Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 09 сарын 06 өдөр

Дугаар 2021/ДШМ/31

 

Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Н.Энхмаа даргалж, шүүгч Л.Нямдорж, Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч В.Цэцэнбилэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд     

                                            Прокурор Ц.Баатарсүрэн

                                            Хохирогч Д.Должинсүрэн

                                            Хохирогчийн өмгөөлөгч П.Адьяасүрэн

                                            Шүүгдэгчийн өмгөөлөгч Ч.Алдар /цахимаар/

                                            Нарийн бичгийн дарга Л.Төмөрбарс нарыг оролцуулан

 

Өвөрхангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Цэцэгээгийн даргалж шийдвэрлэсэн шүүх хуралдааны 2021 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн 2021/ШЦТ/116 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч хохирогч Д.Должинсүрэнгийн гаргасан гомдлоор Г.С-д холбогдох эрүүгийн 2126000140064 дугаартай хэргийг 2021 оны 08 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч, шүүгч Н.Энхмаагийн  илтгэснээр хянан хэлэлцэв.                                                                                                    

 

Монгол Улсын иргэн, 1989 оны 12 дугаар сарын 02-ны өдөр Өвөрхангай аймгийн Баянгол суманд төрсөн, 32 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл-4, ээж, дүү, эхнэрийн хамт Өвөрхангай аймгийн Баянгол сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэр “Жаргалант” гэх газар оршин суух, гавьяа шагнал, ял шийтгэл, Жаргалант овогт Г.С

 

Г.С нь 2020 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр *гэх газраас Ө.Г-н өмчлөлийн 12 тооны бог мал буюу бусдын олон тооны малыг нууцаар, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч 1300000 /нэг сая гурван зуун мянга/-н төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг машин механизм ашиглаж үйлдсэн,

 

2020 оны 11 дүгээр сарын 30-ны өдрөөс 2020 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн хооронд *гэх газраас Г.С-д итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгө болох иргэн С.Батсуурийн өмчлөлийн 1 тооны адууг завшиж 500000 /таван зуун мянган/ төгрөгийн хохирол учруулсан,

 

2020 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн орчим *гэх газраас иргэн Д.Д-н өмчлөлийн 1 тооны адууг хууль бусаар, нууцаар, хүч хэрэглэхгүйгээр авч 350000 /гурван зуун тавин мянга/ төгрөгийн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт тус тус холбогдсон /яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/ бөгөөд Өвөрхангай аймаг дахь Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2.1, 2.4, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2.4 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт тус тус эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татан ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж хэргийг харьяаллын дагуу Өвөрхангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлжээ.          

 

Анхан шатны шүүх, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Өвөрхангай аймгийн Прокуророос Г.С-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2.4-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг болгон хөнгөрүүлэн өөрчилж, бусдын олон тооны малыг машин механизм ашиглаж хулгайлсан, бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан гэмт хэрэг тус тус үйлдсэн гэм буруутайд тооцон, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2.1, 2.4-т зааснаар 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 5 /зургаа/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар тус тус шийтгэн, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.14 дүгээр зүйлийн 1, 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2 дахь хэсэгт зааснаар Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2.1, 2.4-т зааснаар оногдуулсан 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялыг 1 /нэг/ жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар солихоор, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2.3-т зааснаар 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2 дахь хэсэг, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.14 дүгээр зүйлийн 1, 6.7 дугаар зүйлийн 1.3-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2.1, 2.4-т зааснаар оногдуулсан 1 /нэг/ жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 6 /зургаа/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялыг нэмж нэгтгэн, нийт эдлэх ялыг 1 /нэг/ жил 3 /зургаа/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.С-д 1 /нэг/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар эрх бүхий байгууллагын хяналтад өөрийн оршин суух Өвөрхангай аймгийн Баянгол сумын Өнц-1 дүгээр багийн нутаг дэвсгэрээс явахыг хориглон, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.С-д шүүхээс оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тус тус тооцож хорих ялаар солихыг мэдэгдэн, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1-д зааснаар оногдуулсан 1 /нэг/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял эдлүүлэх ажиллагаанд хяналт тавихыг Өвөрхангай аймаг дахь Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх газарт даалган, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 1, 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогч С.Батсуурийн нэхэмжилсэн 200000 төгрөг, хохирогч Д.Д-н нэхэмжилсэн 370000 төгрөгийн нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж, хохирогч Д.Д-н нэхэмжилсэн 3 адуу, Өвөрхангай аймг дахь Цагдаагийн газрын нэхэмжилсэн шатахууны үнэ 77500 төгрөгийг тус тус хэрэгсэхгүй болгож, хохирогч С.Б, Д.Д нар нь хэлэлцэхгүй орхисон нэхэмжлэлийг иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар дахин гаргах эрхтэй болохыг дурдан, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Э.Тунгалагтуяад 1300000 төгрөг төлсөн, хохирогч С.Б-д 1 адуу, хохирогч Д.Д-д 1 тооны адуу буцааж өгсөн, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйлгүй, хураагдаж ирсэн иргэний бичиг баримтгүй болохыг дурдан, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэгт зааснаар хэрэгт битүүмжлэгдэж ирсэн шүүгдэгч Г.С-н эзэмшлийн 4000000 төгрөгийн үнэлгээ бүхий ***** улсын дугаартай “Hyundai porter” маркын автомашиныг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц улсын төсөвт шилжүүлэхээр, Өвөрхангай аймгийн Прокурорын газрын 2021 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн 07 дугаартай эд хөрөнгө битүүмжлэх тухай прокурорын тогтоолыг хүчингүй болгохоор, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.С-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.  

 

Хохирогч Д.Дгаргасан давж заалдах гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаж байна.

Анхан шатны шүүх шүүгдэгч Г.С-д холбогдох хэргийн зүйлчлэлийн зарим зүйл анги буюу хохирогч Д.Дминий 3 тооны адууны хохиролтой хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг болгон өөрчилсөн нь буруу гэж үзэж байна. Шүүгдэгч Г.С-д холбогдох хэрэгт хийгдсэн мөрдөн шалгах ажиллагаа дутуу хийгдсэн байхад прокурор хавтаст хэргийг надад танилцуулахгүй, шүүх хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг бүрэн гүйцэт үнэлж үзэхгүй шийдвэр гаргалаа. Прокурор шүүгдэгч Г.СД.Д-н 1 тооны адууг завшсан гэж яллах дүгнэлт үйлдсэн нь мөрдөн байцаалтын шатанд авагдсан үйл баримтыг буруу үнэлж гэм буруутай этгээдэд л завшууллаа. Шүүгдэгч Г.С нь анх хэрэг бүртгэлтийн шатанд буюу Баянгол сумын цагдаагийн газрын ажилтан Б-д мэдүүлэг өгөхдөө Д.Д миний 3 тооны адууг авч ашигласан үйлдлээ зөвшөөрсөн баримтыг прокурор, шүүх аль аль нь үнэлсэнгүй. Шүүгдэгчийн ойрын төрлийн хүн болох Б, Д нар ч Г.С-н гэм бурууг ойлгож, миний алдсан адууг авч ашигласан үйлдэлд дүүгээ буруутай нь үнэн тул хохирол дээр чинь тохиролцмоор байна гэж надад хэлж байсан. Миний 3 тооны адууг завшсаныг арьс ширний ченж П гэдэг хүн гэрчилнэ. Г.С нь миний адууг тэжээж өгнө гэж хүлээж аваад 3 тооны адууг булаасан гэм буруутай. Манай адууны зарим нэг нь үхсэн гэж сэг зэмийг нь үзүүлсэн бол би эрж сурах, хэн нэгэнд гомдол гаргах шаардлага байгаагүй. Цаг агаарын гамшиг тохиолдсон үед отор нүүдэл хийж яваа малчин бидний аргагүй байдлыг далимдуулж, мал сүрэгт нь халдаж байгаа Г.С-г  прокурор, шүүх хаацайлж байгаад гомдолтой байна.

Иймд энэ хэргийг дахин шалгаж, надад учирсан хохирлыг бүрэн тогтоож, Өвөрхангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн 2021/ШЦТ/116 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож шүүгдэгч Г.С-д холбогдох хэргийг мөрдөн байцаалтанд буцааж өгнө үү гэжээ.

Прокурор Ц.Баатарсүрэн шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: Хохирогч болон хохирогчийн өмгөөлөгчийн зүгээс мөрдөн шалгах ажиллагааны явцыг дутуу хийгдсэн гэж үзэж байна. Энэ байдлыг миний зүгээс үгүйсгэж байна. Тухайн үед Г.С-н гадаа байсан Д.Д-н адуунаас 3 тооны адуу алдагдсан. Түүний 1 адууг Г.С буцаан өгсөн байдаг. Тэр үеэр Д.Д-н Г.Сын гадаа байгаагүй өөр адуунаас дахин 1 тооны адуу алдагдсан гэж үзэж байгаа. Д.Д нь анх 3 адуу алдагдсан талаар гомдол гаргасан байдаг. Энэ талаар эрүүгийн хэрэг үүсгэж мөрдөн шалгах ажиллагаа явуулахад хохирогч нь өөрөө эх сурвалжаа зааж өгч чадаагүй. Хэзээ, хаанаас ямар адуу алдсан, алдагдсан адуу нь ямар им, тамгатай зэрэг байдлаа тодорхойлж чадахгүй, зөрүүтэй мэдүүлэг өгсөн байдаг. Ингээд эх сурвалж тодорхойгүй 3 тооны адуу алдагдсан эсэх нь тогтоогдохгүй байна гэсэн үндэслэлээр эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан тогтоолд нэмэлт өөрчлөлт оруулж хэргийг шүүхэд шилжүүлж анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэсэн.Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол үндэслэлтэй хавтаст хэргийн хүрээнд хэргийг шийдвэрлэсэн. Иймээс анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна гэв.

Хохирогч Д.Д шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Г.С нь манай адууг тэжээж онд оруулж өгнө гэсэн. Манайх тэжээлээ бэлтгэж өгсөн. 2020 оны 11 дүгээр сард 6-н өвс, 5-н хивэг аваачиж өгсөн. Мөн 2020 оны 12 дугаар сарын 03-ны өдөр 20-н боодол өвс, 10-н хивэг аваачиж өгсөн. Г.С нь гаднаа тэжээж байгаа манай малыг хаана хэзээ байсан, байгаагүй эсэхийг мэдэх боломжтой. Гэвч адуу маань алга болсон байсан. Бид адуугаа хайсан боловч олоогүй. Тухайн үед бидэнд үхсэн талаар нотолж сэг, зэм үзүүлээгүй. Ингээд бид Г.С-г адуу мал зарж байгааг мэдээд өөрөөс нь чи зарсан байна гээд асуухад манай нэг даагыг авчирч өгсөн. Мөн манай адууг авсан тухай цагдаад үнэнээ хэлээд хэргээ хүлээсэн байсан. Цагдаагийн газраас танай адуу энд байна унаа авчраад ав гэж хэлсэн. Гэтэл манай адуу биш байсан. Манай адуу биш учраас би хулгайн адуу байж магадгүй гэж цагдаад хэлж байсан. Ингээд эгч Д нь хэдүүлээ шүүх цагдаа гээд яахав тохиролцъё гэж гуйж байсан. Дүү Б нь танай хохирлыг бүрэн барагдуулна гомдолгүй гэж хэлээч гэж гуйж байсан. Ийм нөхцөл байдал байсаар байхад хэргийг дутуу шалгасан учир хэргийг мөрдөн байцаалтад буцааж өгнө үү. Прокурор миний өгсөн гомдлыг үндэслэлгүй гэж үзээд байх шиг байна. Яагаад ингэж үзээд байгаа нь эргэлзээтэй байна. Би тухайн үед болсон үйл явдлаа ярьж байгаа. Г.С нь манай адууг 2020 оны 09 дүгээр сарын 20-ны өдрөөс хойш харж байсан. Манай малыг харж байсан байж ямар зүстэй, ямар им, тамгатай байсныг нь мэдэхгүй гээд байгаа. Малчин хүн бичиг үсэг, боловсролгүй байж болно. Гэхдээ малын им тамга, зүс зэргийг мэдэх ёстой. Манайхыг адуугаа албан ёсоор тоолоод Г.С-д хүлээлгэж өгөөгүй гээд байгаа. Гэхдээ Г.С нь манай адууг тоо нь бүрэн байна гээд услаад гаргасан гэж мэдүүлсэн байгаа. Мөн манайхаас тэжээл авах болохоороо өөрөө хэлээд авдаг байж адуу дутсаныг хэлээгүй, хүнээр хэлүүлсэн байсан. Харин манай адуунд Гучин-Ус сумын нэг айлын адуу байсан. Эзэн нь адуугаа авахаар ирэхэд нь та эзэнтэй нь уулзаад адуугаа аваарай. Харин эзэнтэй нь уулзахдаа адуунаас чинь дутсан шүү гэдгийг хэлчихээрэй гэж хэлээд явуулсан байсан. Тэжээл авахаараа өөрөө хэлээд, адуу дутахаар хүнээр хэлүүлдэг нь бас нэг учир шалтгаан байгаа гэж бодож байна. Иймд хэргийг буцааж манай алдсан адууг олж өгнө үү гэв.

Хохирогчийн өмгөөлөгч П.Адьяасүрэн шүүх хуралдаанд гаргасан саналдаа: Анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох хохирогчийн гомдлыг дэмжиж байна. Яагаад гэвэл хэргийн нотловол зохих байдал нотлогдоогүй гэж үзэж байна. Мөн мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогчийн эрхийг хангаагүй нь хууль зөрчиж байна. Прокурор хохирогчийн алдсан гэх 4-н адууны 3-ыг хэрэгсэхгүй болгосон тогтоолоо танилцуулаагүй. Мөн хэргийг шүүхэд шилжүүлэхдээ хэргийн материалтай танилцуулаагүй. Зөвхөн хэрэг танилцуулав гэсэн ганцхан хуудас авчирч өгөөд гарын үсэг зуруулж авсан байсан. Гэвч хохирогч нь анхан шатны шүүх хуралдаанд орохдоо өөрийн адууны зөвхөн 1 адуунд нь хэрэг зүйлчлэгдсэн гэдгийг мэдсэн байдаг. Ингээд шүүх хуралдаанд өөрийн 4-н адуу алдсан тухайгаа хэлэхэд үүнийг үл сонсож хэргийг шийдвэрлэсэн. Хавтаст хэрэгт цагдаагийн авсан мэдүүлэгт хохирогчийн адууг би авсан гэж бичигдээгүй байсан хэдий ч танай адууг оллоо ирээд адуугаа ав гэж цагдаа дуудсан. Гэтэл Д.Д-н адуу биш байсан. Тэгвэл тэр адуу хэний адуу байсан бэ гэдгийг, хохирогчоос шүүгдэгчийн эгч, дүү нар гомдолгүй гэж хэлээд өгөөч, гомдлыг чинь барагдуулна гэж гуйж байсан эсэхийг нэг бүрчлэн шалгах ёстой. Иймээс анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож хэргийн нэмэлт мөрдөн байцаалтад буцааж өгнө үү. Миний бие прокурорын дүгнэлттэй санал нийлэхгүй байна. Тухайлбал Д.Д-н тооны адуу алдсан гэдгийг Г.С аваагүй гэж үзэж байгаа бол өөр хэн нэгэн авсан байж таарна. Үүнийг олж шалгах, тогтоох үүрэгтэй. Мөн шүүх хавтаст хэргийн хүрээнд шийдвэрлэсэн нь зүйтэй гэж үзээд байгаа бол анхан шатны шүүхээс хэргийн зүйлчлэлийг өөрчилж шийдвэрлэсэн байгаа. Хохирогчийн эрхийг хангаагүй. Хохирогч миний алдсан 4-н тооны адуунаас борлогдох боломжтой 3 тооны адууг борлуулсан. Борлогдох боломжгүй 1 даагыг хэргээ илрэхээр буцааж өгч байгаа нь эргэлзээтэй байна гээд байгаа. Үүнийг бас мухарлаж үнэнийг нь олж байж хэргээ шүүхэд шилжүүлэх ёстой байсан. Иймд шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг прокурорт буцааж шийдвэрлэж өгнө үү гэв.

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ч.Алдар шүүх хуралдаанд гаргасан саналдаа: Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хууль ёсны үндэслэлтэй гарсан гэж үзэж байна. Иймд шийтгэх тогтоолыг хэвээр үлдээлгэх саналтай байна. 2020 оны 11 сард одоо даага гээд яриад байгаа адуу нь унага байсан. Тухайн үед Г.С-н гэрийнх нь гадаа Д.Д-н адуунаас 1 даага 1 унага өеөөдөөд унасан байсныг нь аймаг орохдоо авчирч өгсөн байгаа юм. Үүнийг хэргээ илрэхээр авчирч өгсөн гэж яриад байх юм. Г.С гэдэг хүний хувьд бичиг үсэг мэдэхгүй, хөдөө байнга байдаг, бага байхдаа аянганд цохиулаад бие нь эрүүл бус болсон хүний үгээр байдаг хүн байгаа. Ийм хүн ийм үйлдэл гаргах боломжгүй. Шүүгдэгч өөрийнхөө гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3-т тус тус зааснаар давж заалдах шатны шүүх тухайн хэргийн бүх ажиллагаа, шийтгэх тогтоолыг хуульд заасан үндэслэл журмын дагуу хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг үндэслэж, хохирогчийн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянан шийдвэрлэлээ.

 

2021 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр хохирогч Д.Должинсүрэнгийн нөхөр Ц.Наранхүү нь 3-н тооны адуугаа алдсан талаарх гомдлыг гаргасан /1-р хх-ийн 160 хуу/ ба прокурор Г.Цолмонгэрэл 2021 оны 02 дугаар сарын 24-ний өдөр уг 3-н тооны адууг Г.Сыг хулгайлсан гэж үзэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2.1-т заасан гэмт хэрэгт эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татжээ.

Гэтэл прокурор Ц.Баатарсүрэн нь 2021 оны 05 дугаар сарын 28-ны өдөр хохирогч Д.Д-н өмчлөлийн 1 тооны адууг Г.С нь машин механизм ашиглаж хулгайлсан гэж үзэж дээрх тогтоолд өөрчлөлт оруулахдаа 2 адууны үйлдлийг хэрхэн шийдвэрлэсэн нь тодорхойгүй, хэрэгсэхгүй болгосон тогтоолыг хохирогчид танилцуулаагүй, мөн хэргийн материалыг хохирогчид танилцуулалгүй хохирогчийг эрхийг ноцтой зөрчсөн байхад анхан шатны шүүх дээрх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчлийг анхаарч үзэлгүй хэргийг шийдвэрлэжээ.  

 

Иймд хохирогчийн энэ талаар гаргасан гомдлыг хүлээн авч анхан шатны шүүхийн 2021 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн 2021/ШЦТ/116 дугаартай шийтгэх тогтоолыг бүхэлд нь хүчингүй болгож, Г.С-д холбогдох эрүүгийн 2126000140064 тоот хэргийг прокурорт буцаах нь зүйтэй байна гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн үзлээ.

 

Хэргийг прокурорт очтол шүүгдэгч Г.С-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсэн болно.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4.2, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.3-т заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

  1. Өвөрхангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн 2021/ШЦТ/116 дугаартай шийтгэх тогтоолыг бүхэлд нь хүчингүй болгож, Г.С-д холбогдох эрүүгийн 2126000140064 тоот хэргийг прокурорт буцаасугай.

 

2. Хэргийг прокурорт очтол шүүгдэгч Г.С-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

  3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Монгол Улсын Дээд шүүхэд оролцогч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.