Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 09 сарын 06 өдөр

Дугаар 2021/ДШМ/32

 

Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Н.Энхмаа даргалж, шүүгч Л.Нямдорж, Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч В.Цэцэнбилэг нарын бүрэлдэхүүнтэй хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд     

                  Прокурор Д.Ганцэцэг

                  Шүүгдэгчийн өмгөөлөгч Т.Оюунчимэг

                  Нарийн бичгийн дарга Б.Уянгаа нарыг оролцуулан

 

Өвөрхангай аймаг дахь Сум дундын эрүүгийн  хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Х.Отгонжаргалын даргалж шийдвэрлэсэн шүүх хуралдааны 2021 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн 2021/ШЗ/466 дугаартай шүүгчийн захирамжийг эс зөвшөөрсөн дээд шатны прокурорын эсэргүүцлээр Н.Г, О.Н, У.Ц нарт холбогдох эрүүгийн 1927000070261 дугаартай хэргийг 2021 оны 08 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч, шүүгч Н.Энхмаагийн  илтгэснээр хянан хэлэлцэв.                                                                                                    

 

Монгол Улсын иргэн, Өвөрхангай аймаг дахь Сум дундын 1 дүгээр шүүхийн 2011 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 1/104 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 2 жил 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулж шийтгэх тогтоол биелүүлэхийг 2 жилийн хугацаагаар хойшлогдож байсан, Орги овгийн Н.Г

Монгол Улсын иргэн Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын 2 дугаар шүүхийн 2004 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 47 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ялаар, Өвөрхангай аймгийн Сум дундын 2 дугаар шүүхийн 2009 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн 28 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 3 сар 10 хоногийн хугацаагаар хорих ялаар, Өвөрхангай аймгийн Сум дундын 2 дугаар шүүхийн 2010 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 11 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 5 сарын хугацаагаар баривчлах ялаар, Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 2018/ШЦТ/100 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгүүлж байсан, Орхонтээл овгийн О.Н

Монгол Улсын иргэн, гавьяа шагнал, ял шийтгэлгүй, Ихдугар овогт У.Ц

 

О. Н нь бусадтай бүлэглэн 2018 оны 12 дугаар сарын 13-наас 14-нд шилжих шөнө *гэх газраас иргэн О.Цэрэнгомбын 30 тооны адууг хулгайлж 20 200 000 /хорин сая хоёр зуун мянга/-н төгрөгийн хохирол учруулсан,

 

У.Ц нь бусадтай бүлэглэн 2018 оны 12 дугаар сарын 13-наас 14-нд шилжих шөнө *гэх газраас иргэн О.Ц-н 30 тооны буюу олон тооны малыг хулгайлж 20 200 000 /хорин сая хоёр зуун мянга/-н төгрөгийн хохирол учруулсан,

 

Н.Г нь бусадтай бүлэглэн 2018 оны 12 дугаар сарын 13-наас 14-нд шилжих шөнө *гэх газраас иргэн О.Ц-н 30 тооны буюу олон тооны малыг хулгайлж 20 200 000 /хорин сая хоёр зуун мянга/-н төгрөгийн хохирол учруулсан,  2019 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн орчим *гэх газраас иргэн А.Б-н 1 тооны сарлагийн тарлан зүсмийн үнээ, 1 олон тооны бор тарлан зүсмийн бярууны хамт хулгайлж 1400000 /нэг сая дөрвөн зуун мянга/-н төгрөгийн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогдсон /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/ бөгөөд Өвөрхангай аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос тэдэнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1, 3.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 заасан гэмт хэрэгт эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татан ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж хэргийг харьяаллын дагуу Өвөрхангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлжээ.

 

Анхан шатны шүүх Орги овгийн Н.Г, Орхонтээл овгийн О. Н, Их дугар овгийн У.Ц нарт холбогдох 1927000070261 дугаартай эрүүгийн хэргийг Өвөрхангай аймгийн прокурорт буцааж, шүүгдэгч нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэргийг прокурорт очтол тус тус хэвээр үргэлжлүүлэхээр, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар прокурор, яллагдагч, түүний өмгөөлөгч нар нь шүүгчийн захирамжийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг хүлээн авснаас хойш ажлын 5 өдөрт багтаан Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд эсэргүүцэл бичих, гомдол гаргах эрхтэй болохыг дурдан шийдвэрлэжээ.

 

Прокурор Ч.Мөнх-Эрдэнэ давж заалдах шатны шүүхэд гаргасан эсэргүүцэлдээ: Анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг үндэслэлгүй, хуулийн шаардлагад нийцээгүй гэж дүгнэж дараах үндэслэлээр эс зөвшөөрч байна.

Энэ хэргийг өмнө нь прокурорт буцаасан Өвөрхангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2020 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн 2020/ШЗ/436 дугаартай захирамжинд заасан ... шүүгдэгч О.Н, У.Ц нар нь уг гэмт хэрэгт ямар оролцоотой оролцсон болохыг тогтоогоогүй. Нотолбол зохих байдлыг буюу гэмт хэргийн сэдэлт, санаа зорилго, гэм буруугийн хэлбэрийг нотлоогүй, энэхүү ажиллагааг шүүхээр нөхөн гүйцэтгэх боломжгүй тул мөрдөн байцаалтын нэмэлт ажиллагаа хийлгэх шаардлагатай гэсэн ажиллагааг хийж гүйцэтгээгүй буюу шүүгчийн захирамжийг биелүүлээгүй гэжээ.

Мөрдөн байцаалтын явцад цугларсан хохирогч О.Ц, А.Б, гэрч Ж.Б, Ш.А, Б.А, Ц.Б, Б.Б, Ц.Ц, Б.Э, А.Б, Г.Д, Л.Б, Г.О, Б.Б, Г.Б, Г.Б, Г.Ж, Ц.Л, Р.Б,  С.Б, В.Б, Б.Д, В.Б нарын мэдүүлгүүд, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, мал амьтны эрүүл мэнд, гарал үүслийн гэрчилгээ, таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт зэргээр О.Н, У.Ц, Н.Г нар урьдчилан үгсэж тохиролцоогүй боловч хялбар аргаар ашиг олох зорилгоор буюу бусдын эзэмшил, өмчлөлд байгаа эд хөрөнгө болох олон тооны бод малыг нууцаар, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар өөрсдийн эзэмшилд авч, захиран зарцуулах боломжийг бүрдүүлсэн болох нь тогтоогдсон ба тэдний уг үйлдэлд хамааралтай, мөрдөн байцаалтаар тогтоовол зохих нөхцөл байдлыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор нотлох боломжтой баримтад мэдээллийг гүйцэд цуглуулж, бэхжүүлсэн. Прокуророос О.Н, У.Ц, Н.Г нарын үйлдлийг тодорхойлох боломжтой бүхий л нотлох баримтуудыг үндэслэж, яллах дүгнэлт үйлдэн хэргийг шүүхэд шилжүүлсэн ба анхан шатны шүүх хэргийн үйл баримтыг тодорхойлсон нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шалгаж, нягтласны үндсэн дээр гэм буруутай эсэхийг тогтоох боломжтой.

Өөрөөр хэлбэл мөрдөн байцаалтаар О.Н, У.Ц, Н.Г нарын иргэн О.Цэрэнгомбын олон тооны бод малыг хулгайлсан үйлдэлтэй холбоотой байж болох бүхий л нотлох баримтуудыг цуглуулж, бэхжүүлсэн тул тухайн баримтуудыг үнэлж, нэмэлт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулахгүйгээр шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээний дотор анхан шатны шүүх хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой.

О.Н, У.Ц нарын гэм буруугийн сэдэлт, санаа зорилгыг дээр дурдагдсан нотлох баримтуудад тулгуурлан тодорхойлох боломжтойн дээр тэд шунахайн сэдэлтээр амар хялбар аргаар ашиг олох гэсэн санаагаар нэгдсэн үйл баримтыг үгүйсгэх, эсхүл үйлдлээрээ нэгдсэн эсэхэд эргэлзээ төрүүлэх нөхцөл байдал мөрдөн байцаалтаар тогтоогдоогүй болно.

Мөн О.Нийн хувийн байдлыг тогтоогоогүй гэжээ. Эрүүгийн 1927000070261 дугаартай хэргийн шүүгдэгч нарын хувийн байдлыг тодорхойлсон нотлох баримтуудыг хавтаст хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн ба тухайн баримтууд дотор шүүгчийн захирамжинд тодорхойлсон, шүүгдэгч О.Нийг урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /1-р хавтаст хэргийн 137 дугаар хуудас/-аар Өвөрхангай аймгийн Сум дундын 2 дугаар шүүхийн 2009 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн 28 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 3 сар 10 хоногийн хугацаагаар баривчлах ялаар шийтгэгдэж, 2009 оны Өршөөл үзүүлэх тухай хуулиар 2009 оны 07 дугаар сарын 22-ны өдөр суллагдсан болохыг тодорхойлсон. Энэхүү эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудсанд хэн, хэдийд, хаанахын ямар шүүхээр Эрүүгийн хуулийн ямар зүйл, хэсгээр, хэдий хугацаагаар, ямар төрлийн ялаар шийтгүүлсэн болох, уг ялыг хэдийд эдэлж дууссан болох, өршөөлд хамрагдсан эсэх зэрэг шаардлагатай мэдээлэл агуулагддаг. Гэтэл хэрэгт авагдсан О.Н-г эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудсанд шаардлагатай бүхий л мэдээлэл авагдсан байхад анхан шатны шүүх зайлшгүй тухайн мэдээллийг бататгасан баримтууд шаардлагатай гэж тодорхойлсон нь үндэслэлгүй байна.

Нэгтгэн дүгнэвэл шүүгчийн захирамжид заасан дүгнэлт нь шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн нотлох баримтуудад үндэслээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.6 дугаар зүйлийн 1.1-т заасан ...дүгнэлт нь шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтаар нотлогдохгүй байвал гэсэн заалтад хамаарах хэргийн бодит байдалд нийцээгүй байх тул Өвөрхангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн 2021/ШЗ/466 дугаартай шүүгчийн захирамжийг хүчингүй болгуулж, хэргийг дахин хянан хэлэлцүүлэхээр дээд шатны прокурорын эсэргүүцэл бичив гэжээ.

 

Прокурор Д.Ганцэцэг шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: Дээд шатны прокурорын бичсэн шүүгчийн захирамжийг хүчингүй болгуулах эсэргүүцлийг дэмжин шүүх хуралдаанд оролцож байна. Хавтаст хэрэгт авагдсан хохирогч О.Ц, А.Б, гэрчүүдийн мэдүүлгүүд болон хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, мал амьтны эрүүл мэнд, гарал үүслийн гэрчилгээ, таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт зэргээр О.Н, У.Ц, Н.Г нар нь урьдчилан үгсэн тохиролцоогүй боловч амар хялбар аргаар ашиг олох зорилгоор бусдын өмчлөлд байгаа эд хөрөнгө болох олон тооны бод малыг нууцаар, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар өөрсдийн эзэмшилд авч захиран зарцуулах боломжийг бүрдүүлсэн болох нь тогтоогдсон. Иймд тэдний үйлдэлд хамаарал бүхий мөрдөн байцаалтаар тогтоовол зохих нөхцөл байдлыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор нотлох боломжтой баримт мэдээллийг гүйцэд цуглуулж бэхжүүлсэн. Прокуророос О.Н, У.Ц, Н.Г нарын үйлдлийг тодорхойлох боломжтой бүхий л нотлох баримтыг үндэслэж яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлсэн. Анхан шатны шүүхээс хэргийн үйл баримтыг тодорхойлсон нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шалгаж нягталсны үндсэн дээр гэм буруутай эсэхийг тогтоох боломжтой буюу О.Н, У.Ц, Н.Г нарын гэм буруугийн сэдэлт, санаа зорилгыг дээр дурдсан нотлох баримтуудад тулгуурлан тодорхойлох боломжтой байсан учраас эсэргүүцэл бичсэн. Өөрөөр хэлбэл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдал нотлогдсон учраас хэргийг анхан шатны шүүх эцэслэн шийдвэрлэх боломжтой байсан гэж үзэж байна. О.Нийг эрүүгийн хариуцлага хүлээж байсан талаарх ял шалгах хуудсанд шаардлагатай бүхий л мэдээлэл багтсан байхад анхан шатны шүүх тухайн мэдээллийг зайлшгүй бататгасан баримт шаардлагатай гэж тодорхойлсон нь үндэслэлгүй гэж үзэж байна. Дээрх бүгдээс нэгтгэн дүгнэвэл шүүгчийн захирамжинд заасан дүгнэлт нь шүүх хуралдаанаар хэлэлцүүлэх нотлох баримтуудыг үндэслээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.6 дугаар зүйлийн 1.1-т заасан заалт хэргийн материалд хамааралгүй байсан учраас прокурор эсэргүүцэл бичсэн. Иймд шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцааж өгнө үү гэв.

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч Т.Оюунчимэг шүүх хуралдаанд гаргасан саналдаа: Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 10.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг хавтаст хэрэгт нотолж чадаагүй. Энэ хэрэг нь 2 ч удаа мөрдөн байцаалтанд буцсан. Прокуророос хэрэгт нэмэлт ажиллагаа хийлгүйгээр хэргийг шүүх рүү шилжүүлдэг. Би У.Цын өмгөөлөгчийн хувьд гэмт хэргийг хэн үйлдэв, гэмт хэрэг үйлдэх санаа зорилго нь юу байв гэдгийг тогтоох ямар нэгэн ажиллагаа хийгээгүй гэж үзэж байна. Тэр байтугай О.Нийн ял шийтгэлийн байдал, Өршөөл үзүүлэх тухай хуульд хамрагдсан байдал зэрэг нь хэрэгт авагдсан гэдэг боловч гүйцэд авагдаагүй байдаг. Анхан шатны шүүхийн шүүгчийн захирамж үндэслэлтэй байна. Прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэсэн саналтай байна гэв.

 

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3-т тус тус зааснаар давж заалдах шатны шүүх тухайн хэргийн бүх ажиллагаа, шүүгчийн захирамжийг хуульд заасан үндэслэл журмын дагуу хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг үндэслэж, дээд шатны прокурорын эсэргүүцэлд дурдсан үндэслэлээр хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянан шийдвэрлэлээ.

 

Анхан шатны шүүхээс гэмт хэргийн сэдэлт, санаа зорилго, гэм буруугийн хэлбэрийг нотлоогүй, энэхүү ажиллагааг шүүхээр нөхөн гүйцэтгэх боломжгүй гэх үндэслэлээр уг хэргийг өмнө нь прокурорт буцаасан шүүгчийн захирамжинд заасан ажиллагааг биелүүлээгүй, О.Н-н өмнө нь ял шийтгэгдэж байсан эсэх талаарх шийтгэх тогтоол нь нотлох баримтын шаардлага хангахгүй, хувийн байдлыг тогтоогоогүй гэж үзэн хэргийг прокурорт буцааж шийдвэрлэжээ. 

 

Дээд шатны прокурорын мөрдөн байцаалтаар О.Н, У.Ц, Н.Г нарын хохирогч О.Цэрэнгомбын олон тооны бод малыг хулгайлсан үйлдэлтэй холбоотой байж болох бүхий л нотлох баримтуудыг цуглуулж, бэхжүүлсэн, тухайн баримтуудыг үнэлж, нэмэлт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулахгүйгээр шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээний дотор анхан шатны шүүх хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой, хэрэгт авагдсан О.Н-г эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудсанд шаардлагатай бүхий л мэдээлэл авагдсан гэх эсэргүүцэл үндэслэлтэй байна.

 

Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолвол зохих байдлыг шалган тодруулсан байх тул анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд эрх зүйн дүгнэлт хийн нотлох баримтуудыг үнэлж хэргийг шийдвэрлэх боломжтой байна.

 

Иймд дээд шатны прокурорын эсэргүүцлийг хүлээн авч Өвөрхангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн 2021/ШЗ/466 дугаартай шүүгчийн захирамжийг хүчингүй болгож хэргийг дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцаах нь зүйтэй байна гэж үзлээ.

 

Хэргийг анхан шатны шүүхэд очтол шүүгдэгч нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсэн болно.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4.2, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.3-т заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

  1. Өвөрхангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн 2021/ШЗ/466 дугаартай шүүгчийн захирамжийг  бүхэлд нь хүчингүй болгож, О.Н, У.Ц, Н.Г нарт холбогдох эрүүгийн 1927000070261 тоот хэргийг дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

 

2. Хэргийг анхан шатны шүүхэд очтол шүүгдэгч нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Монгол Улсын Дээд шүүхэд оролцогч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.