Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 01 сарын 11 өдөр

Дугаар 128/ШШ2016/0028

 

2016 оны 1 сарын 11 өдөр

Дугаар 128/ШШ2016/0028

Ула******* хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

  Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Сарангэрэл даргалж, 2016 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр тус шүүхийн шүүх хуралдааны Б танхимд хийсэн шүүх хуралдаанаар иргэн Г.Н*******ийн нэхэмжлэлтэй, Нийгмийн даатгалын ерөнхий газар, Багануур дүүргийн Нийгмийн даатгалын хэлтэст холбогдох захиргааны хэргийг хянан хэлэлцэж энэхүү шүүхийн шийдвэрийг гаргав.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Э*******, өмгөөлөгч Д.М*******, хариуцагч Нийгмийн даатгалын ерөнхий газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч С.М*******, хариуцагч Багануур дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.О*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Н******* нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

1.Нэхэмжлэлийн шаардлагын агуулга: Тэжээгчээ алдсаны тэтгэвэр тогтоож өгөхийг Нийгмийн даатгалын ерөнхий газарт даалгах гэжээ.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие төрөлхийн хүндэвтэр оюуны хомсдолтой, тахир дутуугийн группд байдаг. Эцэг Г******* өвчний улмаас 1999 онд нас барсан бөгөөд эцгийн ажилсан жилээр тэжээгчээ алдсаны тэтгэвэр олгож болно гэсэн. Иймээс эцгийн ажилсан жилийг Иргэний хэргийн 1 дүгээр шүүхээр тогтоолгож, нийгмийн халамжийн тэтгэврээ хаалган 2014 оны 10 дугаар сараас нийгмийн даатгалын газраас тэтгэвэр тогтоосон. Гэвч Нийгмийн даатгалын ерөнхий газар 2014 оны 7 сард өөрсдөө хувиараа аргачилал гаргаж 1995 оны хуулийг зөрчин намайг тэтгэврийн группгүй болгож байна.

Үндсэн хуульд төрөлхийн оюуны хомсдолтой хүн тэжээгчээ алдсаны тэтгэвэр авч болохгүй гэж заагаагүй байхад Г******* овогтой Н*******ийн тэтгэврийг зогсоож байгаа тул буцаан олгуулж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Г.Н******* нь Нийгмийн даатгалын ерөнхий газрын 2014 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн комиссийн шийдвэрт П71 буюу оюуны хүндэвтэр хомстолтой, оюуны чадамж 35-49 буюу мангуу тэнэг гэсэн байдаг. Насанд хүргэгчийн сэтгэцийн байдал нь 6-9 настай хүүхдийн хөгжилтэй, 70 хувийн хөдөлмөрийн чадвар алдалтай гэсэн акт гарсан байдаг. Оюун ухааны хүндэвтэр хомстолтой гэсэн Хэнтий аймгийн 2003 оны Нийгмийн даатгалын газраас гарч байсан шийдвэр байгаа. Тухайн шийдвэрийг дагуу Нийгмийн халамжид хамаарагдаж байсан. Төрөлхийн оюуны хомстолтой учраас комиссын шийдвэр огт өөрчлөгддөггүй. Ингээд нэхэмжлэгч Нийгмийн халамжид хамаарагдаж, аавынхаа ажилласан жилийг шүүхээр тогтоолгон тэжээгчээ алдсаны тэтгэврийг тогтоолгож өгсөн байдаг.

Тэжээгчээ алдсан тэтгэвэрт ямар үндэслэлээр орсон эсэхийг авч үзэхэд Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр тэтгэмжийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1-т зааснаар Энэ хуулийн 7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан шимтгэл төлөх хугацааг хангасан тэжээгч ердийн өвчин, ахуйн ослын улмаас нас барвал түүний асрамжид байсан гэр бүлийн хөдөлмөрийн чадваргүй дор дурдсан гишүүд тэжээгчээ алдсаны тэтгэвэр тогтоолгон авах эрхтэй гэж заасан байдаг. Мөн хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.3-т зааснаар тэжээгчийн асрамжид байсан төрөлхийн тахир дутуу буюу 16 нас хүрээгүй байхдаа тахир дутуу болсон хүүхэд, ач, зээ, төрсөн ах,эгч, дүү гэж заасан байдаг. Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр тэтгэмжийн тухай хуулийн дагуу тэжээгчээ алдсан тэтгэвэрт орсон байдаг.

Хэргийн материалд авагдсан 74 дүгээр хуудаст тэтгэврийн хувийн хэрэг нээж тэжээгчээ алдсан тэтгэврийн дугаар өгч тэжээгчээ алдсаны тэтгэврийг авч байсан. Гэтэл гэнэт Нийгмийн даатгалын байгууллагаас тэтгэмж авах эрхийг хассан байдаг.

Г.Н******* нь өөрөө өөрийгөө аваад явах чадваргүй, хүний асрамжид, оюуны ухааны хомстолтой мангуу тэнэг учраас өмсөж зүүхээ мэдэхгүй хүний асрамжид байдаг хүн тэжээгчээ алдсан тэтгэврээр амьдардаг байсан. Мөн үүнтэй холбоотойгоор банкнаас зээл авч өртэй байхад нь Нийгмийн даатгалын сангаас тэтгэмж олгохыг зогсоосон байдаг.

Ийм учраас Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.2.4-т заасан нөхцөлд хамаарч байгаа учраас нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү гэв.

2.Хариуцагч Нийгмийн даатгалын ерөнхий газраас шүүхэд гаргасан хариу тайлбартаа:

Г******* овогтой Н******* нь төрөлхийн оюуны хүндэвтэр хомсдолтой, тахир дутуугийн тэтгэвэр авч байсан байна. Тэрээр тэжээгчээ алдсаны тэтгэвэр тогтоолгох хүсэлт гаргажээ.

Эцэг Г******* нь 1999 онд нас барсан бөгөөд Дүүргийн иргэний хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн 2014 оны 7 дугаар сарын 8-ны өдрийн 2823 тоот шийдвэрээр төрсөн эцэг Г*******ын 1982.6.21-1991.09.24-ний өдрийг хүртэл Хэнтий аймгийн Чандган сангийн аж ахуйд тракторын жолоочоор ажиллаж байсныг нөхөн тогтоолгожээ.

Иргэн Г.Н*******т тэжээгчээ алдсаны тэтгэвэр тогтоон олгох боломжгүй байна. Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 3-т зааснаар "тэжээгчээ алдсаны тэтгэвэр тогтоолгох гэр бүлийн хөдөлмөрийн чадваргүй гишүүд тэжээгчээ нас барснаас хойш 14 хоногийн, хэрэв хүндэтгэх шалтгаантай бол 3 сарын дотор" тэтгэвэр тогтоолгох өргөдөл, хуульд заасан бусад холбогдох баримт бичгийг бүрдүүлж нийгмийн даатгалын байгууллагад өгөхөөр зохицуулсан байдаг. Гэтэл Г.Н******* нь тэжээгчээ нас барснаас хойш 20 жилийн дараа хүсэлт гаргаж байгаа нь хуулийн дээрх заалтыг зөрчиж байгаа тул тэжээгчээ алдсаны тэтгэвэр тогтоолгох эрх үүсэхгүй юм.

Иймд Г.Н*******ийн Захиргааны хэргийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийг Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.2.9-д заасан үндэслэлээр хүлээн авахаас татгалзаж бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.

Иргэн Г.Н******* нь Нийгмийн даатгалын ерөнхий газрын дэргэдэх Гомдлын шаардлагын зөвлөлд хандан өргөдөл гаргасан бөгөөд 2015 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн 21 дугаартай албан тоотоор хариу өгсөн байна гэжээ.

Хариуцагч Нийгмийн даатгалын ерөнхий газрын итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлээс харахад нэхэмжлэгч нь оюуны хомстолтой тахир дутуугийн тэтгэмж авч байсан харагддаг. Эцэг н.Г******* нь 1999 онд нас барсан. Дүүргийн Иргэний хэргийн 1 дүгээр шүүхийн 2014 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн 2823 дугаартай шүүхийн шийдвэрээр төрсөн эцэг н.Г******* нь 1982 оны 06 дугаар сарын 21-нээс 1991 оны 09 дүгээр сарын 21-ны өдрийн хоорондох хүртэл Хэнтий аймгийн Чандмань сангийн аж ахуйд тракторын жолоочоор ажиллаж байсныг тогтоосон байдаг.

Өнөөдрийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй. Учир нь Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр тэтгэмжийн тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.3-т зааснаар тэжээгчээ алдсаны тэтгэвэр тогтоолгох гэр бүлийн хөдөлмөрийн чадваргүй гишүүд тэжээгчээ нас барснаас хойш 14 хоногийн, хэрэв хүндэтгэх шалтгаантай байсан бол З сарын дотор тэтгэвэр тогтоолгох болон хуульд заасан баримтаа бүрдүүлэн өгөх ёстой байсан боловч 20 жилийн дараа хүсэлт гаргаж байгаа учраас тэжээгчээ алдсаны тэтгэвэр тогтоолгох боломжгүй гэж үзсэн. Үүнтэй холбоотойгоор Нийгмийн даатгалын ерөнхий газрын дэргэдэх гомдлын шаардлагын зөвлөлөөс 2015 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр 21 дугаартай албан тоотоор хүргүүлсэн байдаг. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй гэжээ.

3. Хариуцагч Багануур дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсээс шүүхэд гаргасан хариу тайлбартаа:

Багануур дүүргийн 3 дугаар хорооны иргэн Г******* овогтой Н******* нь Хэнтий аймгийн Биндэр суманд хөдөлмөрийн чадвараа 70 хувиар алдсан тахир дутуугийн халамжийн тэтгэвэр авч байгаад 2014 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр тэтгэврээ зогсоон тус дүүрэгт 2014 оны 10 дугаар сарын 01-ний өдөр иргэний хаягийн шилжүүлэг хийлгэсэн.

2014 оны 10 дугаар сарын 01-ний өдөр тус хэлтэст тэжээгчээ алдсаны тэтгэвэр тогтоолгох хүсэлтийг өөрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Э*******гаар дамжуулан өгч, одоо яаралтай тогтоож өг гэсэн шахалт үзүүлэн тогтоолгон авсан байна. Г.Н*******т тэжээгчээ алдсаны тэтгэвэр тогтоох нь дараах шалтгаанаар буруу байсан.

Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 12- р зүйлийн 1 дэх хэсгийн 3-т "тэжээгчийн асрамжинд байсан төрөлхийн тахир дутуу буюу 16 нас хүрээгүй байхдаа тахир дутуу болсон хүүхэд тэжээгчээ алдсаны тэтгэвэр тогтоолгох эрхтэй" гэж заасан ба Г.Н*******ийн хувьд анх төрөлхийн тахир дутуу болсныг хэзээ нөхөн тогтоосон акт нь байхгүй. Энд Нийгмийн даатгалын ерөнхий газрын 2014 оны 03-р сарын 05-ны өдрийн 1/337 тоот чиглэл өгөгдсөн байгааг харгалзав.

Тэжээгчийг нас барснаас хойш /эцэг Г******* 1995 оны 01-р сарын 01-ний өдөр нас барсан/ олон жилийн дараа тэжээгчээ алдсаны тэтгэвэр тогтоолгохоор гаргасан хүсэлт нь Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 3-т "тэжээгчээ алдсаны тэтгэвэр тогтоолгох гэр бүлийн хөдөлмөрийн чадваргүй гишүүд тэжээгчээ нас барснаас хойш 14 хоногийн, хэрэв хүндэтгэх шалтгаантай байсан бол 3 сарын дотор бүрдүүлж, нийгмийн даатгалын байгууллагад өгөх" гэсэн заалтыг зөрчсөн байна. Энэ нь Нийгмийн даатгалын ерөнхий газраас хариу ирүүлсэн 2014 оны 11-р сарын 10-ны өдрийн 3/1870 тоотоор баталгаажсан.

Иймд Г******* овогтой Н*******т 2014 оны 10 дугаар сарын 01-ний өдөр тогтоосон тэжээгчээ алдсаны тэтгэврийн 68862 тоот хувийн хэргийг хяналтын шатанд баталгаажуулаагүй, тэтгэврийн програмд 2014 оны 11 дүгээр сарын 10-нд зогсоож, 2014 оны 10, 11 сарын тэтгэврийн файл банкинд илгээгдэн олголт гарсныг /344400 төгрөг/ иргэн Г.Н*******, итгэмжпэгдсэн төлөөлөгч Ц.Э*******, тэтгэврийн байцаагч О.О******* нар хариуцан буцаан төлөхийг мэдэгдсэн боловч шүүх хуулийн байгууллагаар явна гэсэн шалтгаанаар шийдвэрлэгдээгүй байна гэжээ.

ҮНДЭСЛЭХ НЬ:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Э*******гаас Нийгмийн даатгалын ерөнхий газар 2014 оны 7 дугаар сард өөрсдөө аргачлал хийж, 1995 онд гарсан хуулийг зөрчиж Г.Н*******ийн тэжээгчээ алдсаны тэтгэврийг зогсоож хохироож байгаа тул буцаан тогтоож өгнө үү гэсэн агуулга бүхий нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж шүүхээс Тэжээгчээ алдсаны тэтгэвэр тогтоолгохыг даалгах гэсэн шаардлагаар Нийгмийн даатгалын ерөнхий газарт холбогдуулан захиргааны хэрэг үүсгэжээ /хх 12/.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гэрчийн мэдүүлгүүдээс Г.Н*******ийн тэжээгчээ алдсаны тэтгэврийг тогтоосон шийдвэрийг хянан баталгаажуулаагүй, тэтгэврийг зогсоосон нь Багануур дүүргийн Нийгмийн даатгалын хэлтэстэй холбоотой болох нь тогтоогдсон тул уг хэлтсийг хамтран хариуцагчаар татжээ /хх 78-79/.

Г.Н******* нь төрөлхийн оюуны хомсдолтой, хөдөлмөрийн чадвараа 70 хувь алдсан үндэслэлээр нийгмийн халамжийн сангаас тахир дутуугийн тэтгэврийг 2003 оны 02 дугаар сарын 02 дугаар сарын 15-ны өдрөөс тогтоолгон авч байгаад 2014 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс зогсоож, хасалт хийн шилжүүлжээ.

Нэхэмжлэгч Г.Н*******ийн төрсөн эцэг О.Г*******ын ажилласан жилийг Дүүргийн иргэний хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн 2014 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн 2823 тоот шийдвэрээр нөхөн тогтоожээ. Энэ шийдвэрийг үндэслэн нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс Багануур дүүргийн нийгмийн даатгалын хэлтэст 2014 оны 10 дугаар сарын 01-ний өдөр нийгмийн даатгалын сангаас тэжээгчээ алдсаны тэтгэвэр тогтоолгох өргөдлөө /хх 76/ гаргажээ. Өргөдлийг үндэслэн Багануур дүүргийн Нийгмийн даатгалын байцаагч О******* нь нэхэмжлэгч Г.Н*******т 2014 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөр тэтгэврийн даатгалын сангаас олгох тэжээгчээ алдсаны тэтгэвэр тогтоожээ. /хх 75/

Багануур дүүргийн нийгмийн даатгалын хэлтсээс Нийгмийн даатгалын ерөнхий газраас өгсөн хариу хүргүүлэх болон чиглэл өгөх тухай албан бичгүүд, Г.Н*******ийн анх төрөлхийн тахир дутуу болсныг хэзээ нөхөн тогтоосон акт нь байхгүй, тэжээгчээ алдсаны тэтгэвэр тогтоолгох хүсэлт нь хуульд заасан хугацааг хэтрүүлсэн зэргийг үндэслэн нэхэмжлэгчид нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр тогтоосон байцаагчийн шийдвэрийг хянан баталгаажуулаагүй, тэтгэврийн программд 2014 оны 11 дүгээр сарын 10-нд Г.Н*******ийн тэжээгчээ алдсаны тэтгэврийг зогсоожээ /хх 34-35, 65, 88-90/.

Түүнчлэн Нийгмийн даатгалын ерөнхий газраас Г.Н******* болон Багануур дүүргийн Нийгмийн даатгалын хэлтэст хуульд заасан хүсэлт гаргах хугацаа хэтрүүлсэн учир тэжээгчээ алдсаны тэтгэвэр тогтоох боломжгүй гэсэн агуулга бүхий 2014 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 3/1870 албан бичиг /хх 90/-ийг хүргүүлжээ. Мөн Нийгмийн даатгалын ерөнхий газрын дэргэдэх гомдлын шаардлагын зөвлөлийн 2015 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн 21 албан бичиг /хх 5/-ээр иргэн Г.Н*******т хуульд заасан өргөдөл гаргах хугацаа хэтрүүлсэн учир тэжээгчээ алдсаны тэтгэвэр тогтоох боломжгүй талаар шийдвэр хүргүүлжээ.

Нийгмийн даатгалын ерөнхий газар нь нийгмийн даатгалын төв байгууллага бөгөөд Нийгмийн даатгалын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 2[1] дахь хэсэгт заасны дагуу орон нутгийн байгууллагаа мэргэжил арга зүйн удирдлагаар хангах, мөн хуулийн 24 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1, 5[2]-д заасны дагуу нийгмийн даатгалын тухай хуулийн тогтоомжийн биелэлтийг зохион байгуулах, доод шатны байгууллагынхаа үйл ажиллагаанд хяналт тавих чиг үүрэгтэй, уг хуулийн 25 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 6[3]-д заасны дагуу доод шатны байгууллагын гаргасан шийдвэрийг үндэслэлгүй гэж үзвэл хүчингүй болгох буюу өөрчлөх эрх эдлэхээр байна.

Иймд Нийгмийн даатгалын ерөнхий газар нь орон нутгийн байгууллага болох Багануур дүүргийн нийгмийн даатгалын хэлтсийн Г.Н*******т тэтгэврийн даатгалын сангаас тэтгэвэр тогтоосон шийдвэрийг зогсоох талаар чиглэл өгсөн нь дээр дурдсан хуульд заасан бүрэн эрхийн хүрээнд гарсан гэж үзэхээр байна.

Харин Багануур дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн албаны дарга нь Засгийн газрын 2014 оны 354 дүгээр тогтоолын 1 дүгээр хавсралтаар баталсан Нийгмийн даатгалын байгууллагын дүрмийн 3.2.1, 4.1.11[4], Нийгмийн даатгалын тухай хуулийн 25 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 6-д заасны дагуу доод шатны албан тушаалтны шийдвэрийг үндэслэлгүй гэж үзвэл өөрчлөх, хүчингүй болгох эрх эдлэхээр байна. Эндээс үзэхэд Багануур дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн албаны дарга Г.Н*******т тэжээгчээ алдсаны тэтгэвэр тогтоосон доод шатны байцаагчийн шийдвэрийг Нийгмийн даатгалын ерөнхий газраас өгсөн чиглэлийн дагуу өөрчлөх эрхтэй байна.

Хэдийгээр Г.Н******* нь Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1[5]-д заасны дагуу өөрийн эцэг О.Г*******ыг нас барсны дараа тэжээгчээ алдсаны тэтгэвэр авах эрхтэй байсан. Тэрээр Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн хуулийн 24 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 3[6]-д заасны дагуу Г.Н*******ийн эцэг О.Г******* нас барсан 1999 оны 08 дугаар сарын 10-ны өдрөөс хойш 14 хоногийн дотор, хүндэтгэн үзэх шалтгаантай бол 3 сарын дотор тэжээгчээ алдсаны тэтгэвэр тогтоолгох өргөдлийг түүний харгалзан дэмжигч нь нийгмийн даатгалын байгууллагад өгөх байжээ. Харин Г.Н*******ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь уг өргөдлийг дээр дурдсан хуульд заасан хугацаанаас /16 жил гаруй/ хэтрүүлэн 2014 оны 10 дугаар сарын 01-ны өдөр Багануур дүүргийн нийгмийн даатгалын хэлтэст гаргасан гэдэг нь тогтоогдож байна /хх 11, 48, 76/.

Иймд Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 3-т заасан хугацаанд өргөдлөө гаргаагүй үндэслэлээр доод шатны албан тушаалтны Г.Н*******т тэжээгчээ алдсаны тэтгэвэр тогтоосон шийдвэр-ийг хуульд нийцүүлэх зорилгоор зогсоох чиглэл өгсөн, зогсоосон хариуцагч нарын үйл ажиллагааг хуульд нийцээгүй гэж дүгнэх үндэслэлгүй байна.

Үүнээс дүгнэхэд нэхэмжлэгч талаас Нийгмийн даатгалын ерөнхий газар өөрсдөө аргачлал хийж, тэтгэвэр тогтоосныг зогсоосон нь хууль зөрчсөн, тэжээгчээ алдсаны тэтгэвэр тогтоолгох хугацааны нөхцөлийг тэтгэвэр тогтоохоос өмнө шаардах байтал тэтгэвэр тогтоосны дараа шаардсан, Нэр бүхий 40 гаруй иргэд олон жилийн дараа тэжээгчээ алдсаны тэтгэвэр авахаар хүсэлт гаргаж, ийм тэтгэвэр тогтоолгон авч байгаа. Гэтэл Г.Н*******ийн тэтгэврийг зогсоож байгаа нь шударга ёсонд нийцэхгүй гэж маргаж байгаа үндэслэл тогтоогдсонгүй.

Дүгнэхэд, маргаан бүхий захиргааны актууд нь хууль зөрчсөн бөгөөд Г.Н*******ийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн гэх үндэслэл тогтоогдохгүй байх тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэв.

Г.Н******* нь төрөлхийн оюуны хомсдолтой, хөдөлмөрийн чадвараа 70 хувь алдсан буюу Нийгмийн халамжийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.5, 3.1.6-д заасан хөгжлийн бэрхшээлтэй бөгөөд байнгын асаргаа шаардлагатай иргэн учир уг хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.3-т заасны дагуу нийгмийн халамжийн тэтгэвэр авахаар байна. Иймээс нэхэмжлэгчийн асран хамгаалагч, итгэмжлэгдсэн төлөөлөгч нь энэ талаар харьяа нутаг дэвсгэрийн нийгмийн халамжийн байгууллагад хандаж болохыг дурдах нь зүйтэй байна.

3ахиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 70 дүгээр зүйлийн 70.1, 70.2.9-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Нийгмийн даатгалын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 2, 24 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1, 5, 25 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 6, Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1, 24 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 3 -т заасныг баримтлан нэхэмжлэгч Г.Н*******ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2.3ахиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-т заасны дагуу нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 /далан мянган хоёр зуун/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

З.Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 73 дугаар зүйлийн 73.2-т заасны дагуу шүүхийн энэ шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 81 дүгээр зүйлийн 81.1-т заасны дагуу хэргийн оролцогчид тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ А.САРАНГЭРЭЛ

 

 

 

 

[1] Нийгмийн даатгалын хуулиас:

22 дугаар зүйл.  Нийгмийн даатгалын байгууллагын удирдлага

2. Нийгмийн даатгалын төв байгууллага нь орон нутгийн байгууллагаа мэргэжил, арга зүйн удирдлагаар хангана.

[2] 24 дүгээр зүйл.  Нийгмийн даатгалын байгууллагын чиг үүрэг

Нийгмийн даатгалын байгууллага дараахь үндсэн чиг үүргийг хэрэгжүүлнэ:
              1/ нийгмийн даатгалын тухай хууль тогтоомжийн биелэлтийг зохион байгуулах;

5/ доод шатны байгууллагынхаа үйл ажиллагаанд хяналт тавих;

[3] 25 дугаар зүйл. Нийгмийн даатгалын байгууллагын эрх.

1. Нийгмийн даатгалын байгууллага дараахь эрх эдэлнэ:

    6/ нийгмийн даатгалын доод шатны байгууллагын гаргасан шийдвэрийг үндэслэлгүй  гэж үзвэл хүчингүй болгох буюу өөрчлөх;

[4]  Засгийн газрын 2014 оны 354 дүгээр тогтоолын 1 дүгээр хавсралтаар баталсан Нийгмийн даатгалын байгууллагын дүрмээс: 3.2. Ерөнхий газар нь дор дурдсан эрх эдэлнэ: 3.2.1. Нийгмийн даатгалын тухай хуулийн 25 дугаар зүйл, мөн хуулийн 26 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 4-т заасан эрхийг эдэлнэ.

4.1. Аймаг, нийслэл, сум, дүүргийн нийгмийн даатгалын газар, хэлтэс, тасаг, ажилтан дор дурдсан үүрэг гүйцэтгэнэ:      4.1.11. аймаг, нийслэл, дүүргийн нийгмийн даатгалын газар, хэлтэс нь энэ дүрмийн 3.2.2, 3.2.3 дахь заалтад зааснаас бусад эрхийг эдэлнэ.

[5] Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулиас:

  1. угаар зүйл. Тэжээгчээ алдсаны тэтгэвэр авах эрх

1.Энэ хуулийн 7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан шимтгэл төлөх хугацааг хангасан тэжээгч ердийн өвчин, ахуйн ослын улмаас нас барвал түүний асрамжид байсан гэр бүлийн хөдөлмөрийн чадваргүй дор дурдсан гишүүд тэжээгчээ алдсаны тэтгэвэр тогтоолгон авах эрхтэй:  1/ хууль ёсоор тэжээх өөр хүн байгаа эсэхийг харгалзахгүйгээр төрүүлсэн буюу үрчлэн авсан 19 нас хүрээгүй хүүхэд /үүнд эцгээ нас барснаас хойш мэндэлсэн, төрсөн хүүхэд нь хамаарна/;

[6] 24 дүгээр зүйл. Тэтгэвэр, тэтгэмж тогтоолгох өргөдөл гаргах,шийдвэрлэх хугацаа

1.Тэтгэвэр тогтоолгох өргөдөл, хуульд заасан холбогдох баримт бичгийг дор дурдсан хугацаанд бүрдүүлж нийгмийн даатгалын байгууллагад өгнө:  3/ тэжээгчээ алдсаны тэтгэвэр тогтоолгох гэр бүлийн хөдөлмөрийн чадваргүй гишүүд тэжээгчээ нас барснаас хойш 14 хоногийн, хэрэв хүндэтгэх шалтгаантай байсан бол З сарын дотор.