа 2-3 метр харагддаггүй. Намайг машин чирэх гээд оччихсон байхад ****манай компаний ажилчидтай ирээд машинаас бууж байхыг нь л би харсан. Өөрөөр хаана юу хийж байгааг нь би хараагүй. Ер нь ****бусдад туслаад ажил хийгээд байдаг ч хүн биш яах гэж тэнд ирснийг нь мэдэхгүй. Бас ****нь өөрөө чих хатуу учраас ковшийн дуу сонсоогүй байх гэж бодож байгаа. Тэгээд машинаа хөдөлгөхөд ****шанаганд түлхэгдэж унаад 4 дугуйны голоор ороод дээшээ өндийхдөө чулаканд толгойгоо цохичихсон юм шиг байна лээ. Би ****ахыг хагалгаанд орж, биеэ эмчлүүлэхэд нь 850 000 төгрөгийн тусламж үзүүлсэн. Манай байгууллагаас бас тусламж үзүүлсэн гэх мэдүүлэг,

    Хохирогч С.****мөрдөн байцаалтад өгсөн:
    ...Би 2016 оны 12 сарын 01-ний өглөө Дархан-Уул аймгийн Хонгор сумын Ширийн хөндийд үйл ажиллагаа явуулдаг "****" ХХК-нд ажлын байран дээр байж байгаад захирал ****утсаар яриад шүдээ янзлуулмаар байна гэж хэлээд Дархан-Уул аймгийн төврүү орох гээд ганцаараа явган явж байхад захирал эргэж утсаар яриад өнөөдөр хэрэггүй маргааш бол гэж хэлэхээр нь замаасаа ажилчдын машин барьж явсан баригадын дарга Хадаагийн машинд суугаад үйлдвэр лүү явсан. Бид нар үйлдвэр орох замаар явж байхад шохой ачих гэсэн ачааны 60 тонны даацтай машин цасанд хий эргээд гарч чадахгүй зогсож байсан. Уг машиныг чирч үйлдвэр лүү авч явах гээд **** жолооч ковштой ирсэн. Би машинаас буугаад том машины хажууд бие засаад зогсож байсан. Би өмдөө татаад эргээд харахад толгой дээр ковшийн шанага харагдсан. Би эргээд зугтах гээд жолооч талын урд дугуйнд мөргүүлээд уначихсан. Гэтэл жолооч талын зүүн урд дугуй миний нүүрэн дээгүүр шүргээд гарсан. Би урд дугуйг өнгөрөөд хойд дугуйнаас зөрсөн. Миний дээгүүр ковш яваад өнгөрөхөд чирж явсан тороос нь миний хүзүүн дээгүүр зураад өнгөрсөн. Би газраас босоод ирэхэд хүмүүс намайг анзаараагүй харагдаад байсан. Миний нүүр болон хамарнаас цус гарахаар нь орилсон. Намайг хүмүүс мэдээд захирлын машинаар баригадын дарга Хадаа эмнэлэг хүргэж өгсөн. Улаанбаатар хотод гэмтлийн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаад Дархан-Уул аймгийн "****" хувийн эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн. Бие зүгээр болсон. Гэмтлээс болоод миний баруун нүд жоохон өвдөөд байдаг болсон. Одоо бол эмчилгээ хийгээгүй байгаа. Надад гарсан эмчилгээний 850 000 төгрөгийг ****төлж барагдуулсан. **** ХХК-наас надад эмчилгээний зардалд 1 500 000 төгрөг, захирал ****надад хувиасаа 1 000 000 төгрөг өгсөн. Гомдол, саналгүй гэх мэдүүлэг /хх 27 76, 149/, 
Гэрч ****мөрдөн байцаалтад өгсөн: 

...2016 оны 12 дугаар сарын 01-ний өглөө 08 цагийн үед ****улсын дугаартай Прадо маркийн тээврийн хэрэгслийг жолоодоод ажилчдаа аваад явж байтал үйлдвэр явах замд цасанд нэг ачааны машин суучихсан байсан. ****гийн жолоодож байсан ковшоор татах болсон. Машинаас **** бид 2 буугаад ковшийн араас тороосоор холбож өгсөн. Ингээд ковш машин ачааны машиныг цаснаас татаад хөдөлтөл гэнэт ковшийн 2 дугуйн завсраас бид нартай цуг явж байсан ****ёолоод гараад ирсэн. Ингээд Эрдэнэбат ах бид хоёр ****аваад эмнэлэгт үзүүлэн хэвтүүлсэн юм гэх мэдүүлэг /хх 150/, 

Гэрч *** мөрдөн байцаалтад өгсөн: 

...2016 оны 12 дугаар сарын 01-ний өглөө 08 цагийн үед  манай ажлын ****, ****, ****, ****, ****бид нар ****улсын дугаартай патрол машинтай явж байсан. Бид нар замдаа ажлын ковшийг асаагаад ****жолоодоод явсан. Тэгээд бид нар ажил руу явах замдаа манай шохойн үйлдвэрээс шохой ачих гээд нэг ачааны машин ирчихсэн бидний урд явж байсан. Ачааны машин цасанд суугаад ковшоор татах болсон юм. Бид ковшоор машиныг татахыг хараад зогсож байхад бидэнтэй цуг явж байсан ****ковшийн дугуйн доороос гараад ирсэн гэх мэдүүлэг /хх 151/, 

Гэрч А.****ийн мөрдөн байцаалтад өгсөн: 

...Тэр өдөр би захирлын машинд суугаад ажил руу явж байсан. Үйлдвэр орох замд манай компаний ачааны машин цасанд суучихсан байсан. Ард ковш дагачихсан явж байсан. Ачааны машиныг цаснаас гаргаад ир гэж Хадаа инженер хэлээд тэгээд хүмүүс машинаас буусан. Би машинаас буугаагүй. Ингээд удаагүй ковшийн шанаганд хүн мөргүүлчихлээ гээд асуудал болсон. Яаж яваад мөргөснийг нь би хараагүй гэх мэдүүлэг /хх 152/, 

Мөрдөн байцаалтад А.Мөнхболорын сэжигтнээр өгсөн:

2017 оны 12 дугаар сарын 01-ний өглөө 08:30 цагийн үед манай компанид ажилладаг ковш Хонгор сумын 1-р баг ****ад ажил хийх гээд явж байхад нь би *** утсаар яриад замд байгаа Волво гэх ачааны машиныг халтираад явахгүй байна гэнэ замаасаа чирээд ажил руугаа чирээд яваарай гэх хэлсэн. 30-40 минутын дараа манай үйлдвэрийн дарга ****над руу утсаар залгаад шохой татагч ******** хөдлөхдөө харалгүй ковшоор дайрчихлаа гэж хэлсэн. Тэгээд би Дархан-Уул аймгийн Нэгдсэн эмнэлэг орж үзүүл гэж хэлсэн. ...Эмнэлгийн машин хөлслөөд эхнэр Энхцацралыг сахиад яв гээд Улаанбаатар хот руу явуулсан. Биеийг нь асуухад ****биеийн байдал тааруу байна гэхээр нь би эхнэрээ хэд хоног сахиад эмчилгээний төлбөр мөнгийг нь хийгээд байж байгаарай гэж утсаар хэлсэн. Хоёр хоноод хагалгаа дуусаад биеийн байдал нь дээр болсон тэгээд ****утсаар над руу ярихаар нь эмчилгээгээ сайн хийлгээд төлбөрт санаа зовох хэрэггүй эдгэрээд ажлаа хийхээ бод гэж хэлсэн. 
Манай компанид хөдөлмөр хамгаалал аюулгүй ажиллагааны инженер байдаг одоогоор ажиллахгүй байгаа. Тэр өдөр ажил эхлээгүй байсан болохоор зуруулаагүй байсан гэх мэдүүлэг /хх 86/,       

Дархан-Уул аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2017 оны 12 дугаар сарын 22-ны **** дугаар дүгнэлт: 

“1.С.****биед баруун нүдний ухархайн дээд хана, дотор хана, доод хана, 2 талын гайморын хөндийн хана, этмойд хөндий хана, баруун хацар яс, хамар ясны хугарал, баруун талд суурь ясны бага далавч дайрсан, нийлмэл хугарал, хоёр талын гайморын хөндийн этмойд хөндийн цус хуралдалт, баруун нүдний дээд, доод зовхи, баруун чих, баруун хацар, хамрын нурууны зөөлөн эдийн няцрал, цус хуралт, баруун хөмсөгний язарсан шарх, баруун чамархай, духны зулгаралт, зүүн дээд 2,3-р шүдний сулрал бүхий гэмтлүүд тогтоогдлоо. 2.Дээрх гэмтэл нь хатуу, мохоо зүйлийн үйлчлэлээр тухайн хэргийн хугацаанд үүссэн шинэ гэмтлүүд байна. 3.Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын  3.1.2-т зааснаар учрах үедээ амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. 4.Цаашид гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөх эсэх нь эмчилгээ, эдгэрэлтээс хамаарна” гэжээ /хх 30/ зэрэг хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дүгээр зүйлийн 1-т заасан хүний эрүүл мэндэд хүнд хохирол болгоомжгүй учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм  буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж үзлээ. 

Дархан-Уул аймгийн Мэргэжлийн хяналтын газрын шинжээчийн 2016 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн *** дугаар дүгнэлт: 

1.Осол болоход хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны журам зөрчигдсөн гэж үзэж байна. 2.Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.8-т "аюулгүй ажиллагааны мэдлэг олгох сургалт явуулах, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн талаарх мэдлэгийг жил бүр шалгах, аюулгүй ажиллагааны зааварчилга өгөх, сургалтад хамрагдаагүй, зааварчилга аваагүй, шалгалт өгөөгүй ажилтнаар ажил үүрэг гүйцэтгүүлэхгүй байх" гэсэн ажил олгогчийн үүрэг хангагдаагүй. 3. Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-т "Хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангах, хөдөлмөрийн нөхцөлийг сайжруулах, хууль тогтоомжийг хэрэгжүүлэх, хяналт тавих үүргийг аж ахуйн нэгж, байгууллагын захирал /эзэн/, ажил олгогч шууд хариуцна" гэж заасан. 4. Засгийн газрын 2015 оны 269 дүгээр тогтоолоор баталсан Үйлдвэрлэлийн осол, хурц хордлогыг судлан бүртгэх дүрмийн 2.1.5-т "ажилтан ажилдаа ирэх, буцах зам ажлын байр болон ажилтай холбоотой сургалтад оролцож байгаа, түр болон байнга оршин суудаг газар, голлон хооллодог, цалингаа авдаг газрын хооронд бүх төрлийн тээврийн хэрэгсэл, ердийн хөсгөөр буюу явган явж байх үед" гэж заасан нөхцөл байдалд болсон тул үйлдвэрлэлийн осол гэж тооцно гэжээ /хх 35-36/,   

Дархан-Уул аймгийн Мэргэжлийн хяналтын газрын техникийн шинжээчийн 2017 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн *** дугаартай дүгнэлт: 

1.Хонгор сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэр дэх ****ын орчимд үйл ажиллагаа явуулдаг "****" ХХК хүрэх зам, Шарын гол, Дархан чиглэлийн ердийн хөрсөн замаас "****" ХХК-ны Шохой шатаах үйлдвэр чиглэлийн зам нь Авто замын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.10-т "аж ахуйн нэгж, байгууллагын дотоод авто зам" гэж аж ахуйн нэгж, байгууллагын нутаг дэвсгэр дэх 3 дугаар зүйлийн 3.1-ийн 7, 8, 9-т зааснаас бусад авто замыг" заасны дагуу аж ахуйн нэгж, байгууллагын дотоодын ердийн хөрсөн авто зам байна гэжээ /хх 49/,   

    Мэргэжлийн хяналтын Ерөнхий газрын шинжээчийн 2017 оны 9 дүгээр сарын 19-ний өдрийн *** дугаартай дүгнэлт: 

1,2. Улсын Ерөнхий прокурор, Мэргэжлийн хяналтын Ерөнхий газрын даргын 2011.6.24-ний өдрийн *** тоот Хамтран ажиллах тухай тушаалд "...тусгай мэдлэгийн хүрээнд шинжээчийн дүгнэлт гаргах" гэж заасан тул 2017.01.11-ний өдрийн 01, 2016.12.20-ны өдрийн *** дугаартай шинжээчийн дүгнэлт Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 13, 14, 15, 16, 7, 18 дугаар зүйлүүдийг баримтлан гаргасан шинжээчийн дүгнэлт тул үндэслэлтэй байна. 3.Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.1-т "машин механизм, тоног төхөөрөмжийн бүтэц, хийц, хөдөлгөөнт хэсэг, удирдлага, дохиоллын систем, бүрдэл хэсэг /ажлын байр, гарц, шат, хашлага, хамгаалах хэрэгсэл нь аюулгүй ажиллагааны шаардлагыг хангасан байх" гэсэн заалтыг ажил олгогч зөрчиж бүрэн бус техникээр ажил үүрэг гүйцэтгүүлж, жолооч нь дуут дохио өгөлгүйгээр хөдөлсөн нь хавтаст хэрэгт авагдсан мэдүүлгээр нотлогдож байгаа. Мөн хуулийн 18 дугаар зүйлийн 18.2.7-т "өөрийгөө болон бусдыг аюул, эрсдэлд учруулахгүй байх" гэсэн заалтыг осолдогч зөрчсөн гэж тус тус дүгнэж байна. 6. Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.9-т "ажлын байр" гэж "Иргэн, ажилтны гүйцэтгэх ажил үүрэгтэйгээ холбоотойгоор хүрэлцэн очих ёстой ажил олгогчийн шууд ба шууд бус хяналтын дор байх бүх байрыг", Засгийн газрын 2015 оны 269 дүгээр тогтоолоор баталсан "Үйлдвэрлэлийн осол, хурц хордлогыг судлан бүртгэх дүрэм"-ийн 2.1.3-т "ажлын байр, нэгж, хэсэг, салбарын хооронд байнга явж ажил, үүрэг гүйцэтгэдэг ажилтан ажлын цагаар бүх төрлийн тээврийн хэрэгсэл, ердийн хөсгөөр буюу явган явж байх үед", 2.1.5-т "ажилтан ажилдаа ирэх, буцах зам (ажлын байр болон ажилтай холбоотой сургалтад оролцож байгаа, түр болон байнга оршин суудаг газар, голлон хооллодог, цалингаа авдаг газрын хооронд)-доо бүх төрлийн тээврийн хэрэгсэл, ердийн хөсгөөр буюу явган явж байх үед" гэж тус тус заасан заалтад хамруулж үйлдвэрлэлийн осол мөн гэж дүгнэж байна гэжээ /хх 156-157/, хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх 8-10/ зэрэг хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1-т заасан болгоомжгүй үйлдлээр хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж үзлээ.

    Шүүгдэгч ****урьд ял шийтгэгдэж байгаагүй нь хавтаст хэргийн 66-р хуудсанд авагдсан ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудсаар тогтоогдсон. 

    Хавтаст хэрэгт авагдсан хохирогч С.****"бид хоёр эвлэрсэн. Эмчилгээний зардалд 3 сая төгрөг авсан. Бэлэн 1 800 000 төгрөг авсан. Одоо гомдолгүй" гэх хохирогчийн гарын үсэг бүхий хүсэлтээр /хх 168/ шүүгдэгчийг гэмт хэргийн улмаас бусдад учруулсан бодит хохирлыг нөхөн төлсөн байна гэж үзэв. 
 
Шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлыг нөхөн төлсөн зэргийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг харгалзан,  

улсын яллагчийн "1 жил 6 сарын хугацаагаар хорих ял" оногдуулах санал оруулсныг шүүгдэгчийн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, түүний хувийн байдал, ажил олгогчийн Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.1-т "машин механизм, тоног төхөөрөмжийн бүтэц, хийц, хөдөлгөөнт хэсэг, удирдлага, дохиоллын систем, бүрдэл хэсэг (ажлын байр, гарц, шат, хашлага, хамгаалах хэрэгсэл) нь аюулгүй ажиллагааны шаардлагыг хангасан байх" гэсэн заалтыг зөрчиж бүрэн бус техникээр ажил үүрэг гүйцэтгүүлсэн, хохирогчийн мөн хуулийн 18 дугаар зүйлийн 18.2.7-т "өөрийгөө болон бусдыг аюул, эрсдэлд учруулахгүй байх" гэсэн заалтыг зөрчсөн байгаа зэргийг харгалзан шүүгдэгчид Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1-т "...хорих ял оногдуулахгүйгээр таван жил хүртэл хугацаагаар тэнсэж болно" заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1-т заасан гэмт хэрэгт Xgma 962  маркийн ачигч ковш жолоодох эрхийг 7 сарын хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 2 жилийн хугацаагаар тэнсэх нь зүйтэй гэж шүүх үзлээ. 

 Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоног, бусдад төлөх төлбөргүй болохыг дурдах нь зүйтэй байна.  

    Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2-т тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч ****г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1-т заасан болгоомжгүй үйлдлээр хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

    2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1, 5.7 дугаар зүйлийн 2-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч О.****г Xgma 962 маркийн ачигч ковш жолоодох эрхийг 7 сарын хугацаагаар хасаж, 2 /хоёр/ жилийн хугацаагаар тэнссүгэй. 

    3.Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоног, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны улмаас тооцон гарах зардалгүй болохыг дурдсугай. 

4.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
 5.Шийтгэх тогтоолд гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч О.****д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ хэвээр үргэлжлүүлсүгэй.  

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                    Т.БАТЖАРГАЛ